Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/02669

 

 

 

 

 

 

 

2024 07 02 181/ШШ2024/02669

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, * тоот хаягт оршин байх Х ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, ** тоот хаягт оршин суух, Б овогт Г.Б /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,811,129 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Б нь манай компанитай 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр * дугаартай Зээлийн гэрээ байгуулж, Aiwa 55 inch N19 Webos загварын зурагтыг 1,683,000 төгрөгөөр авч, төлбөрийг 12 сарын хугацаатай, жилийн 18%-ийн хүүтэй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлхөөр харилцан тохиролцож худалдаж авсан.

Гэвч Aiwa 55 inch N19 Webos загварын зурагтыг зээлээр худалдан авснаас хойш Г.Б нь 616,924 төгрөг төлснөөс үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, төлөх талаар ямар ч санаачлага гаргахгүй утсаа ч авахгүй алга болсон.

Иймд үндсэн төлбөр 1,154,560 төгрөг, 8 сарын хүү 79,287 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж тохиролцсоны дагуу 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 243 хоногийн алданги 1,402,839 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцож 577,280 төгрөг, нийт 1,811,129 төгрөг болсныг Г.Б-оос гаргуулах нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 2.2.3, 2.4 болон бусад холбогдох зүйл заалтыг үндэслэн манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Б-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,811,129 төгрөгийн 243,129 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 600,000 төгрөгийг төлсөн, үлдэх 968,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 484,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 484,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан 1,811,129 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч Х ХХК нь Г.Б-с гаргуулахаар нэхэмжилсэн 1,811,129 төгрөгийн 243,129 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Б нь 600,000 төгрөгийг төлсөн, үлдэх 968,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 484,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 484,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Г.Б-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Б-д холбогдох 1,811,129 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 1,811,129 төгрөгийн 243,129 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Б нь 600,000 төлж, үлдэх 968,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 484,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 484,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Г.Б-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,929 төгрөгөөс 21,964.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 21,964.5 төгрөгийг, хариуцагч Г.Б-с 21,964.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ