| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 101/2014/8776/и |
| Дугаар | 001/ХТ2016/00725 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2016/00725
Д.Ганболдын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/02420 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 841 дүгээр магадлалтай,
Д.Ганболдын нэхэмжлэлтэй
А.Саранд холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч А.Сарангийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ганболд, хариуцагч А.Саран, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би А.Сарангийн 11 дүгээр хорооллын 9 дүгээр байрны 103 тоотын 2 өрөө байрны засварын ажлыг түүнтэй харилцан тохиролцож 4.000.000 төгрөгөөр хийхээр болсон. Засварын ажлыг 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эхэлсэн бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд, сэтгэлээсээ чанартай хийж 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дуусгасан. А.Саран “засварын ажил сайхан болсон байна. Гэхдээ засварын ажил удааширснаас түрээсийн төлбөр илүү төлсөн учраас үлдэгдэл 1.000.000 төгрөгийг төлөхгүй” гэсэн. Үүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн боловч өгөхгүй байна. А.Сарангийн байр нь огт засвар хийгдэж байгаагүй тул засварын ажилд маш их хугацаа, хөдөлмөр орно гэдгийг тайлбарлаад байхад 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгахыг шаардаж байсан. 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр засварын ажлыг эхэлж, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл өвчтэй байсан тул 10 хоногийн хугацаа алдсан. Бидний хооронд тагт засварлах талаар огт яригдаагүй, хаалга аваагүй тул суулгаагүй, 1 цонхыг хөдөөнөөс захиж авчруулан суулгаж 500.000 төгрөг авсан. Үлдсэн хоёр цонхыг солиулахгүй гэсэн учраас будаад орхисон. Иймд А.Сарангаас засварын ажлын хөлсний үлдэгдэл 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Саран шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2013 онд 8 хувийн ипотекийн зээлээр 2 өрөө байр худалдан авч, иргэн Д.Ганболдоор байрандаа засвар хийлгэсэн. Д.Ганболдтой ярихад "би гадаа хүйтэрч юм хийж болохгүй болтол нь хийнэ. Ирээд чамтай ярья" гэж хэлсэн. Д.Ганболд “2 өрөө байрны засварыг 20 хоногийн хугацаанд 4.000.000 төгрөгөөр хийж өгье” гэхэд нь “хэлсэн мөнгийг чинь өгье, харин чи яг хугацаандаа багтааж хийгээрэй, найз нь түрээсийн байрны мөнгө, мөн энэ 2 өрөө байрны мөнгө, бас дээр нь банкны зээл төлөөд эхэлсэн байгаа шүү” гэж хэлээд ярилцаж тохироод хийлгэсэн. Гэтэл байрны засварыг тохиролцсон хугацаандаа дуусгаагүй. Хийгдээгүй үлдсэн 3 цонх, 3 хаалга, 1 тагтыг өөр хүнээр хийлгэхээр болж үлдсэн 1.000.000 төгрөгийг өгөхгүй гэж хэлээд бид засвараа болисон. Д.Ганболд 1 цонх надад 500.000 төгрөгөөр худалдаж, миний байранд суулгасан боловч нөгөө цонх нь гажаад онгойдоггүй учраас буцааж өгөх саналтай байгаа. Мөн 2 цонх, 3 хаалга суулгаагүй, балкон засварлаагүй. 2 өрөө байрны засвар хийнэ гэж тохиролцсон учраас балкон засварлах ёстой. Байрны маань засварыг яг тохиролцсон хугацаанд хийгээгүйгээс болж түрээсийн байрны мөнгө илүү төлж хохирсон. Иймээс нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/02420 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар А.Сарангаас 865.005 төгрөгийг гаргуулж Д.Ганболдод олгож, нэхэмжлэлээс 134.995 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Сарангаас 25.310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганболдод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Д.Ганболдоос 59.280 төгрөгийг, А.Сарангаас 320.720 төгрөгийг тус тус гаргуулж “Ю Би Пропертиз” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 841 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/02420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Сарангаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч А.Саран хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
1. Ажлын тоо хэмжээний талаар: ...2013 онд байрыг худалдаж авсан ба Д.Ганболдоор засвар хийлгэхээр болж 4.000.000 төгрөгөөр тохиролцсон. Үүний дагуу Д.Ганболдод засварын ажил эхлэхээс өмнө 3.000.000 төгрөгийг өгсөн. Ганболд ийнхүү 4.000.000 төгрөгөөр тохиролцсон хэмжээний ажлыг бүрэн хийгээгүй буюу байрны тагт засварлах ажлыг хийж гүйцэтгээгүй тул ажлын хөлсийг бууруулж 3.000.000 төгрөгийг өгсөн. Гэтэл ажлын тоо, хэмжээг тогтоогдохдоо зөвхөн Д.Ганболдын тайлбарыг үндэслэж тагт засварлах ажлыг хийхээр тохиролцоогүй мэтээр дүгнээд байгаа нь бодит байдалд нийцэхээргүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хоёр шатны шүүх бидний хооронд хийгдсэн тохиролцоо, ажлын хөлс, тоо хэмжээг тогтоохдоо зөвхөн Д.Ганболдын хэлж тайлбарласныг л үндэслэл болгосон.
2. Хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн талаар: 2016.03.15-ны өдөр надад 2016.03.17-ны өдрийн 11 цагт шүүх хуралдаан товлосон талаар мэдэгдэж гарын үсэг зуруулж авсан атлаа шүүх хуралдааныг гэнэт 2016.03.16 өдөр 14 цагаас хийхээр болж өөрчилсөн. Үүнээс болоод миний бие шүүхэд сөрөг нэхэмжпэлээ шаардлагатай баримтын хамт гарган өгөх боломжгүй болсон ба анхан шатны шүүхэд энэ талаар тайлбарлаж сөрөг нэхэмжлэлийг шаардлага хангасан хэлбэрээр гаргахыг хүссэн боловч хүлээн аваагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч нь ... сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж заасан байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Д.Ганболдын “...ажлын хөлс 1.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч А.Саран эс зөвшөөрөхдөө ажлаа хугацаанд нь, бүрэн гүйцэтгээгүй гэжээ.
Нэхэмжлэгч 2 өрөө байрны засварын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлсөнд 4.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохирсноос 3.000.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т нийцжээ.
Хариуцагч засварын ажлыг хүлээн авсан ба ажлын үр дүнгийн талаар гомдол гаргаагүй, мөн засварын ажлыг 2013 оны 12 дугаар сарын 21-ний дотор хийж гүйцэтгэхээр тохирсон гэх тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Тохиролцсон ажлаас 2 цонх, 3 хаалга суулгах ажил хийгдээгүй, шүүх хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дээрх ажлын хөлс 134.995 төгрөгийг хасаж нэхэмжлэлээс 865.005 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул шүүх хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-г зөрчөөгүй гэж үзнэ.
Хэргийн 56 дугаар талд авагдсан баримтад шүүх хуралдааныг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагт хийхээр товлосон, уг баримтад хариуцагч гарын үсэг зурсан байх тул “...2016.03.17-ний өдрийн 11 цагт шүүх хуралдаан товлосон талаар мэдэгдэж гарын үсэг зуруулснаа гэнэт 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг болж өөрчилсөн” гэх гомдол үндэслэлгүй.
Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/02420 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 841 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч А.Сарангийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ