| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 1738004120155 |
| Дугаар | 2018/ДШМ/47 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.А |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2018/ДШМ/47
2018 12 20 2018/ДШМ/47
Ц.Э, О.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Б.Амартүвшин,
Нарийн бичгийн дарга: Б.Манлайбаяр нарыг оролцуулж хийсэн давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолтой, 1738004120155 дугаартай эрүүгийн хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амартүвшингийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амартүвшин бичсэн дүгнэлтдээ: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 530 дугаар захирамжаар шүүгдэгч О.Эт 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан 74 шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх асуудлыг зохицуулаагүй тул өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч Ц.Э, О.Э нарт холбогдох хэргүүдийг мөрдөн байцаалтын шатанд нэгтгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн байна.
Яллагдагч О.Э нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Д.Одонбаатартай бүлэглэж Мөрөн сумын 13-14-05 тоотод оршин суух, хохирогч Б.Янжмаагийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 43 инчийн Самсунг маркийн зурагт, ДДШ-ийн станц зэргийг нь хууль бусаар авч, 460 000 төгрөгийн хохирол учруулан, “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэх үйлдэлтэй, эрүүгийн 1738004120155 дугаартай хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 74 дугаартай шийтгэх тогтоолоор, шүүгдэгч О.Э, Д.Одонбаатар нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 2 жилийн хугацаагаар, О.Эыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн байна.
Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт хуульчилсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул О.Эт тус тусдаа оногдуулсан ялыг нэгтгэхэд дээр дурдсан аргыг хэрэглэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдсон байна.
Иймд дээрх Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэх нөхцөл байдал шинээр илэрсэн байна.
Иймд О.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоос О.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Амартүвшин гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “О.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоос О.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амартүвшингийн дүгнэлтийг үндэслэн хэргийн материалыг хянахад шүүгдэгч О.Э нь Д.Одонбаатартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 14-05 тоотод оршин суух иргэн Б.Янжмаагийн байшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн Samsung маркийн зурагт, ДДШ-ийн станц, гитар зэрэг эд зүйлийг хулгайлж 460 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлдээ Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлжээ.
Гэтэл дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 16-24б тоотод оршин суух иргэн А.Бямбахишигийн байшинд нэвтрэн 2 ширхэг хонины мах хулгайлж 264 000 төгрөгийн хохирол, 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 28-13 тоотод оршин суух иргэн Б.Оюунцэцэгийн 4 тооны үхрийг хулгайлж 3 200 000 төгрөгийн хохирол, 2018 оны 3 дугаар сарын 07-ны шөнө Мөрөн сумын 4 дүгээр баг 24-17 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхбатын малын хашаанаас 2 тооны ямаа хулгайлж 150 000 төгрөгийг хохирол, Ц.Этэй бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг 9-16 тоотод оршин суух иргэн А.Дэлгэржаргалын байшинд нэвтэрч Скай маркийн гар утас, ТСЛ маркийн 40 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хулгайлж 550 000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд энэхүү хэргүүдэд шүүхээр гэм буруутайд тооцогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх” тохиолдол нь өмнөх тогтоолоор ял оногдуулснаас хойш буюу ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр хууль тогтоогч зохицуулсан бөгөөд О.Э, Ц.Э нарт холбогдох 1838000000088 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргийн зарим үйлдэл нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийн О.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнөх хэргүүдийг нэгтгэн шалгаж, нэг тогтоолоор ял шийтгэл оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолын О.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгож, О.Эт холбогдох 1838000000088 болон 1738004120155 дугаартай эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн Прокуорын газрын хяналтын прокурор Б.Амартүвшингийн бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолын О.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. О.Эт холбогдох 1838000000088 болон 1738004120155 дугаартай эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар Хөвсгөл аймгийн прокурорын газарт буцаасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Т.ГАНБАТ
Н.БАЯРХҮҮ