Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 182

 

   Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

     -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

     -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ю.Батсүх,

     -шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

     -шүүгдэгч Ө.Ганзориг нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаан боржигон овогт Өлзийбатын  Ганзоригт холбогдох эрүүгийн 201719000149 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын харьяат, Төв аймгийн Борнуур суманд 1985 оны 01 сарын 20-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн 3-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хаан боржигон овогт Өлзийбатын Ганзориг Регистрын дугаар:НЙ85012015.

 

     Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ө.Ганзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын төвд иргэн Т.Алтанхүүг машинаараа ойрхон зөрлөө гэх үл ялиг зүйлээр шалтгалан хойноос очиж зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

     Шүүгдэгч Ө.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Т.Алтанхүү мөрдөн байцаалтад мэдүүлсэн:  Манай саахалт айлын Батмөнх, Отгонжаргал нар сумын төв ороод өгөөч гэхээр би 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын төв рүү өөрийн эзэмшлийн Ланд-80 маркийн 00-43 УБГ улсын дугаартай автомашинтай 12 цаг өнгөрч байхад орж ирсэн юм. Тэгээд ажил хөөцөлдөж байгаад дэлгүүр орох санаатай 14 цагийн орчим Борнуур сумын төвийн Петровис колонкын баруун урд талд туслах замаасаа төв зам руу орох гээд уулзвар дээр ирэх үед төв замаас Приус-20 маркийн улаан хүрэн өнгийн автомашин орж ирсэн. Тухайн автомашины жолооч нь цонхоор “дайрчив пизда минь” гэж хэлсэн. Би түүнд хандаж “уучлаарай миний дүү” гэж хэлээд хажуугаар нь машинтайгаа яваад өнгөрсөн. Тэгээд сумын төвийн баруун хойд талд Буянт дэлгүүрийн гадна очоод зогсоход Батмөнх дэлгүүр яваад орсон. Машин дотор Отгонжаргал бид хоёр сууж байхад нөгөө Приус-20 маркийн машин ирж зогсоод жолооч нь бууж ирээд миний машины хаалгыг татаж онгойлгоод үг дуугүй шууд шанаа руу 1 удаа цохиж авсан. Тэгээд хаалгаа хаагаад сууж байтал Ганзориг гэх залуу цаашаа явсанаа буцаж ирээд намайг заамдаж машинаас татаж гаргаад цохих гэхээр нь гарыг нь  бариад авсан. Бид хоёрыг барилцаад байж байтал дэлгүүрээс Батмөнх гарч ирээд мөн хажуу талаас Ганзоригтой хамт явсан хүмүүс машинаас бууж ирээд салгах үед Ганзориг миний үүдэн шүд рүү мөргөсөн. Би Ганзоригийг огт танихгүй, ямар шалтгаанаар намайг зодож гэмтээх болсоныг мэдэхгүй байна. Ганзориг нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохьсон, 1 удаа духаараа мөргөсөн. Үүнээс болж миний үүдэн шүд таллаж хугарсан, суурь хэсэг хөдөлгөөнтэй унахад бэлэн мөн дээд 1 шүдний суур нь хөдөлсөн. Баруун хацар шанаа хэсэгт зулгарсан, уруул 2 газар язарсан. Би эмнэлэгт томографикийн зураг авахуулах, шүдний зураг авахуулах зэрэг эмчилгээ хийлгэж 500.000 төгрөгийн зардал гарсан. Цаашид 2.500.000 төгрөгөөр шүд хийлгэх шаардлагатай тул нийт 3 сая төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-17 хуудас/

 

          Гэрч С.Отгонжаргал мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ... Тухайн үед хурал тарахаар тэжээл өгнө гэхээр нь хүлээж байгаад сумын төвийн дэлгүүр орох гээд явж байгаад туслах замаас төв зам руу орох гэхэд төв замаас нэг машин ирж зогссоноо жолооч нь нь цонхоор дайрчихнээ гэж хэлсэн. Харин тэр үед манай машины жолооч Алтанхүү уучлаарай гэж хэлээд зам руу ороод явсан. Жолооч Алтанхүү бид хоёр дэлгүүрийн гадна машин дотроо сууж байхад араас түрүүчийн уулзвар дээр зөрсөн машинтай хүмүүс ирээд зогссон. Тухайн машины жолооч ганцаараа бууж ирээд Алтанхүүгийн машины хаалгыг татаад шууд түүний нүүр хэсэгт 1 удаа цохьсон. Би тэр залууд хандаж чи яаж байгаа юм бэ гэхэд яаснаа мэдэхгүй байна уу гэсэн. Сүүлд нэрийг сонсох нь Борнуурын Ганзориг гэдэг залуу байсан. Тэр залуу буцаж явсанаа удаагүй 20-30 секундын дараа буцаж ирээд Аптанхүүг татаж машинаас буулгаад хоорондоо барилцаад авсан, Удалгүй Аптанхүүгийн нүүр амнаас цус гараад ирэхээр нь болохоо байлаа гэж бодоод би машинаас бууж юу болоод байна, зүгээр байгаа хүнийг цохиж авдаг яадаг хүн бэ? Чи архи уусан хүн үү гэж хэлээд салгасан. Алтанхүү болсон явдлын талаар цагдаад очиж мэдэгдсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20 хуудас/

           Гэрч А.Тэмүүлэнбаяр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гараад алхаж байтал Ганзоригтой таарсан. Ганзориг улаан өнгийн Приус- 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, хажууд нь Батка гэж дуудаг нутгийн залуу сууж явсан. Би сумын төв рүү газар дөхөх гээд машинд нь суугаад явж байтал дэнжийн дэлгүүрийн гадна Аптанхүү 00-43 УБГ улсын дугаартай Тоёото Ланд-80 маркийн машинтай зогсож байсан. Бид замаар дөхөж очиход Аптанхүү туслах замаас хөдлөөд буруу талаар ойрхон зөрөөд явсан. Аптанхүү цаашаа яваад замын ар талын дэлгүүрийн гадна очоод зогссон. Ганзориг намайг шахлаа гэж хэлээд хойноос очоод дэлгүүрийн гадна зогсоод буугаад явсан. Удаагүй харахад Ганзориг, Аптанхүү хоёр заамдалцаад зогсож байхаар нь Батка бид хоёр очиж болиулсан. Тэр үе Аптанхүүгийн уруулаас цус гарчихсан байсан. Ганзоригоос бага зэрэг архи үнэртэж байсан, би замдаа дайгдаж явсан болохоор хир уусныг мэдэхгүй, Аптанхүүг архи уусан байна гэж бодсон. Ганзориг согтолтын хувьд гайгүй биеэ авч явах чадвартай байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23 хуудас/

          Гэрч Ц.Өнөрбат мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Өдрийг нь санахгүй байна 2017 оны 2 сард цагаан сарын өмнө санагдаж байна, Төв аймгийн Борнуур сумын төвийн колонкын дээхэн талд асфальтан замын сумын төв рүү Ганзориг өөрийн эзэмшлийн улаан өнгийг Приус-20 маркийн машин жолоодоод хажууд би сууж явсан юм. Харин баруун хойд талын суудалд замаас зам дөхөхөөр суусан Тэмүүлэнбаяр сууж явсан. Тэр үед Тоёото Ланд-80 маркийн хар ногоон өнгийн машин огцом эргээд бид нарын баруун талаар зөрөөд явсан. Ганзориг хойноос яваад жолоочтой уулзахаар буугаад явсан. Бид хоёр машинд сууж байгаад цонхоор харахад тэр хоёр хоорондоо заамдалцсан байхаар нь бууж салгасан. Ганзориг, Энхболд бид гурав 1 шил 500 граммын хараа архи хувааж уусан. Тухайн архинаас Ганзориг жолоо барьж явна гээд 2 хундага уусан гсэн мэдүүлэг. /хх-ийн 24-25 хуудас/

 

          Гэрч Э.Энхболд мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би тухайн үед Ганзоригтой Бичигт багийн гэр хороололд таараад надад авч өгсөн 500 граммын хараа нэртэй 1 шил архийг түүний автомашин дотор талыг хувааж уугаад, үлдсэн архийг авч үлдсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26 хуудас/

          Гэрч Д.Батмөнх мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Тэр үед миний харснаар Ганзориг нь Алтанхүүгийн нүүрний хэсэгт 1 удаа мөргөсөн. Харин дараа нь манай эхнэр Отгонжаргал ярихдаа Алтанхүү ямар тэвчээртэй юм бэ? Алтанхүүг сууж байхад цохьсон гэж ярьсан. Аптанхүүгийн 1 шүд хугарсан 1 шүд хөдөлсөн гэж байсан., Алтанхүү нь архи уугаагүй тэр машины жолооч залуу архи уусан байсан. ... Алтанхүү зөрөөд явсаны дараа улаан машины жолооч “дайрахнээ пизда гэнээ” гэж ярьж байсан. Улаан машин ирээд зогссоны дараа араар баруун гар талаар тойроод зам руу ороод явсан. /хх-ийн 27-28 хуудас/

           2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн гаргасан № 67 дугаартай шинжээчийн дүгнэлт.

         1.Т.Алтанхүүгийн биед тархи доргилт, дээд баруун 1-р шүдний хугарал, дээд уруулын салстанд шарх, баруун хацар, эрүүний зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй. /хх-ийн 31 хуудас/

          Яллагдагчаар Ө.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Би 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Борнуур сумын Найман зууд Очирбат гэх айлын гадна ирсэн юм. Тэгээд миний Тоёото Приус-20 маркийн машинд Өнөрбат, Энхболд бид гурав 500 граммын 1 шил хараа архийг тал ортол хувааж уугаад, сумын төв рүү найз Түвшинтөрд машин хийлдэг насос хүргэж өгөх ажил гарахаар нь Борнуурын даваан дээр аваачиж өгсөн. Тухайн үед Энхболд гэртээ үлдээд би Өнөрбатын хамт буцаад явж байтал Тэмүүлэнбаяр замд таарахаар машиндаа суулгаад уруудаж явтал замын хажуугийн баруун гар талын гарцнаас Тоёото Ландкруйзер-80 маркийн хар ногоон өнгийн машин өөдөөс урсгал сөрөөд гарч ирээд цаашаа Буянт дэлгүүрийн гадна очиж зогссон. Тэгэхээр би зам дээр явж байсан үхрийг холдохоор нь араас очиж, жолоочийг татаж буулгаад “чи муу дайрахнуу” гээд хоёулаа заамдалцсан. Би уурандаа жолоочийг уруул хавьцаа нэг удаа мөргөсөн. Удаагүй Өнөрбат машинаас бууж ирээд бид хоёрыг салгасан. Аптанхүүг тус суманд амьдардаг гэдгээр зүс мэднэ. Би түүнийг том жийп машинаар жижиг машин тоохгүй замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, машинаараа намайг мөргөх гэсэнд уурласандаа толгойгоороо 1 удаа мөргөсөн. Би тухайн үе 1 шил 500 граммын архинаас 2 хундага бага зэрэг балгасан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44-46 хуудас/

           

БУСАД БАРИМТ СЭЛТ:

 -гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 37/,

-шүүгдэгч Ө.Ганзоригийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад "ял шийтгэлгүй " гэх лавлагаа /хх-47/,

     -шүүгдэгч Ө.Ганзоригийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр /хх-ийн 43-44/, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 45-46/ байцаасан тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

   Дээрх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

     Шүүгдэгч Ө.Ганзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын төвд иргэн Т.Алтанхүүг машинаараа ойрхон зөрлөө гэх үл ялиг зүйлээр шалтгалан хойноос очиж зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Алтанхүүгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/, гэрч С.Отгонжаргал, А.Тэмүүлэнбаяр, Ц.Өнөрбат, Э.Энхболд, Д.Батмөнх нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, 67 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/, шүүгдэгч Ө.Ганзоригийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч Ө.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

    Шүүгдэгч Ө.Ганзоригт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хуулийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг тус тус хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан.

 

Шүүгдэгч Ө.Ганзоригт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн нэхэмжилсэн баримттай 480 000 төгрөгний хохирлыг сайн дураараа барагдуулсан байдал зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

       Хохирлын талаар:

 Хохирогч Т.Алтанхүүгийн нэхэмжлэлийн шаардлага болох 480 000 төгрөгийг шүүгдэгч Ө.Ганзориг төлж барагдуулсан байна. Мөн хохирогч Т.Алтанхүү цаашид эмчилгээний зардалд 3 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй. Харин хохирогч Т.Алтанхүү цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

     Битүүмжилсэн эд хөрөнгийн талаар:

Мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Ө.Ганзоригийн эзэмшлийн зурагт 1 ширхиг битүүмжилснийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ө.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                          

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 288, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Хаан боржигон овогт Өлзийбатын Ганзоригийг догшин авирлаж, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ганзоригийг 3 /гурав/ жил 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ө.Ганзоригт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Ө.Ганзоригийн эзэмшлийн Тошиба маркийн 40 инчийн телевизор 1 ширхгийг битүүмжилснийг хүчингүй болгосгугай.

 

5. Хохирогч Т.Алтанхүүгийн нэхэмжлэлийн шаардлага болох 480 000 төгрөгийг шүүгдэгч Ө.Ганзориг төлсөн. Мөн хохирогч цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт Ө.Ганзориг нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           

7. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ө.Ганзоригт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ө.Ганзоригийн тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ө.Ганзориг нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ө.Ганзоригт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОРОЛМАА