| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 1838000310223 д |
| Дугаар | 2019/ДШМ/05 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | П.И |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2019/ДШМ/05
2019 02 15 05
Ж.Тэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: П.Итгэл,
Шүүгдэгч: Ж.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Ууганбаяр,
Нарийн бичгийн дарга: Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Тэд холбогдох 1838000310223 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Тийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Хардархад овогт Ж. Т, ......... оны 2 дугаар сарын ...-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........../.
Шүүгдэгч Ж.Т нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Жалийн Тийг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Тэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар Улаан тайгын улсын хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Энхдалайд олгож, хохирогч нь 2.400.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар Улаан тайгын улсын хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн 1838000310223 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Тэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Т давж заалдах гомдолдоо: Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шүүхийн тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй тухайд:
Хохирогч Энхдалай нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны шөнө манай байгууллагын ухсан гэх нүхэнд унаж хөлөө хугалсан гэж гомдол гаргасан бөгөөд шүүх гэмт хэрэг гарсан байдлыг хохирогчийн мэдүүлгээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэмээн тогтоож тогтоолынхоо үндэслэл болгожээ. Гэтэл цагдаагийн байгууллагын албан тушаалтан хэрэг учрал болсон гэх газарт хохирогчийн хамт очиж мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахад манай байгууллагаас 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ухаж тухайн өдөртөө шонг суулгасан тулгуурын шон бүхий хэсгийн суурийг заасан бөгөөд хохирогч Энхдалай шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн л тухайн нүх мөн хэмээн дахин мэдүүлдэг. Ийнхүү хохирогчийн мэдүүлэг, манай байгууллагаас шонгийн нүх ухаж суурилуулсан цаг хугацаатай зөрдөг юм.
Дээрх зөрүүтэй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “ ... гэмт хэрэг гарсан байдал...” зөрүүтэй болохыг тодорхой харуулж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал нь зөрүүтэй, үнэн бодитой биш болох нь тодорхой болсон тул мөрдөгчид болон тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурорт гэмт хэрэг гарсан байдлыг тодруулахыг хүсч, үндэслэл бүхий хүсэлт гаргаж байсан ч миний хүсэлтийг огт авч хэлэлцээгүй юм.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд:
Энэхүү хэргийг шалгаж хянасан албан тушаалтнууд намайг яллах зорилгоо урьтал болгож, хэргийг заавал хүлээлгэхийг зорьсоноос хэргийн байдлыг үнэн бодиттойгоор тогтооё гэсэн зорилго байхгүй байсан нь гэрчүүдийн мэдүүлгүүд бүгд зөрүүтэй байхад ч нотлох баримтаар үнэлсэн байдлаас харагдана.
Манай байгууллага бүх ухсан нүхэндээ зохих хашлага, хамгаалалт, бетонон хөл бүхий таг тавьсан бөгөөд энэ талаар байгууллагын хоёр ажилтнаас цагдаагийн байгууллагын ажилтан анх мэдүүлэг авахдаа ч тэднийг төөрөгдүүлж мэдүүлгийг хөтлөн, үр дагаврыг урьдчилан амлаж, хуурч мэхлэн мэдүүлэг авсан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан “Мэдүүлэг авах” журмыг ноцтой зөрчсөнийг харуулж байна. Түүнчлэн манай байгууллага хохирогч Энхдалайн унаж бэртсэн хэмээн заасан шонгийн тулгуурын нүхийг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ухаж тухайн өдөртөө суулгаж тухайн хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг мэдэх манай байгууллагын 11 ажилтан Улаан-Уул суманд эрчим хүчний үйл ажиллагааг хариуцан ажилладаг, тухайн өдөр зохих зөвшөөрөл өгөн хэмжилт хийсэн, шон босголцсон эрчим хүчний ажилтан Б.Батхуяг нараас асууж тодруулан гэмт хэрэг гарсан байдлыг ямар ч зөрүүгүй, эргэлзээгүй тогтоолгүйгээр зөвхөн яллах талын нотлох баримтуудыг цуглуулсан. Миний бие удаа дараа манай ажилтнуудаас хохирогчийн унасан гэж мэдүүлж байгаа шонгийн тулгуур модны нүхийг хэзээ ухаж суурилуулсан талаар асууж, мэдүүлэг авахыг хүсч хүсэлт гаргаж байсан ч огт авч хэлэлцэлгүй шүүх рүү шилжүүлэн улмаар шүүх ч энэ байдалд ач холбогдол өгөлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх байдлаар миний удаа дараа гаргасан хүсэлтийг огт харгалзан үзэхгүй, мэдүүлгүүд илтэд зөрүүтэй байхад зөрүүг арилгаагүй, зөвхөн яллах талын нотлох баримтуудыг цуглуулан цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах ямар ч санаачилга гаргаагүй. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянахгүй байгаа байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Тийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын захиргааны байр руу цахилгаан дамжуулах агаарын шугам тавих газар шорооны ажил хийлгэхдээ Эрчим хүчний тухай хууль болон Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаан-Уул сумын төвд ухсан нүхэнд нь иргэн Г.Энхдалай унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг бүрэн дүүрэн шалгаж нотлоогүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогч Г.Энхдалайгийн хөлөө хугалсан цаг хугацаа, унасан гэх нүхний хэмжээ, байрлал тодорхойгүй байх ба энэ талаар хохирогч, гэрчүүд өөр өөрөөр мэдүүлжээ.
Тухайлбал: Г.Энхдалайгийн 2018.08.04-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгахад ”...Би өөрийн сумын төвд байрлах гэрээсээ гараад Болдтуяа гэдэг зайрангийн гэр рүү явж байсан. ...Би хөлөө Дэлгэрхаан ШТС-ын ертөнцийн зүгээр хойд талд байрлах шонгийн модны тулгуур шонгийн ухсан нүхэнд гэнэт босоогоороо хоёр хөлөөрөө уначихсан” /29-30 тал/ гэж,
Хохирогч Г.Энхдалай 2018.01.11-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчим Цэцэгмаа гэх танилынхаа хамт Улаан-Уул сумын 5 дугаар багт байдаг зайран Болдтуяагийнд очиход гэртээ байхгүй болохоор нь буцаад Шатахуун түгээх станцын хажууд шороон замын хажуугаар явж байгаад би ухсан нүхэнд унасан. Тэр нүхрүү би зүүн хөлөөрөө эхэлж хий гишгээд тэр нүхрүү унасан. ...Ойролцоогоор 1м гаран гүнтэй нүх байсан. ...Энэ газар нь сумын төвийн доод хэсэгт дунд колонкын тэнд юм” /46-48 тал/ гэж, 2018.08.27-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “Би 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 20:00-23:00 цагийн үед байх тэр үед би утасгүй бас цаггүй явж байсан учраас сайн мэдэхгүй байна. ...Бид хоёр Должмаа эгчийн гэрээс гараад Болдтуяа зайрангийн гэр рүү явж байх замдаа Дэлгэрхаан ШТС-н дэргэд ухсан байсан цахилгаан шонгийн нүхэнд хоёр хөлөөрөө унаж хөлөө хугалсан юм. ...Тэр үед манай охин Алтанцэцэг цагдаад 2017 оны 10 сарын 27-ны өдөр миний бичсэн өргөдлийг Ренчинлхүмбийн цагдаа Энхбатад хүлээлгэж өгчихөөд 2017 оны 11 сарын 01-нд Улаан-уул сумаас гараад Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан юм” /50-51 тал/ гэж,
2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хохирогчийг гэрчтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогч Г.Энхдалай “...Би 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 23:00 цагийн үед өөрийн танил Цэцэгмаагийн хамт Болдтуяа гэх зайрангийн гэр рүү явж үзүүлж харуулахаар явж байх замдаа Дэлгэрхаан ШТС-н дэргэдэх цахилгааны шонгийн тулгуур шонгийн нүхэнд унаж зүүн хөлөө хугалсан юм” /100-р тал/ гэж,
Гэрч Г.Цэцэгмаа 2018.01.02-ны өдөр мэдүүлэхдээ “...сугадаж явтал гэнэт нүхрүү орчихсон. Гэтэл Энхдалай хөл хугарчихлаа гэнгүүт нь сандраад гэр лүүгээ утсаар ярьж дүү эмч Гэрэлтуяаг дуудаж нөхөртэй нь хамт машинаар гэрт нь аваачсан” /71-72 тал/ гэж, 2018.03.09-ний өдөр мэдүүлэхдээ “...Баруунаас зүүн тийшээ Болдтуяа гэж зайрангийнд очих гэж явсан юм. ...Энхдалай бид хоёр Болдтуяа зайрангийнд очихоор явж байх замдаа Энхдалай ухсан нүх рүү унасан юм. Шон суулгахаар ухсан нүх байсан. Энхдалай тэр ухсан нүх рүү бүр бүтнээрээ ороод цээж хэсэг нь л ил харагдаж байсан. ...Ухсан нүхэн дээр ямар ч банз мод тавиагүй байсан” /хх-ийн 74-р тал/ гэж, 2018.08.27-ны өдөр мэдүүлэхдээ “...Тэгээд бид хоёр гараад Болдтуяа зайрангийн гэр рүү явж байтал Г.Энхдалай гэнэт нүх руу унах шиг болохоор нь Г.Энхдалайг хартал Энхдалай өргөн гуя хэсэг хүртлээ хоёр хөлөөрөө уначихсан байсан. ...Г.Энхдалай Улаан-Уул сумын Дэлгэрхаан ШТС-н дэргэд байсан цахилгааны шонгийн нүхэнд унасан юм” /103-р тал/ гэж,
2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Гэрчийг гэрчтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч Г.Цэцэгмаа “Тэр орой явж байхад харанхуйд Энхдалай гэнэт л нүхэнд уначихсан. Энэ нүх нь шонгийн нүх л байсан. 2 зэрэгцээ нүх байсан. Нүх рүү унаад цээжнээсээ дээш цухуйж байсан. ...нүхэн дээр нь ямар нэг банз мод байгаагүй. ...нөгөө нүхийг нь анзаарч хараагүй. Энхдалайгийн унасан нүх нь хамгаалалтгүй л нүх байсан” /92-р тал/ гэж,
Гэрч Д.Ням-Очир 2018.03.09-ний өдөр мэдүүлэхдээ “...байгууллагын удирдлага Т даргын өгсөн үүргийн дагуу гүн нь 50-60 см өргөн нь 20-40 см хэмжээтэй нүх ухсан. Шонгийн нүхийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны орчимд ухаж шонг нь 2017 оны 10 дугаар сарын 28-нд босгосон санагдаж байна” /64-р тал/ гэж, 2018.08.30-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...Би 2017 оны 09 сарын 28-ны өдөр байгаль хамгаалагч Далайбаяр, Баярхүү, сахиул Ганхуяг нарын хамт эрчим хүчний ажилтнуудын тэмдэглэж зааж өгсөн газар буюу Эрчим хүчний өндөр хүчдэлийн шонгоос УТХГ-н захиргааны байр хүртэл нийт 6 цахилгааны шонгийн нүхийг ухсан. Тэр нүхний өргөн нь 25-30см, гүн нь 50 см нүх ухсан. Тэр үед бид нар цахилгааны шонгийн үндсэн зургаан нүхийг ухсан. Харин тулгуур нүхийг ухалгүй тэмдэглээд орхисон. Бид нар тэр үед цахилгааны шонгийн тулгуур нүхийг хөндлөн ухах, эсвэл эгц ухах эсэх талаар сайн мэдэхгүй байсан учраас мэргэжлийн хүмүүсээс нь асууна гээд ухалгүй орхисон” /120-р тал/ гэж,
Гэрч Б.Мөнгөнтулга 2018.03.09-ний өдөр мэдүүлэхдээ “...Арвин дэлгүүрийн баруун талын өндөр хүчдэлийн шонгийн хажуу талд нь ухсан нүхний хажууд Энхдалай эгч хөлөө хугалсан гэсэн хэвтэж байсан. ...шон суулгахаар ухсан нүх байсан. Дээд амсар нь 50см х 60см хэмжээтэй нүх байсан. Хэр гүнзгийг нь би хараагүй. Нүхийг тагласан банз, мод, хаалт хашлага байхгүй байсан. Энэ нүхээ таглахад яадаг юм гэж ярилцаж байсан” /66-р тал/ гэж,
Гэрч Г.Гэрэлтуяа 2018.03.09-ний өдөр мэдүүлэхдээ “...Нүхийг тагласан банз мод гэх зүйл байхгүй байсан. Нүхэн дээр ямар нэг хамгаалалт хийгдээгүй байсан. Харанхуйд тэр нүх рүү ямар ч хүн, амьтан унахаар байсан. Нүх нь нилээд том 50смХ50см хэмжээтэй, нилээд гүнзгий 1 метр орчим хэмжээтэй ухсан нүх байсан” /88-р тал/ гэж,
Гэрч Б.Батхуяг 2018.03.13-ны өдөр мэдүүлэхдээ “...Шонгийн нүхийг 2017 оны 10 дугаар сарын эхээр ухсан байх, шонгийн нүхийг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын захиргааныхан өөрсдөө ухсан. ...Хамгаалалт хашлага хийгээгүй. Харин банз тавьсан харагдсан. Энэ нүхийг бүүр сүүлд ухсан нүх байна. Энэ нүхийг тусгай хамгаалалттай газрынхан л ухсан. Энэ нүхийг 60-70 орчим см ухсан. Амсар нь 20-40 см хэмжээтэй нүх байсан. Зууван нүх ухсан байсан. Шонгоо өөрсдийнхөө ажилчдын хүчээр босгосон. Би бол энэ ажилд нь оролцоогүй” /70-р тал/ гэж,
Гэрч Б.Ганхуяг 2018.01.02-ны өдөр мэдүүлэхдээ “...Ерөнхий хэмжээ нь 50х50 хэмжээтэй, гүний хэмжээ нь 1 метр хавьцаа нэг тал руу нь гудамчилж ухсан. 2017 оны 09 сарын 28-нд ухсан нүхээ тэр өдөр нь 2 метрийн урттай 2 ширхэг зах банзаар тагалж 09 сарын 29 өдөр үлдсэн 2 нүхийг ухаж дуусгаад тагалсан зах банзаар. Шон босгох үед тагалсан байсан бүх нүх банзтай байсныг хашаа давуулж оруулсан” /хх-ийн 77-78 тал/ гэж, 2018.08.30-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...Би 2017 оны 09 сарын 28-29-ний өдөр Ням-Очир, Баярхүү нарын хамт эрчим хүчний ажилтнуудын тэмдэглэж зааж өгсөн газарт гэрлийн цахилгааны шонгийн нүхийг ухсан. Тэр нүхний өргөн нь хааш хаашаа 40см, гүн нь 50см нүх ухсан. Бид нар тэр үед цахилгааны шонгийн үндсэн шонг нь ухсан. Харин тулгуур шонгийн нүхийг би ойролцоогоор дөрвөн хуруу хэмжээтэй газрын хөрс нь хөлдөхөөс сэргийлж ухсан. Би тэр үед тулгуур шонгийн нүхийг ухалгүй хөрсийг нь өргөн нь 20см орчим, гүн нь дөрвөн хуруу хэмжээтэй ухсан. Тэр үед миний залхуу хүрээд дээрээс нь шонгоо босгохдоо лавлууна биз гэж бодоод гүн ухалгүй орхисон юм. ...би 2017 оны 10 сарын 15-16-ны хооронд байх Эрчим хүчний Цогт гэдэг айлын хашаанаас цементэн шон автомашинд ачиж аваачаад ухсан нүхэн дээр байсан банз мод болон шороо зэргийг дамнуулан хашлага болгож тавьсан юм” /116-р тал/ гэж,
Ж.Т 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ “...манай байгууллага тулгуур шонгийн нүхийг 2017 оны 10 сарын 23-ны өдөр ухаагүй байсан бөгөөд 2017 оны 10 сарын 28-ны өдөр тулгуур шонгийн нүхийг шинээр ухаж шонг босгосон юм. Үүнийг эрчим хүчний ажилтан Батхуяг болон бусад шонг ухсан хүмүүс гэрчилнэ...” гэж тус тус мэдүүлжээ.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хохирогч Г.Энхдалай нь хаана байрлах, ямар хэмжээтэй нүхэнд, ямар байдлаар /бүтэн биеэр, цээжин хэсгээр, хөлөөр/ унасан, тухайн өдөр хохирогчийн унасан гэх тулгуур шонгийн нүх байсан эсэх /шүүгдэгч тулгуур шонгийн нүх ухагдаагүй байсан гэдэг/ зэрэг байдлыг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Мөн хохирогч Г.Энхдалайгийн 2017 оны 10 сарын 27-ны өдөр гаргасан өргөдлийг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын цагдаа н.Энхбат хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг анхаарах нь зүйтэй.
Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Т.ГАНБАТ
Н.БАЯРХҮҮ