| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/03645/И |
| Дугаар | 183/ШШ2024/01738 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/01738
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, *** тоотод оршин суух, Б овогт Б.Т /РД:********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод байрлах Б******* ТӨХХК /РД:******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 18 651 367 төгрөг, ээлжийн амралт биеэр эдлээгүй олговор 2 950 144 төгрөг, үр дүнгийн урамшуулал 570 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 23 171 512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Т*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч Б******* ТӨХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 18 651 367 төгрөг, ээлжийн амралт биеэр эдлээгүй олговор 2 950 144 төгрөг, үр дүнгийн урамшуулал 570 000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын хөлс 1 000 000 төгрөг, нийт 23 171 512 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б.Т******* миний бие анх 1994 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Б******* үйлдвэрийн газартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орж 1995 оны 9 дүгээр сар хүртэл КИП-ийн засварчнаар ажиллаад тухайн ондоо Хөдөө аж ахуйн их сургуульд элсэн орж 2000 онд төгсөөд 2001 оны 2 дугаар сарын 21-ний өдөр тус үйлдвэрийн газар хөдөлмөрийн гэрээ байгуулан хөргөгчний засварчнаар ажилд орсон. 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс диспетчерээр 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан менежерээр томилогдон 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан. 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Б******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С*******ийн Б/41-1 гэсэн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлын алдаа дутагдал ямар нэгэн зөрчил гаргаагүй байтал үндэслэлгүй халсан тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гарган. 2022 оны 6 дугар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд дугаар 183/ШШ2022/01883 тоот ажилд эргүүлэн тогтоосугай гэсэн шийдвэр гарсан энэ үед Б******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С******* үүрэгт ажлаас чөлөөлөгдөн түр үүргийг Д.У******* гэдэг хүн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******гаар давж заалдах шатны шүүхэд хандсан байсан. Ингээд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдээд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 1673 тоот анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр хадгалсан магадлал гарч дахин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******гийн хяналтын журмаар Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд гомдол гаргаж 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцэгдэж хянагдаад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дугаар 001/ШХТ2022/01263 хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзугай гэсэн тогтоол гарсан. Ингээд байгууллагын удирдлагад ажилдаа орох хүсэлт гаргасан боловч байгууллага руу нэвтрүүлэхгүй ажлаа өг гэсэн бичгийг удаа дараа өгч байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэлд 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 183/ШЗ2022/00586 тоот шүүгчийн захирамж гаргуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/61 тоот Б******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн авч хөдөлмөрийн гэрээ байгуулсугай гэсэн тушаал гарч ажилд эргэн орсон. Б.Т******* миний бие Б******* ТӨХХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссод 2023 оны 5 дугаар сарын 31-ний огноо бүхий хариу хүргүүлэх тухай дугаар 004 хуралдааны тэмдэглэл гэсэн бичгийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн. Нийслэлийн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд миний бие хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэн тус хороонд ажилгүй байх үеийн 1 жил үндсэн цалин хавсран гүйцэтгэж байсан ажлын нэмэгдэл хөлс ур чадварын нэмэгдэл бусад нэмэгдэл цалин ээлжийн амралт биеэр эдлээгүйн олговор үр дүнгийн урамшуулал зэргийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх өмгөөлөгч хөлсөлсөн гэрээний хөлс зэргийг гаргуулж өгнө үү гэж хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхээр хандсан. Ингээд 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 88 тоот Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэрийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан. 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх цалин 8 817 793 төгрөг үүнээс 2 979 926 төгрөг олгогдсон үлдэгдэл 5 837 867 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх цалин 12 813 500 төгрөг, Б******* ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор цалингийн сүлжээ өөрчлөгдсөн байна. Ээлжийн амралт биеэр эдлээгүй олговор 2 950 144 төгрөг ээлжийн амралтын үндсэн 15 хоног нэмэгдэл 9 хоног хамтын гэрээний 2 хоног нийт 26 хоног, үр дүнгийн урамшуулал 570 000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын хөлс 1 000 000 төгрөг, нийт 23 171 512 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би тооцоолоо хийж, Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Хөдөлмөрийн маргаан таслах комиссыг тухайн үедээ ахлаж байсан н.С******* гэдэг хүн байгаа, энэ хүн нь шүүхийн шийдвэр гараагүй учраас мөнгийг олгох боломжгүй гэсэн. Тэгээд шүүхийн шат руу очсон. Ингээд гурван шатны шүүхийн шийдвэр гарсан анхаасаа өмгөөлөгч авна гэсэн учраас өмгөөлөгчийн хөлсөө оруулсан байгаа. Үр дүнгийн урамшууллыг тухайд гэвэл хэрэв би ажлаа хийж байсан бол авна гэдэг утгаараа үр дүнгийн урамшууллын мөнгийг нэхэмжилсэн байгаа гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь зөвшөөрөөд зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй байна. Ажилласан хугацааны цалин гэдэг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн 8 817 793 төгрөг үүнээс 2 979 926 төгрөг төлөөд 5 837 867 төгрөг байгаа. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн сүлжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан бодож үзэхээр нэхэмжлэгчид цалин олгоод явж байгаа учраас боломжгүй. Мөн шүүхээс давхацсан зүйл харагдаад байгаа юм. Өмнөх шүүхийн тогтоолд 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс, 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд 3 сар 17 хоногоор тооцоод, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажилд эгүүлэн тогтоосон бол ажиллаж байсан хугацааны дундаж цалин хөлсийг олгоно гэж зааснаар шүүх дундаж цалин хөлсийг бодож тооцож олгосон. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх үед үр дүнгийн урамшуулал болон өмгөөллийн хөлсийг нэхэмжлээгүй, шийдвэрлэгдээгүй байж байхад өмнөх шүүхийн шийдвэр хүчинтэй байж байхад нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Мөн ээлжийн амралтын анхнаасаа шүүхээр шийдвэрлүүлсэн бол авах боломжтой байсан. Анхнаасаа ээлжийн амралтын цалин хөлс бодоогүй учраас Хөдөлмөр хамгааллын яамны сайдын тушаалаар ажилласан бол ээлжийн амралт олгоно гэсэн байдаг учраас ажиллаагүй гэдэг утгаараа ээлжийн амралтыг олгоогүй. Ажилласан 2 хоногт тооцох мөнгийг нь зөвшөөрсөн 2 950 000 төгрөгийг нэхсэн. Энэ нь 2 хоногийн мөнгө байгаа юм. Өмнөх маргаанд хууль зүйн туслалцаа аваагүй, өмгөөлөгч оролцоогүй ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгууллагын санхүүгээс тооцоог тодорхой гаргаад өгчихсөн. Ерөөсөө энэ хүнийг хохирооё гэсэн бодлого компанийн зүгээс баримтлаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг удирдлага болгон Компанийн дотоод журмын 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан байгаа. Компанийн ажлын үр дүнгийн шагнал олгох үзүүлэлтийг ханган ажилласан ажилтнуудад үр дүнгийн шагналыг холбогдох журмын дагуу олгоно гэж заачихсан. Холбогдох журам нь Б******* ТӨХХК гэж үзвэл Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд үндэслээд урамшуулал олгоно гэж заасан. Нэхэмжлэгч ажиллаагүй учраас нөгөө үнэлгээ орохгүй. Хэрвээ ажилласан бол үнэхээр сайн ажиллаад энэ урамшууллыг авах ёстой байсан юм уу, эсвэл эрүүл мэндийн шалтгаантай ч юм уу, хүний амьдралд ямар шалтгаан гарах байсныг мэдэхгүй учраас одоо ажилласнаар тооцоод үр дүнгийн урамшуулал өгөх боломжгүй байгаад байгаа юм. Ээлжийн амралтын хувьд энэ хүнийг чирэгдүүлэх гэсэн зүйл байхгүй. Нийтээрээ баримталж байгаа жишиг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 94 дүгээр тушаалаар баталсан ээлжийн амралтын мөнгө бодож олгох журмыг давхар тооцоод үзвэл нэг сард орон нутгийн ажилласан хоног нь 1,75 хувь буюу одоо 2 хувь болон. Ээлжийн амралтын мөнгөн төлбөрийг бодож үзвэл 89 622 төгрөг болж байгаа. Тэгэхээр ээлжийн амралтыг 89 622 төгрөг, 2 дугаар сарын 17-ноос 2023 оны 2 дугаар сарын 17-ны хүртэл бүтэн жилийн хугацааны цалинг бодохоор 10 481 713 төгрөг болж байгаа юм гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б******* ТӨХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/41-1 тоот Б.Т*******ыг ажлаас халах тухай тушаал, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/61 дүгээр Б.Т*******ыг ажилд эгүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/218 дугаар Албан тушаал хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, иргэний үнэмлэхний хуулбар, цалингийн сүлжээ, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар Компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, жагсаалт батлах тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №88 дугаар шийдвэр, Б******* ТӨХХК-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Б******* ТӨХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №004 дугаар хурлын тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт, Төрийн сангийн лавлагаа, цалингийн хүснэгт, Б******* ТӨХХК-ийн 2020 оны цалингийн сүлжээ, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1263 дугаар тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1673 дугаар магадлал, /хэргийн 4-20, 47-49, 93-103, 109-116-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хуулийн этгэдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, цалингийн тооцоолол, Б******* ТӨХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар Компанийн удирхдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, жагсаалт батлах тухай тушаал, хавсралт, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/523 дугаар Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, Ажилчдад олгох үр дүнгийн урамшуулалын тооцоо /хэргийн 28, 78-80, 133-146-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/01883 дугаар шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б******* ТӨХХК-иас Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээ, Б******* ТӨХХК-ийн захиргаа үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээ /2022 он/, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар Компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, жагсаалт батлах тухай тогтоол, хавсралт, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/41 дүгээр Компанийн ажил албан тушаалын жагсаалт, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаал, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/218 дугаар Албан тушаал хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б******* ТӨХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/523 дугаар Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, тооцооллын хүснэгт, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б******* ТӨХХК-иас №06 дугаар Хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт /хэргийн 40-44, 55-77, 85-90, 120-131-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Т*******ын нэхэмжлэлээс 10 668 892 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 12 502 620 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б******* ТӨХХК-ийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тул 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх цалин 5 837 867 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх цалин 12 813 500 төгрөг, ээлжийн амралт биеэр эдлээгүй олговор 2 950 144 төгрөг, үр дүнгийн урамшуулал 570 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 23 171 512 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч Б******* ТӨХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10 481 713 төгрөгөөс цалин олговорт олгосон 2 979 926 төгрөгийг хасаад 7 591 409 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, харин ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулал, өмгөөллийн хөлсийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Б.Т*******ыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01883 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Б******* ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч Б******* ХХК-иас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин олговорт 2 919 926 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т*******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т*******ын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Б******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.
4.2.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1673 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4.3.Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1263 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч дахин шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэж, нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй.
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон байхад хариуцагч тал буюу ажил олгогч Б******* ТӨХХК нь нэхэмжлэгч буюу ажилтан Б.Т*******ыг өмнө эрхэлж байсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилд нь 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр томилсон болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01883 дугаар шийдвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Б******* ТӨХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/61 дүгээр тушаал, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар талууд маргаагүй.
6.Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ээлжийн амралтын биеэр эдлээгүй олговор, үр дүнгийн урамшуулал, хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажлын хөлс, нэмэгдэл цалин зэргийг гаргуулахаар 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Б******* ТӨХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан болох нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар/004 тоот комиссын хурлын тэмдэглэл, уг шийдвэрийг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан болох нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар№88 тоот Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэрээр тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.
7.Талууд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон талаар маргаагүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ээлжийн амралтын олговрыг олгоогүй, урамшуулал тооцоогүй, өмгөөллийн хөлсийг төлөөгүй гэж маргасан.
8.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх цалин 5 837 867 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх цалин 12 813 500 төгрөг, нийт 18 651 367 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
8.1.Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01883 дугаар шийдвэрээр 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 3 сар 17 хоногийн цалинд 2 919 926 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, нэг сарын цалинг 766 481 төгрөгөөр тооцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж дүгнэсэн болно.
8.2.Нэхэмжлэгч нь 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны цалинд 5 837 867 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацааны 3 сар 17 хоногийн цалинг нь тооцож олгосон байх тул энэ хугацааны цалинг хариуцагчаас дахин гаргуулах нь үндэслэлгүй байна гэж үзэв.
8.3.Харин 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авсан тушаал гарсан 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртлэх хугацааны буюу 8 сар 7 хоногийн цалинг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, энэ хугацааны цалинг гаргуулах нь зүйтэй байна.
8.4.Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-д зааснаар тооцвол 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацааны цалинг нэг сарын дундаж цалинг 766 481 төгрөгөөр, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртлэх цалинг нэг сарын дундаж цалинг 950 000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.
8.5.Учир нь хэрэг авагдсан Б******* ТӨХХК УТҮГ-ын 2020 оны цалингийн сүлжээ гэх баримтад ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан, албан тушаалын зэрэглэл ТҮ-7, цалингийн сүлжээний шатлал 5, үндсэн цалин 766 481 төгрөг гэсэн бөгөөд Б******* ТӨХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/41 дүгээр Компанийн ажил албан тушаалын жагсаалт, цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай тушаалаар ...Био-4 Захиргааны ажилтан, дотоод хянагч шалгагч, аж ахуйн зохион байгуулагч, эдийн засагч, худалдан авах ажиллагааны ажилтан, маркетинг судалгааны ажилтан, технологич, хими, шинжээч, судлаач, зөвлөх эмч, мэргэжилтэн, бактериологич, микробиологич, биохимич, вирус судлагч, инженер-цалингийн хэмжээ 950 000 төгрөг гэж цалингийн сан өөрчлөгдсөн талаар зохигч талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
8.6.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.
8.7.Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 766 481 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 952 267 төгрөг /950 000 х 7 сар=6 650 000, 950 000:22=43 181, 43 181х7хоног=302 267, 6 650 000+302 267= 6 952 267, 6 952 267+766 481= 7 718 748 төгрөг/ нийт 7 718 748 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно гэж заасан, нэхэмжлэгч нь ээлжийн амралтын мөнгө 2 950 144 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагч нь үндсэн цалингийн 60 хувиар ээлжийн амралтыг тооцно гэж маргасан боловч хэрэгт авагдсан хамтын гэрээ, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь нийт ажлын 26 хоног амрах бөгөөд ээлжийн амралтын мөнгө 2 950 144 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
10.Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажлаа гүйцэтгэж байсан бол үр дүнгийн урамшуулал авах байсан тул 60 хувиар тооцож 570 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Б******* ТӨХХК-ийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/523 дугаартай Б******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, үр дүнгийн урамшууллын тооцоо гэсэн баримтаар нотлогдоно гэсэн.
10.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үр дүнгийн урамшуулалыг хийсэн ажлын үр дүнг дүгнэж, ажлын гүйцэтгэлийг үнэлж, биелэлтийг тооцож олгодог тул нэхэмжлэгч нь ажиллаж байсан бол урамшуулал авах байсан гэж байгаа боловч урамшуулалыг хэдэн хувиар тооцон олгогдох байсан эсэх нь тодорхойгүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан.
10.2.Хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/523 дугаартай Б******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, үр дүнгийн урамшууллын тооцоо гэсэн баримтаар үр дүнгийн урамшуулал авах байсан нь тогтоогдоно гэж нэхэмжлэгч нь тайлбарласан боловч жилийн эцсийн буюу ажлын үр дүнг тооцож, уг урамшууллыг олгодог байх бөгөөд нэхэмжлэгч нь урамшууллыг хэдэн хувиар тооцож авах байсан нь тодорхойгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэж, үр дүнгийн урамшуулалд тооцсож нэхэмжилсэн 570 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
11.Мөн нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, өмгөөлөгч З.Атай байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №3120 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар ирүүлсэн.
11.1.Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр З.А нь анхан шатны шүүх хуралдаанд оролцож байсан болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/01883 дугаартай шийдвэрээр тогтоогдож байгаа боловч өмгөөллийн хөлс төлсөн талаарх баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй, өмгөөллийн хөлс 500 000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн гэсэн боловч Худалдаа хөгжлийн банкны Ө.Л гэх дансны хуулга хэрэгт авагдсан, Ө.Л нь нэхэмжлэгчийн эхнэр болох талаарх, мөн үлдэх 500 000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул өмгөөллийн хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.
12.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас цалин 7 718 748 төгрөг, ээлжийн амралтын биеэр эдлээгүй олговор 2 950 144 төгрөг, нийт 10 668 892 төгрөгийг гаргуулж, үлдэх 12 502 620 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 289 007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ТӨХХК-иас 185 652 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар нэхэмжлэгч Б овогт Бын Т*******ын ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10 668 892 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 502 620 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 289 007 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ТӨХХК-иас 185 652 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ХУЛАН