Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2018/ДШМ/45

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

 

 С.С, А.Б, Б.Б нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Будхүү,

Нарийн бичгийн дарга: Б.Манлайбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолтой өсвөр насны шүүгдэгч С.С, А.Б, , шүүгдэгч Б.Бнарт холбогдох 1838004920267 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Батдэлгэрийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Б овгийн С-ийн С, …. оны … дугаар сарын 21-ний өдөр төрсөн, ….  настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар …............./.

Монгол улсын иргэн, Хөх нохойт овгийн Ар-н Б, ….. оны … дугаар сарын 02-ны өдөр төрсөн, ….. настай, эрэгтэй, …........ сумын ЕБС-ийн 10 дугаар ангид сурдаг, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................../.

Монгол улсын иргэн, Төмөрчин овгийн Б-йн Б, …. оны … дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, …. настай, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................/.

Өсвөр насны шүүгдэгч А.Б, С.С, шүүгдэгч Б.Бнар нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух, хохирогч Б.Дгийн амьдардаг байшин болон дэлгүүрээс буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 477 500 /дөрвөн зуун далан долоон мянга таван зуун/ төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг,

Өсвөр насны шүүгдэгч А.Б, С.С нар нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний шөнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвд байрлах хохирогч М.Оюунбаатарын дэлгүүрээс буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 697 800 /зургаан зуун ерэн долоон мянга найман зуун/ төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Сарантуяагийн С Ариунтуяагийн Б, Бат-Эрдэнийн Б нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Б, С.С нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2,4, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Б, С.С нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Н.Ариунтуяа, С.Сарантуяа нарт даалгаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч А.Б, С.С нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 1838004920267 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.Б, С.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бдавж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолоор надад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь миний бие 2000 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, аав, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг. Би эхээс төрөхдөө төрөлхийн хөлний буруу хөгжилтэй гарсан бөгөөд хөл үе үе өвдөж эмчийн хяналтанд байдаг. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Иймээс энэ байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял болох хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч А.Б, С.С, шүүгдэгч Б.Бнар нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух, хохирогч Б.Дгийн амьдардаг байшин болон дэлгүүрээс буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 477 500 /дөрвөн зуун далан долоон мянга таван зуун/ төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг,

Өсвөр насны шүүгдэгч А.Б, С.С нар нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний шөнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвд байрлах хохирогч М.Оюунбаатарын дэлгүүрээс буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 697 800 /зургаан зуун ерэн долоон мянга найман зуун/ төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.Д, М.Оюунбаатар, гэрч А.Мянганбаяр, Б.Мөнхбаясгалан, насанд хүрээгүй гэрч Б.Булгантамир нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл үнэлсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Б, С.С, Б.Бнарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, өсвөр насны шүүгдэгч А.Б, С.С нарыг хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Бийн “...миний бие эхээс төрөхдөө төрөлхийн хөлний буруу хөгжилтэй гарсан бөгөөд эмчийн хяналтанд байдаг үе үе хөл маань өвддөг. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Иймээс миний энэ байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял болон өсвөр насны хүүхдэд тооцож хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь шүүгдэгч Б.Бнь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрсэн байх ба түүнийг сэтгэцийн болоод бие, бялдар, эрүүл мэндийн хувьд өсвөр насны шүүгдэгчтэй ижил түвшний гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан бөгөөд үүнээс өөр сонгох санкцгүй байна. Анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх гэсэн хуулийн зүйл заалтыг хэрэглэн шүүгдэгч Б.Бт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

        ШҮҮГЧИД                                                                       Т.ГАНБАТ

                                                                                                   Н.БАЯРХҮҮ