| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/04311/И |
| Дугаар | 182/ШШ2024/03102 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2024/03102
2024 07 24 182/ШШ2024/03102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ... ББСБ ХХК ...-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ... ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ... нь ... ББСБ-ийн GEREL цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 139668 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан. ... нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед 90281229 дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
... ББСБ ХХК нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон ... хаягаар шүүхэд хандсан боловч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 146/ШЗ2024/00003 дугаартай захирамжаар хариуцагч нь тус хаягт оршин суудаггүй гэх багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. ББСБ нь ...гийн зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуу ойр дотны хүмүүстэй нь харилцаж зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон. ...гийн цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 415,280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,576 төгрөг нийт 694,856 төгрөг байх ба зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүйгээс ББСБ нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн. Иймд ...г эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/,
2.2 Цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-5-9/
2.3 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 146/ШЗ2024/00003 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-10/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ... ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
... нь ... ББСБ ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба тэрээр энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ... ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
... ББСБ ХХК нь ...гийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... нь ... хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 146/ШЗ2024/00003 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд ... ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагч ... ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...г хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч...-д мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ