Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2024/03096

 

 

 

 

 

 

 

 

2024 07 19 182/ШШ2024/03096

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ... ХК ...-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ... ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ...тай ЗГ1905109164 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 10,500,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч ... нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1905109164-Б тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч ... нь ЗГ1905109164, ЗГ1905109164-Б тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нийт хугацаа хэтрүүлэн зөрчин зээлийн төлөлт болох нийт 18,152,325.10 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байна. ...т холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжил гаргасан боловч 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2023/21229 дугаар захирамжаар тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон.

Иймд ...ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/

2.2 Зээл болон барьцааны гэрээ, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-7,10/

2.3 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2023/21229 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-12,13/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ... ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

... нь ... ХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Зээл болон барьцааны гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба тэрээр энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ... ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

... ХК нь ...ийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... нь ..т бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2023/21229 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд ... ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч ... ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ийн хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ