Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 66

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    Хэргийн индекс: 114/2016/0032/З/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын  12 дугаар баг 15 дугаар байрны ******* тоотод оршин суух Д.*******

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга А.*******од холбогдох

 “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                                     И.Атарбямба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                              Г.Энхсайхан  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******аас шүүхэд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Атарбямбаас шүүх хуралдаанд  гаргасан нэхэмжлэлдээ: Дархан сумын 14 дүгээр багийн 2 дугаар хороололд байршилтай 2001 м2  газрыг 2012 оноос хойш эзэмшиж ирсэн эзэмших эрхийн гэрчилгээтэй, газар дээрээ 100 айлын орон сууц барихаар зураг төслөө хийлгэсэн боловч Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээнээс өргөтгөл хийлгэсний дараа техникийн нөхцөл олгоно гэсэн боловч газрын гэрчилгээний хугацаа дууссан учир сунгуулахаар өргөдлөө өгсөн ба өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй, дуудлага худалдааны анхны үнэ  21.000.000 төгрөгийг төл гэсэн шаардлага тавьсан. 21.000.000 төгрөгийг ямар үндэслэлээр төл гэж байгаа нь ойлгомжгүй, дуудлага худалдааны материал нь байдаггүй. 21.000.000 төгрөгийг бид нар төлөх ёсгүй юм. Урьд нь 1999 онд нийтийн дуудлага худалдааны ялагч болж аймгийн Засаг даргын захирамжаар энэ газар 58 айлын угсармал орон сууцны барилгын суурийн хамт өмчлөгдөөд хувьчлагдаад дуудлага худалдаагаар орсон байхад дахин дуудлага худалдааны үнэ төлөх нь үндэслэлгүй, хоёр гурван хүнийг дамжиж ирсэн ба энэ газрыг Лхагвасүрэн, Сайханбаяр нарт 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байхад 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн нь үндэслэл муутай. Д.******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаанд нь газрын албанд гаргасаар байтал өнөөдрийг хүртлэх хугацаанд шийдвэрлэж өгөөгүй байгаа. Цахилгааны техникийн нөхцөл нь бүрдэж бий болоогүй байхад тэр газар дээр юм хийх боломж байхгүй байсан. Цахилгааны нөхцөл, техникийн болон бусад нөхцлөө авсан болох нь  хавтаст хэрэгт өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байгаа. “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас танай энэ талбайд цахилгаан хангамж хийгдээгүй, ерөнхий төлөвлөлт, зураг төсвийн ажил хийгдэж байгаа тул техникийн нөхцөл олгох боломжгүй гэсэн бичиг ирүүлсэн ба дараа нь техникийн нөхцөл олгох боломжтой гэсэн хариуг ирүүлсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж өгөөгүй учир үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гэтэл Засаг дарга энэхүү асуудлаа шийдвэрлээгүй байж  ******* гэдэг хүнд 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А/175 тоот захирамжаар эзэмшүүлсэн нь үндэслэлгүй юм. Иймд Аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны А/85 дугаар захирамжийн Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Энхсайханаас шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Анх иргэн Лхагвасүрэнд энэ газар олгогдоод Сайханбаяр эзэмшиж байгаад 2012 онд Алтанцэцэгт, дараа нь Д.*******д  2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 179 дүгээр захирамжаар 2001 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 0359645 тоот гэрчилгээ авсан. Д.*******ы 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өргөдлийг үндэслээд аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 387 тоот захирамжаар гэрчилгээний хугацааг нэг жилээр сунгаснаар 2013 оны 10 дугаар  сарынн 29-ний өдөр гэрчилгээ олгосон байдаг. 2013 оноос 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй. Энэ нь тус шүүхээс иргэн Д.*******ы газар дээр хийсэн үзлэгээр нотлогддог. Газар дээр барилга барих зорилгоор ачиж буулгасан, тоосго материал юу ч байхгүй. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, дээр нь хашаа ч хатгаагүй. Аймгийн Засаг даргын захирамжинд Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэн Газрын тухай хуулийн 40.1.6, 39 дүгээр зүйлийн 39.1.1-г барьсан.  Ер нь гэрээний хугацаа дууссан учраас цуцалсан. Дээр нь газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй. Аймгийн Засаг даргын 2016 оны 146 дугаар захирамж байдаг. Одоо ч гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ захирамж гарснаас өмнө иргэн аж ахуй нэгж байгууллагуудад олгогдсон газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх журмаар нөхөн төлүүлнэ гэсэн ийм захирамж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Аймгийн Аудитын газраас энэ захирамжийн хэрэгжилтийг шалгаад албан шаардлага газрын албанд өгсөн байдаг. Газрын алба албан шаардлагыг биелүүлэх хангуулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа. Тухайлбал иргэн Д.*******ы газар дээр дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэж байгаа. Ийм үндэслэлүүдээр аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

 Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******  нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн  Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан байна. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

 

“Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг дахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “г”-д заасны дагуу газар эзэмших ашиглахтай холбогдсон маргааныг шийдвэрлэх бүрэн эрхтэй хэдий ч Д.*******д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д  заасныг үндэслэн хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Дархан-Уул аймгийн Засаг даргын  2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 179 дүгээр захирамжаар Д.*******д Дархан сумын 14 дүгээр багийн 2 дугаар хороололд байршилтай 2001 м2 газар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0359645 дугаар гэрчилгээ  олгогдон,   2012 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан, Дархан-Уул аймгийн Засаг даргын  2013 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 387 дугаар захирамжаар Д.*******ы газар эзэмших эрхийн гэрчилгээг 1 жилийн хугацаагаар сунган шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, Аймгийн Засаг даргын 179, 387 дугаар захирамжууд, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ, эзэмшил газрын байршлын кадастрын зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: Д.******* Газрын тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших гэрээг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Д.*******ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

 

“Газрын тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг зөрчсөн гэх” тухайд;

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.******* нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт “газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах”  тухай хүсэлтээ Газрын тухай хуулийн  35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар эзэмшигчийн эрхийнхээ дагуу хугацаанд нь гаргасан,  энэхүү хүсэлтийг өнөөдрийг хүртлэх хугацаанд шийдвэрлэж, хариу өгөөгүй болох нь Д.*******ы өргөдөл, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2014 оны өргөдөл гомдлын дэвтрийн хуулбар, хяналтын карт, “Магнет хүдэр” ХХК-д шилжүүлэх хүсэлт, газрын эрх шилжүүлэх гэрээ, иргэн, хуулийн этгээдийн тодруулах хуудас, газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх ба хариуцагч Аймгийн Засаг дарга нь дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй нь  Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэсэн заалттай нийцээгүй байна.

"Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэх” тухайд;

Нэхэмжлэгч нь газар эзэмшиж байх хугацаандаа Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх” гэж заасны дагуу холбогдох зөвшөөрлүүдийг зохих газруудаас авах, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан барилгын зураг төсөлд тавигдах шаардлагыг хангуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны техникийн нөхцлүүд, барилгын эскиз зураг, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, орлогын мэдүүлэг, ажил гүйцэтгэх гэрээ, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний  2013 оны 12 дугаар сарын 09-ний 1332 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 341 тоот албан бичгүүд зэрэг баримтуудаар нотлогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.Түүнчлэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүйгээс тухайн газрыг ашиглаагүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас гаргуулах боломжгүй болсон байх ба Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2  дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан этгээдэд хугацааг сунгах  эсэхийг хуулийн дагуу шийдвэрлэх эрх, үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх ёстой  учир  газар эзэмшигчийг буруутгах боломжгүй.

“Дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” тухайд;

Дархан-Уул аймгийн Засаг даргын 1999 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101 дүгээр захирамжаар “иргэн Чилхаажав овогтой Лхагвасүрэн нь 58 айлын угсармал орон сууцны барилгын суурийн үнэ 3150000 төгрөгийг хуульд заасан хугацаанд бүрэн төлсөн тул дээрх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгосугай” өмчлөгчийн эрх олгогдсон байх ба Аймгийн Засаг даргын 2005 оны 08 сарын 31-ны өдрийн 286 дугаар захирамжаар 58 айлын угсармал орон сууц барихад зориулж 6300 м2  хэмжээтэй газрыг иргэн О.Сайханбаярт эзэмшүүлэхээр шийдвэрлэснээс үзэхэд дээрх маргаан бүхий газрыг орон сууц барихад зориулж эзэмшүүлсэн байна.

Хариуцагч Аймгийн Засаг дарга өмнө нь тухайн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр байсаар байтал газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж  байгаа нь  үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бий болоогүй, газар эзэмшигчийн зүгээс буруутай, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, эзэмших эрхийг нь шийдвэрлэхгүйгээр орхигдуулах нь үндэслэлгүй гэж үзэж  Д.*******ы газар эзэмших эрхийг сэргээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн Д.*******д холбогдох хэсгийг  хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

                                                       

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       Д.НАРАНТУЯА