Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 126

 

“Ш ББСБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/03498 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ш ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Эд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25 188 258 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Насанжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Нансалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш ББСБ” ХХК-тай Г.Э 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 16 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлсэн.

Г.Э нь Зээлийн гэрээний 2.1.2 болон Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 8 488 465 төгрөг, 11 дүгээр сарын 22-ны өдөр 8 488 465 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байсан боловч зээлдэгч энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй өнөөдрийг хүрч байна.

Зээлийн гэрээний 2.4-т “үүрэг гүйцэтгэгч нь зээл, зээлийн хүү төлөх график хугацааны тухайн сард төлөх зээл, зээлийн хүүг хугацаанд төлөөгүй бол энэхүү гэрээнд заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд тохиролцов” гэж заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 668 хоногоор хугацаагаа хэтрүүлсэн тул зээлдэгч Г.Э нь хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Г.Э нь үндсэн зээлээс 774 652 төгрөг, хүү 176 175 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 169 171 төгрөг буюу нийт 7 120 000 төгрөгийг төлсөн бөгөөд нийт зээлийн үлдэгдэл 25 188 258 төгрөг болсон.

Иймд Г.Эаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15 225 347 төгрөг, хүү 9 420 868 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 542 043 төгрөг, нийт 25 188 258 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Ш ББСБ” ХХК-аас 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 16 000 000 төгрөгийг зээл авсан ба уг зээлийн эргэн төлөлтийг хавсралт №1-д заасан графикаар төлөхөөр тохиролцсон.

Г.Энхцацарал нь 2017.10.24-нд үндсэн зээлд 624 000 төгрөг, зээлийн хүүнд 26 000 төгрөг, нийт 650 000 төгрөг, 2017.11.27-нд үндсэн  зээлд 739 200 төгрөг, зээлийн хүүнд 30 800 төгрөг, нийт 770 000 төгрөг, 2018.05.31-нд үндсэн  зээлд 4 032 000 төгрөг, зээлийн хүүнд 168 000 төгрөг, нийт 4.200.000 төгрөг, 2018.08.16-нд үндсэн  зээлд 1 440 000 төгрөг, зээлийн хүүнд 60.000 төгрөг нийт 1 500 000 төгрөг төлсөн бөгөөд нийт үндсэн зээлээс 6 835 200 төгрөг, зээлийн хүүнд 284 800 төгрөг төлсөн.

“Ш ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээний дагуу алдангийн 20 хувь болох 1 919 408 төгрөг дээр зээлийн гэрээний 16 000 000 төгрөг, зээлийн хүү 9 597 044 төгрөг, нийт 27 516 452 төгрөг төлөхөөс 7 120 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож нийт 20 396 452 төгрөг төлөх үлдэгдэлтэй. 2018 оны 12 дугаар сараас хойш зээлийг төлөх боломжгүй болсон гэрээг дуусгавар болгох талаар тухай мэргэжилтэн н.Анхбаярт удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд 2019 онд 10 сарын хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд зээлийн гэрээний дагуу 20 396 452 төгрөг төлөх болохыг тогтоож, 20 396 452 төгрөгөөс сүүлийн 2019 онд бодогдсон 10 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү буюу алдангаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Эаас 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ1310000850 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 25 188 258 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ш ББСБ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283 891 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 283 891 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

“Ш ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлээр авсан 16 000 000 төгрөгөөс 7 120 000 төгрөгийг төлсөн.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тайлбараар миний төлсөн 7 120 000 төгрөгөөс үндсэн зээлээс 774 652 төгрөгийг хасч, хүүгээс 176 175 төгрөгийг хасч, нэмэгдүүлсэн хүүгээс 6 169 171 төгрөгийг хасч тооцсон тухай тайлбарладаг бөгөөд санхүүгийн тооцооллыг гаргахдаа зээлийн гэрээний 2.4, 2.5-дах заалтыг барьсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, энэ хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг мөрдлөгөө болгож, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т заасан заалтуудтай нийцсэн гэж тайлбар гаргасан.

Анхан шатны шүүхээс талуудын тайлбарыг дүгнэхдээ “...хариуцагч нь нийт 28 565 567 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Гэвч нэхэмжлэгч 25 188 258 төгрөгийн шаардлагыг гаргасан тул шаардлагын хэмжээнд хангаж шийдлээ” гэж дүгнэсэн

Энэ дүгнэлт нь зээлийн гэрээний 2.4 болон болон Иргэний хуульд заасан үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэн заалттай нийцэхгүй байна.

Учир нь нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 25 188 258 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлээр авсан 16 000 000 төгрөг, болон зээлийн хүүнд ямар нэгэн маргаан байхгүй ч нийт хүү буюу 9 597 043 төгрөгийн 20 хувь нь 1 919 408 төгрөг болно. 

Нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн хүүнээс зээлийн хүүний 20 хувийг хасахад /6.711.214-1.919.408=4.791.806 / төгрөг болж байгаа бөгөөд 4 791 806 төгрөгийг төлөх үүрэг хүлээгээгүй. Харин үндсэн зээл 16 000 000 төгрөг, нийт хүү 9 597 043 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 919 408 төгрөг, нийт 27 516 451 төлөх үүрэг хүлээснээс  зээлд төлсөн 7 120 000 төгрөгийг хасахад 20 396 451 төгрөг болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний үүрэгт 25 188 258 төгрөг гаргуулах гэснийг 20 396 451 төгрөг гэж өөрчлөлт оруулж, 4 791 807 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Ш ББСБ” ХХК нь Г.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 188 258 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Э нь “Ш ББСБ” ХХК-аас 16 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон талаар талууд маргаагүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Г.Энхцацарал нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг тогтоосон хуваарийн дагуу буюу 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 8 488 465 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч уг үүргээ зөрчиж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 650 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 770 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 4 200 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөг, нийт 7 120 000 төгрөг төлжээ.

 

Хариуцагч 20 396 452 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүг буруу тооцсон гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээ, зээлийн тооцоолол, хариуцагчийн төлсөн төлбөрийг талуудын тайлбартай харьцуулан дүгнэж зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь 28 565 567 төгрөг төлөхөөр байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 25 188 258 төгрөгийг Г.Эаас гаргуулж “Ш ББСБ” ХХК-п олгуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/03498 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 892 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА