Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 157

 

О.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03113 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б:Эд холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Төмөрбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Дуламсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Оюунбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б:Эд 2017 онд үйлдвэрлэгдсэн Land сruiser-200 маркийн 52-90 улсын дугаартай суудлын автомашиныг 150 000 000 төгрөгөөр худалдахаар амаар харилцан тохиролцож, урьдчилгаанд 100 000 000 төгрөг авч, тээврийн хэрэгслийг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн.

Б:Э үлдэгдэл 50 000 000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн боловч өгөхгүй байсан ба төлбөрийн оронд өөрийн дүү Б.Баттөрийн нэр дээрх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Баянголын аманд байрлах 400 метр квадрат талбайтай газрыг зуслангийн байшингийн хамт аваач гэж санал тавьсан бөгөөд би саналыг хүлээж аваагүй.

Иймээс Б:Эөөс автомашин худалдан борлуулсны үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Этэй 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр уулзаж, автомашиныг худалдан авахаар болж автомашиныг шилжүүлж, 100 000 000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн ба үлдэгдэл 50 000 000 төгрөгт манай дүүгийн нэр дээр байдаг газрыг авахаар тохиролцсон. Газрын гэрчилгээг солиулах гэхэд О.Э газар шилжүүлэхэд өндөр дүнтэй татвар төлдөг болсон, би цааш нь зарвал дахин дахин татвар төлөх болно гээд шилжүүлж аваагүй ба хэрвээ цааш зарахаар бол шууд дүүг чинь дуудаад шилжүүлье, амьдрахаар бол амьдарч байя гээд 5 ширхэг түлхүүр, 2 ширхэг газрын гэрчилгээг аваад үлдсэн.

Дараа нь намайг дуудаад байшин дээр очъё, тог залгуулах асуудал байна гэхээр нь очоод түүнээс хойш холбоо бариагүй, хэд хоногийн дараа байшингаа зарах боллоо дүүгийнхээ утасны дугаарыг өгөөч гэж аваад, өнөөдрийг хүртэл газраа зарж чадаагүй, гэрчилгээг шилжүүлж өгөөгүй. Би автомашиныг унаж байгаад энэ оны 10 дугаар сард 130 000 000 төгрөгөөр зарсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б:Эөөс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 50 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Эт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 407 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б:Э О.Этэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр 100 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 50 000 000 төгрөгт дүү Б.Баттөрийн эзэмшлийн 400 м.кв талбайтай 2 зуслангийн газар, байшинг үзээд авахаар тохиролцсон.

Тухайн үед газрын гэрчилгээг Б.Баттөр шилжүүлж өгөх гэхэд нэхэмжлэгч өөрөө татгалзаж, газар шилжүүлэхэд өндөр татвартай болсон, хэрвээ цааш газраа зарах болоход дахин татвар төлөх болно иймд нэг мөр зарахдаа шууд шилжүүлж авъя, амьдрахаар бол амьдарч байя, дахин дахин татвар төлмөөргүй байна гэж хэлээд 5 ширхэг түлхүүр, 2 газрын гэрчилгээ, 2 гэрээ, 2 кадастрын зургийг эх хувиар нь авч үлдсэн. О.Э нь тооцоо дуусмагц автомашиныг Б:Эийн нэр дээр шилжүүлэн өгсөн.

Хэрвээ О.Э нь Б:Эийг огт танихгүй байж өндөр үнэтэй автомашинаа худалдахдаа 50 000 000 төгрөгийн тооцоо дутуу байсан бол бичгээр гэрээ байгуулж дутуу тооцоог хэзээ хэрхэн төлөх талаар тохиролцох, тооцоо дутуу байхад автомашиныг Б:Эийн нэр дээр шилжүүлэн өгөхгүй, мөн 1 жилийн хугацаанд 50 000 000 төгрөгийг шаардах байсан зэргээс харахад хөрөнгүүдийг хүлээн авсан нь нотлогдож байгаа ба уг хөрөнгүүдийг Б:Эөөс авсан үнээс өндөр үнээр зарахаар зуучлалын төвд хандаад зарж чадахгүй байдалд хүрмэгц хөрөнгүүдийг буцааж мөнгөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх утсаар ярьсан бичлэг, сидин дээр буулган нотлох баримтаар хавсаргасан баримтуудыг үнэлээгүй. Нэхэмжлэгч газар, байшинг өнөөдрийг хүртэл эзэмшилдээ байлган ашигласаар байгаа. Анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан тайлбар, нотлох баримтыг үнэлэлгүй хэт нэг талыг барьж, нэхэмжпэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч О.Э хариуцагч Б:Эд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

О.Э, Б:Эд нар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч О.Э нь 2007 онд үйлдвэрлэгдсэн, Тоёото ланд крузер-200 маркийн 52-90-УБЗ улсын дугаартай, суудлын автомашиныг Б:Эийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б:Э нь гэрээний үнэд 150 000 000 төгрөгийг О.Эт төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Талууд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан, О.Э нь автомашины өмчлөх эрхийг Б:Эд шилжүүлсэн, Б:Э нь урьдчилгаанд 100 000 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч О.Э нь “Б.Баттөрийн эзэмшлийн зуслангийн хашаа байшин, газар өмчлөх эрхийг санал болгосон боловч саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн, үлдсэн мөнгөө өгөхийг шаардсан” гэж, хариуцагч Б:Э нь “гэрээний үүрэгт үлдсэн 50 000 000 төгрөгт төрсөн дүү Б.Баттөрийн эзэмшлийн зуслангийн хашаа байшин, газар эзэмших эрхийн хамт өгөхөөр харилцан тохиролцсон, Б.Баттөрийн эзэмшлийн зуслан, газрын хоёр ширхэг гэрчилгээг нэхэмжлэгчид өгсөн” гэж тайлбарлан маргажээ.

 

Хариуцагч Б:Э шүүхэд гаргасан тайлбараа хангалттай баримтаар нотлоогүй, гэрч Б.Энхсүлд, Б.Баттөр нарын мэдүүлэгээр Б.Баттөрийн эзэмшлээс хариуцагчийн тайлбарт дурдсан үл хөдлөх эд хөрөнгө О.Эийн эзэмшилд шилжсэн гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Түүнчлэн, Б:Э нь худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх үүрэгт Б.Баттөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг О.Эийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн тохиролцоо талуудын хооронд хийгдээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Б:Эөөс худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 50 000 000 төгрөгийг О.Э шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

 

                                         Э.ЗОЛЗАЯА