Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 138

 

       Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

   -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, Б.Нарангэрэл,

   -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ю.Батсүх,

         -хохирогч Г.Ганчулуун,

   -шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

   -шүүгдэгч Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн 201719000075 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол Улсын харьяат, Төв аймгийн Жаргалант суманд 1992 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  тогтооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, дүү, дүүгийн эхнэр, хүүхдийн хамтаар Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн Хөшигтийн 1-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чангас овогт Жаргалсайханы Ганхөлөг /Регистрын дугаар:нм92032711/ гэв.

 

   Монгол Улсын харьяат, Завхан аймгийн Отгон суманд 1990 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамтаар  Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн Хөшигтийн 7-7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Хүнбишийн Отгонбаяр /Регистрын дугаар:ий90031610/ гэв.

 

     Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нар нь бүлэглэн согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутагт иргэн Г.Ганчулууныг зодож, бусдын биемахбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Ганхөлөг нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Х.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад:

201719000075 дугаартай хэргээс:

            Насанд хүрээгүй хохирогч Г.Ганчулуун мөрдөн байцаалтад мэдүүлсэн:  Би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн найз Бат-Очирын хамт 0.33 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг сумын 3 дугаар багийн төвд байрлах Баттөмөр ахын гэрт нь 20 цагийн үед очсон. Тэгээд манай найз намайг хүргэж өгчихөөд яваад өгсөн. Би оройн 21 цаг өнгөрөөд Баттөмөр ахын гэрт нь унтах гээд байж байхад Ж.Ганхөлөг надруу залгаад “Гараад ир хөгшөөн юм асуух гэсэн юм” гэхээр нт би 21 цаг 30 минутын орчим Баттөмөр ахын гэрээс гараад хажуу талын хашааг даваад Батдорж ахын хашаанд ороход Ж.Ганхөлөг хашаан дотор орж ирээд надтай уулзсан. Үгийн зөрөөгүй хавсарч унагасан. Тэгээд би яаж байгаа юм бэ? гэхэд Ж.Ганхөлөг миний нүүр рүү гараараа нэг удаа цохиход би газар унасан. Би түүнийг тэврээд авахад цаанаас нь Х6отгонбаяр, Гантулга нар гүйгээд ирсэн. Тэгэхэд Ж.ганхөлөг дахиад миний нүүр рүү гараараа цохихоор нь би газар унаад босох гэж байтал Х.Отгонбаяр миний хамар хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний хамар өвдөөд, хамарнаас цус гарахаар нь би тэдэнд хадан “Та нар намайг аллаа шүү дээ болъё” гээд Х.Отгонбаярыг би бариад авахад манай ах Баттөмөр гэрээс гарч ирээд хашаа даваад ирсэн. Баттөмөр ах гарч ирэхэд Х.Отгонбаяр, ж.Ганхөлөг нар зугтаагаад явсан. Энэ үед Ж.Ганхөлөг миний гэдэс хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Баттөмөр ах салгаад намайг Батдорж ахын тамборт оруулахад Ганхөлөг Отгонбаяр хоёр орж ирээд Ганхөлөг хөлөөрөө жийж унагаад Отгонбаяр дээрээс цохиж өшиглөөд байхад Баттөмөр ах салгасан. Баттөмөр ах нэгийг барьж байхад нөгөө ирээд намайг цохиод байсан. Намайг ямар учраас зодох болсон шалтгааныг мэдэхгүй байна. Шалтгаангүйгээр зодсон, надтай тэд нар өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Надад одоо гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй, нүд, хамрын хагалгаанд нийт 1.500.000 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг төлж барагдуулсан. /хх-ийн 18- 20/

 

           Гэрч М.Баттөмөр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2017 оны 1 дүгээр сарын 05-ны орой 21 цаг 30 минутын үед манай ээжийн дүүгийн хүүхэд болох Г.Ганчулуун гэдэг залуу архи үнэртүүлсэн орж ирсэн. Уг нь Г.Ганчулуун нь Батдорж гэж аавынх ах болох хүний гэрт буюу 7-1 тоотод манай хажуу айлд амьдардаг юм. Хүмүүс шуугиад байхаар нь би хашаа даваад харсан чинь Батдорж ахын хашаанд гадна 3 хүн Г.Ганчулууныг унгачихсан зодож байсан. Би тэд нарт юу болоод байна гээд хашгираад гүйгээд очсон зүс таних Ж.Ганхөлөг гэх залуу Г.Ганчулууныг зодож үлдээд, зүс таних Х.Отгонбаяр бас нэг танихгүй залуутай машин руу явсан. Г.Ганчулууныг зодож байгаа Ж.Ганхөлөгийн салгах гээд ноцолдож байсан чинь хажуунаас Х.Отгонбаяр орж ирээд Г.Ганчулууныг нэг удаа өшиглөөд авсан. Ж.Ганхөлөг нь Г.Ганчулууныг анх намайг очиход Батдорж ахын хашааны гадна гар, хөлөөрөө зодож байсан. Хэдэн удаа гэдгийн санахгүй байна, толгой бие рүү нь цохьсон. Дараа нь үүдний тамборт нэг удаа хөлөөрөө өшиглөж, нэг удаа гараараа цохьсон. Х.Отгонбаяр нь Г.Ганчулууныг хашааны гадна нэг удаа өшиглөсөн, тамбарын үүдэн дээр гараараа нэг удаа цохьсон. /хх-ийн 21-22/

 

           Гэрч Д.Батдорж мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2017 оны 1 дүгээр сарын 05-ны орой 21 цаг 30 минутын үед гэртээ байж байтал хашааны гадна хүмүүс орилолдох шиг болоод удалгүй хашаан дотор хүмүүс орилолдохоор нь гарахад, тамборт манайд амьдардаг талийгаач ахын маань хүүхэд Г.Ганчулууныг, Х.Отгонбаяр гэдэг залуу гар, хөлөөрөө зодож байхаар нь Х.Отгонбаярыг салгасан, мөн Ж.Ганхөлөг гэх залуу Г.Ганчулууныг зодоод байсан. Манай дүү М.Баттөмөр ороод ирчихсэн би Х.Отгонбаярыг, М.Баттөмөр Ж.Ганхөлөгийг тамбораас гаргасан юм. Зодоон болсоны дараа Г.Ганчулууны биеийн байдал нь зовиуртай, хамраас цус гарсан чихний ард талд өвдөж байна гэж хэлсэн. /хх-ийн 25-26/

 

           Гэрч Б.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр би гэртээ байхад Х.Отгонбаяр, Ж.Ганхөлөг, Н.Гантулга нар манайд ирсэн. Манайд ирэхдээ 0.75 литрийн Соёрхол нэртэй архитай орж ирсэн ба тэр архинаас жолооч Н.Гантулга уугаагүй бөгөөд Х.Отгонбаяр, Ж.Ганхөлөг бид гурав хувааж уусан. /хх-ийн 31 хуудас/

           Гэрч П.Бат-Очир мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Г.Ганчулуун надруу утасдаад манай гадаа яваад ир гэхээр нь М.Баттөмөр ахын хашаанд яваад очтол Г.Ганчулуун гээд Жаргалантын залуу ирээд намайг өшиглөсөн чинт М.Баттөмөр ах ирээд яагаад байгаа юм бэ гээд намайг харь гээд байсан. Тэгсэн Ж.Ганхөлөг дахиад намайг 2-3 удаа өшиглөхөөр нь би өөдөөс нь эсэргүүцэлгүй хашаанаас гараад явсан. Тэгээд эгчийндээ очиж унтсан гэх мэдүүлэг /хх-ийн 27/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1406 тоот "... 1.Г.Ганчулууны биед хамрын ясны хугарал, хамар, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. З.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдаглуулахгүй..." гэх дүгнэлт, /хх-ийн 36/

 

           Сэжигтэн, яллагдагчаар Ж.Ганхөлөг мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гэртээ амарч байхад Х.Отгонбаяр, Н.Гантулга хоёр Улаанбаатар хотоос ирлээ гээд “Танай гэрийн хажууд байх дэлгүүрийн гадна байна, гараад ир” гэхээр нь гарч очиход, Рино маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэгээд бид Х.Отгонбаярын гэрт очиж хоол идээд гэрээс нь гарч хажуу талд Н.Гантулгын машинд 2.5 литрийн боргио нэртэй пиво Х.Отгонбаяр бид хоёр уугаад, дуусаны дараа дэлгүүр орж 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч, дэлгүүр дотор зогсож байсан Туулай /Батбаяр/ ахын гэрт Х.Отгонбаяр бид хоёр очиж хувааж уусан. Бид нар архи ууж байхад Туулай /Батбаяр/ ах “Г.Ганчулуун өнөөдөр архи уучихсан, тал булагаар орилоод зөрсөн хүн болгонтой маргалдаж муудалцаад яваад байна лээ” гэхээр түүнтэй уулзахаар очсон юм. Тэгээд би Г.Ганчулуун луу утсаар яриад гарад ир гэсэн. Г.Ганчулуунтай уулзаад “чи гадуур орилоод хүмүүстэй, яагаад муудалцаад яваад байгаа юм бэ” гэж хэлээд түүнийг хавсарч унагаад түүний нүүр хэсэт 1 удаа гараараа цохьсон. Тэгээд түүнтэй зууралдаад байж байхад Х.Отгонбаяр орж ирээд Г.Ганчулууны нүүр хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөсөн.Тухайн үед Г.Ганчулууныг зодох шалтгаан надад байгаагүй, бидний хооронд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Г.Ганчулууныг Х.Отгонбаяр бид хоёр бүлэглэж зодсон, би Г.Ганчулууныг хавсарч унагаад нүүр хэсэгт гараараа цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. /хх-ийн 48-51/

            Сэжигтэн, яллагдагчаар Х.Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2017 оны 1 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн орчим Төв аймгийн Жаргалант суманд найзН.Гантулгын хамт очсон. Жаргалант суманд ирээд би Ж.Ганхөлөгтэй яриад “Танай хажууд байх дэлгүүрийн гадна байна, гараад ир өвс ачих гэж ирсэн байна” гэхэд Ж.Ганхөлөг хүрч ирсэн. Тэгээд бид гурав манайд очиж хоол идээд гэрээс гарч Н.Гантулгын машинд 2.5 литрийн боргио нэртэй пиво Ж.Гөнхөлөг бид хоёр уусан. Пивоо дуусгаад дэлгүүр орж 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч дэлгүүрт таарсан Туулай /Батбаяр/ гэх ахтай Ж.Ганхөлөг бид хоёр авсан архиа тэднийд очиж уусан. Бид хоёр архи ууж байхад Туулай ах “Г.Ганчулуун архи уучихсан, тал булагаар орилоод хүмүүстэй маргаад яваад байсан” гэхэд Ж.Ганхөлөг Г.Ганчулуун руу утсаар яриад түүний гэрт очихоор болсон. Г.Ганчулууны гэрийн гадна очоод Ж.Ганхөлөг түүний хашаа руу ороод Г.Ганчулуунтай уулзаж байгаад зодолдоод явчихсан. Ж.Ганхөлөг Г.Ганчулууны нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиход Г.Ганчулуун газар унасан. Харин би түүнийг газар унах үед нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Г.Ганчулууныг Ж.Ганхөлөг бид хоёр зодож, гэмтэл учруулсан. Сонсгосон эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Г.Ганчулуун бид хоёрын хооронд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. гэх /хх-ийн 52-55/

 

            БУСАД БАРИМТ СЭЛТ:

-хохирол төлсөн гэх баримт /хх-ийн 16/,

-шүүгдэгч Ж.Ганхөлөг, Н.Отгонбаяр нарын ял шийтгэлийн хуудсыг шалгахад "ял шийтгэлгүй " гэх лавлагаа /хх-65-69/,

     -шүүгдэгч Ж.Ганхөлөгийг 2017 оны 01 сарын 22-ны өдөр сэжигтнээр /хх-48-49/, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар /хх-50-51/ байцаасан тэмдэглэл ,

-шүүгдэгч Х.Отгонбаярыг 2017 оны 01 сарын 22-ны өдөр сэжигтнээр /хх-52-53/, 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар /хх-54-55/ байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

   Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

   Шүүгдэгч Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нар нь бүлэглэн согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутагт иргэн Г.Ганчулууныг зодож, бусдын биемахбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Ганчулууны мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-20/, гэрч М.Баттөмөр, Д.Батдорж, Б.Батбаяр нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 21-22, 25-26, 31/, 1406 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/,  шүүгдэгч Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нарын хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нарт ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хуулийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг тус тус хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

 

Мөн Эрүүгийн хуулийн 61дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн /хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн/ учир Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

  Хохирлын талаар:

     Хохирогч Г.Ганчулуун нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.  

 

  Эд мөрийн баримт болон битүүмжилсэн зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэглээгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зйлгүй, шүүгдэгч Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                          

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Чангас овогт Жаргалсайханы Ганхөлөг, Тайж овогт Хүнбишийн Отгонбаяр нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн бүлэглэж, догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нарыг тус тус 3 /гурав/ жил 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нарт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

           

4. Энэ хэрэгт Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

           

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нарт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр  нарыг тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ж.Ганхөлөг, Х.Отгонбаяр нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОРОЛМАА