Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 121/ШШ2023/0034

 

 

2023 оны 12 сарын 14                                   Дугаар 121/ШШ2023/0034                                               Арвайхээр сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *****-ийн *******,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар

            Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, ******* /цахимаар/, хариуцагч Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан “Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

 2. Хариуцагч Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар *******г Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын **** дугаар сургуулийн захирлын албан тушаалаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч *******гаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын ***** дугаар сургуулийн захирлаар 7 жилийн хугацаанд ажиллаж байгаад Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.                        

Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны ******* дугаар тушаал нь Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэг “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга  ерөнхий боловсролын сургуулийн захирлыг хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө”, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дэх хэсэгт “энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4-т заасныг зөрчсөн, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, ...хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах” гэсэн эрх зүйн хэм хэмжээг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ажлаас чөлөөлсөн тушаалд хэрэглэсэн эрх зүйн хэм хэмжээ болох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дэх хэсэг нь “...хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах” тухай заалт байх бөгөөд энэхүү заалтыг хэрэглэн ажлаас чөлөөлсөн нь хууль хэрэглээний алдаатай захиргааны акт байна.                                           Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт “.... шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг дагуу шүүхэд хандаж байна.                                                                                                               Иймд Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Нэхэмжлэгчийн хувьд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын **** дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан. Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын ******* тоот тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т тус тус заасныг үндэслээд нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн. Тухайн заалтуудаас харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-т хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах үндэслэл байгаа. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-т заасан зүйл нь мөн ажлаас чөлөөлөх бүрэн эрхийг зохицуулсан заалт байгаа. Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь хэсэгт заасан заалт нь тус хуулийн 10,14,17,18 дугаар зүйлүүдэд заасан зөрчлийг гаргасан тохиолдолд тухайн албан тушаалтныг албан тушаалаас бууруулахаар зохицуулсан заалт байгаа. Гэтэл маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 болон 25 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нотлох баримт цуглуулах, бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй. Зөвхөн 2023 оны 8 сарын 15-ны өдөр Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичгийг үндэслээд нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Мөн хэрэгт авагдсан 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл гэж хийсэн байгаа. Тухайн тэмдэглэлд нэхэмжлэгчид албан тушаалаас чинь бууруулна гэх талаар мэдэгдэж сонсох ажиллагаа хийсэн хэрнээ албан тушаалаас нь чөлөөлж шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасны дагуу тухайн шийдвэр нь зорилготой нийцсэн бодит нөхцөл байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******аас шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Захиргааны байгууллага эрх бүхий албан тушаалтан өөрийн гаргасан шийдвэр, захиргааны акттай холбоотой шийдвэр гаргахдаа аливаа хууль тогтоомжийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй. Хууль тогтоомжийн хүрээнд гэдэг нь Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичиг нь дээд шатны удирдлагын албан байгууллагаас ирсэн албан бичиг биш. Хэн нэгэн хөндлөнгийн байгууллага албан бичиг явуулахаар шалгах, хянах бусад үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхгүйгээр тушаал шийдвэр гаргаж байгаа нь субьектив хандлагатай юм шиг харагдаж байна. Хэрвээ тийм зүйл байхгүй байсан бол хууль дүрэм журмынхаа дагуу албан бичиг гомдол гарга гээд суугаад байхаас илүү 7 хоногийн хугацаа өглөө шүү. Энийгээ шийдүүлээч ээ, өмгөөлөгчтэй уулзуулъя аа  гэхээсээ илүү зүгээр л шалгах ёстой ажиллагаагаа хийгээд хяналт шалгалтын ажиллагаагаа явуулаад яг үнэхээр Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан шиг зөрчил дутагдал илэрсэн юм уу илрээгүй юм уу гэдэг зүйлийг тодруулаад тогтоогдож байвал одоо Хөдөлмөрийн хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрх бүхий субъект нь өөрөө байсан. Үүнийхээ дагуу арга хэмжээ авах эрх зүйн боломж байсан. Энэ боломжийг ашиглахгүйгээр шууд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоод ажлаас чөлөөлж байгаа тухайн эрх зүйн акт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Тийм болохоор тухайн хууль бус актыг хүчингүй болгуулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

7. Хариуцагч Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга *******оос шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын **** дугаар сургуулийн захирал ******* овогтой *******д хариуцлага тооцуулах тухай Авлигатай тэмцэх газрын 2023 оны 08 сарын 15-ний өдрийн 04/13126 тоот албан бичиг ирсний дагуу захирал *******г 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж албан тушаал бууруулах арга хэмжээ авч ажилласан болно.

Тус Авлигатай тэмцэх газрын албан бичигт захирал ******* нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17. 1, 17. 2, 17.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр сургуулийн ойн арга хэмжээ зохион байгуулсан мөн өөрийн албан хаагчийн дансаар болон төгсөгчдөөс их хэмжээний мөнгө бэлнээр авсан нь шалгалтын явцад тогтоогдсоноос гадна тухайн байгууллагын албан хаагчдаас бичгээр хууль бус хандив цуглуулсан талаар хөндлөнгийн шалгалт хийлгүүлэх хүсэлт Боловсрол шинжлэх ухааны газарт ирүүлснийг Боловсролын ерөнхий газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт хүргүүлж ажилласан.

Мөн тухайн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч *******д *******г зохих ажлын байраар хангаж ажиллах талаар Боловсрол шинжлэх ухааны газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 251 тоот албан бичиг хүргүүлсэн боловч өөрөө татгалзсан хариу өгсөн талаар албан бичиг манайд ирүүлсэн байна ... Миний хувьд ажлаа аваад удаагүй байсан. Тийм учраас би Өвөрхангай аймгийн Хууль зүйн хэлтсээр дамжуулж Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичиг нь тухайн хугацааг түр хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн албан бичиг өгсөн. Энэ хугацаанд ******* захирлын оролцоог хангах үүднээс бид Авлигатай тэмцэх газраас өөрсдийн биеэр ч тэр, ер нь энэ гаргаж байгаа шийдвэрийг өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэх юм бол гомдол гаргах эрх нь нээлттэй гэдэг утгаараа тодорхой хугацааг өгсөн. Аймгийн Засаг дарга н.******* бид хоёрыг өглөөний 9 цагт дуудаж уулзаад болсон процедурын талаар мэдээлэл авсан.

Аймгийн Засаг дарга мөн гомдол гаргах эрх нь нээлттэй гэж *******д хэлсэн.  Энэ хугацаанд ******* захирлаас тодорхой хариу ирээгүй учраас хүлээн зөвшөөрч байна гэж үзэж тушаалыг нь гаргасан. Тушаал гаргахдаа тодорхой хэмжээнд хугацаа өгч, өөрийн оролцоог хангах үүднээс гомдол гаргах эрхийг нь өгсөн боловч өөрөө хариу ирүүлээгүй учраас хүлээн зөвшөөрч байна гэж үзэн шийдвэрлэсэн.  Миний хувьд Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үндэслэж томилох, чөлөөлөх эрхтэй. Тэрнээс биш тухайн албан тушаалыг бууруулаад дахиад албан тушаалд томилох эрх нь тухайн сургуулийн захирлын өөрийн эрхийн асуудал. Албан тушаалыг бууруулах шийдвэр гарсан учраас дараагийн албан тушаалтныг томилох тухай албан бичгийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр  тухайн албан тушаалд түр томилогдсон *******д хүргүүлсэн. ******* эргээд албан бичгээ надад 26-ны өдөр *******д танилцуулсан 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл албан тушаалд ямар нэгэн байдлаар албан тушаал бууруулах ажлын байраар хангах тухай заагаагүй учир миний бие энэхүү ажлаас чөлөөлсөн тушаалаа дагаж мөрдөнө гэж хариу ирүүлсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна”  гэж заасан. Захирлаар ажиллаж байсан ******* тухайн үед зөвшөөрөл аваагүй. Энэ нь Авлигатай тэмцэх газраас тогтоогдоод ирчихсэн учраас  үндэслэлтэй гэж харж байна. Албан тушаал бууруулах гэж ярьсан боловч чөлөөлөх тушаал гарчихсан байна гэж ярьж байх шиг байна. Би дахиад давтаад хэлье. Надад чөлөөлөх эрх нь бий. Дараагийн албан тушаалд томилох эрх нь тухайн сургуулийн захирлын үүрэг бүхий асуудал. Тэгэхээр би чөлөөлөөд албан бичгээр дараагийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон *******д ажлын байрыг ханга гэдэг чиглэл өгсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ******* нь Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан “Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар *******г ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар би болгосон ... бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр ...-г ойлгоно гэж заасан бүх шинжийг агуулсан, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд ... түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт байна.

4. Нэхэмжлэгч ******* нь Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн б/51 дугаар *******г ажилд томилох тухай захирамжаар Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, ...-ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан  нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “нэхэмжлэл” гэж хүн ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж зааснаар Арвайхээр сумын ерөнхий боловсролыг сургуулийн захирлаар ажиллах субьектив эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

5. Маргаан бүхий Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн, 1 дэх заалтаар Авлигатай тэмцэх газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 04/13126 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал *******г 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг удирдлага болгон *******тай шийдвэр гаргах ажиллагааны талаар сонсох ажиллагаа зохион байгуулж ажлаас чөлөөлөгдөхгүйгээр арга хэмжээ тооцуулах хүсэлт гаргасныг шийдвэрлэх боломжгүйг дурдаж, 4 дэх заалтаар ******* нь ажлаас чөлөөлөх энэхүү шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо холбогдох хуулийн байгууллагад 30 хоногийн дотор гаргаж болно гэж дурдан шийдвэрлэжээ.

6. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө”, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэл болгосон дээрх хуулийн заалтуудтай маргаагүй.

7. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 04/13126 дугаар албан бичигт “... тус сургуулийн захирал *******д Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-д заасны дагуу хариуцлага тооцож, ... 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлэхээр заасан байна.

 8. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-д “энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4, 201.2-т заасныг зөрчсөн, энэ хуулийн 9.2-т заасан арга хэмжээг аваагүй, энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан, зөвшөөрөл олгосон, энэ хуулийн 23.7-д заасныг зөрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах” гэсэн заалтыг хэрэглэн ажлаас халсан нь хууль хэрэглээний алдаатай захиргааны акт хэмээн маргажээ.

9. Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж тус тус хуульчилжээ.

10. Хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-д “энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4, 201.2-т заасныг зөрчсөн, энэ хуулийн 9.2-т заасан арга хэмжээг аваагүй, энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан, зөвшөөрөл олгосон, энэ хуулийн 23.7-д заасныг зөрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах” гэсэн хоёр өөр агуулга бүхий хуулийн заалтуудыг хэрэглэж, нэхэмжлэгч *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн зөрчилтэй байна..

11. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1.хуульд үндэслэх; 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэжээ.

12. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай тушаал нь  дээр дурдсанчлан эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байна.

13. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг сонсох ажиллагаа хийсэн талаар Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 ”Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1.”... мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.5.Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна, 27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэснийг зөрсөн, сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

14. Учир нь сонсох ажиллагааны мэдэгдлийг хэзээ, хэрхэн хүргүүлсэн, сонсох ажиллагаа явуулах хугацаа, санал гаргах хэлбэрийг хэрхэн хангасан, нэхэмжлэгчээс сонсох ажиллагаанд хэлсэн тайлбарыг хэрхэн тусгасан зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргаагүй, энэ талаарх баримт үйлдэгдээгүй болох нь тогтоогдож байна..

15. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн.

16. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

17. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцон олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган дэвтэрт бичилт хийхийг Өвөрхангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2, 27.4 дэх заалтыг тус тус баримтлан *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******г Арвайхээр сумын ерөнхий боловсролын ***** дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******гийн  2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан Арвайхээр сумын ерөнхий боловсролын **** дугаар сургуулийн захирлын ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцон олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган дэвтэрт бичилт хийхийг Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.НЭРГҮЙ