Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/14

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 2019        04             10                                            2019/ДШМ/14

 

Н- д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Ариунцэцэг,

Шүүгдэгч: Л.Н,

Нарийн бичгийн дарга: Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолтой Л.Нд  холбогдох 1838007710430 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Нын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш овогт Л-йн Н, 1…. оны ... дугаар сарын 06ы өдөр төрсөн, …. настай, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ............/.

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-9-02 тоотод оршин суух иргэн С.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, зодолдох явцдаа С.Мын эзэмшлийн 42 инчийн LG маркийн зурагтыг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 812,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ша Лхагвадоржийн Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лхагвадоржийн Ныг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лхагвадоржийн Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Л.Наас 1.163.700 /нэг сая нэг зуун жаран гурван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Самбуухүүгийн Мд олгож, Эрүүгийн 1838007710430 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч С.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Л.Наас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Н давж заалдах гомдолдоо: ...Хохирогч Л.Мын эрүүл мэндээрээ хохирсон, эмчилгээний зардалд 351,200 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь гэмтлээ эмчлүүлээгүй бөгөөд өвчний улмаас өөрийн хэрэглэсэн эм тарианы мөнгийг надаар гаргуулж байгаад гомдолтой байна. Хохирлын талаарх нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүх үнэлж шийдвэрлэсэнд мөн гомдолтой байна. Зурагтын үнэ 812,500 төгрөгийг надаар хариуцуулахаар гаргасан төлбөр болон түүний үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зурагт нь тухайн өдрөөс өмнө эвдрэл, гэмтэлтэй болж үзэж чадахгүй байсныг хэрэгт зарим гэрчүүд маш тодорхой хэлсэн байдаг. Гэтэл түүнийг хамгаалж, түүнд тусалж буй хүмүүс худал хэлснийг үнэн зөв гэж шүүж үзэхэд эргэлзээтэй байхад намайг буруутгасан нь алдаатай шийдвэр гаргах үндэслэл боллоо. Үнэн зөвийг олж харахгүй намайг хохироож байгаад үнэхээр гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зурагт эвдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний төлбөр 351,200 төгрөгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэг бүртгэлт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байх тул анхан шатны  шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-9-02 тоотод оршин суух иргэн С.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, зодолдох явцдаа С.Мын эзэмшлийн 42 инчийн LG маркийн зурагтыг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 812,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Прокуророос шүүгдэгч Л.Н хохирогч С.Мөнхжаргалын эзэмшлийн 42 инчийн LG маркийн зурагтыг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж  812,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” буюу шүүгдэгч зурагтыг санаатай эсхүл болгоомжгүй аль хэлбэрээр гэмтээснийг  нотлоогүй байна. Бусдын эд хөрөнгийг зодолдох явцдаа буюу хохирол, хор уршиг учрах боломжтой байсныг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй гэмтээсэн, санаатай буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч  үйлдсэн  нь  зүйлчлэлийн хувьд өөр өөрөөр зүйлчлэгдэх учир гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, уг үйл явдал болохоос өмнө зурагт ажиллаж байсан эсэхийг тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 498 дугаар дүгнэлтэд хохирогч С.Мын биед учирсан гэмтлийн аль нь гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарах талаар тусгаагүй, “...гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах “хөнгөн” зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотлоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүх хохирогчийн  эрүүл мэндэд учирсан хохирлын үр дагавар эмчилгээний зардал нотолсон эм, тарианы зардлын баримт, эмчилгээ, оношилгоо хийсэн баримтыг үндэслэн хохирол нөхөн төлүүлэхдээ эдгээр эм, тариаг хэрэглэсэн гэх эмчийн жор болон эмийн үнэлгээг харгалзах нь зүйтэйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Л.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

 ШҮҮГЧИД                                                        Т.ГАНБАТ

                                                                          Б.СОСОРБАРАМ