| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 1838007390335 |
| Дугаар | 2018/ДШМ/46 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2018/ДШМ/46
2018 12 20 2018/ДШМ/46
Л д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүгдэгч: Г.Л,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Энхболд,
Нарийн бичгийн дарга: Б.Манлайбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолтой Г.Лд холбогдох 1838007390335 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболдын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Цахар овогт Г-ийн Л, ….. оны .... дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, ….. настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ................../.
Шүүгдэгч Г.Л нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Соёлын төв”-д хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 1,755,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Цахар Г….ийн Лийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн 1838007390335 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Тухайлбал, Г.Л нь 2018 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Арбулаг сумын Соёлын төвийн байранд нэвтрэн орж 1,755,000 /нэг сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгийн эд зүйлийг хулгайлан гаргаж зөөвөрлөж байх явцдаа өөрийн үйлдлийг хууль бус болохыг ойлгож, дээрх эд зүйлийг ашиглаж, үрэгдүүлж захиран зарцуулалгүйгээр өөрийн мэдэлд оруулахаас сайн дураараа татгалзаж өөрийн үйлдлийн талаар хохирогч байгууллагын удирдлагад мэдэгдэх үйлдэл хийсэн байдаг. Энэ талаар хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа болно /хх-ийн 30-32-рт хохирогч Б.Энх-Амгалангийн мэдүүлэг, мөн гэрч Б.Болорцэцэгийн мэдүүлэг гэх мэт/.
Өөрөөр хэлбэл Г.Л нь өөрийн гэмт санаа бодлыг туйлд нь хүртэл хэрэгжүүлэх боломжтой байсан боловч үргэлжлүүлэн дуусгалгүйгээр үйлдлээ сайн дураар зогсоосон байна. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалт байгаа болно. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж Г.Лийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч Г.Л нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Соёлын төв”-д хууль бусаар нэвтрэн орж, 1,755,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Г.Л хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Шүүгдэгч Г.Л нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, байсан орон зайнаас нь шилжүүлж, өөрийн болгон эзэмшилдээ авснаар уг хөрөнгийг захиран зарцуулах бодит бололцоо бий болсон байх ба энэ үеэс хулгайлах гэмт хэрэг төгссөнд тооцогдоно. Хулгайлсан хөрөнгөө буцаан хураалгасан нь хулгайлах гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүйн дээр уг гэмт хэргийг туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь заалтыг хэрэглэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэлгүй.
Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Т.ГАНБАТ
Б.СОСОРБАРАМ