Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 134/ШШ2024/00118

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч:*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1.******* нь 2015 онд 700,000 төгрөгний үнэ бүхий малын мах зээлээр худалдаж авсан. Түүнээс хойш 100,000 төгрөгийг өгөөд үлдсэн 600,000 төгрөгийг өгөлгүй элдэв шалтаг тоочсоор өдий хүрсэн. Иймд,*******аас 600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

2.1.******* нь 2024.05.07-ны өдөр миний данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч******* нь 700,000 төгрөгний үнэ бүхий малын мах зээлээр худалдаж авсан боловч түүнээс хойш 100,000 төгрөгийг нь өгөөд үлдсэн 600,000 төгрөгийг өгөлгүй, элдэв шалтаг тоочсоор өдий хүрсэн тул 600,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч С.Сосорбурамаас хариуцагч нь 600,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийн тавин хувь 9,325 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 9,325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон   

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.*******ад холбогдох 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 59 дүгээр зүйлийн 59.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийн тавин хувь 9,325 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 9,325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин хүсэлт гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА