| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2023/0024/З |
| Дугаар | 121/ШШ2023/0035 |
| Огноо | 2023-12-18 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 121/ШШ2023/0035
2023 оны 12 сарын 18-ны өдөр Дугаар 121/ШШ2023/0035 Арвайхээр сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ******ын ******,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ****** нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.
Гомдлын шаардлага: “Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Д, хариуцагч Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.****** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч ****** нь Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******д холбогдуулан “Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан бөгөөд гомдлын шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байна.
2. Эрх бүхий албан тушаалтан болох Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ****** нь Өвөрхангай аймгийн *** дугаар багт байрлах Онгийн голын постоор Баянхонгор аймгийн **** сумын **** дугаар баг, **** тоотод оршин суух хаягтай ****** нь 3 ширхэг тарваганы ороомогон мах хууль бусаар тээвэрлэсэн гэх зөрчлийн 1100-4522 дугаартай гомдлыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн удирдах албан тушаалтны тогтоолоор хүлээн авч хянаад, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3. Маргаан бүхий Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулах тухай 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсаар ****** нь зохих зөвшөөрөлгүй 1 ширхэг тарваганы мах худалдан авсан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн 300000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 820000 төгрөгийг төлөх шийтгэл ногдуулжээ.
4. Дээрх шийтгэлийн хуудсыг гомдол гарагч ******т 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр танилцуулж гарын үсэг зуруулсан байх бөгөөд гомдол гаргагч нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 121/ШЗ2023/0077 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
5. Гомдол гаргагч ****** нь шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ “... Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ****** нь намайг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан авсан /тарваганы махаар хийсэн ороомог худалдан авсан/ буюу Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзэж 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №****** дугаартай шийтгэлийн хуудсаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, байгаль орчинд учруулсан хохиролд 820,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.
2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр намайг Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу явах гээд захын хажууд зогсож байхад нэг хүн ирээд дайвар явуулах гэсэн юм гэж хэлээд нэг ууттай зүйл өгсөн. Тэгээд Улаанбаатар хотруу явж байтал Өвөрхангай аймгийн Цагдаагийн пост дээр намайг зогсоогоод шалгаад уг ууттай эд зүйлийг тарваганы махаар хийсэн ороомог худалдан авсан байна гэсэн. Би дайврын эд зүйлийг тарваганы махаар хийсэн ороомог байна гэдгийг мэдээгүй. Угаасаа гаднаас нь хараад тарваганы махаар хийсэн ороомог гэж мэдэх боломжгүй байсан. Адууны мах байх боломжтой харагдаж байсан. Надаас анх мэдүүлэг авахад нь энэ юуны мах юм бэ гэж асуухаар нь адууны мах байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл ийм адууны мах байна гэж юу байдаг юм. Тарваганы мах л байна ш дээ гээд хурааж авсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан нь тухайн махыг тарваганы мах мөн эсэхийг шинжээч томилж шинжээчийн дүгнэлтээр тогтоох үүрэгтэй. Гэтэл эрх бүхий албан тушаалтан зөвхөн өөрийн итгэл үнэмшлээр тухайн махыг тарваганы мах байна гэдэг хийсвэр дүгнэлт хийсэн. Зөрчлийн хэрэгт уг махыг тарваганы мах гэдгийг нотлох нэг ч нотлох баримт байхгүй байхад Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж тарваганы мах мөн гэдгээ хэл гэж тулгасан. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх үүргийг тайлбарлан өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж намайг хуульд заасан эрхээр хангаагүй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ”. 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******г гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлоогүй гэж үзэж байна.
Иймд Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******2023 оны 10 дугаар сарын 26- нь өдрийн №****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6. Гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Гомдол гаргагч ****** нь тухайн тарваганы махаар хийсэн ороомог гэх зүйлийг тухайн үед Баянхонгор аймгаас авч яваад Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт явж байхдаа цагдаагийн албан хаагчид саатуулагдаж шалгуулсан. Тухайн үедээ өөрөө тарваганы мах гэдгээ хэлсэн. Гэхдээ тарваганы мах гэдгийг шинжээчийн дүгнэлтээр яг мөн үү? гэдгийг шалгаж тогтоогоогүй гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөвхөн холбогдогчийн мэдүүлгээс бусад өөр нотлох баримтаар уг зөрчлийг нотлох нь эрх бүхий албан тушаалтны үүрэг гэж заасан. Хэрэгт шинжээчийн нэг дүгнэлт байгаа боловч уг шинжээчийн дүгнэлт нь хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт байгаа. Тэгэхээр яг тухайн ангийн зориулалттай тарваганы мах гэдэг зүйл мөн юм уу? гэдгийг шалгаж тогтоогоогүй. Харин эрх бүхий албан тушаалтан өөрийн итгэл үнэмшлээрээ тарваганы мах гэж хурааж авч, тухайн эд зүйлийг устгалд оруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Тийм учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээч томилж тухайн зүйлийг тарваганы мах мөн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байсан. Хэрэгт авагдсан зөвхөн холбогдогчийн мэдүүлгээр уг зөрчлийг хангалттай нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй байгаа учраас эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
7. Хариуцагч Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******гаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн ******ийн тарваганы мах тээвэрлэсэн гэх зөрчлийг шалган шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлт хийгээгүй гэдэг зүйлийг ярьж байна. Шинжээч томилох эрх бүхий албан тушаалтны тогтоол 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан байгаа. Уг тогтоолыг гарахаас өмнө Байгаль орчин аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн шинжээч Ц.Б-ийг оролцуулж үзлэг хийсэн.
Уг үзлэг хийсэн тэмдэглэл хэргийг материалд авагдсан. Тус үзлэгийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ц.Б-, хөндлөнгийн гэрч Э.М- бид 3 хийсэн. Үзлэгээр ороомог гэх зүйлийг үзээд шинжлэн судалсан. 3 ширхэг хөлдөөж чанаж ороосон амьтны махаар хийсэн зүйл байсан. Жигнэж үзэхэд нийт 3485 грамм байсан. Үнэрлэхэд тарваганы мах үнэртэж байсан тул тарваганы мах гэж тогтоосон. Харин хэдэн тарваганы махаар хийсэн гэдгийг тогтоох боломжгүй байсан тул хамгийн бага 1 тарваганы махаар хийсэн гэж хохирлын үнэлгээ тогтоож өгнө үү гэж хохирлын үнэлгээ тогтоолгосон. Уг тогтоолын дагуу шинжээч дүгнэлтээ гаргаж ирүүлсэн. 2023 оны Монгол улсын Засгийн газрын 260 дугаарт тогтоолд амьтны экологид хийсэн үнэлгээг шинжлэн тогтоосон. Уг шинээр тогтоосон үнэлгээгээр зөвхөн тарвага, 410,000 төгрөг гээд үнэлсэн байгаа. Үүнийг эр эм, Алтайн тарвага, Монгол тарвага гэж ялгаагүй. Тэгэхээр дахин шинжээч томилуулах шаардлага байхгүй. Шууд 410,000 төгрөг гэсэн хохирлын үнэлгээ гаргуулсан. Үүний дагуу 820,000 төгрөгийг нөхөн төлүүлээд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Холбогдогч ****** нь зөрчлөө бүрэн хүлээн зөвшөөрсөн гэдгээ мэдүүлэгтээ хэлсэн. Өөрөө би хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шалгуулж шийдвэрлүүлье гээд гарын үсэг зураад торгуулаа төлөөд явсан. Тийм учраас миний оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсаар ******ийг 3 ширхэг болгож чанаж хөлдөөсөн 1 ширхэг тарваганы махыг зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр худалдан авсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5-т заасныг үндэслэн 300 нэгжээр торгож, хохиролд 820000 төгрөг гаргуулахаар шийтгэл ногдуулжээ.
2. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5-т “Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан.
3. Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж тарваганы мах мөн гэдгээ хэл гэж тулгасан. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх т.хай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх үүргийг тайлбарлан өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж намайг хуульд заасан эрхээр хангаагүй.
Тухайн үедээ өөрөө тарваганы мах гэдгээ хэлсэн. Гэхдээ тарваганы мах гэдгийг шинжээчийн дүгнэлтээр яг мөн үү? гэдгийг шалгаж тогтоогоогүй ... Тэгэхээр яг тухайн ангийн зориулалттай тарваганы мах гэдэг зүйл мөн юм уу? гэдгийг шалгаж тогтоогоогүй. Харин эрх бүхий албан тушаалтан өөрийн итгэл үнэмшлээрээ тарваганы мах гэж хурааж авч, тухайн эд зүйлийг устгалд оруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Тийм учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээч томилж тухайн зүйлийг тарваганы мах мөн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байсан” гэж маргаж байна.
4. Хэрэгт Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Уянга сумын сум дундын цагдаагийн тасгийн Хайрхандулаан сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Р.Ц-ын гомдол гаргагч ******аас 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 24-25/ авагдсан байх бөгөөд уг мэдүүлэгт холбогдогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг нэг бүрчлэн бичиж танилцуулсан, эрх, үүрэгтэйгээ танилцсан гэж ****** нь гарын үсгээ зурсан баримт тогтоогдож байна.
Мөн уг мэдүүлэгт холбогдогч нь өмгөөлөгч авахгүй, бичиг үсэг мэднэ гэж хариулсан байх бөгөөд өгсөн мэдүүлгээ үнэн зөв болохыг баталж гарын үсгээ зурсан байна.
5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт “эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах”; 2.7-д “өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах” эрхтэй гэж заасан.
Дээрх хуульд зааснаар гомдол гарагч ****** нь өөрийн холбогдогчоор авсан мэдүүлэг болон холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан гэх асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан боловч энэ энэ эрхээ хэрэгжүүлсэн талаарх баримт зөрчлийн хэрэгт авагдаагүй байх тул холбогдогчийг зөрчлөө хүлээн зөвшөөрөхийг тулган шаардсан гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Мөн гомдол гаргагчийн өмгөөлөгчийн уг махыг тарваганы мах гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй. Эрх бүхий албан тушаалтан өөрийн итгэл үнэмшлээр тарваганы мах гэж үзсэн гэж маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.
7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ”, 4-т “Үзлэг хийхдээ тухайн хүнд байгаа зүйлийг нь гаргуулах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно”, 7-д “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно” гэж тус тус заасан
8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тухай /хх-ийн 33/ тэмдэглэлд иргэн ******ийн зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр тарваганы мах худалдан авч, тээвэрлэсэн гэх зөрчилд Байгаль орчин аялал, жуулчлалын газрын мэргэжилтэн Ц.Б, хөндлөнгийн гэрчээр Э.М нарыг байлцуулан хийсэн үзлэгээр “3 ширхэг махаар ороомог хийж чанаж, хөлдөөсөн. Хүнсний гялгараар ороосон, махны гадуур нь утсаар ороосон. Жигнэж үзэхэд 3485 грамм байна. Тослог, үнэртэхэд тарваганы мах үнэртэж байна. 1 ширхэг махаар 3 ширхэг ороомог хийсэн байна гэж үзсэн” гэх тэмдэглэлээр гомдол гаргагчийн шинжээч томилж, тогтоогоогүй гэх тайлбар нь няцаагдаж байна. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн холбогдогчийн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, фото зураг зэрэг бусад баримтуудад үндэслэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж заасан.
10. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5-д зааснаар Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан тохиолдолд зөрчил үйлдсэнд тооцож, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар хууль тогтоогчоос хуульчилсан.
11. Энэ маргааны тохиолдолд гомдол гаргагч нь зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр агнахыг хориглосон ан амьтныг худалдаж авсан зөрчил гаргасан нь нотлогдож байх тул ******аар хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзлээ.
12. Иймд эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч ****** нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; ...1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх; ...1.5.Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлж, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 44-т заасныг үндэслэн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 820000 төгрөгөөр тооцож хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул ******ийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг баримтлан ******ийн Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******д холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ