| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/04025/И |
| Дугаар | 181/ШШ2024/02781 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/02781
2024 07 23 181/ШШ2024/02781
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Л оффис, С ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 44, Б яам /РД:*/-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэмэлт ажлын төсөв 161,185,577 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Алтанзул нар оролцов.
/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б яаманд холбогдуулан нэмэлт ажлын төсөв 161,185,577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
С ХХК нь хариуцагч Б яамтай 201* оны * дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан * тоот гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан *+1 тоот гэрээний дагуу Улаанбаатар хот, * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших, 150 ортой, хүүхдийн * дүгээр цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Цэцэрлэгийн барилга угсралтын ажлын хүрээнд төсөвт тусгагдаагүй, зайлшгүй хийгдэх ажил үүссэн тул түүнийг хүсэлтээр уламжилсны дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн * тоот тушаал гарч, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б яамны * тоот өрөөнд захиалагч, захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчийн хамтарсан хуралдаан хуралдаж, зураг төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлын тоо хэмжээг Барилгын хөгжлийн төвийн магадлал, дүгнэлтээр баталгаажуулах саналыг Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж, шийдвэрлүүлэхээр тогтсон юм. Уг хурлаас гарсан шийдвэрийн дагуу Барилгын хөгжлийн төвөөс 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн * тоот барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг гаргасан билээ.
Манай компанийн зүгээс Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтээр гарсан дүнгээр ажлын нэмэлт гэрээг байгуулж, үүний дараа нэмэлт ажлыг үргэлжлүүлэн хийх байр сууриа илэрхийлсэн. Гэтэл тус цэцэрлэгийн барилга хариуцсан Б яамны хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Л.О нь * дүгээр сарын 01-ний өдөр удахгүй болох гэж байна. Манай байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөөд Төрийн нарийн бичгийн дарга солигдож байгаа тул нэмэлт гэрээ байгуулах боломжгүй байна. Төрийн нарийн бичгийн дарга томилогдохоор нэмэлт гэрээ байгуулахаар байна. Тиймээс одоо * дүгээр сарын 01 болох гэж байгаа, хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй бол маш их хэл амтай байгаа тул яаралтай улсын комисс ажиллуулж өгөөч гэсний дагуу бид итгээд нэмэлт гэрээ байгуулалгүйгээр нэмэлт ажлыг даруй хийж гүйцэтгэн барилга байгууламжид улсын комисс ажиллуулж, ашиглалтад оруулсан юм.
Бид Барилгын хөгжлийн төвөөс гарсан 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн * тоот Барилга байгууламжийн зураг төслийн магадлал-ын дагуу 161,185,577 төгрөгийн гэрээ байгуулахаар Б яамны хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Э-д хандсан боловч Төрийн нарийн бичгийн дарга солигдож байгаа, одоогоор түр орлон гүйцэтгэгч байгаа тул гэрээ байгуулах боломжгүй байна гэх мэтээр хойш тавьсаар төсөв батлагдах хугацаа өнгөрч дараа жилийн нүүрийг үзсэн.
Дараа жил нь нэмэлт гэрээ байгуулах саналаа 2021 оны 3 дугаар сарын 23-нд * тоот албан бичгээр хүргүүлсэн боловч гэрээ байгуулахгүй байсаар нийтийг хамарсан цар тахал гарч, барилгын материалын үнэ өсч, маш олон барилга зогсолтын байдалд орсон бөгөөд энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас Б сайд Ч.Э-д 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр * тоот албан бичиг явуулж, улмаар уулзаж Барилга захиалагчийн товчооны даргаа дуудан уулзаж, шийдвэрлэж өгөх нь зүйтэй гэсэн шийдвэр өгсөн боловч өгөөгүй.
Хэрэв С ХХК нь Улаанбаатар хот, * дүгээр хороонд байрлах * дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын нэмэлт ажлыг хийгээгүй тохиолдолд улсын комисс хүлээн авч, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт гарах боломжгүй байсан.
Иймд Боловсрол шинжлэх ухааны яамнаас Улаанбаатар хот, * дүгээр хороонд байрлах * дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын нэмэлт ажлын төсөв болох 161,185,577 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид *63,880 төгрөг төлсөн баримт, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Б.Б, Б.М, С.Х нарт олгосон итгэмжлэл, Б яамны 201* оны 8 дугаар сарын 23-ны өдрийн * тоот албан бичиг /хуулбар/, 201* оны * дүгээр сарын 04-ний өдрийн * дугаартай Цэцэрлэгийн барилга буулгаж, барих, 150 ор /Улаанбаатар, * дүгээр хороо, * дүгээр цэцэрлэг/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *+1 дугаартай Цэцэрлэгийн барилга, 150 ор /Улаанбаатар, * дүгээр хороо, * дүгээр цэцэрлэг/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Гэрээ дүгнэх маягт, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн * дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, Чингэлтэй дүгээр хороо, С ХХК-ийн гүйцэтгэсэн * дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөлийн барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, * дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Улаанбаатар, * дүгээр хороо, * дүгээр цэцэрлэг/ барилга угсралтын ажлын захиалагч, захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчийн хамтарсан хурлын тэмдэглэл, Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн * дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлт, С ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн * тоот албан бичиг, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн * тоот албан бичиг, Барилга хот байгуулалтын яамнаас олгосон барилга угсралтын тусгай зөвшөөрлийн хуулбар,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б яамнаас * дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 150 ор /Улаанбаатар, * дүгээр хороо/ барилга угсралтын ажлын захиалагч, захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчийн хамтарсан хурлын тэмдэглэл, Б яамны 201* оны 8 дугаар сарын 23-ны өдрийн * тоот Эрх байгуулах эрх олгох тухай албан бичиг, 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн * тоот албан бичгийг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С ХХК нь Б яамтай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан *+1 дугаартай гэрээнд заагдаагүй нэмэлт ажлыг хийж гүйцэтгэхэд 161,185,577 төгрөгийн зардал гаргасан. Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж, барилгыг улсын комисс хүлээн авсан тул нэмэлт ажлын төсөв 161,185,577 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Шүүх хариуцагч Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-д нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Б яам, С ХХК нар * дугаартай Цэцэрлэгийн барилга буулгаж, барих, 150 ор /Улаанбаатар, * дүгээр хороо, * дүгээр цэцэрлэг/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр С ХХК нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, * дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, шинээр 150 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч Б яам нь 1,366,640,813 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх12-16/
4.2. Улмаар талууд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр *+1 дугаартай Цэцэрлэгийн барилга, 150 ор /Улаанбаатар, * дүгээр хороо, * дүгээр цэцэрлэг/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сунгасан байна. /хх17-18/
4.3. С ХХК нь Цэцэрлэгийн барилга буулгаж, барих, 150 ор /Улаанбаатар, * дүгээр хороо, * дүгээр цэцэрлэг/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-нд тусгагдаагүй нэмэлт ажил болох Хишиг оффис төвийн барилгын хашаа нь барилгатай давхцаж байсныг нураах, хүзүүвчний барилга, гипсэн ханын ажил, төмөр хашаа, шал, шалын халаалт, цахилгааны өрөөний ханын ажил, хиншүү сорогчийг томсгох, цахилгааны кабель шилжүүлэх, угаалтуурын ширээ угсрах, галын шатны гишгүүр, цахилгааны самбар шилжүүлэх, хуучин барилгын хүзүүвчний засвар зэрэг ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх33-41, *6/
4.4. Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн * дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлт-ээр С ХХК-ийн нэмэлт ажлын төсвийг 161,185,577 төгрөгөөр баталгаажуулжээ. /хх33-41/
4.5. С ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Чингэлтэй дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан 150 хүүхдийн хүчин чадал бүхий * дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн зориулалттай барилга, байгууламжийг улсын комисс хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *20 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт гаргажээ. /хх20-28/
5. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээхээр тус тус заасан.
Нэхэмжлэгч С ХХК нь Б яамтай байгуулсан Цэцэрлэгийн барилга буулгаж, барих, 150 ор /Улаанбаатар, * дүгээр хороо, * дүгээр цэцэрлэг/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад Хишиг оффис төвийн барилгын хашаа нь барилгатай давхцаж байсныг нураах, хүзүүвчний барилга, гипсэн ханын ажил, төмөр хашаа, шал, шалын халаалт, цахилгааны өрөөний ханын ажил, хиншүү сорогчийг томсгох, цахилгааны кабель шилжүүлэх, угаалтуурын ширээ угсрах, галын шатны гишгүүр, цахилгааны самбар шилжүүлэх, хуучин барилгын хүзүүвчний засвар зэрэг ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай болсон, уг ажил нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
6. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. гэж заасан.
Нэхэмжлэгч С ХХК нь ажлын төсөв нэмэгдэх буюу нэмэлт ажил гүйцэтгэх талаар захиалагч Б яаманд мэдэгдэж, зураг төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлын тоо хэмжээг Барилгын хөгжлийн төвийн магадлалын дүгнэлтээр баталгаажуулсан болох нь тогтоогдсон.
7. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч С ХХК-ийн Цэцэрлэгийн барилга буулгаж, барих, 150 ор /Улаанбаатар, * дүгээр хороо, * дүгээр цэцэрлэг/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хийж гүйцэтгэсэн Чингэлтэй дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан 150 хүүхдийн хүчин чадал бүхий * дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн зориулалттай барилга, байгууламжийг улсын комисс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, байнгын ашиглалтад оруулсан, хариуцагч дээрх гэрээний дагуу нэмэлт ажил гүйцэтгэж зардал гаргасан, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар үр дүнг хүлээлгэн өгсөн байх тул гүйцэтгэсэн ажлын хөлсөө мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасны дагуу шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч С ХХК нь Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн * дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлт-ээр баталгаажуулсан хэмжээгээр нэмэлт ажлын төсвийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Б яам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
8. Дээрх үндэслэлээр Б яамнаас 161,185,577 төгрөгийг гаргуулан С ХХК-д олгохоор шийдвэрлэв.
*. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *63,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *63,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн * дугаар зүйлийн *.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б яамнаас 161,185,577 төгрөгийг гаргуулан С ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *63,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *63,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дүгээр зүйлийн 11*.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ