| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2022/00606/И |
| Дугаар | 182/ШШ2024/02600 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/02600
2024 06 06 182/ШШ2024/02600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:...-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... ХК ...-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. ... миний бие 2009 онд Хүмүүнлэгийн ухааны сургуулийг санхүүгийн удирдлага мэргэжлээр төгсөж, 2009-2010 онд Бадамлах Очир ХХК-д нягтлан бодогч, 2010-2015 онд Монголбридж ХХК-д санхүү хэлтсийн дарга, Уул уурхай, хөрөнгө оруулалтын дарга, 2015-2016 онд Налайх дүүргийн Татварын хэлтсийн дарга, 2017 онд Нийслэлийн Татварын газрын Дотоод хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд тус тус ажилласан.
1.2. ... ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүрэг салбар-ын харьяа Чулуун овоо тооцооны төв-ийн захирлаар, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Сонгинохайрхан дүүрэг салбар-ын харьяа ...-ийн захирлаар ажиллаж байсан.
1.3. Сонгинохайрхан дүүрэг салбар-ын харьяа ...-ийн захирлаар ажиллаж байх хугацаанд тооцооны төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, зээлийн багц, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замаар банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвар, ажлын туршлага зэрэг бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, ...ны Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан.
1.4. Гэтэл ...ны Гүйцэтгэх захирал ...ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар ... намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, ...ны Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.16.1, Хөдөлмөрийн гэрээ-ний 7.4.1, 7.4.34, 7.4.41-д заасныг тус тус үндэслэн хууль бусаар ажлаас халсан. Нэхэмжлэгч нь дээрх төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ажил олгогч ... ХХК-д эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй, тушаалд дурдагдсан ажлаас халсан үндэслэлүүд нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт хамаарахгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг үндэслэн ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.5. ... нь ажилтныхаа хувьд, Хөдөлмөрийн гэрээгээр нийт 15 эрхийг эдэлж, 22 үүрэг хүлээхээр заасан. Түүнчлэн, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн зорилгод хүрэхийн тулд 5 үндсэн чиг үүрэгт хамаарах нийт 44 чиг үүргийг хэрэгжүүлж, ажиллахаар ажлын байрны тодорхойлолтод тодорхой заасан. Ажил үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой бусад дүрэм, журамд заасан үүргээ ... нь зохих ёсоор биелүүлсээр ирсэн. Ажил олгогч нь ...ыг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бусад дүрэм, журамд заасан ямар чиг үүргийг хэзээ, хэрхэн, яаж биелүүлээгүй болохыг тодорхой дурдаагүй. Энэ байдлыг хэзээ, хэрхэн тогтоосон болох нь ойлгомжгүй байдаг. Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халсан тушаалын үндэслэлтэй тохироогүй.
1.6. Тодруулбал, аудитаас хийсэн тайланд 228 зээлдэгчийн зээлийн чанар муудсан нь Ковид-19 цар тахлын нөлөөлөлтэй холбоотой болохыг тодорхой дурдсан. Тухайн асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан эсхүл сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл ажил олгогчийн итгэоийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйн алийг нь гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
1.7. 6 зээлдэгчид 285,000,000 төгрөгийн зээл судалж, олгохоос өмнө Ажлын байрыг дэмжих зээлийн журмын 8.2.1-д заасан журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас зөвшөөрөл авсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас гаргуулсан баримтаар тогтоогдсон. Мөн тухайн зээлүүдийг судалж, олгохдоо ...ны зээлийн бодлогын 7.5, 7.6-д заасан ... эрх хэмжээг хэтрүүлээгүй байдаг. Энэ нь хэрэгт авагдсан Зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэрээр тогтоогддог.
1.8. ...ын хувьд, ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан удаа байхгүй. Ажлын ирцээ төхөөрөмжид бүртгүүлээгүй тохиолдол нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4-т заасан ноцтой зөрчилд хамаарагүй тул энэ үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан зохицуулалтад хамаарахгүй юм. Түүнчлэн, нэхэмжлэгчийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 353 минут буюу 5 цаг 53 минут ажлаас хоцорсон гэж буруутгасан. Хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан нь нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон, 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн эсхүл өөр этгээдийн хурууны хээг ирц бүртгүүлэх программд бүртгүүлсэн бол ноцтой зөрчилд хамаарах юм. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд дурдсан дээрх 5 сарын хугацааны 5 цаг 53 минутын зөрчил гэх асуудал нь Хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байна. Түүнчлэн, ажил олгогч нь Хөдөлмөрийн дотоод журмын 9.26, 9.27-д заасан ажиллагаануудыг хийгээгүй байна. Учир нь, ажилтны хоцролтын цаг, минут нь тухайн сард 60 минутаас дээш гарсан, цаг бүртгэлийн төхөөрөмжид ирцээ бүртгүүлээгүй тохиолдолд шалтгааныг тодруулж, анхааруулах хуудас өгөх ажиллагаа байдаг. Тус анхааруулах хуудсыг хагас жилд 3 удаа авсан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулдаг. Урьд нь, ажил олгогчийн зүгээс тухайн хоцролтын асуудлаар Хөдөлмөрийн дотоод журмын 9.29-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн цалингаас нэг минутын 200 төгрөгөөр тооцож суутгал хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсэгт зааснаар нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулж болохжгүй гэж заасан тул нэгэнт арга хэмжээ авсан асуудлыг дахин үндэслэн ажлаас халсныг зөвшөөрөхгүй. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 9.30-д заасны дагуу ажлын цагаар гадуур ажил үүргээ гүйцэтгэх тохиолдолд шууд удирдлагадаа мэдэгдэж зөвшөөрөл авдаг байсан. Бүх дүүргийн салбарууд тооцооны төвийн захирлуудын ирцтэй холбоотой тайлбарыг сар бүрийн 10, 25-ны өдөр авч дахин хянаж баталгаажуулдаг. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн захирлуудын ирцийн мэдээ, баримтаас харж болно.
1.9. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан төвийн захирлын ажил, албан тушаал нь удирдах ажилтан боловч мөнгө болон эд хөрөнгөтэй харьцдаггүй байсан. Иймд түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан үндэслэлээр ажлаас халсан нь буруу юм. Улсын дээд шүүхийн тайлбарт мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт хэнийг хамааруулах талаар тодорхой тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт зэргээс үзвэл, тэрээр мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажил эрхэлдэггүй байсан нь тодорхой харагдах юм. Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халсан тушаалын үндэслэлтэй тохирсон байх шаардлагатай.
1.10. Түүнчлэн, дотоод аудитын хяналт, шалгалт нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд явагдсан. Тус шалгатад хамрагдах хугацаа нь 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл байсан. Үүнээс үзэхэд, нэхэмжлэгчийг буруутгасан үндэслэлийг ажил олгогч нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд илрүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 13.8.8-д тус тус заасны дагуу тухайн зөрчлүүдийг илрүүлснээс хойш нэг сарын дотор арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.
1.11.Иймд ажилтан ... миний бие өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.28-д заасны дагуу тус шүүхэд хандан хариуцагч ... ХХК-д холбогдуулан нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ... ХХК-ийн "Сонгинохайрхан дүүрэг салбар"-ын харьяа "..."-ийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эруул мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. ...ны Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа ...-ийн захирлаар ажиллаж байсан ... нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлтод заагдсан ажил үүргийн хуваарь болон Теллерийн системийн багц журам, Зээлийн үйл ажиллагааны журам, Хөдөлмөрийн дотоод журам-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй зөрчил гаргасан нь банкны Дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон. Иймд гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно.
2.2. Нэхэмжлэгч нь Ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэг 3, 22 дах хэсэг, Теллерийн системийн багц журмын 3.2-т заасны дагуу салбар тооцооны төвийн захирлын үүргийг хэрэгжүүлж, нягтлан бодох бүртгэлд кассын үйл ажиллагааны холбогдох дүрмийн зааврыг стандартын дагуу явуулж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Мөн Ажлын байрны тодорхойлолтын 24 дэх хэсэг нэгжийн зээл олголт, төлөлтөд хяналт тавьж ажиллах, зээлийн хувийн хэрэг, баримт бичгийн бүрдүүлэлтэд хяналт тавих, өндөр дүнтэй зээлийн судалгаа шинжилгээнд биечлэн оролцож давхар хяналт тавих үүрэгтэй. Мөн тодорхойлолтын 36 дах хэсэгт зааснаар шууд удирдлагад буй ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг холбогдох дүрэм, журам, зааврын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих, давхар болон дараалсан хяналтын системийг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, сайжруулах үүрэг тус тус хүлээсэн. Иймд Ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй үндэслэлээр тушаал гаргасан гэдэг нь үндэслэлгүй.
2.3. Дотоод хяналт, шалгалтын газрын тайланд дурдсанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаас болон ирц бүртгэлийн программын бүртгэлийг шүүхэд, нэхэмжлэгчийн ажил тасалсан цаг нь шалгалт хамаарах хугацааны 31 удаагийн өглөөний ирц, 10 удаагийн орой ажил тарсан цагийг бүртгүүлээгүй байдаг. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 1 өдөр ирц бүртгүүлээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцохоор зохицуулсан.
2.4. Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад дүрэм, журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлүүд Дотоодын хяналт, шалгалтын газраас хийсэн шалгалтаар тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.
2.5. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орж ирсний дагуу тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан.
2.6. ... нь Ажлын байрны тодорхойлолтын 24, 21, 22, 36-д заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Хөдөлмөрийн гэрээний 7.4.34-д заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.
Дээр дурдсан зөрчлүүд нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон тул ... ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1 ...ны Гүйцэтгэх захирлын 2022.01.17-ны өдрийн Б/59 тоот тушаалын хуулбар /1хх-4-5/
3.2 Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-6/
3.3 Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх-7-10/
4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-21/,
4.2. Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх-31-34/,
4.3. Ажлын байрны тодорхойлолт /1хх-35-38/,
4.4. Хөдөлмөрийн дотоод журам /1хх-39-52/,
4.5. Зээлийн үйл ажиллагааны журам /1хх-53-84/,
4.6. ...ны теллерийн системийн багц журам /1хх-85-96/,
4.7. Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа ...д хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайлан /1хх-97-108/,
4.8. Хүний нөөцийн программ /1хх-109/,
4.9. Ажлын байрыг дэмжих зээлийн журам /1хх-123-133/
4.10. COSO загварын дагуу боловсруулсан асуултад үнэлгээ буурсан байдал /1хх-171-172/, Эвдрэлтэй хөрөнгийн жагсаалт /1хх-173/, Урьдчилж төлсөн тооцоо дансны баримтын зөрчил /1хх-174/, Орлого тасалдсан гэрээт цалингийн зээлийн жагсаалт /1хх-175/
5. Нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар ...ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлан /1хх-157-167/, Харилцааны менежерийн ажлын байрны тодорхойлолт /1хх-168-170/, Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа ...д хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайлангийн хавсралт №9, 10 /1хх-209-212/, Зээлдэгч ..., ...г нарын зээл судлах зөвшөөрлийн хуудас /1хх-213-215/, ...ын 2021.06.10, 2021.06.25, 2021.07.10, 2021.07.25, 2021.08.10, 2021.08.25, 2021.09.10, 2021.09.25, 2021.10.10, 2021.11.10, 2021.11.25-ны өдрийн ирцүүдийн мэдээ болон цалингийн цэс /1хх-216-226/, үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-22/, Ирцийн бүртгэл - /2хх-34-47/, Амралтын тооцооны хуудас- /2хх-48/, Хүний нөөцийн программын бүртгэл /..., .../ - /2хх-49-51/, ...т чөлөө олгосон мэдээллийн талаарх баримт - /2хх-52-54/, Үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-74-88/, Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа тооцооны төвүүдийн захирлуудын ирцийн мэдээ - /2хх-112-119/, Үзлэг хийсэн тэмдэглэл - /2хх-160-181/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.
6. Шүүхийн журмаар иргэн ... нарын ...наас зээл хүсэхтэй холбоотой зээл судлах зөвшөөрлийн хуудсыг гаргуулахаар шийдвэрлэхэд ... ХХК-аас 2024.06.06-ны өдрийн 10/3182 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ... ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбар-ын харьяа ...-ийн захирлын ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ, Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халсан тушаалын үндэслэлтэй тохирохгүй, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй үндэслэлийг ноцтой зөрчил гэж үзсэн, ажлаас хоцорсон, тасалсан асуудлын тухайд сахилгын шийтгэл давхардуулан ногдуулсан, нэхэмжлэгчийн ажил, албан тушаалд хамаарахгүй мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хүлээх хариуцлагыг ногдуулсан, сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ болон хууль, бусад дүрэм, журмын аль хэсгийг хэрхэн, хэзээ, яаж зөрчсөн болохыг тодорхой тусгаагүй гэж тайлбарлав.
3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн хуваарь болон Теллерийн системийн багц журам, Зээлийн үйл ажиллагааны журам, Хөдөлмөрийн дотоод журам-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй зөрчил гаргасан нь банкны Дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар гаргасан гомдол байх тул шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан 2374 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний дагуу ... ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбар-ын харьяа ...-ийн захирлаар ажиллаж байгаад тус банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар ажлаас халагджээ.
4.2. Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
5. ...ны Гүйцэтгэх захирал ...ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, ...ны Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.16.1, Хөдөлмөрийн гэрээ-ний 7.4.1, 7.4.34, 7.4.41, Хүний нөөцийн хорооны хурлын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05/04 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн, ... ...-ийн захирал ... нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргийн хуваарь болон Теллерийн системийн багц журам, Зээлийн үйл ажиллагааны журам, Хөдөлмөрийн дотоод журам-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, тус тооцооны төвд 228 зээлдэгчийн 3,223,102,056 төгрөгийн үлдэгдэлтэй зээл чанаргүйдэж муу ангилалд шилжсэн нь нийт зээлийн багцын 25.2 хувийг эзэлж байхад зээлдэгчтэй уулзах, зээл төлүүлэх ажлыг хангалттай түвшинд хийж гүйцэтгээгүй, нийт 11 удаагийн 31,941,766 төгрөгийн тэтгэврийн зээл олгохдоо харилцагчийн гарын үсэг зөрүүтэй, программд бүртгэгдээгүй, харилцагчийн гарын үсгийг программд зарлагын баримт болон маягтгүйгээр оруулсан зөрчилтэй байхад зээл олгох зөвшөөрөл олгож гэрээг баталгаажуулахдаа хянаагүй, 6 зээлдэгчид 285,000,000 төгрөгийн зээл судалж, олгохдоо Ажлын байрыг дэмжих зээлийн журам-ын 8.2, 8.2.1 дэх заалтыг зөрчиж дүүрэг, салбарын захирлаас зээл судлах зөвшөөрөл аваагүй, нийт 23 зээлдэгчийн 1,247,150,036 төгрөгийн үлдэгдэлтэй зээлд зарцуулалт хийгдсэн байхад хариуцсан харилцааны менежерүүд нь Ажлын байрыг дэмжих зээлийн журам-ын 10.1, Зээлийн үйл ажиллагааны журам-ын 20.6.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллуулаагүй байхад хяналт тавьж үүрэг даалгавар өгч ажиллаагүй, шалгалт хамрах хугацаанд шууд удирдлагад нь ажиллаж буй ахлах теллер нь 120 удаа нийт 769,087,048 төгрөгийн бэлэн болон бэлэн бус, банк хоорондын гүйлгээ хийсэн байхад Теллерийн системийн багц журам-ын 6.1.14.4, 6.1.14.5 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, программын түвшинд харилцагчийн гарын үсгийг тулган баталгаажуулаагүй, шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 353 минут буюу 5 цаг 53 минут ажлаас хоцорсон тул.. түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэжээ.
5.1. Ажил олгогч нь нэхэмжлэгч ...ыг ажлаас халсан хууль зүйн үндэслэлдээ,
- Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
- Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
- Хөдөлмөрийн гэрээний 7.4.1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан нь нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон, 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн эсхүл өөр этгээдийн хурууны хээг ирц бүртгүүлэх программд бүртгүүлсэн;
- Хөдөлмөрийн гэрээний 7.4.34. Зээлийн судалгааг хууль, дүрэм, журмын дагуу хийгээгүй, зээлийг олгосны дараа хяналтыг хэрэгжүүлээгүйгээс банканд хохирол учирсан, зээл төлөгдөхгүй байх нөхцөл бүрдсэн;
- Хөдөлмөрийн гэрээний 7.4.41. Өөрт эрх олгогдоогүй зээлийн хүсэлтийг судалсан, зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн гэснийг тус тус баримталсан.
5.2. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
а. ...-ийн захирал ... нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргийн хуваарь болон Теллерийн системийн багц журам, Зээлийн үйл ажиллагааны журам, Хөдөлмөрийн дотоод журам-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй;
б. Тус тооцооны төвд 228 зээлдэгчийн 3,223,102,056 төгрөгийн үлдэгдэлтэй зээл чанаргүйдэж муу ангилалд шилжсэн нь нийт зээлийн багцын 25.2 хувийг эзэлж байхад зээлдэгчтэй уулзах, зээл төлүүлэх ажлыг хангалттай түвшинд хийж гүйцэтгээгүй;
в. Нийт 11 удаагийн 31,941,766 төгрөгийн тэтгэврийн зээл олгохдоо харилцагчийн гарын үсэг зөрүүтэй, программд бүртгэгдээгүй, харилцагчийн гарын үсгийг программд зарлагын баримт болон маягтгүйгээр оруулсан зөрчилтэй байхад зээл олгох зөвшөөрөл олгож гэрээг баталгаажуулахдаа хянаагүй;
г. 6 зээлдэгчид 285,000,000 төгрөгийн зээл судалж, олгохдоо Ажлын байрыг дэмжих зээлийн журам-ын 8.2, 8.2.1 дэх заалтыг зөрчиж дүүрэг, салбарын захирлаас зээл судлах зөвшөөрөл аваагүй;
д. Нийт 23 зээлдэгчийн 1,247,150,036 төгрөгийн үлдэгдэлтэй зээлд зарцуулалт хийгдсэн байхад хариуцсан харилцааны менежерүүд нь Ажлын байрыг дэмжих зээлийн журам-ын 10.1, Зээлийн үйл ажиллагааны журам-ын 20.6.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллуулаагүй байхад хяналт тавьж үүрэг даалгавар өгч ажиллаагүй;
е. Шалгалт хамрах хугацаанд шууд удирдлагад нь ажиллаж буй ахлах теллер нь 120 удаа нийт 769,087,048 төгрөгийн бэлэн болон бэлэн бус, банк хоорондын гүйлгээ хийсэн байхад Теллерийн системийн багц журам-ын 6.1.14.4, 6.1.14.5 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, программын түвшинд харилцагчийн гарын үсгийг тулган баталгаажуулаагүй, шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй;
ё. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 353 минут буюу 5 цаг 53 минут ажлаас хоцорсон гэж тус тус дурдсан байна.
6. Зохигчид дээрх тушаалын үндэслэл тус бүрээр маргаж байх тул эдгээрт холбогдуулан дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Үүнд,
6.1. Хэрэгт цугларсан баримтаар ... нь ажил олгогчийн илрүүлсэн гэх дээрх 5.2.а, 5.2.б, 5.2.в, 5.2.д, 5.2.е, 5.2.ё-д заасан зөрчлүүдийг гаргасан гэж үзэх улмаар тухайн зөрчлүүд нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.1, 7.4.34... зээлийг олгосны дараа хяналтыг хэрэгжүүлээгүйгээс банканд хохирол учирсан, зээл төлөгдөхгүй байх нөхцөл бүрдсэн гэж үзэх ноцтой зөрчилд хамаарахгүй байна.
6.2. Ажил олгогч нь дээр дурдсан зөрчлүүдийг нэхэмжлэгчийн хариуцаж байсан Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа ...-д хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайлангаар илрүүлсэн гэх боловч тухайн тайланд дурдсан зөрчлүүдийг шууд нэхэмжлэгчийн үйлдсэн ноцтой зөрчил гэж үзэхэд эргэлзээ бүхий үндэслэл байна.
Хэргийн 1 дүгээр хавтас 97-108 дах талд авагдсан Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа ...-д хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайлан-ийн 4.1-д нэхэмжлэгч ...ын тухайд буюу тооцооны төвийн захирлын хяналтын үйл ажиллагааны хувьд, шалгалтад хамрах хугацаанд ахлах теллер 120 удаа нийт 769,087,048 төгрөгийн бэлэн болон бэлэн бус, банк хоорондын гүйлгээ хийсэн ба тооцооны захирлын зүгээс өдрийн гүйлгээний баримтад гарын үсэг зурж баталгаажуулдаг боловч программын түвшинд гүйлгээ хийсэн харилцагчийн гарын үсгийг тулган баталгаажуулдаггүй, шат дараалсан хяналтын тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна гэжээ. Энэхүү зөрчил буюу шийдвэрийн 5.2.е-д заасан зөрчил нь ажил олгогчоос нэхэмжлэгчийг ..ажлаас халсан тушаалдаа баримталсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.1, 7.4.34, 7.4.41-д заасан ноцтой зөрчлийн алинд ч хамаарахгүй байна.
6.3. Түүнчлэн, дээрх тайлангийн 4.5-д нэхэмжлэгч ...ын ажлын цаг ашиглалт, ирцийн талаар тусгасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан цалингийн карт /2хх-96/, Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа тооцооны төвүүдийн захирлуудын ирцийн мэдээ /2хх-112-119/ гэсэн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлбэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.
Дээрх шалгалтын хамрах хугацааны хүрээ нь 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх байх бөгөөд хэргийн 2 дугаар хавтас 96 дах талд авагдсан ...ын 2021 оны цалингийн картад түүний хоцорсон хугацаанд тооцогдох торгуулийг цалингаас нь суутгасан талаарх мэдээлэл авагдсан байна. Үүнээс үзвэл, ... нь 2021 оны 6 дугаар сард 2,400 төгрөг, 7 дугаар сард 1,200 төгрөг, 9 дүгээр сард 7,400 төгрөг, 10 дугаар сард 7,000 төгрөг, 11 дүгээр сард 1,800 төгрөгийг тус тус цалингаасаа суутгуулсан байна.
Хөдөлмөрийн дотоод журам /1хх-40-52/-ын 9.29-д ажилтны 09:00 цагаас хойш хоцорсон болон орой 18:00 цагаас өмнө гарсан 1 минут бүрийг 200 /хоёр зуун төгрөгөөр тооцож цалингаас суутгана гэж тусгасан байна.
Иймд нэхэмжлэгчийн цалингаас суутгасан дээрх суутгалын хэмжээнээс үзвэл, нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан нь нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн, Хөдөлмөрийн дотоод журмын 9.26-д ажилтны тухайн сард хоцорсон хугацааны нийлбэр 60 минутаас дээш гарсан, цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй тохиолдолд ХНГ-аас ажилтны хоцролын шалтгааныг тодруулсны үндсэн дээр Анхааруулах хуудас-ыг ажилтанд өгнө. Мөн журмын 9.27-д ажилтан хагас жилд 3 удаа Анхааруулах хуудас авсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байна. Ажил олгогчийн зүгээс тухайн журмын дагуу нэхэмжлэгчид аливаа байдлаар Анхааруулах хуудас өгч байгаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Иймд шийдвэрийн 5.2.ё-д заасан үндэслэлийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
6.4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд заасан Хөдөлмөрийн гэрээний 7.4.34... зээлийг олгосны дараа хяналтыг хэрэгжүүлээгүйгээс банканд хохирол учирсан, зээл төлөгдөхгүй байх нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ...ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргийн хуваарь болон Теллерийн системийн багц журам, Зээлийн үйл ажиллагааны журам, Хөдөлмөрийн дотоод журам-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, тус тооцооны төвд 228 зээлдэгчийн 3,223,102,056 төгрөгийн үлдэгдэлтэй зээл чанаргүйдэж муу ангилалд шилжсэн нь нийт зээлийн багцын 25.2 хувийг эзэлж байхад зээлдэгчтэй уулзах, зээл төлүүлэх ажлыг хангалттай түвшинд хийж гүйцэтгээгүй, нийт 11 удаагийн 31,941,766 төгрөгийн тэтгэврийн зээл олгохдоо харилцагчийн гарын үсэг зөрүүтэй, программд бүртгэгдээгүй, харилцагчийн гарын үсгийг программд зарлагын баримт болон маягтгүйгээр оруулсан зөрчилтэй байхад зээл олгох зөвшөөрөл олгож гэрээг баталгаажуулахдаа хянаагүй, нийт 23 зээлдэгчийн 1,247,150,036 төгрөгийн үлдэгдэлтэй зээлд зарцуулалт хийгдсэн байхад хариуцсан харилцааны менежерүүд нь Ажлын байрыг дэмжих зээлийн журам-ын 10.1, Зээлийн үйл ажиллагааны журам-ын 20.6.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллуулаагүй байхад хяналт тавьж үүрэг даалгавар өгч ажиллаагүй... үйлдлийн улмаас банканд хохирол учирсан, зээл төлөгдөхгүй байх нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Дээр дурдсан зээл чанаргүйдсэн, муу ангилалд шилжсэн зэрэг нөхцөл байдал нь Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас үүссэн эдийн засгийн хямралтай шууд хамааралтай талаар болон эдгээр нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй буюу тушаалд заасан хууль зүйн үндэслэлтэй тохирохгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.
7. Харин Сонгинохайрхан дүүрэг салбарын харьяа ...-д хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайлан-ийн 3.3.Нэгжийн зээлийн үйл ажиллагаанд гарч буй хувийн хэрэг бүрдүүлэлт, судалгаа, хяналттай холбоотой зөрчлийг жагсаасан байх бөгөөд 3.3.2-т ...шалгалт хамрах хугацаанд нийт 6 зээлдэгчид 285,000,000 төгрөгийн зээл судалж, олгохдоо АБДЗЖ-ын 8.2, Зээлийн хүсэлтийг ББСЗХ болон бүх салбар, нэгж хүлээн авч судлах ба зээл судлах зөвшөөрлийг дараах байдлаар баталгаажуулж авна, 8.2.1 Орон нутгийн /цаашид ОН гэх/ салбарын захирал, Улаанбаатарын /цаашид УБ гэх/ дүүрэг салбарын захирал- 300,000,000 төгрөг хүртэлх болон түүнтэй тэнцэх гэсэн заалтыг зөрчиж дүүрэг салбарын захирлаас зээл судлах зөвшөөрөл аваагүй талаар тусгажээ.
7.1. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.34.Зээлийн судалгааг хууль, дүрэм, журмын дагуу хийгээгүй... Хөдөлмөрийн гэрээний 7.4.41. Өөрт эрх олгогдоогүй зээлийн хүсэлтийг судалсан, зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдлыг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарах талаар гэрээний талууд тодорхойлсон байна.
7.2. Түүнчлэн, хэргийн 1 дүгээр хавтас 35-38 дах талд авагдсан нэхэмжлэгчийн Ажлын байрны тодорхойлолт-нд Тооцооны төвийн захирал-ыг шууд харьяалан удирдах албан тушаалтан нь Улаанбаатар хотын дүүрэг салбарын захирал байна. Мөн хэргийн 1 дүгээр хавтас, 123-133 дах талд авагдсан Ажлын байрыг дэмжих зээлийн журам-ын 8.2.1-д зааснаар 300,000,000 төгрөг хүртэлх болон түүнтэй тэнцэх зээл судлах зөвшөөрлийг Улаанбаатарын дүүрэг салбарын захирлаас авч, баталгаажуулахаар журамласан байна.
7.3. Шүүх дээрх 6 зээлдэгч нарын зээл судлах зөвшөөрлийн хуудсыг хариуцагч ... ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч зээлдэгч ..., ...г нараас бусад зээлийн тухайд зээл судлах зөвшөөрөл зээлийн хувийн хэрэгт байхгүй талаар 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 10/3182 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн болно.
Хэргийн 1 дүгээр хавтас 213-214 дэх талд зээл хүсэгч ..., ...г нарын Ажлын байр дэмжих зээл судлах зөвшөөрөл хүсэхийн өмнөх шалгах хуудас гэсэн баримт авагдсан байх бөгөөд эдгээр баримтаар тухайн зээлүүдийг судлах зөвшөөрлийг Сонгинохайрхан дүүрэг салбарын захирлаас авсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Мөн хэргийн 1 дүгээр хавтас 215 дах талд зээл хүсэгч ...ын Ажлын байр дэмжих зээл судлах зөвшөөрөл хүсэхийн өмнөх шалгах хуудас-аас үзвэл, дүүрэг салбарын захирал зээл судлах зөвшөөрөл олгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд зээл судлах зөвшөөрлийг зохих журмын дагуу авсан гэх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байх тул Ажлын байрыг дэмжих зээлийн журам-ын 8.2, 8.2.1 дэх заалтыг зөрчиж дүүрэг, салбарын захирлаас зээл судлах зөвшөөрөл авахгүйгээр зээл олгосон ноцтой зөрчил гаргасан гэх ажил олгогчийн тушаал, түүнд заасан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хуулийн зохицуулалттай нийцсэн гэж үзлээ.
8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.34, 7.4.41-д заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул түүнийг ажлаас халсан ажил олгогчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/59 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлд нийцсэн гэж үзээд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ...ын урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой үр дагаврыг арилгуулахаар тодорхойлсон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудад тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй, үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч ...ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдолд хамаарах тул түүний нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ...ын хариуцагч ... ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ... ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг салбар-ын харьяа ...-ийн захирлын ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ...ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдолд хамаарах тул түүний нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ