| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/00482/И |
| Дугаар | 181/ШШ2024/02735 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/02735
2024 07 18 181/ШШ2024/02735
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, * тоот хаягт оршин байх, Ө ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, * тоот хаягт оршин байх, Э ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 21,560,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Алтанзул нар оролцов.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар талуудын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан 21,560,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Тус компани нь бөөний худалдаа, төмрийн худалдаа, барилгын засвар хийх чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулдаг болно. Э ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тус компаниас 21,560,400 төгрөгийн үнэ бүхий С-20 швемер нэртэй, нэг бүрийн үнэ 67,800 төгрөгийн, 318 ширхэг төмрийг зээлээр худалдан авч, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төлбөрийг төлөхөөр тохиролцсон.
Үүнээс хойш өдийг хүртэл зээлээр худалдан авсан барааны үнийг төлөөгүй бөгөөд Э ХХК-иас удаа дараа шаардсан боловч төлөхгүй байх тул Э ХХК-иас зээлээр авсан барааны үнэ 21,560,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжилсэн 21,560,400 төгрөгийг Э ХХК нь 2024 оны 8 дугаар сарын 15-ны дотор 7,186,800 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны дотор 7,186,800 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны дотор 7,186,800 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан 21,560,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Э ХХК нь Ө ХХК-ийн нэхэмжилсэн 21,560,400 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 7,186,800 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 7,186,800 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 7,186,800 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э ХХК-д холбогдох 21,560,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Э ХХК нь Ө ХХК-ийн нэхэмжилсэн 21,560,400 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 7,186,800 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 7,186,800 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 7,186,800 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Э ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,760 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137,880 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ