Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 183

 

          Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч Х.Чойсүрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мунан овогт Хүрэлийн Чойсүрэндуламд холбогдох эрүүгийн 201719000074 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, халх, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамтаар Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мунан овогт Хүрэлийн Чойсүрэндулам /РД:нр74090463/ гэв.

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.Чойсүрэндулам нь Төв аймгийн Өндөрширээт сумын “Хайрхан”  2 дугаар багийн нутаг “Холбоо” гэх газар 2017 оны 01 сарын 22-ны өдрийн 05 цагийн орчим “Бонго Пронтер” маркийн 34-43 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.3.б, 9 дүгээр бүлгийн 9.2, 21 дүгээр бүлгийн 21.8.а дахь заалтуудыг тус тус зөрчиж, эрэг ганга руу шарван онхолдож зорчигч Д.Энхбаатарын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      Шүүгдэгч Х.Чойсүрэндулам нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тиймээс нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

           МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Шарав мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Хохирогч Э.Дагвадэмбэрэлийн “...Би Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2-р багийн Холбоо гэх газарт байдаг гэртээ 2017-01-21-ний орой 18 цагийн орчим байж байхад манай саахалт айлын ах Ганбаатар нь өөрийн Пронтер маркийн машинтайгаа Отгонсайхан ахын хамт манайд ирсэн. ...манай аав, Отгонсайхан, Ганбаатар ах нар ... Архийг хувааж ууж дуусаад сумын төв орох гээд яваад ирье гэж хэлээд манай ээжээр машин бариулаад явсан. 2017-01 -22-ны 05-06 цагийн хооронд манай ээж явган гэртээ ирээд миний хүү босоорой барьж явсан машин хүч алдаад жалга руу орчихлоо аав нь сонин болчихаад байна гялс яваарай гэсэн би сандраад машин байсан жалгыг ээжээр заалгаад машин байсан зүг руу гүйгээд явсан. Намайг очиход манай аав дээшээ хараад хэвтэж байсан ба аавыг би дуудаад татаж үзээд зүрхийг нь чагнахад цохилохгүй юм дуугарахгүй, нас барсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

            Иргэний нэхэмжлэгч Б.Ганбаатар мөрдөн  байцаалтанд мэдүүлсэн: ... Миний 34-43 ТӨв улсын дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын дээд орой хонхойсон, буруу талын толь сууриараа мултарч унасан байсан өөр эвдрэл учраагүй ба би хохирол нэхэмжлэхгүй, үнэлгээ хийлгэхгүй. Мөн миний биед бэртэл гэмтэл учраагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

           Гэрч Э.Дэжидсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ...манай саахалт айлын ах Ганбаатар нь өөрийн Пронтер маркийн машинтайгаа манайд үхэр нь байдаг Отгонсайхан гэж хүнтэй хамт хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу ирцгээсэн. ...тэд архиа ууж дуусгаад Ганбаатар, Отгонсайхан нар Өндөрширээт сумын төв орно гээд орой 19 цагийн орчим байх аав, ээж хоёрыг дагуулаад дөрвүүлээ явцгаасан ба гэрт Дагвадэмбэрэл ах бид хоёр үлдсэн. Дагвадэмбэрэл ах бид хоёрыг унтах гээд байхад гэрийн урдуур машин баруун зүгт яваад өгөхлөөр нь би тэд нарыг явчихлаа гэж бодоод унтаад өгсөн. Унтаж байхад шөнө 05-06 цагийн хооронд байх ээж Чойсүрэндулам явган гэртээ орж ирээд босоорой машин жалга руу онхолдчихлоо аав чинь сонин болчихлоо гэж хэлэхэд ах бид хоёр босоод ах Дагвадэмбэрэл онхолдсон гэх гэрийн урд талын жалгыг заалгаад явган гүйгээд яваад өгсөн. Би араас нь мотоциклио асаагаад очиход Ганбаатар ахын 34-43 ТӨВ улсын дугаартай хөх өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэл жалга эрэг рүү 4 дугуй дээшээ харсан байсан. Ах аав Энхбаатарыг тэврээд жалганаас гарч ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

 

           Гэрч Н.Баттогтох мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... 2017-01-21-ний орой 23 цаг өнгөрч байхад Ганбаатарын 34-43 ТӨВ улсын дугаартай хөх өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй Энхбаатар, Чойсүрэндулам, Ганбаатар, Отгонсайхан нар ирсэн ба Ганбаатар, Отгонсайхан нар их согтсон Энхбаатар ах гайгүй халамцуу эхнэр Чойсүрэндулам нь эрүүл байсан. Тэгээд тэд нар манайд ирэхдээ 4 шил 0.5 граммын Соёрхол нэртэй архи, 2.5 литрийн Боргио пиво 1 сав зэргийг авчирсан, би 0.5 граммын Соёрхол нэртэй архи гаргаж өгсөн. Тэр архинуудыг ууж байхад хоол хийж өгсөн. Тэгээд тэр архийг Ганбаатар, Отгонсайхан, Энхбаатар ах бид нар хувааж ууж юм ярьж манай гэрт шөнө 04 цаг хүртэл сууцгааж бүх архи пиво ууж дуусгаад ирсэн дээрх хүмүүс явцгаая гээд Ганбаатарын 34-43 ТӨВ улсын дугаартай хөх өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгслийг Чойсүрэндулам эгч бариад баруун гар талд нь хажууд нь Ганбаатар баруун гар талд нь Отгонсайхан суугаад өвөр дээр нь талийгаач Энхбаатар ах суугаад хөдлөөд гэрлүүгээ явлаа гээд хөдлөөд явцгаасан. Би гэртээ үлдэж унтаж амарсан ба унтаж байхад 2017-01-22-ны өглөө 07 цагийн орчим Энхбаатар ахын хүүхэд Дагвадэмбэрэл, Дэжидсүрэн нар мотоцикльтой хүрээд ирсэн.Ганбаатар ахын машинтай аав, ээж, Ганбаатар, Отгонсайхан нар явж байгаад эрэг рүү онхолдсон байна аав Энхбаатар нас барсан юм шиг байна Өндөрширээт сумын төв явах хэрэгтэй байна гэхээр нь би босоод машинаа асаагаад гэрт нь очиход Энхбаатар нас барсан гэртээ аваачсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

 

           Гэрч Б.Ганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ...Манайн Төв аймгийн Өндөрширээт сумын 2-р багийн нутаг Шар-Ухаа гэх газар нутаглаж байгаа бөгөөд 2017-01-21-ний өдөр 14 цагийн орчим манай найз Отгонсайхан Өндөрширээт сумын төвөөс ирлээ гээд ирсэн. Ирэхдээ 0.5 граммын 2 шил соёрхол нэртэй архи авч ирээд тэр 2 шил архийг нь Отгонсайхан бид 2 хоёулахнаа хувааж ууж дуусгасан. Мөн өөр 0.75 граммын хараа нэртэй архи авчирсан байсан. Тэрийгээ Отгонсайханы үхэр нь байгаа Энхбаатар ахынд очиж ууя гээд миний 34-43 ТӨВ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй явахаар болсон. Би Отгонсайхантай хоёулхнаа гэртээ 2 шил архи хувааж уугаад их согтож, ухаан санаа орж гараад байсан юм. Тэгээд Отгонсайхан бид 2 машинаа бариад Холбоо гэх газар нутаглаж байсан Энхбаатарынд ирсэн. Гэрт нь ороод авч очсон 0.75 литрийн хараа архийг задлаад Энхбаатар, Отгонсайхан бид 3 хувааж ууж сууж байгаад би тасарсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байгаа ба нэг сэргэсэн Чойсүрэндулам эгч намайг хөөе Ганбаатараа машин онхолдчихлоо ш дээ гэхээр нь би сэргээд харахад бүгд машин дотороо машины кабин доошоо харсан байсан. Чойсүрэндулам эгч хаалга онгойлгоорой гээд жолооч талын хаалга онгойлгоод Чойсүрэндулам, Отгонсайхан бид нар гарахад машин дотор Энхбаатар ах үлдсэн. Тэгээд машины кабинаас татаж гаргахад Чойсүрэндулам эгч Энхбаатар амьсгалахгүй байна гэхээр нь би Энхбаатарын зүрхийг чагнаад дуудахад хариу хэлэхгүй зүрх нь цохилохгүй байхаар нь зүрх нь дээр нь дарж массаж хийгээд амаар нь хиймэл амьсгаа хийгээд сэргэхгүй байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/

 

           Гэрч Г.Отгонсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... Би Төв аймгийн Өндөрширээт сумын 2-р багийн нутаг Шар-Ухаа гэх газар нутаглаж байсан. Найз Ганбаатарынд үхэр, адуутайгаа байж байгаад 2017-01-15-ны өдөр адуугаа Ганбаатарыг харж байгаарай гэж, үхрээ Энхбаатар ахын гуйж үлдээгээд Өндөрширээт сумын төвөөс хойд зүгт байдаг Уянга гэх газар нутаглаж байгаа ...би машинд сууж хөдлөөд буцаад согтоод тасарчихсан ба сэргэсэн чинь Чойсүрэндулам эгч босоорой онхолдчихлоо гэсэн. Тэгэхлээр нь би сэргээд босоод ирэхэд Энхбаатар ах чинь сонин болчихсон байсан гээд машинаас гаргаад ирэхэд ямар ч ухаангүй байдалтай хэвтэж байсан. Машины 4 дугуй дээшээ харсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/

 

        Зам тээврийн ослын улмаас Д.Энхбаатарын амь нас нь хохирсон болохыг нотолсон шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт:

  1. Д.Энхбаатарын биед хүзүүний нугалмын хугарал, зөөлөн эдийн няцарал, цус хуралт, цээжний хөндийд илүүдэл агууламж, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь тус бүрдээ нэг удаагийн мохоо ба хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл ба хүзүүний нугалмын хугаралын улмаас нас барсан байна.
  3. Талийгаачийн үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  4. Талийгаач нь Ва/3/ бүлгийн цустай байна.
  5. Талийгаачийн цуснаас 4.5% этилийн спирт илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
  6. Талийгаач нь хүзүүний гэмтлийн улмаас нас барсан байна. /хх-ийн 33-34-р хуудас/

 

          Шүүгдэгч Х.Чойсүрэндулам нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнийн улмаас зам тээврийн осол гарсан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 30 дугаартай дүгнэлт:

  1. Төв аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Очирын 2017 оны 02 сарын 09-ний өдөр гаргасан 09 тоот дүгнэлтийг үндэслэлгүй гаргасан байна.
  2. Вонго пронтер маркийн 34-43 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Чойсүрэндулам нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна.
  3. Вонго пронтер маркийн 34-43 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Чойсүрэндулам нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2-3-б-д заасан “Жолооч хамгаалах бүсээр нотоглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” үүрэг хүлээнэ гэсэн заалт, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9-2-т  заасан “Жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, дүрмийн 21 дүгээр бүлгийн 21-8-А-д заасан “ Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
  4. Осол болоход шороон, налуу өгсүүр, цастай, суурингийн гаднах, үзэгдэх орчин хангалтгүй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, цаг агаар бүрхэг, замгүй газар 2017 оны 01 сарын 22 өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын 2 дугаар багийн нутаг Холбоо гэх газар 18 цаг 35 минутанд гарсан байна.
  5. Төв аймгийн Өндөрширээт сумын 2 дугаар багийн нутаг Холбоо гэх  газар Вонго пронтер маркийн 34-43 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Чойсүрэндулам нь харанхуй үзэгдэлт хангалтгүй, автомашины урд шил цанатай байхад замын өгсүүр налуу хэсэгт хүч алдаж шаравснаас ачаагүй автомашины тогтворжилт алдагдаж автомашин 4 дугуй дээш харж унасан байна. Автомашин унах үед тээврийн хэрэгслийн бүхээгт үйлдвэрээс тогтоосон тооноос 1 хүн илүү тээвэрлэсэн, жолооч зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй явснаас болж хүний амь нас хохирч хохирол учирсан байна. Автомашин онхолдоход замын халзгай налуу, гадаргууны байдал, барьцалт, тээврийн хэрэгслийн хөтлөх, хөтлөгдөх тэнхлэг, ачааны овор хэмжээ, жингээс шууд хамаардаг. Энэ ослын үед автомашины тэвш ачаагүй хоосон байсан учраас замын халтиргаа гулгаатай налуу хэсэгт дугуй хий эргэж шарваснаас биеийн жингээр хажуугаараа унаж зам тээврийн осол гарсан байна гэж дүгнэлтийг гаргав. /хх-ийн 91-93-р хуудас/

 

          Яллагдагчаар Х.Чойсүрэндулам мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн: ...Ганбаатарыг гэрт нь хүргэж өгдөг юм бил үү гээд урагшаа эргээд явтал жалга руу орсон ба жалганы урд тал руу гарах гэтэл эрэгний баруун талд өөд хэсэгт машиных нь хүч дутаад зогссон. Тэгэхлээр нь хажууд сууж байсан Ганбаатарт эгч нь өндөр эрэгтэй газрын хажууд хүч дутаад зогсчихлоо ухардагт нь хийе гэтэл Ганбаатар за дүү нь ухардагт нь хийчихъе гэсэн тэгээд араанд хийх шиг болохоор нь хаазалзсан чинь зүүн талд байсан эрэг рүү гулгаж шарваад орж онхолдож 4 дугуй дээшээ харсан. Тэгээд Ганбаатарыг дуудаад хаалга онгойлгоод Ганбаатар, Отгонсайхан бид 3 буусан. Манай нөхөр Энхбаатар машины кабин дотор хөдлөхгүй байхаар нь би Энхбаатарыг татаж байгаад кабинаас гаргахад ямар ч ухаангүй байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-61/

 

            Бусад баримт сэлт:

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3 тал/,

            -зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-4 тал/,

            -осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-12 тал/,

            -цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-34/

-цогцосны хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-35-40 тал/,

            - иргэний нэхэмжлэгч Б.Ганбаатарын эзэмшлийн 00443199 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгч Х.Чойсүрэндуламын эзэмшлийн 987576 дугаар жолооны үнэмлэх зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-13 тал/,

            -шүүгдэгч Х.Чойсүрэндуламын ял шийтгэлийн хуудсыг шалгахад: Урьд ял шийтгэлгүй гэх лавлагаа /хх-ийн 62 тал/,

- шүүгдэгч Х.Чойсүрэндуламыг 2017 оны 01 сарын 24-ний өдөр сэжигтнээр /хх-ийн 57-59 тал/, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар /хх-ийн 60-61 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Дээрх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Чойсүрэндулам нь Төв аймгийн Өндөрширээт сумын “Хайрхан”  2 дугаар багийн нутаг “Холбоо” гэх газар 2017 оны 01 сарын 22-ны өдрийн 05 цагийн орчим “Бонго Пронтер” маркийн 34-43 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.3.б, 9 дүгээр бүлгийн 9.2, 21 дүгээр бүлгийн 21.8.а дахь заалтуудыг тус тус зөрчиж, эрэг ганга руу шарван онхолдож зорчигч Д.Энхбаатарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь

             хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дагвадэмбэрэлийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/, иргэний нэхэмжлэгч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Э.Дэжидсүрэн, Н.Баттогтох, Б.Ганбаатар, Г.Отгонсайхан нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 24-25, 26-27, 28-30/,

            хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 тал/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 4 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-9 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-39/,

            иргэний нэхэмжлэгч Б.Ганбаатарын эзэмшлийн 00443199 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгч Х.Чойсүрэндуламын эзэмшлийн 987576 дугаар жолооны үнэмлэх зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-13 тал/,

            шүүгдэгч Х.Чойсүрэндулам нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнийн улмаас зам тээврийн осол гарсан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 30 дугаартай дүгнэлт /хх-ийн 91-93/,

            Зам тээврийн ослын улмаас Д.Энхбаатарын амь нас нь хохирсон болохыг нотолсон шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34/ болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дагвадэмбэрэлийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Х.Чойсүрэндуламын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Чойсүрэндуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.Чойсүрэндуламд ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.3 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

 

            Мөн Эрүүгийн хуулийн 61дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн / хохирогч иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн/ учир түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

            Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дагвадэмбэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Ганбаатар нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Хураан ирүүлсэн иргэний бичиг баримтын талаар:

Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Дагвадоржийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн иргэний бичиг баримт хураасан тэмдэглэлээр иргэний нэхэмжлэгч Б.Ганбаатарын эзэмшлийн 00443199 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгох, харин шүүгдэгч Х.Чойсүрэндуламын эзэмшлийн 987576 дугаар жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Чойсүрэндулам нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мунан овогт Хүрэлийн Чойсүрэндуламыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Х.Чойсүрэндуламын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Чойсүрэндуламд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Чойсүрэндуламын тээврийн хэрэгсэл жолоодох 1 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Ялтан Х.Чойсүрэндулам нь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дагвадэмбэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Ганбаатар нарт хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Х.Чойсүрэндуламын №987576 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Цэндсүрэнд даалгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 24-ний өдөр хураан авсан №00443199 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Б.Ганбаатарт буцаан олгосугай.

 

8.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Чойсүрэндуламд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Чойсүрэндуламд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Х.Чойсүрэндулам нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Х.Чойсүрэндуламд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА