Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2017/0505/з |
Дугаар | 282 |
Огноо | 2018-06-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 282
Р.З-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын СС-д
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “...Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Р.З хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацааг хугацаанд нь сунгаагүй Сангийн сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг СС-д даалгуулах”
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0014 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0201 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, өмгөөлөгч А.Базар, Ж.Энхчулуун,
Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр нар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0014 дүгээр шийдвэрээр: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн захирал Р.Зоригтоос Монгол Улсын СС-д холбогдуулан Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Р.З хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацааг хугацаанд нь сунгаагүй Сангийн сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг СС-д даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0201 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0014 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.3, 24.1.5, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.3, 25.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сангийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр тушаалын 2 дахь заалтыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, Тогтоох хэсэгт 3 дахь заалт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хүчингүй болсонд тооцохыг хариуцагчид мэдэгдсүгэй” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч Р.Зоригтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 201 дүгээр магадлалыг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 25 дугаар зүйлийн 25.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Хуулийн 24.1.3 дахь заалтад үнэлгээний ёс зүйн дүрэм болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай заасан. Гэтэл нэхэмжлэгч нь ёс зүйн дүрмээ удаа дараа зөрчсөн зүйл байхгүй. Зөвхөн нэг удаагийн зөрчлийн тухай Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/17 дугаар тогтоолд дурдсан.
5. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дэргэд ...үнэлгээчин ёс зүйн алдаа гаргасан тухай холбогдох этгээдээс ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ёс зүйн зөвлөл тус тус ажиллана” гэж заасны дагуу үнэлгээчин ёс зүйн алдаа гаргасан эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхийг Ёс зүйн зөвлөл хэрэгжүүлнэ. Гэтэл Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/17 дугаар тогтоолын 5 дахь хэсэг болон хавтаст хэргийн 126 дахь талд авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч Ёс зүйн зөрчил гаргасан тухай дүгнэлтийг Мэргэжлийн хариуцлагын хороо буюу бүрэн эрхгүй байгууллага гаргасан. Иймд, нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.
6. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5, 25 дугаар зүйлийн 25.3, Сангийн сайдын 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” 12 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан журмын холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр сарын 24.1.5 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээг бодитой бус хийсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд үнэлгээчний тусгай зөвшөөрлийг цуцлах тухай заасан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд хөрөнгийн үнэлгээг бодитой гаргаагүй болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зүйл байхгүй.
7. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Энэ хуулийн 25.2-т заасан Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг мөн хуулийн 8.2-т заасан байгууллага батална” гэж заасан бөгөөд хуулийн тус заалтын дагуу Сангийн сайдын 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар тус журмыг баталсан. Журмын 2.5 дахь хэсэгт “Мэргэжлийн зөвлөл нь гомдол маргаан үүсгэсэн тайланд магадлалаа хийж дүгнэлт гаргах үүрэг бүхий үнэлгээчин /цаашид "магадлагч" гэх/-ийг томилон дүгнэлт гаргуулна” гэж, 3.1 дэх хэсэгт “Мэргэжлийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 3.14 дэх хэсэгт “шаардлагатай тохиолдолд орчуулагч, шинжээч томилж ажиллуулах” гэж тус тус заасны дагуу үнэлгээчний тайланд гаргасан гомдлын талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий магадлагч болон шинжээчийг Мэргэжлийн зөвлөл томилох эрхтэй байна. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд дүгнзпт гаргах эрх бүхий хүмүүсийг Мэргэжлийн хариуцлагын хороо буюу томилох эрхгүй байгууллага томилсон байна. Хавтаст авагдсан баримтуудыг харвал Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Мэргэжлийн хариуцлагын хорооны зүгээс Шинжээчдийн багыг томилсон байна.
8. Мөн тус байгууллага нь шинжээч томилж ажиллуулаагүй, харин журмын 2.5 дахь заалтын дагуу “магадлагч" томилон дүгнэлт гаргуулсан байна. Иймд нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг бодитой бус хийсэн нь “шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэж үзэх үндэслэлгүй юм.
9. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Хуулийн тус хэсэгт Сангийн сайд нь мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай заасан. Хуулийн 25.3 дахь заалтад Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг Сангийн сайд батлах тухай заасан бөгөөд Сангийн сайдын 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” 12 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар тус журмыг баталсан байна. Журмын 3.1.6-д “хөрөнгийн үнэлгээний тайлан үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй нь тогтоогдвол түүнийг гаргасан үнэлгээчний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд өргөн мэдүүлэх” нь Мэргэжлийн зөвлөлийн бүрэн эрх юм.
10. Нэхэмжлэгчийн хувьд Монголын хохирол үнэлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах санал гаргасан. Дээрх журмын дагуу Удирдах зөвлөлийн дарга, удирдах зөвлөл нь тусгай зөвшөөрөл гаргах санал гаргах эрх бүхий байгууллага биш юм. Иймд, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар мэргэжлийн байгууллага санал гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хуульд заасан байгууллага гаргаагүй учир тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэх буюу үнэлгээг бодитой хийгээгүй эсэх, ёс зүйн зөрчил гаргасан эсэхээс үл хамааран маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэлтэй.
11. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг хэрэглээгүй тухайд: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг мэргэжлийн байгууллага гаргана. Мөн Сангийн сайдын баталсан Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын дагуу үнэлгээчний тайлан бодитой эсэх тухайн дүгнэлтийг Мэргэжлийн байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл гаргана. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт болон Монголын хохирол үнэлэгчдийн холбоо гэсэн хоёр мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс нэхэмжлэгч нь “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо" ТББ-ын гишүүн. Гэтэл нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээ нь бодитой хийгдээгүй тухай болон Ёс зүйн зөрчил гаргасан тухай дүгнэлтийг түүний харьяаллын бус Мэргэжлийн байгууллага болох Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт гаргасан.
12. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Мэргэжлийн байгууллага нь гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар гишүүддээ үйлчлэх ТББ нь зөвхөн гишүүддээ үйлчлэх үйл ажиллагаа явуулна. Иймд түүний гишүүн бус байгууллага болох Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт нь нэхэмжлэгчийг хөрөнгийн үнэлгээг бодитой хийгээгүй, ёс зүйн зөрчил гаргасан талаар дүгнэлт хийх эрхгүй бөгөөд тус байгууллагын дүгнэлтийг Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байна.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шийдвэр гаргах үндэслэлгүй тухайд: Хуулийн тус хэсэгт “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан. Гэвч бидний маргаж буй нөхцөл байдлуудыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэж шийдвэр гаргах боломжтой юм. Тухайлбал, нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргаагүй, үнэлгээг бодитой бус гаргаагүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй болон хуульд заасан мэргэжлийн байгууллагын санал гараагүй болохыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэх боломжтой.
14. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаагүй тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт давж заалдах шатны шүүх нь хэргийн хэд хэдэн оролцогч гомдол гаргасан болон нийтийн ашиг сонирхлоос бусад асуудлын хувьд хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянах тухай заасан. Манай тохиолдолд хэргийг бүхэлд нь хянах хуульд заасан үндэслэл байгаагүй тул давж заалдах шатны шүүх бидний гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянан үзэх үндэслэлтэй байсан.
15. Бид давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдлын шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүхийн зүгээс дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэж байгаа нь дээрх хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь заалтыг зөрчсөн хэрэг юм.
16. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг бодитой хийгээгүй тухай бид давж заалдах шатны шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа тодруулга хийсэн. Тухайлбал, Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/17 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт С.Гантогоогийн ирүүлсэн гомдлын хувьд дахин үнэлгээ хийсний үндсэн дээр гомдлыг шийдвэрлэхээр түдгэлзүүлсэн. Иймд эдгээр иргэдтэй холбоотой хөрөнгийн үнэлгээг бодитой хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй. Харин зарим хөрөнгийн үнэлгээний маргаанууд шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд үнэлгээг хууль бус болохыг тогтоогоогүй. Нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бид энэ тухай давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбарт тусгаж, шүүх хуралдааны явцад нэмж тайлбарлаж байсан.
17. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг хариуцагчийн зүгээс үндэслэлгүйгээр татгалзсан тухай бид анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбарласан. Давж заалдах шатны шүүхийн зүгээс тус асуудлаар дүгнэлт хийгээгүй байна. Бид энэ асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан байр сууриндаа хэвээр байна. Энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэмж тайлбар гаргах болно. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сунгаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд үндэслээгүй юм.
18. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байдлаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
19. Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0201 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргаж байна.
20. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ын захирал Р.Зоригтын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Мэргэжлийн зөвлөлийн тогтоол, Монголын хохирол үнэлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг тус тус үндэслэсэн Сангийн сайдын 2017 оны 144 дүгээр тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.
21. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Мэргэжлийн зөвлөлийн тогтоолд Сангийн сайдын 2010 оны 112 дугаар тушаалаар батлагдсан Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмын 5.3-т “Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хуралдаанд оролцогчдод уншиж сонсгоно. Ингэхдээ тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхийг нь маргааны оролцогч талуудад тайлбарлана”, 6.2.3-т “Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр оролцох буюу өөрийн төлөөлөгчийг оролцуулах”, 6.3.1-д “Ирүүлсэн гомдол, түүний үндэслэл, магадлагчийн гаргасан дүгнэлт болон мэргэжлийн зөвлөлийн шийдвэртэй танилцах”, 6.3.2-т “Маргаантай холбоотой өөрийн байр суурь, тайлбар, нотлох баримтыг Мэргэжлийн зөвлөлд гаргаж өгөх”, 6.3.3-т “Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд оролцох буюу өөрийн төлөөлөгчийг оролцуулах” гэж тус тус заасны дагуу маргааныг шийдвэрлэхийн тулд бүх ажиллагааг хийсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тухайн тогтоолд бүрэн бичигдсэн байна.
22. Мөн түүнчлэн Монголын хохирол үнэлэгчдийн холбооны Удирдах зөвлөл нь өөрийн байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд дээрх холбооны дүрмийн 8.14-т Удирдах зөвлөлийн бүрэн эрхийг заасан байх бөгөөд 8.14.8-д “Хуульд заасан бусад эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан үндэслэлээр хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, хүчингүй болгох саналыг Сангийн яаманд гаргах бүрэн эрхтэй байна.
23. Иймд, дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд Мэргэжлийн байгууллагын санал болон Сангийн яамны шийдвэр нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.3, 25.4 дэх хэсэгт заасны дагуу Мэргэжлийн байгууллага нь холбогдох хууль журамд заасан ажиллагаа хийгдсэн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүх магадлалдаа хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.3, 25.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
24. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/17 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1-т үйлчлүүлэгч Ш.Гомбосүрэн, Б.Төмөрбат, Ц.Батбаяр нарын ирүүлсэн гомдлыг шалган магадалсан шинжээч Г.Баянмөнх, П.Баянсан, С.Цэвээнмолом нарын гаргасан дүгнэлтийг үндэслэн Р.Зоригтын хийсэн үнэлгээний тайлангуудыг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, мөн Монголын хохирол үнэлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр “Хөрөнгийн үнэлгээчин Р.Зоригтын хийсэн үнэлгээний тайлангууд нь ММҮИ-ийн мэргэжлийн зөвлөлийн 01/17 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээг бодитой бус хийсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Хохирол үнэлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 24.1.5-т заасны дагуу Р.Зоригтын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Сангийн яаманд хүргүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэж мэргэжлийн 2 байгууллагын шийдвэрээр хөрөнгийн үнэлгээг бодитой бус хийсэн нь тогтоогдсон байх тул Р.Зоригтын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
25. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0201 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
26. Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Р.Зоригтын Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, сунгалт хийхийг СС-д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
27. Хэргийн нөхцөл байдал тодорхой, маргаан бүхий захиргааны актад хамааралтай нотлох баримтууд бүрэн цугларсан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасантай нийцээгүй, энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн...” гэснийг буруу тайлбарлан хэрэглэснээс магадлал үндэслэл муутай болжээ.
28. Иймээс хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байдлаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
29. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ...асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг үндэслэн хяналтын шатны шүүх зөвхөн маргаан бүхий захиргааны акт болох Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 144 дүгээр тушаал болон тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, сунгалт хийхийг даалгах шаардлагын хүрээнд гомдлыг хянана.
30. Тодруулбал, “...Удирдах зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэсэн нь хууль зөрчсөн, ...дүгнэлтийг нэхэмжлэгчийн харъяаллын бус Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институт гаргасан...” гэх гомдлын дагуу хариуцагч Сангийн сайд нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа холбогдох хуулийг зөрчсөн эсэх асуудлыг шүүх дүгнэх нь зөв болно.
31. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах тохиолдолд хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно”, 24.1.5-д “Хөрөнгийн үнэлгээг бодитой бус хийсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэж, Сангийн сайдын 2010 оны 112 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1-д “Мэргэжлийн зөвлөл нь хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор үнэлгээчин гомдол гаргасан үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэж, үнэлгээний тайланг хүчингүй болгох” гэж тус тус тодорхой заажээ.
32. Эндээс үзвэл, Хөрөнгийн үнэлгээчний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн нөхцөл байдлыг шалгаж тогтоох бүрэн эрх нь СС-д бус харин Мэргэжлийн Зөвлөлийн бүрэн эрхэд хамааралтай, хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотой үүссэн маргааныг хянан хэлэлцэж, үнэлгээний тайланг хүчингүй болгох эрх бүхий байгууллага нь Мэргэжлийн зөвлөл байх бөгөөд уг байгууллага нь шалгалтын дүнг үндэслэн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх, Сангийн сайд энэ саналын үндсэн дээр шийдвэрээ гаргахаар байна.
33. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/17 дугаар тогтоолоор нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдлыг шалган магадалсан шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн үнэлгээчин Р.Зоригт нарын Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 524, 525, 526 дугаар албан бичгээр хүргүүлсэн үнэлгээний тайлангуудыг хүчингүй болгожээ.
34. Үүний дагуу Монголын Хохирол үнэлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар шийдвэрээр Р.Зоригтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг СС-д хүргүүлсэн, хариуцагч нь энэ саналд үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр тушаал гаргаж, нэхэмжлэгч Р.Зоригтын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь дээр дурдсан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, хууль ёсны захиргааны акт болжээ.
35. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй буюу Мэргэжлийн зөвлөлөөс бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан 2017 оны 01/17 дугаар тогтоолыг хянах, үүнтэй холбоотой “...томилох эрхгүй этгээд шинжээч томилсон, ...хөрөнгийн үнэлгээг бодитой хийгээгүй нь тогтоогдоогүй...” зэрэг нэхэмжлэгчийн хяналтын гомдолд дурдсан асуудлыг дүгнэх боломжгүй, энэ үндэслэлээр маргаан бүхий тушаалыг буруутгах үндэслэлгүй байна.
36. Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага нь үнэлгээчдийг эгнээндээ нэгтгэсэн, тэдгээрийн эрх, ашгийг хамгаалах зорилго бүхий гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байна”, 25 дугаар зүйлийн 25.2-т “Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дэргэд үнэлгээчний мэргэжлийн алдаа гаргасан тухай маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл ...ажиллана”, 25.3-т “...мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн ажиллах журмыг мөн хуулийн 8.2-т заасан байгууллага батална”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага...” гэж тус тус зохицуулжээ.
37. Мөн Монголын Хохирол үнэлэгчдийн холбооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3, 8 дугаар зүйлийн 8.14 дэх хэсгүүдэд зааснаас үзвэл “Удирдах зөвлөл” нь тус холбооны бүтцэд ажиллаж, бүх гишүүдийн хурал хоорондын үйл ажиллагааг удирдлагаар хангах чиг үүрэг бүхий нэгж байхаар, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Мэргэжлийн зөвлөл” нь үнэлгээчний алдаа гаргасан тухай маргааныг хянан Удирдах зөвлөлд оруулан шийдвэрлүүлэхээр заажээ.
38. Үүнийг үндэслэн хариуцагч Сангийн сайд маргаан бүхий тушаалыг гаргахдаа Монголын Хохирол үнэлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар шийдвэрт үндэслэсэн нь дээрх хууль, дүрмийг зөрчөөгүй гэж үзнэ.
39. Иймээс “...Удирдах зөвлөлийн санал нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан мэргэжлийн байгууллагын санал биш...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
40. Үүнээс гадна Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институт болон Монголын Хохирол үнэлэгчдийн холбоодын аль аль нь хөрөнгийн үнэлгээний Мэргэжлийн байгууллага байна.
41. Нэхэмжлэгч Р.Зоригт нь хэдийгээр Монголын Хохирол үнэлэгчдийн холбооны гишүүн боловч түүний хөрөнгийн үнэлгээтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлууд нь Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтын гишүүнчлэлтэй байх хугацаанд нь хамааралтай байснаас тухайн институтын Мэргэжлийн зөвлөл тогтоол гаргасан, энэ тогтоолын хувийг одоогийн гишүүнчлэлийн дагуу Монголын Хохирол үнэлэгчдийн холбоонд хүргүүлснийг уг 2017 оны 01/17 дугаар тогтоолд дурджээ.
42. Мөн гомдлууд давхардсан гэх үндэслэлээр “...дахин шалгах шаардлагагүй, танай дүгнэлтэд хүндэтгэлтэй хандана... “ гэсэн албан бичгийг нэхэмжлэгчийн гишүүнчлэл бүхий Монголын Хохирол үнэлэгчдийн холбооноос Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн баримт хэрэгт байна.
43. Эдгээрээс үзвэл, “...нэхэмжлэгч нь Монголын Хохирол үнэлэгчдийн холбоо ТТБ-ын гишүүн бөгөөд хөрөнгийн үнэлгээ бодитой хийгээгүй тухай дүгнэлтийг түүний харъяаллын бус Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт гаргасан..., тус байгууллагын дүгнэлтийг Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэхгүй... ” гэх нэхэмжлэгчийн гомдлыг мөн хүлээн авах боломжгүй.
44. Дээр дурдсан бүгдийг нэгтгэн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0201 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ