Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 109/ШШ2024/0005

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Б.Б

           Хариуцагч: Архангай аймгийн Б Ш У газарт холбогдох “Архангай аймгийн Б Ш У газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Бт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Б.Б Архангай аймгийн Б Ш У газрын хооронд “Архангай аймгийн Б Ш У газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Бт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-оор маргаж байна.

2. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие 2002 оноос эхлэн Х сумын ерөнхий боловсролын сургуульд монгол хэлний багшаар ажилд орсноос хойш тус сургуульд 22 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Миний бие 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тус сургуулийн “Дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежер”-ээр ажиллах саналыг сургуулийн удирдлагын багаас хүлээн авч, захирлын тушаалаар хуулийн дагуу томилогдон ажиллах болсон. Сургалтын менежерээр ажиллах хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд менежерийн эхний жилийн сургалт, үнэлгээний төвөөс зохион байгуулсан үнэлгээний менежерийг чадавхжуулах сургалтууд, Монгол Улсын боловсролын их сургуулийн боловсролын удирдлагын магистрын сургалт зэрэг сургалтуудад хамрагдан байнга мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэн ажилласан. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Архангай аймгийн Б Ш У газар гэсэн фейсбүүк олон нийтийн сүлжээгээр “Архангай аймгийн Б Ш У газар ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зохион байгуулна.” гэсэн зарыг тус газрын мэргэжилтэн өөрийн фейсбүүк хаягаар оруулж миний эрхэлж буй ажлын байр болох нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежерийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж. 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан. Нэгэнт миний ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан учраас би сонгон шалгаруулалтад орсон. Гэтэл анхнаасаа миний ажиллаж байгаа ажлын байран дээр өөр хүн томилох зорилгоор сонгон шалгаруулалт нэрийн дор хуулийн дагуу томилогдсон, ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг ажлаас халах үндсэн зорилготой байжээ. Миний бие дээрх сонгон шалгаруулалтыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2-т “Тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх” үүргийг боловсролын сургалтын байгууллагын захирал хэрэгжүүлнэ гэж хуульчлан заасан байхад Архангай аймгийн Б Ш У газар сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалт явуулж буй нь өөрийн эрх хэмжээ, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар бусдын эрх ашиг, сонирхлыг хөндөж байгаа асуудал гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар захиргааны актыг бичгээр гаргахаар хуульчилсан байхад Архангай аймгийн Б Ш У газар сонгон шалгаруулалт зарлаж байгаа талаар ямар нэг тушаал шийдвэр гаргалгүй, олон нийтийн сүлжээнд зар оруулж байгаа нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар бусдын эрх ашиг, сонирхлыг хөндөж байгааг илтгэж буй үйлдэл юм. Иймд Архангай аймгийн Б Ш У газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Бт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтуудыг зөрсөн илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 онд Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл Уран зохиолын багшаар ажилд орсон. 2022 оны 8 сарын 25-ны өдөр удирдлагын багийн саналаар дунд, ахлах анги, ангийн сургалт хариуцсан менежерээр томилогдож ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй. 2023 оны 11 сард аймгийн Б Ш У газраас Архангай аймгийн сумдын сургуулийн менежер, цэцэрлэгийн арга зүйч нарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг томилогдохоосоо өмнө хянуулаагүй. Ийм хүмүүсийг чөлөөлнө үү гэсэн бичиг ирсэн гэж захиралд танилцуулсан. Тэгээд чөлөөлөөд сонгон шалгаруулалт явуулаад буцаан томилно гэж хэлсэн. Тэгээд маш олон хүмүүс энд хамрагдаж байгаа учраас та нарын ажлын байрыг баталгаажуулах гэж ийм сонгон шалгаруулалт явуулж байгаа байх гэж захирал хэлсэн боловч энэ сонгон шалгаруулалт бол яг үнэндээ өөр өөрсдийн гэсэн хүмүүсийг оруулах зорилгоор сонгон шалгаруулалт явуулсан. Тэгээд сонгон шалгаруулалт явуулах эрхгүй гэж үзээд энэ сонгон шалгаруулалт хууль бус болохыг тогтоож өгнө үү хэмээн нэхэмжлэх гаргасан байгаа. Миний орон тоонд гуравдагч этгээд болох Б.А багш сонгон шалгаруулалтад орж тэнцсэн гэсэн нэрийдлээр томилогдсон. Мөн хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг бөглүүлээгүй томилогдсон, урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүйгээр томилогдсон гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бийн тухайд 2022 онд Х сумын Ерөнхий боловсролын сургуульд Монгол хэлний багшаар анх томилогдож ажилд орсон байдаг. Ингээд ажилд орсноосоо хойш өнөөдрийг хүртэл 22 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа. Энэ сонгон шалгаруулалт нь 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр болсон. Энэ сонгон шалгаруулалттай холбоотой олон сургуулийн менежерүүд, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, менежерүүдийн эрх ашиг нь хөндөгдөж байна. Тийм ч учраас Монголын багш нарын холбооны үйлдвэрчний эвлэлд санал хүсэлтээ тавьсан. Уг үйлдвэрчний эвлэлээс Б Ш У яамд шаардлага хүргүүлсэн байдаг. Үүний дагуу яамнаас Архангай аймгийн Б Ш У газарт 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1/Б56057 дугаартай мэдээлэл авах тухай, 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1/5911 дугаартай чиглэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тухайн зохион байгуулсан сонгон шалгаруулалтаа хүчингүй болгоогүй. Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу Архангай аймгийн Б Ш У газар нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбараа ирүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлүүлсэн, сонгон шалгаруулалтгүй томилогдож байгаа нь хууль бус Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан гэсэн тайлбарыг ирүүлсэн. Гэтэл Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2-т зааснаар Б Ш У газар нь ерөнхий боловсролын сургуулийн менежерийн орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж тэднийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх эрх олгогдоогүй. Ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрхэд шууд халдаж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчдын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл зохион байгуулах эрхтэй. Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлагдсан. Энэ дүрмээр төрийн албаны зөвлөлийн харьяанд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах асуудал байж байдаг. Өөрөөр хэлбэл үнэхээр сонгон шалгаруулалт зайлшгүй зохион байгуулах шаардлагатай байвал Б Ш У газар сонгон шалгаруулалтыг явуулах эрх байхгүй. Архангай аймгийн Б Ш У газар нь 2021 онд мэргэжлийн шалгалт авах журмыг баталсан байсан. Тэр журмаа л хүчингүй болгосон гэсэн хариуг Б Ш У яамд хүргүүлсэн нөхцөл байна. Иймд захиргааны байгууллагын илт хууль бус захиргааны акт  болохыг тогтоож өгнө үү гэв.

5. Хариуцагч Архангай аймгийн Б Ш У газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Нийтийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсгийг зөрчиж томилогдсон тул сургуулиас албан бичгээр ирсэн хүсэлтийн дагуу Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсэгт заасан үүргийн хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа  тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал)

6. Гуравдагч этгээд Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Уг сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлж буй үйл явцыг бичгийн хэлбэрт оруулаагүй, илт хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд сонгон шалгаруулалтын үр дүнгээс хамаарч  албан тушаалтны томилгооны асуудал шийдэгддэг. Архангай аймгийн Б Ш У газар нь өөрт олгогдсон эрх хэмжээний дотор сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулсан. Энд хууль зөрчсөн ямарваа нэгэн хууль бус үйлдэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Б нь өмнө нь энэ албан тушаалд түр томилогдсон, энэ албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаж байгаагүй, бөгөөд одоо зарлагдаж байгаа үйл явц юм. Сонгон шалгаруулалтад ороогүй учраас түр тушаалтай байсан гэж ойлгож байгаа. Иймээс Б.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтуудыг Архангай аймгийн Б Ш У газар зөрчөөгүй байна. Миний бие нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож 73 оноогоор тэнцсэн учраас уг ажлын байранд ажиллах эрх үүссэн. Иймээс сургуулийн захирлын тушаалаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Ахлах, дунд ангийн сургалтын менежерээр томилогдон ажиллаж байгаа гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Учир нь:

 

Нэг. Хариуцагч, гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тухайд

Шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдэд мэдэгдсэн ч эдгээр хэргийн оролцогчид нь шүүх хуралдаанд оролцохгүй талаараа шүүхэд мэдэгдсэн, нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч, гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргасан зэргийг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5. дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд

1. Нэхэмжлэгч Б.Бийн хувьд, Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар Б.Бийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн монгол хэл, уран зохиолын багшийн ажлаас дэвшүүлэн Байгалийн ухаан, нийгмийн ухааны сургалт хариуцсан менежерээр түр томилон ажиллуулж байжээ.  (1 дүгээр хавтаст хэргийн 177 дэх тал)

2. Үүний дараа Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Бийг дунд, ахлах ангийн сургалт хариуцсан сургалтын менежерийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал)

3. Мөн Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Бийг байгалийн ухаан, нийгмийн ухааны сургалт хариуцсан сургалтын менежерээр түр томилжээ. (2 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал)

4. Улмаар Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар албан бичгээр Х сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд нэр дэвшсэн Б.Бийн холбогдох баримтыг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ.

5. Уг албан бичгийн дагуу Авлигатай тэмцэх газраас 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 05/6137 дугаар албан бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно гэх хариуг ирүүлж байжээ. (1 дүгээр хавтас хэргийн 180-181 дэх тал)

6. Б Ш У сайдын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/263 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд тавих нийтлэг шаардлагыг хавсралтаар баталсны Албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагад Боловсрол: Бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, Мэргэшил: Боловсрол судлал, боловсролын удирдлагын чиглэлээр болон багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалтад хамрагдсан байх, Боловсролын үнэлгээ, статистик, мэдээллийн системийн чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагаас зохион байгуулсан сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан байх, Туршлага: Ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил ажилласан байх, 2-оос доошгүй жил заах аргын нэгдэл /тэнхим, секц, мэргэжлийн бүлэг/ удирдаж ажилласан туршлагатай байх, Заах аргач ба түүнээс дээш зэрэгтэй байх гэж тусгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дахь тал)

7. Нэхэмжлэгч Б.Бийн хувьд, 2015 онд тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг, 2019 онд Боловсролын тэргүүний ажилтан тэмдэг, 2020 онд Тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг авсан байх бөгөөд 2011 оны 1 сар, 2014 оны 1 сар, 2016 оны 1, 2 дугаар саруудад заах аргын нэгдэл ажиллуулсны нэмэгдэл, 2014 онд нийгмийн ухааны заах аргын нэгдлийн ахлагчаар ажиллаж байсан тухай тушаал зэрэг баримтуудаас үзэхэд Б Ш У сайдын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/263 дугаар тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд тавих нийтлэг шаардлагыг хангасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 131-133, 192-201 дэх тал)

8. Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургууль нь 2023 онд нийт 79 багш, ажилчдын бүрэлдэхүүнтэй ажиллахаас сургалтын менежер 2 орон тоотой байхаар баталж, үүнд бага боловсрол хариуцсан менежер, дунд, ахлах ангийн сургалтын менежер ажиллахаар зохицуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 164-165, 172 дахь тал)

9. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэг “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:” 14.1.2.-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал”, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 240 дугаартай “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 3 дугаар хавсралт 2, ТҮБД-4 Албан тушаал-Удирдах 1. Ерөнхий боловсролын сургалтын менежер” гэж тус тус зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд хамаарч байна.

10. Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажлын байранд сонгон шалгаруулалтын зарыг нийтэлж, 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулсны Ерөнхий боловсролын сургууль хэсэгт Х сумын ерөнхий боловсролын сургууль Ахлах ангийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежерийн албан тушаал бичигдсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 13-16 дахь тал)

11. Нэхэмжлэгч Б.Б нь дээрх сонгон шалгаруулалтад оролцож тэнцээгүй байх бөгөөд тус сонгон шалгаруулалтад Б.А оролцож 73 оноо авч, тэнцжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 87 дахь тал)

12. Улмаар Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/401 дүгээр албан бичгээр ерөнхий боловсролын сургуулийн менежерийн сонгон шалгаруулалтад Б.А 73 оноотой тэнцсэн тул албан тушаалд томилуулах саналыг томилох эрх бүхий этгээд буюу Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд хүрүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал)

13. Ингээд Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар “.... Архангай аймгийн Б Ш У газраас ирсэн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/401 тоот албан бичгийг тус тус үндэслэн Б.Аыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн газар зүйн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж мөн энэ өдрөөс дунд ангийн сургалт хариуцсан менежерээр түр томилжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 178 дахь тал)

14. Ийнхүү Архангай аймгийн Б Ш У газраас ирүүлсэн дээрх санал, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гуравдагч этгээд Б.Аыг нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд томилж, Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/90 дүгээр тушаалаар Байгалийн ухаан, нийгмийн ухааны сургалт хариуцсан сургалтын менежерийн үүрэгт ажлаас нэхэмжлэгч Б.Бийг чөлөөлж, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/92 дугаар тушаалаар Б.Бийг монгол хэл, уран зохиолын багшаар томилсноор нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хөндөж, эрх зүйн үр дагавар үүсгэсэн буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитойгоор хөндөгдөх нөхцөл бүрджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 7, 178-179) Үүнээс үүдэн нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий актыг илт хууль бусад тооцуулах онцгой ашиг сонирхол үүссэн байна гэж үзэх үндэстэй.

15. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг диспозитив зарчмын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүхэд гаргасан маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

16. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажлын байранд 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр сонгон шалгаруулалтын зарыг нийтэлж, 11 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үр дүнгээс үүдэлтэйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх, ийнхүү сонгон шалгаруулалтыг хариуцагч захиргааны байгууллагаас зарлаж, зохион байгуулах эрх хуулиар тусгайлан олгогдсон эсэх, энэ нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн эсэх, маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох нөхцөл хангагдсан эсэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

17. Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажлын байранд 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр сонгон шалгаруулалт зарлаж, 11 дүгээр сарын 8-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа хариуцагч захиргааны байгууллагаас бичгийн хэлбэрээр ямар нэгэн тухайлсан шийдвэр, захиргааны актыг гаргаагүй байна.

18. Хууль тогтоогчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг зөвхөн бичгийн хэлбэртэй байхаар тухайлан хуульчлан зохицуулаагүй. Хэдийгээр маргаан бүхий эл тохиолдолд бичгийн хэлбэрээр тухайлсан захиргааны актыг хариуцагч захиргааны байгууллагаас гаргаагүй боловч Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр олон нийтийн цахим сүлжээгээр сонгон шалгаруулалтын зарыг нийтэлж, 11 дүгээр сарын 8-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан үйл ажиллагаа /үйлдэл/ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж зааснаар захиргааны акт болно.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.

20. Ийнхүү Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр сонгон шалгаруулалт зарлаж, 11 дүгээр сарын 8-ны өдөр дээрх ажлын байранд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан үйлдэл буюу захиргааны актын улмаас нэхэмжлэгч Б.Бийн хувьд Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуульд Байгалийн ухаан, нийгмийн ухааны сургалт хариуцсан менежерээр томилогдон ажиллаж байсан ажлаасаа чөлөөлөгдөх үр дагаврыг үүсгэж, нэхэмжлэгчийн ажил, хөдөлмөр эрхлэх субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт болох нь тогтоогдож байна.

21. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлын үндэслэлээ: “... Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2-т “Тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх” үүргийг боловсролын сургалтын байгууллагын захирал хэрэгжүүлнэ гэж хуульчлан заасан байхад Архангай аймгийн Б Ш У газар сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалт явуулж буй нь өөрийн эрх хэмжээ, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар бусдын эрх ашиг, сонирхлыг хөндөж байгаа асуудал гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зарласан сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч надад холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар захиргааны актыг бичгээр гаргахаар хуульчилсан байхад Архангай аймгийн Б Ш У газар сонгон шалгаруулалт зарлаж байгаа талаар ямар нэг тушаал шийдвэр гаргалгүй, олон нийтийн сүлжээнд зар оруулж байгаа нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар бусдын эрх ашиг, сонирхлыг хөндөж байгааг илтгэж буй үйлдэл юм ...” гэж тодорхойлон маргажээ.

22. Хариуцагч хариу тайлбар тагалзалын үндэслэлдээ: “.....Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсэгт заасан үүргийн хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. (1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал)

23. Боловсролын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга) 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан бөгөөд маргаан бүхий үйл явдал болох үед тус хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

24. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс харьяа нутаг дэвсгэртээ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: “28.2.2-т “хичээл, судлагдахууны агуулга, арга зүй, үнэлгээ, технологи болон зайн, цахим сургалтыг хөгжүүлэх, сургалтын чанар, үр дүнг сайжруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;” гэж заасан.

25. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.” гэж заажээ. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг согон шалгаруулах” журам, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, заавар батлах тухай”  тогтоолын дагуу төсвийн шууд захирагч буюу аймаг, орон нутгийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг сонгон шалгаруулах харилцааг тус тус журамлан зохицуулжээ.

26. Дээрх хууль, журмын агуулгаас үзвэл, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч буюу сургууль, цэцэрлэгийн (захирал, эрхлэгч)-ийг сонгон шалгаруулах ажлыг Төрийн албаны зөвлөлийн тухайн аймаг дахь Салбар зөвлөл зохион байгуулахаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтныг сонгон шалгаруулах харилцааг тус журмаар зохицуулаагүй, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухайлсан эрхийг аймгийн Б Ш У газарт хуулиар олгоогүй байна.

27. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий сонгон шалгаруулалтын асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлөөс тайлбар гаргуулсан бөгөөд тус Салбар зөвлөлийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар албан бичигт “ .... Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу Салбар зөвлөл нь Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг. Ерөнхий боловсролын сургуулийн менежерийн албан тушаалын сонгон шалгаруулалт нь тус Салбар зөвлөлд хамааралгүй асуудал бөгөөд сургалтын менежерийг томилж, чөлөөлөх асуудал нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2-т заасны дагуу тухайн албан тушаалыг томилох эрх бүхий албан тушаалтан буюу боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгчийн эрх хэмжээний асуудал болно.” гэх хариу ирүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 249 дэх тал)

28. Мөн Б Ш У сайдаас 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1б/5911 дүгээр албан бичгээр “ ... танай газраас хариуцан зохион байгуулсан дээрх сонгон шалгаруулалтыг цуцлах арга хэмжээ авч, авсан арга хэмжээний талаар хариу ирүүлэх чиглэлийг үүргээр хүргүүлж байна ...” гэж мэдэгдсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал)

29. Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:” 33.3.2-т “тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх;” гэж заасан.

30. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл тухайн орон нутаг дахь боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг сонгон шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулах тухайлсан эрх хэмжээ Архангай аймгийн Б Ш У газарт олгогдоогүй байна.

31. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж тус тус заасан.

32. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” буюу захиргааны актыг эл үндэслэлээр илт хууль бусад тооцох үндэслэл нь эрх зүйт төрийн хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, захиргааны актыг эрх зүйн үндэслэлгүйгээр гаргасан, хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоосон, хуульд заагаагүй үндэслэлээр эрхэд халдсан, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, тухайн захиргааны байгууллагын эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан зэргээр хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг хамааруулан ойлгоно.

 

33. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “....., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субьектив эрхэд халдах тохиолдолд хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаарддаг.

34. Хуульд үндэслэх зарчмын агуулга нь захиргаанаас иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн үйл ажиллагааг хуулиар эрх олгогдсон, хуулиар зөвшөөрсөн үед л хэрэгжүүлэх боломжтой.

35. Иймд Архангай аймгийн Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр зарлаж, 11 дүгээр сарын 8-ны өдөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байранд сонгон шалгаруулалт зохион байгуулсан үйлдэл /захиргааны акт/ түүний үр дагавраас үүдэлтэйгээр нэхэмжлэгчийн хувьд ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болж эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн байх бөгөөд Боловсролын ерөнхий хуульд Архангай аймгийн Б Ш У газар нь тухайн орон нутаг дахь боловсролын байгууллагын багш, ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулах тухайлсан эрхийг тус хуулиар олгоогүй байхад хуульд үндэслэх зарчмыг зөрчиж гарсан захиргааны акт байх тул байх дээрх үндэслэлээр илт  хууль бус болохыг тогтоосон болно.

36. Мөн хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлдээ: “...Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсгийг зөрчиж томилогдсон...” гэж тайлбарладаг. (1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал)

37. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Архангай аймгийн Х сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэг “Төрийн албыг доор дурдсанаар ангилна:” 6.1.2.-т “төрийн захиргааны алба”, 6.1.4-т “төрийн үйлчилгээний алба”., 6.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ.”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар төрийн үйлчилгээний албанд хамаарч байна. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн зохицуулалт тухайн тохиолдолд хамаарахгүй юм.

39. Түүнчлэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсгийн зохицуулалт нь маргаан бүхий энэ хэргийн тухайд шууд хамааралтай зохицуулалт биш юм. Тийм учраас хариуцагчийн эл тайлбар, үндэслэлийг хүлээн авах боломжгүй болно.

40. Шүүхийн энэхүү шийдвэр, үндэслэл нь Архангай аймгийн Б Ш У газрын Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх бусад чиг үүргийг үгүйсгээгүй, хөндөхгүй бөгөөд гагцхүү Боловсролын ерөнхий хуульд тус газарт тухайн орон нутаг дахь боловсролын байгууллагын багш, ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулах, санал хүргүүлэх тухайлсан эрх хуульд үндэслэх зарчмын дагуу олгогдоогүй байх тул дээрх үндэслэлээр Архангай аймгийн Б Ш У газраас 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр зарлаж, 11 дүгээр сарын  8-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан үйлдэл /захиргааны акт/-ын нэхэмжлэгчид хамаарах хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэсэн үндэслэлээр илт хууль бусад тооцсон болно.

41. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.12, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Б Ш У газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Бт /Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн Ахлах дунд ангийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежер/ холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.ТҮВШИНТУЛГА