Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/01739

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, ** тоотод оршин суух, Г овогт Ц.Ө /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, өөрийн байранд байрлах, Б******* ТӨХХК /РД:8292485/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/104 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, хөдөлмөрлөх эрхийг сэргээж Б******* ТӨХХК-ийн үйлдвэрлэл технологийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцүү хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Ө*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Ө******* нь хариуцагч Б******* ТӨХХК-д холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/104 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, хөдөлмөрлөх эрхийг сэргээж Б******* ТӨХХК-ийн үйлдвэрлэл технологийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцүү хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Энэхүү нэхэмжлэлийг гаргагч иргэн Ц.Ө******* би 1993 онд Био комбинат ТӨХХК-ийн оношлогооны биобэлдмэл болон амьд вакцин үйлдвэрлэлийн цехэд технологич мэргэжилтнээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн ажилтан юм. Ийнхүү 30 орчим жил Б******* ТӨХХК-д технологич, цехийн эрхлэгч, ерөнхий эмч/технологич-үйлдвэрлэл технологийн албаны дарга, захирал зэрэг ажлын байранд ажилласаар ирсэн. Сүүлийн 20-оод жилийн турш Б******* ТӨХХК-д үйлдвэрлэдэг бүх нэр, төрлийн вакцин, оношлуур, эсрэг ийлдэс зэрэг биобэлдмэлийн үйлдвэрлэлийг мэргэжлийн ерөнхий удирдлагаар хангаж ажилладаг Үйлдвэрлэл технологийн албаны дарга-Ерөнхий эмч, Ерөнхий технологичоор ажилласан. Ажилласан хугацаандаа байгууллагын аварга мэргэжилтнээр 2 удаа, аварга хамт олноор 2 удаа, Монгол улсын ТОП 100 аж ахуйн нэгжид 9 удаа шалгарч цехийн болон үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийг удирдсан бүх жилүүддээ нэг ч нэр төрлийн болон нэг ч тун, литр бүтээгдэхүүний төлөвлөгөө тасалдуулахгүй ажиллаж, Ц.Ө******* би цех болон үйлдвэрлэл удирдсан бүх жилүүдэд жил бүр Б******* ТӨХХК нь санхүүгийн хувьд ашигтай ажиллаж, бие дааж болон мэргэжилтэн нартайгаа хамтарч 200 орчим технологийн дамжлага ажиллагаанд олон улсын стандарт, шинжлэх ухааны тухайн үеийн ололт, мэдлэгт нийцүүлэн дэвшилтэт өөрчлөлт гаргаж, 100 гаруй судалгааны болон сурталчилгааны өгүүлэл бичиж, 55 бүтээгдэхүүний хэрэглэх заавар, гарын авлага боловсруулан батлуулж, 48 бүтээгдэхүүний үндэсний стандартыг биечлэн болон удирдан боловсруулж батлуулан, 38 бүтээгдэхүүний фармакопейн өгүүлэл боловсруулан батлуулж, 60 гаруй нэрийн бүтээгдэхүүний шошго боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэн, 10 гаруй ном бүтээл бүтээж хэвлүүлсэн болно. Миний эдгээр ажлын үр дүнг үнэлж байгууллагын, салбарын, засгийн газрын, төрийн шагналуудаар удаа дараа шагнан урамшуулсаар ирсэн бөгөөд 2021 онд Монгол улсын гавьяат малын эмч гэдэг эрхэм цолыг хүртэн улс эх орондоо мэргэжпийн мэдлэг, ур чадвараа үнэлүүлэн ажилласаар ирсэн жирийн нэгэн мэргэжилтэн юм. Би Б******* ТӨХХК-д ажиллагсдаас хамгийн анх Монгол улсын зөвлөх малын эмч мэргэшлийн зэргийг хүртсэн мэргэжилтэн. Түүнчлэн сүүлийн 30 жилийн дотор тус байгууллагад ажиллаж байсан хийгээд байгаа нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд дундаас төрсөн одоогоор цорын ганц гавьяат малын эмч нь юм. Хэдийгээр миний ажлын үзүүлэлт, хийсэн бүтээсэн нь иймэрхүү байгаа боловч Монголын нийгэмд хорт хавдар болтлоо ужгирсан авлигал, мэргэжлийн мэдлэггүйжил, ур чадваргүйжил, албан тушаалын хууль бус томилгоо, төрийн албан хаагч нарын томилгоонд мерит зарчмын алдагдал, спойл зарчмын давамгайлал гэх мэт сэдвүүдээр Монгол улсын өдөр тутмын сонин хэвлэл, мэргэжлийн сэтгүүлүүдэд олонтаа бичиж нийтэлдэг учраас миний ажлын байрыг хэдэнтээ булааж аван, намайг мэргэжпийн ажпаас нь зайлуулах, улмаар ажиллах боломжгүй болгох, амьдрах аргагүй болгох үйлдлийг Монгол улсын Хөдөө аж ахуйн салбарт үүрлэсэн авлигачид, мэргэжлийн бусчууд, рекетийн бүлэглэлийн гишүүд зэрэг нь сүүлийн жилүүдэд тасралтгүй явуулсаар ирлээ. Энэ удаагийн ээлжит ажлаас чөлөөлөлтийг ч тэд л гардан үйлдэж буй нь энэ юм. Өмнө нь 2018 оны 12 дугаар сард бүтцийн өөрчлөлт хийсэн гэх халхавчин дор намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус байсанг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00729 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2022/00818 дугаар тогтоолоор тус тус тогтоосон болно. Эдгээр шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүсэлтийг иргэн Ц.Ө******* би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж гаргаснаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.У******* нь Б/440 тоот тушаал гаргаж Ц.Ө******* намайг Б******* ТӨХХК-ийн Үйлдвэрлэл технологийн албаны Вирусийн биобэлдмэл үйлдвэрлэлийн 2 дугаар цехийн эрхлэгч гэдэг ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Хэдийгээр Д.У*******ын уг Б/440 тоот тушаал нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй бөгөөд Ц.Ө******* намайг өмнө нь эрхэлж байсан ажлын байр албан тушаалаас нь доогуур зэрэглэлтэй бөгөөд үндсэн цалинг 450 000 төгрөгөөр бууруулсан байсан боловч цаашид гарч болзошгүй эрсдэлт байдлаас сэрэмжлэхийн тулд би уг ажлын байранд нь ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа би Хан-Уул дүүргийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, улмаар хэрэв шаардлагатай болбол шүүхэд дахин хандаж өмнө нь эрхэлж байсан ажлын байртай ижил зэрэглэлийн ажлын байранд ажиллах эрхээ бүрэн хангуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх ;gjhболно гэдгийгээ илэрхийлэн ажиллаж байсан болно. Тийнхүү хэлсэн бөгөөд бичгээр мэдэгдсэнийхээ дагуу иргэн Ц.Ө******* би Хан-Уул дүүргийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсаны үндсэн дээр Хан-Уул дүүргийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэрээ гаргаж Б******* ТӨХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У******* нь Монгол улсын анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг биелүүлээгүй байна гэж үзсэн болно. Хан-Уул дүүргийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны уг шийдвэрийн дараа Б******* ТӨХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У******* нь мөн л шүүхийн шийдвэрүүдийг бүрэн биелүүлэхгүй байсаар байсан тул иргэн Ц.Ө******* би шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж намайг өмнө нь эрхэлж байсан ажлын байртай ижил түвшний ажлын байранд ажиллуулахыг ажил олгогч Б******* ТӨХХК буюу хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн нэг дэх нэхэмжлэл, мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс намайг цехийн эрхлэгчээр томилсон 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх цалинтай тэнцүү хэмжээний нөхөн олговрыг олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгөхийг хүссэн хоёр дахь нэхэмжпэлийг тус тус Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно.

Ийнхүү шүүхийн шатанд маргаан үргэлжилж байх хугацаанд 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Б******* ТӨХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У******* Б/51 тоот тушаал гаргаж Ц.Ө******* намайг өмнө нь эрхэлж байсан ажлын байранд буюу Б******* ТӨХХК-ийн Үйлдвэрлэл-технологийн албаны дарга гэдэг ажлын байранд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00729 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2022/00818 дугаар тогтоол болон Хан-Уул дүүргийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Тийнхүү Ц.Ө******* би 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Б******* ТӨХХК-ийн Үйлдвэрлэл-технологийн албаны даргаар ажиллаж эхлэв. Гэтэл Б******* ТӨХХК-ий захирлаар 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр томилогдсон М.Э******* гэгч этгээд нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Ө*******той хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай Б/104 тушаал гаргасныг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 30 миунтын орчимд Б******* ТӨХХК-ийн Инженер техникийн албаны дарга, Захиргааны албаны даргын үүргийг гүйцэтгэгч Ц.Б******* надад уншиж сонсгон, ажлаа яаралтайгаар өнөөдрийн дотор багтаан хүлээлгэж өгөхийг үүрэг болгосон. Тэрээр тайлбарлахдаа өмнө нь Б******* ТӨХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.У******* нь Ц.Ө******* таныг Монгол улсын гурван шатны шүүхийн шийдвэрээр эхлээд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/440 дугаар тушаалаараа цехийн эрхлэгчээр томилохдоо, дараа нь 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын гурван шатны шүүхийн шийдвэр болон Хан-Уул дүүргийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг үндэслэсэн Б/51 тоот тушаалаараа Үйлдвэрлэл технологийн албаны даргаар тус тус томилохдоо хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг авлигатай тэмцэх газраар хянуулахгүй томилогдсон гэдэг үндэслэлээр Ц.Ө******* тантай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ гэсэн.

Намайг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цехийн эрхлэгчээр ажиллуулах Б/440 дугаар тушаал гарсны дараа Б******* ТӨХХК-ий хүний нөөцийн менежер бөгөөд тус байгууллага дахь Авлигатай тэмцэх байгууллагатай холбоотой асуудлыг хариуцаж ажилладаг мэргэжилтэн Б.Д******* нь Ц.Ө******* та бол шинээр томилогдож буй ажилтан биш, өмнө нь эрхэлж байсан ажилдаа шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдож ажиллуулахаар шийдвэрлэгдэж, цалинтай тэнцүү хэмжээний нөхөн олговроо авч, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаа Б******* ТӨХХК-аар нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацаандаа өөр ямар нэгэн байгууллагад ажиллаагүй бөгөөд ямар нэгэн бизнес эрхлээгүй тул хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй бөгөөд тус байгууллагад ажиллаж буй бусад мэргэжилтнүүдийн нэгэн адил 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаад өгөхөд болно гэж хэлсэн болно. Би ч яг л Б.Д******* мэргэжилтэнтэй адилхан бодолтой байгаагаа илэрхийлээд л ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байв. Нэмж хэлэхэд манай гэр бүл жил бүр АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлэг-ээ гаргаж хянуулдаг гэдгийгээ ч илэрхийлсэн болно. Энэхүү нэхэмжпэлийг гаргаж буй ажилтан Ц.Ө******* болон ажил олгогч Б******* ТӨХХК хоёрын хооронд Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хугацаагүйгээр байгуулсан болно. Уг хөдөлмөрийн гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. Б******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ц.Ө******* намайг Б******* ТӨХХК-ийн Үйлдвэрлэл технологийн албаны Вирусийн биобэлдмэл үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн эрхлэгчээр ажиллуулах Б/440 тоот тушаал гаргасныхаа дараа ч, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б******* ТӨХХК-ий Үйлдвэрлэл технологийн албаны даргаар ажиллуулах Б/51 тоот тушаал гаргасныхаа дараа ч шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, өмнө нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хугацаагүйгээр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг өөрчлөхгүйгээр үргэлжпүүлж ажиллуулсан нь ч Ц.Ө******* бол шинээр томилогдсон ажилтан биш гэдгийг нотлож буй хамгийн гол нотолгоо гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээ бол ажил олгогч, ажилтан хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг илэрхийлэх хамгийн гол бөгөөд чухал баримт бичиг мөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээгүйгээр аль нэгэн ажил олгогч нь хэн нэгэн ажилтанг нэг ч өдөр ажиллуулах ёсгүй хуулийн зохицуулалт бий. Б******* ТӨХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.У******* нь Ц.Ө******* намайг Монгол улсын гурван шатны шүүхийн шийдвэрээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/440 дугаар тушаал гаргаж цехийн эрхлэгчээр томилохын өмнө шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж түүнд хэдэнтээ бичгээр, утсаар хандаж байсан бөгөөд тэрээр 2022 оны 9 дүгээр сарын дундуур тус байгууллагын хүний нөөцийн менежер бөгөөд АТГ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Д*******тэй холбогдож "ашиг сонирхлын мэдүүлэг бөглөхийг надад зөвлөснөөр Б.Д******* нь 2022 оны 09 дүгээр сард надад АТГ- ын вэбсайт дахь холбогдох линкээр нь нэвтрэн, ашиг сонирхлын мэдүүлэг бөглөх код илгээснээр би нэвтрэн ороод ашиг сонирхлын мэдүүлэгээ бөглөсөн болно. Ц.Ө******* би 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бөглөсөн тэрхүү ашиг сонирхлын мэдүүлэгийг үндэслэн Б******* ТӨХХК-аас 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандан ..үйлдвэрлэл технологийн албаны вирусийн биобэлдмэл үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн эрхлэгчээр ажиллахаар нэр дэвшиж буй Ц******* овогтой Ө*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар баталгаажуулан, албан тушаалын тодорхойлолтыг үүгээр хүргүүлж байна. Хянан үзэж, хариу мэдэгдэхийг хүсье гэсний хариуд, Авлигатай тэмцэх газраас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 05/12853 тоотоор ....Б******* ТӨХХК-ий Үйлдвэрлэл технологийн албаны вирусийн биобэлдмэл үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн эрхлэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Ц*******ийн Ө*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг.... хянахад тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно.. гэж хариу ирүүлснээр Б******* ТӨХХК-ий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.У******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б/440 дугаар тушаалаа гаргасан нь тодорхой байгаа юм. Тэгээд ч шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон ажилтнаас ашиг сонирхлын мэдүүлэг авах нь угаасаа ойлгомжгүй бөгөөд тийм шаардлага хаанаас ч шаарддаггүйг учир мэдэх хүмүүс илэрхийлж байсан болно. Иргэн Ц.Ө******* би өмнөх жилүүдэд ажиллаж байсан туршлагаасаа ч, миний эхнэр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүний их эмчээр олон жил ажиллаж буй тул эхнэрийнхээ туршлагаас ч, манай гэр бүл сүүлийн жилүүдэд тасралтгүй хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаж өгч ирсэн практикаас ч мэдэх тул жилд нэг удаа тухайн оныхоо 02 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргадаг жишгээрээ энэ 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлын өрөөндөө сууж байгаад хөрөнгө орлогын мэдүүлэгээ хүний нөөцийн менежер асан Б.Д******* мэргэжилтний гаргаж өгсөн ( Б.Д******* нь тухайн үед мөн л ажпаасаа хууль бусаар халагдчихсан байсан бөгөөд Б******* ТӨХХК дахь Авлигатай тэмцэх газартай холбоотой асуудлыг хариуцаж буй гэх өмнө нь Авлигатай тэмцэх газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд хууль зөрчиж Б******* ТӨХХК-д хуулийн зөвлөх гэх орон тоонд ажиллаж буй Ж.С нь тус байгууллагаас хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөх шаардлагатай мэргэжилтнүүдийг АТГ-тэй холбож, хөрөнгө орлогын мэдүүлэгийг нь бөглүүлэх үйл ажиллагааг хийх үүрэгтэй боловч түүнийгээ биелүүлэхгүй байсан тул) кодоор нэвтрэн бөглөөд, хөрөнгө орлогын мэдүүлэгийг амжилттай бөглөсөнг гэрчлэх 1 хуудсыг нь 2% хэвлэж гаргаад, вирусийн биобэлдмэл үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн биобэлдмэлчин Л.Таар дамжуулан Ж.Сд хүргүүлэн 1%-ийг нь түүнд хадгалуулан үлдээж, 1%-ийг нь би авсан байгаа болно. Иймээс иргэн Ц.Ө******* би 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаад өгчихсөн бөгөөд тус байгууллагын холбогдох мэргэжилтнүүд нь хуулийн хугацаандаа хяначихсан, надад ямар нэгэн зөрчил үгүй гэдэгт огт эргэлзэхгүй байна. Ийнхүү Ц.Ө******* би 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хөрөнгө орлогын мэдүүлэгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж өгснөөс хойш ердөө 2 долоо хоног буюу 14 хоногийн дараа 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б******* ТӨХХК-ийн захирлын үүргийгтүр орлон гүйцэтгэгч Д.У******* нь Б/51 тоот тушаал гаргаж Ц.Ө******* намайг өмнө нь олон жилийн турш ажиллаж байсан Б******* ТӨХХК-ийн үйлдвэрлэл технологийн албаны даргаар эгүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн болно.

Энэхүү Б/51 тоот тушаалыг гаргахаасаа өмнө нь ч, гаргасныхаа дараа ч надад хандаж хэн нэгэн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахыг мэдэгдээгүй болно. Ц.Ө******* миний тухайд нэг жилийн дотор хэд хэдэн удаа хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг, эсвэл хөрөнгө орлогод нь огт өөрчлөлт гараагүй байхад ердөө хоёр долоо хоног тутамд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг хуулийн зохицуулалт бий эсэхийг огт мэдэхгүй. Б******* ТӨХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.У******* нь ч өмнө нь тус байгууллагад 29 жил ажилласан, мөн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэх албан бичиг нь ирчихсэн, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ц.Ө******* нь Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлэгээ цахимаар гаргаж хүргүүлээд баталгаажуулчихсан бөгөөд холбогдох мэргэжилтэнд нотолгоогоо гаргаад өгчихсөн байгааг мэдэж байсан бөгөөд Б******* ТӨХХК-ийн Үйлдвэрлэл технологийн албаны даргаар Ц.Ө*******ыг томилж буй нь Монгол улсын анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдийн шийдвэрүүдийг хэрэгжүүлж буй үйл явц учраас хэнтэй ч зөвшилцөхгүй бүрэн эрх, үүргийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан нь тэр байх гэж үзэж байгаа болно. Б******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.У******* нь өнгөрсөн хугацаанд тасралтгүй үргэлжилж байсан маргааныг шийдэж намайг Б******* ТӨХХК-ийн үйлдвэрлэл төхнологийн албаны даргын ажпын байранд эгүүлэн ажиллуулахаар шийдэх хүртэл миний хөрөнгө орлого яаж өөрчлөгдөнө гэж төсөөлж буй нь огт ойлгомжгүй. Б******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй М.Э******* болон тэрээр тус байгууллагад хууль зөрчин дагуулж ирсэн, өмнө нь Авлигатай тэмцэх газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчихаад, одоо Б******* ТӨХХК-д ирээд энэ мэт хууль бус, зүй бусыг үйлдээд явж буй Ж.С нарын энэхүү хувь хүний ажил амьдралыг тоглоом шоглоом болгож, нарийн мэргэжлийн биотехнологийн үйлдвэрийг дампууруулах зорилго агуулж, үйл ажиллагааг нь доголдуулж, мэргэжлийн удирдлагагүй, мэргэшсэн мэргэжилтэн хүний нөөцгүй болгохын тулд улайран хийж буй хорлонт үйлдлийг таслан зогсоох алхамыг хийх нь энэхүү хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлын салшгүй хэсэг нь байх юм. Энэхүү нэхэмжлэлийг гаргаж буй Ц.Ө******* би Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн актад нийцүүлэн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б******* ТӨХХК-ий дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргаад, 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 38 минутанд электрон шуудангаар хариугаа авсан бөгөөд улмаар 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасныг, тус хороо нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хурлаараа Ц.Ө******* миний гомдлыг хэлэлцэн, хорооны шийдвэрээ 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бичгээр гаргаж өгөөд, уг шийдвэрийг гардан авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд хандах зохицуулалтад нийцүүлэн ийнхүү нэхэмжлэлээ гаргаж буй нь энэ болно.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Буруу албан тушаалд томилсон үйл явц нь маргаантай үргэлжилж байх хооронд Б******* ТӨХХК-ийн н.У******* гэдэг хүн тэр алдаагаа ойлгосон юм уу, яасан юм 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буцаан маргаантай үргэлжилж байсан алба тушаалд томилж, гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болохоор шинээр ажил албан тушаалд томилоогүй. Ингээд ажлаа аваад 3 хоногийн дараа ажлаасаа халагдаад одоогийн захирал н.Э гэдэг хүн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирсэн. Тэгээд 1 сар гаран ажиллаж байгаад 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ц.Ө******* надтай ажиллах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гараад, ямар ч хурал зөвлөгөөн хийгээгүй. 04 дүгээр сарын 04-ний өдөр Захиргааны албаны дарга н.Б******* гэдэг хүнээр таныг ажлаас чөлөөлсөн тухай бичиг өгсөн. Би энэ талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөөгүй, шүүр ажиллагааны хүрээнд халсан гэдэг зүйлийг хэлсэн. Гэтэл хөрөнгө оруулгын мэдүүлэг нь үйлдвэрийн ажилтан өөрөө санаачилгаараа бөглөдөг зүйл биш, захирал нь тушаал гаргахаас өмнө, хүний нөөц, Авлигатай тэмцэх газартай холбоотой юм билээ. Гэтэл тэр тэтгэвэрт гараад 3 жил болж байгаа н.С эмэгтэй өмнө авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан тэр хүний ажил байсан юм билээ. Би яагаад мэдэх вэ гэсэн, гэтэл нөхдүүд та маш яаралтай ажлаа чөлөөлж өг, надад 2 цагийн хугацаа өгнө үү гээд би 2 цагийн дотор бичиг баримт, өрөө тасалгаагаа янзлаад гарсан. Тэгээд би тухайн үедээ уг ажлыг нь хариуцаж байсан н.Д******* гэдэг мэргэжилтнээс хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөх юм уу гээд асуусан чинь гурван шатны шүүхээр өмнөх ажилдаа орж байгаа хүн дараа оны 2 сарын 15-ны дотор энд ажиллаж байгаа хүмүүстэйгээ адилхан гаргачих юм байна та шаардлагагүй гэсэн. Тэгэхээр нь би чи дахин лавлаарай гэсэн. Баталгаажуулаарай гэсэн тэгэхэд Авлигатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцдаг н.Баярсайхан гэдэг хүнээс асуулаа өмнөх ажилдаа шүүхийн шийдвэрээр томилогдож байгаа хүн шинэ ажилд орж байгаа ажилтантай адилхан хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөхгүй юм байна хэлсэн гэж хэлээд намайг шаардлагагүй гэсэн. Тэгээд би 2023 оны 02 дугаар сарын 15-ны дотор гаргах ёстой юм чинь гээд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр надад өгсөн бөглөдөг зүйлийг бөглөөд нэг хувийг нь өөртөө үлдээгээд, нөгөө хувийг гарын үсэг зураад одоо тэр ажлыг хариуцаж байгаа н.С гэдэг хүнд өгөөд н.Т гэдэг хүнд өгсөн. Ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол ажил олгогч талын хариуцсан мэргэжилтэн урьдчилсан хэлэлцүүлэг зайлшгүй хийнэ гэсэн байгаа. Ингэж чөлөөлөх байтал урд өдөр нь шийдвэрээ гаргачихаад, маргааш нь өдөр ерөнхий инженер н.Б******* над руу явуулсан ийм процесс байдаг. 30 жил тэр байгууллагад ажилласан, ямар нэгэн хувийн компанид ажиллаж байсангүй, өөр ямар нэгэн орлого миний данс руу орж байгаагүй. Манай гэр бүл сүүлийн 20 гаруй жил хөрөнгө оруулгын мэдүүлэг өгч байгаа. Нөгөө 3 ханатай байшин, 1 эвдэрхий машинаа бөглөж байгаа. Яагаад гэвэл манай эхнэр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмч байсан учраас, хэн аль нь Төрийн албан хаагч учраас хөрөнгө орлогыг нуух ямар ч боломж байхгүй. Их сургуульд төгсөөд дотор нь 30 жил ажиллаж байгаа хүнийг хална гэсэн заалт байхгүй шүү дээ. Тэгэхээр би орж гарсан ч гэсэн 30 жил Б******* ТӨХХК-д ажилласан 2 удаа үндэслэлгүйгээр халагдсан. Тэгээд ажилдаа орсон. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчихсөн байхад ердөө 14 хоногийн дараа халагдсан. Нэг ч төгрөгийн орлого аваагүй байхад дахин хууль зөрчсөн байна гээд халсан. Маш их гомдолтой байгаа. Зүв зүгээр байж байтал хүний ажлыг булааж авсан. Монгол улсын Үндсэн хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан зарчмыг зөрчсөн. Яасан нь мэдэгдэхгүй ажлаас халсан. Яах вэ би улс төрийн нөлөөлөл орсон байх магадлалтай байх, гэхдээ энэ баталгаажаагүй. Ямар нэгэн байдлаар ажлыг доголдуулсан, үйлдвэрийг хохироосон, дотроосоо хулгай хийсэн ч гэдэг ч юм уу, архи тамхи хэрэглэсэн ч гэдэг юм уу, зодоон хийсэн ч гэдэг юм уу, захиралтай ам зөрсөн ч юм уу тийм зүйл огт байхгүй. Хэдийгээр бид нарын цалин 14 000 000-15 000 000 төгрөг биш, ердөө 1 500 000 төгрөг түүн дээр, мэргэжлийн зэргийн 20 хувь, хортой нөхцөлийн 10 хувь, ур чадварын 25 хувь нэмэгддэг өөр нэмэгдэл байхгүй. Гэтэл би насаараа энэ мэргэжлийн ажлаа сэтгэлээсээ л хийж байгаа хүн, тиймээс дөнгөж шүүхийн шийдвэрээр томилчихоод дахин халж байгаад гомдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогчоос Ц.Ө*******той холбоотой хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэхдээ удаа дараа түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байсан болох нь хэрэгт хавсаргасан баримтуудаар тогтоогддог. Тэр ч байтугай гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг санаатайгаар удаа дараа биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Өнөөдрийн маргааны яг гол эх үндэс ч гэсэн шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлээгүй, ийм үйлдэл гэж харж байгаа, хэлбэр төдийд биелүүлсэн, зүгээр л ажилд нь томилсон болоод л үл ялиг шалтгаанаар ажлаас чөлөөлчихдөг ийм үйл баримт энэ хэрэгт ерөнхийдөө харагдаж байна. Өнөөдөр ганцхан энэ Ц.Ө******* гэлтгүй төрийн өмчит компаниудад бий болж байгаа хөдөлмөрийн харилцааны хамгийн том зөрчилтэй асуудлуудыг нэг жишиг юм. Тэгэхээр Ц.Ө*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ томилогдсоноос хойш 30 хоногийн дотроо хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөөгүй, албаны даргаар томилогдохдоо хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт танилцуулаагүй гэдэг шалтгаанаар Авлигын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3, 10.5, 13 дугаар зүйлийн 13.8.4-д заасныг үндэслээд ажлаас чөлөөлсөн гэсэн ийм агуулгатай байдлаар тушаалыг гаргасан байдаг. Нэгдүгээрт Ц.Ө*******, Б******* ТӨХХК-ийн нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн хөдөлмөрийн харилцаа үүсгэхийнхээ хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг тухайлан хэрэглэх ёстой. Хүний хөдөлмөрлөх харилцаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүнд дурдсан 2 талуудын тохиролцоогоор шийдэгдэнэ. Тэгэхээр тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтаар нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас цуцалж байгаа үндэслэл тогтоогддог. Тэгэхдээ 80 дугаар зүйлийн 80.1 дүгээр зүйлийн ямар зүйл заалтаар нь ажлаас чөлөөлчхөж байгаа гэдэг үйл баримтыг олж хараагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар энэ тушаалыг гаргахдаа ажил олгогч нь ажилтнаас тайлбар, мэдүүлэг авсан уу, үгүй юү гэдэг ийм асуултууд байна. Хуулиар үүрэг болгосон. Ажилтнаас сахилгын үндэслэл үү, бусад үндэслэлээр ажлаас чөлөөлөх, ажил олгогч нь өөрт нь үүрэг болгочихсон байгаа. Ер нь ажлаас чөлөөлөх гэж байгаа бол чөлөөлөх гэж байгаа үндэслэлээ танилцуулаад бичгээр тайлбар аваад энэ талаар тэмдэглэл үйлдэнэ гэсэн зарчмын заалт биелэгдээгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 21 дүгээр зүйлийн 21.8-т зааснаар заавал сонсох ажиллагаа явуулж баталгаажуулна гэсэн. Эдгээр үндэслэлүүд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай тушаал өөрөө хүчин төгөлдөр хууль бус тушаал гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо дуусгавар болгосон агуулгатайгаар гаргасан, дуусгавар болгосон хөдөлмөрийн гэрээг цуцлах юм уу, дуусгавар болгоод байна уу гэдэг энэ асуудлын хууль зүйн үндэслэлийг нь харж үзвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэдэг үгийг нь шууд бичгийг нь аваад үзэх юм бол 78 дугаар зүйлийг барина гэж үзээд байгаа юм. Хөдөлмөрийн хуулийн хөдөлмөрийн хуулийн 78 дугаар зүйлийн аль нэг зүйл заалт гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Ийм учраас эдгээр хуулийн зүйл заалтуудыг бүгдийг нь зөрчөөд ийм тушаал гаргасан нь нэгдүгээрт хүчин төгөлдөр хуулийн шийдвэрийг санаатайгаар үл биелүүлсэн. Хоёрдугаарт хууль зүйн үндэслэлгүй тушаал шийдвэрийг гаргаж Ц.Ө*******ын хөдөлмөрлөх эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэрүүдийг гаргасан байна. Хавтаст хэрэгт Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн удаа дараагийн албан бичгүүдээр Ц.Ө******* нь цехийн эрхлэгч болон бусад албан тушаалд томилогдохдоо удаа дараа ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж байсан гэдэг нь тухайн бичгүүдээс нотлогддог. Тухайн албан тушаалд томилогдохоос өмнө хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөлүүлэх үүрэг нь хэнд байдаг юм гэх юм бэ гэвэл байгууллагын захиргаанд, захиргаанд тухайн албан тушаалтныг томилохоосоо өмнө хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглүүлж аваад түүнийг нь Авлигатай тэмцэх газар очиж хянуулаад эргээд тушаалаа гаргах уу, үгүй юу гэдэг энэ процессын л ажиллагаа чинь явагдана шүү дээ. Гэтэл энийг шууд шүүхийн шийдвэрийг биелүүлж тушаалаа гаргаад, энэ буруугаа ажилтан руу нялцайж байгаа ийм үйлдэл байж болохгүй. Энэ нь хуулийн заалтад нийцэхгүй. Иймд Ц.Ө*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Цалин хөлстэй холбоотой асуудал нь Хөдөлмөрийн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэсэн зүйл заалтыг үндэслэж болгож бодсон. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш өнөөдрийг хүртэл 267 хоногоор цалинг бодож үзэхэд 32 341 376 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Авлигатай тэмцэх Шүүр ажиллагааны хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ний 01/1115 тоот албан бичгээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар нь Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомжоор тогтоосон шаардлагыг зөрчиж томилогдсон албан хаагчийг ажлаас чөлөөлөх чиглэлийн дагуу Б******* ТӨХХК-ын гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 18ны өдрийн Б/440 дүгээр тушаалаар томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хуульд заасан хугацаанд хувийн сонирхол, хөрөнгө орлогын /ХАСХОМ/ мэдүүлээгүй. Б******* ТӨХХК-ын захирлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар цехийн эрхлэгчээс Үйлдвэрлэл технологийн албаны даргаар томилогдохдоо Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг /ХАСХУМ/ Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон Үйлдвэрлэл технологийн албаны дарга ажилтай Ц******* овогтой Ө*******ыг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд хууль ёсны үйл ажиллагаа хийгдсэн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт сая дурдаж байсан н.У******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ц.Ө*******ыг цехийн эрхлэгчийн албан тушаалд томилсон гэрээ байдаг. Мөн авилагтай тэмцэх газар өмнө ирж байсан баримтууд, авлигатай тэмцэх газраас өөрийнх нь бөглөсөн бичгүүдэд дандаа цехийн эрхлэгч гэж ирдэг. Үйлдвэр б*******ын албаны дарга гэж байдаггүй. Үүнийг маш тодорхой хэлмээр байна. Яг одоо сүүлд ажиллаж байснаараа би дарга байсан дарга болох ёстой гэж яриад байгаа болохоос биш тухайн үеийн нэршил нь үйлдвэр технологийн албаны дарга цехийн эрхлэгч гэж байж байгаад шүүхийн шийдвэрээр мөн ижил хэмжээний албан тушаалд томилохыг даалгаад н.У******* захирал томилсон байдаг. Ингээд н.У******* захирал нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Вирусийн б******* үйлдвэрийн 2 дугаар цехийн эрхлэгчээр томилсон байдаг. Ингээд томилохоос өмнө тухайн албан тушаалд энэ хүн тохирохгүй үгүй юу гэдгийг авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүлгийг өгөх ёстой байсан. Гэхдээ өгөөгүй, одоогийн захирал н.Э гээд байгаа юм М.Э биш шүү дээ, өмнөх захирал н.У******* захирал томилсон. н.У******* захирал томилохдоо авлигатай тэмцэх газрын хариу ирээгүй байхад албан тушаалд томилчихсон байсан. Ингээд томилохдоо н.Э захирал ажлыг нь хийлгээд байж байсан. Гэтэл Засгийн газрын шүүр ажиллагаатай хүрээнд нэхэмжлэгч хамаарч халагдсан байдаг. Тэгэхээр яагаад нэхэмжлэгч нь хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөх ёстой байсан бэ гэхээрээ Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан гэж заасны дагуу бөглөх байсан. Нэхэмжлэгч нь цех ахлаж байсан учраас цехийн эрх бүхий албан тушаалтан байсан. Дараа нь үйлдвэр технологийн албаны даргын албан тушаалд хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөөгүй. Үүнд хэн нэгэн хүн хамааралгүй, буруугүй, өмнө нь энэ ажлыг хийж байсан, удаан ажилласан туршлагатайг хүн тэгэхээр энэ талаар мэдэж байсан. Хэн нэгэнд буруу өгөх биш, өөртөө л дүгнэлт хийх ёстой байх гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Б******* ТӨХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/104 дүгээр Ц.Ө*******той хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай захиралын тушаал, №02 тоот Хөдөлмөрийн гэрээ, хавсралт, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б******* ТӨХХК-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, Б******* ТӨХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай тоот, Б******* ТӨХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, Б******* ТӨХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 дүгээр Ц.Ө*******той хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай захиралын тушаал, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/51 дүгээр Ц.Ө*******ыг ажилд эгүүлэн авч хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2022/21594 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2023/02926 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2022/12952 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1248 дугаар Гүйцэтгэх хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 729 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 818 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт /1хх-ийн 11-45, 149-183, 2хх-ийн 55-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.М*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/1115 тоот албан бичиг, Б******* ТӨХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/104 дүгээр Ц.Ө*******той хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай захиралын тушаал, ирсэн бичгийн бүртгэл, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ХЭГ/701 тоот Арга хэмжээний хэрэгжилтийн дүнг нэгтгэн ирүүлэх тухай, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот Чиглэл хүргүүлэх тухай бичиг, Б******* ТӨХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 дүгээр Ц.Ө*******той хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай захиралын тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Б******* ТӨХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1/331 тоот албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Баталгааны маягт, цалин хөлсний бүртгэл, нэмэлт тайлбар, Б******* ТӨХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/447 дугаар Эрх бүхий албан тушаалтай томилох тухай тушаал, баталгааны маягт, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ХЭГ/701 тоот Арга хэмжээний хэрэгжилтийн дүнг нэгтгэн ирүүлэх тухай албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот албан бичиг, Б******* ТӨХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/17 дугаар Авлигын эсрэг үйл ажиллагааны 2023 оны төлөвлөгөө батлах тухай тушаал, ХАСХОМ гаргагчдад зөвлөх бичиг, ХАСХОМ гаргагчдад гэх бичиг, хавсралт, цалингийн хүснэгт, Ажиллагсдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө /1хх-ийн 62-63, 71-77, 90-141, 195-200, 2хх-ийн 49-54-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газраас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05/12853 дугаар Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай бичиг, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай танилцуулга, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б******* ТӨХХК-иас Б******* ТӨХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тогтоол, Хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Б.Д*******г дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газраас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05/12853 дугаар Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай бичиг, Авлигатай тэмцэх газраас Авлигатай тэмцэх газраас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05/12853 дугаар Хувийн ашиг сонирхлын урьдилсан мэдүүлэг хянасан тухай, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, Б******* ТӨХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1/331 тоот албан бичиг, Албан тушаалын тодорхойлолт, маягт, Б******* ТӨХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тогтоол, Б******* ТӨХХК -иас Хөдөлмөрийн дотоод журам /1хх-ийн 68, 82-84, 210-227, 236-237, 240, 2хх-ийн 6-47-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Ц.Ө******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/104 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах,

-хөдөлмөрлөх эрхийг сэргээж Б******* ТӨХХК-ийн үйлдвэрлэл технологийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоох,

-ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцүү хэмжээний нөхөн олговрыг гаргуулах,

-эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардсан.

3.Хариуцагч Б******* ТӨХХК нь ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчөөгүй, Засгийн газрын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангахаар хууль тогтоомж зөрчиж томилогдсон албан хаагчийг ажлаас чөлөөлөх чиглэлийн дагуу ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэгч Ц.Ө******* нь хуульд заасан хугацаанд хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй, зохих газарт хянуулаагүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Ц.Ө******* нь хариуцагч Б******* ТӨХХК-д 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 дүгээр Ц.Ө*******той хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай захирлын тушаалаар Үйлдвэрлэл технологийн албаны Вирусын биобэлдмэл үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн эрхлэгчээр, 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/51 дүгээр Ц.Ө*******ыг ажилд эгүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай захирлын тушаалаар Үйлдвэрлэл технологийн албаны даргаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

4.2.Б******* ТӨХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/104 дугаартай Ц.Ө*******той хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай захирлын тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлин 83.1, 83.2 дахь, Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.5, 13.8.4 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5, 29.2.4 дэх хэсэг, Компанийн дүрмийн 9.8.10 дахь хэсэгт заасныг үндэслэн Авлигатай тэмцэх Шүүр ажиллагааны хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар, Хүнс, Хөдөө аж ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/1115 тоот албан бичгээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар нь Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомжоор тогтоосон шаардлагыг зөрчиж томилогдсон албан хаагчийг ажлаас чөлөөлөх чиглэлийн дагуу Б******* ТӨХХК-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 дүгээр тушаалаар томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хуульд заасан хугацаанд хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХАСХОМ/ мэдүүлээгүй, Б******* ТӨХХК-ийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар цехийн эрхлэгчээс Үйлдвэрлэл технологийн албаны даргаар томилогдохдоо Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг /ХАСХУМ/ Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон тул Үйлдвэрлэл технологийн албаны дарга ажилтай Ц******* овогтой Ө*******ыг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

4.3.Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тухай 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/104 дугаартай Ц.Ө*******той хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан болох нь 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б******* ТӨХХК-ийн №002 дугаартай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №76 дугаартай Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд талууд харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан тухай гомдлоо шүүхэд гаргасан байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцласан талаар байх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан талаараа маргаагүй болно.

 

6.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шийдвэрээр Ц.Ө*******ын нэхэмжлэлтэй, Б******* ТӨХХК-д холбогдох Б******* УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаалын Ц.Ө*******од холбогдох хэсэг, мөн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг баримтлан Ц.Ө*******ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын албан тушаалд томилохыг Б******* ТӨХХК-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б******* ТӨХХК-иас 63.048.177 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ө*******од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Б******* ТӨХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

6.1.Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 729 дугаартай магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ө*******ыг Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчийн ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч Б******* ТӨХХК-д даалгаж гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6.2.Улсын дээд шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 818 дугаар тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 729 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 гэсний дараа 36 дугаар зүйлийн 36.2 гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.3.Уг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч тал буюу ажил олгогч Б******* ТӨХХК нь нэхэмжлэгч буюу ажилтан Ц.Ө*******ыг өмнө эрхэлж байсан Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчийн ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 дүгээр тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Үйлдвэрлэл технологийн албаны Вирусын биобэлдмэл үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн эрхлэгчээр, 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Үйлдвэрлэл технологийн албаны даргаар эгүүлэн томилсон болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/12952 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 183/ГХ2022/01248 дугаартай гүйцэтгэх хуудас, Б******* ТӨХХК-ийн тушаалаар тус тус нотлогдож байна.

 

7.Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон байхад Засгийн газрын шүүр ажиллагааны хүрээнд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн, энэ талаар сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

7.1.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Засгийн газраас хэрэгжүүлсэн Шүүх ажиллагааны хүрээнд хууль нийцүүлэн цуцласан, нэхэмжлэгчийг нийтийн албан тушаалд томилогдохдоо хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй гэж мэтгэлцсэн.

7.2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ, 29.2.4-т энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах гэж, Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй, 10.5-д Хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.3, 10.4-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол гаргаж өгөөгүйд тооцно, 13.8.4-д нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах гэж тус тус заасан байна.

7.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд ажлыг нь түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна, 83.2-д Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэжээ.

 

7.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-д зааснаар буюу эрх бүхий байгууллага шаардсанаар дуусгавар болсон, энэ нь хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх Шүүр ажиллагааны хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар албан бичиг, Хүнс, Хөдөө аж ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны сайдын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/1115 тоот албан бичгээр өгсөн чиглэлээр тогтоогдоно гэсэн.

7.6.Хэрэгт авагдсан Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн 6-д нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн байна.

7.7.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 дүгээр тушаалаар цехийн эрхлэгчээр томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хуульд заасан хугацаанд хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХАСХОМ/ мэдүүлээгүй, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Үйлдвэрлэл технологийн албаны даргаар томилогдохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг /ХАСУМ/ Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй хууль зөрчин томилогдсон болох нь телеграммд байршуулсан мэдээлэл, Ж.Сийн мэдэгдэл, баталгааны маягт, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгүүдээр тогтоогдоно гэж мэтгэлцсэн.

7.8.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь уг албан тушаалд шинээр томилогдоогүй, урьд эрхэлж байсан ажлын байрандаа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээ үргэлжилсэн, цехийн эрхлэгчээр томилоход ХАСУМ хянуулсан, тухайн тайлант хугацаандаа хөрөнгө орлогын мэдүүлэг буюу ХАСХОМ мэдүүлсэн, үйлдвэрлэл технологийн албанд томилохдоо ХАСУМ хянуулаагүй нь ажилтнаас хамаарахгүй, байгууллага өөрсдөө хянуулахаар хүргүүлээгүй нь ажилтны буруу биш гэж тайлбарласан.

 

8.Хэрэгт авагдсан Б******* ТӨХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1/331 албан тоотоор тус компанийн үйлдвэрлэл, технологийн албаны Вирусын биобэлдмэл үйдвэрлэлийн хоёрдугаар цехийн эрхлэгчээр ажиллахаар нэр дэвшиж буй Ц.Ө*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар баталгаажуулан албан тушаалын тодорхойлолтын хамт хүргүүлжээ.

8.1.Авлигатай тэмцэх газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05/12853 дугаартай Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичгээр ...Б******* ТӨХХК-ийн Үйлдвэрлэл, технологийн албаны Вирусын биобэлдмэл үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ц.Ө*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хянахад тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоо тогтоогдоогүй болно гэжээ.

8.2.Мөн 2023 оны 1 сарын 26-ны өдрийн Баталгааны маягтад Ц.Ө*******, цехийн эрхлэгч гэсэн байх бөгөөд уг албан тушаалд шинээр томилогдоогүй тул тайлант хугацаандаа ХАСХОМ мэдүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байх тул шинээр томилогдсон гэж баталгааны маягтыг бөглөөгүй гэж буруутгах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

9.Мөн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 03/13801 дугаар албан бичгээр ...Ц.Ө******* нь Б******* ТӨХХК-ийн үйлдвэрлэл, технологийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшихдээ өөрийн хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг тус байгууллагын мэдүүлгийн бүрдүүлэлтийн системд цахимаар мэдүүлсэн байна гэсэн байх бөгөөд хавсарган ирүүлсэн 2023.08.31 өдрийн Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай танилцуулгад ...ХАСУМ хянуулах үндэслэл: шинээр томилогдох, Ц.Ө*******, нэр дэвшиж буй албан тушаал үйлдвэрлэл технологийн албаны дарга /дүгнэлт: Б******* ТӨХХК-ийн үйлдвэрлэл технологийн албаны дарга албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ц.Ө*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг хянан үзэхэд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно гэжээ.

9.1.Хэрэгт авагдсан Авлигатай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 03/6970 дугаар албан бичигт ...тус компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны Вирусын биобэлдмэл үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ц*******ийн Ө*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1/331 дугаартай албан бичгийг албан тушаалын тодорхойлолтын хамт ирүүлсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйл (Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах)-ийн 23.6-д заасныг үндэслэн Ц.Ө*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05/12853 дугаартай албан бичгээр түүнийг дээр дурьдсан албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүйг мэдэгдсэн.

9.2.Ц.Ө******* нь Б******* ТӨХХК-ийн Үйлдвэрлэл технологийн албаны даргын албан тушаалд нэр дэвшин 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мэдүүлгийн цахим систем (meduuleg laac.mn)-д хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ баталгаажуулсан байсан боловч Б******* ТӨХХК-ийн томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар энэхүү мэдүүлгийг хянуулах тухай албан бичгийг тус байгууллагад ирүүлээгүй байна. Тус газарт Б******* ТӨХХК-ийн 1/331 дугаартай албан бичгийг ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд мэдүүлгийн цахим систем (meduuleg.iaac.mn)-д Ц.Ө*******од холбогдох мэдүүлэг баталгаажаагүй, мөн компаниас Ц.Ө*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ямар албан бичиг, баримт ирүүлээгүй бөгөөд энэ тухай бүртгэл байхгүй болно гэсэн байна.

 

9.3.Дээрх баримтаар хариуцагч Б******* ТӨХХК нь нэхэмжлэгч Ц.Ө*******ыг Үйлдвэрлэл технологийн албаны Вирусын биобэлдмэл үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн эрхлэгчээр эгүүлэн томилохдоо хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1/331 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05/12853 дугаартай албан бичгээр мэдүүлгийг хянасан болох нь тогтоогдож байх бөгөөд мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг Үйлдвэрлэл технологийн албаны даргаар томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т зааснаар хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгчийг хууль зөрчин томилогдсон гэж буруутгасан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

9.4.Мөн гэрч Ч.Д*******гийн ....Хуулиараа урьд эрхэлж байсан албан тушаалдаа эргэн тогтооход урьдчилсан мэдүүлэг өгөх шаардлагагүй байдаг. Урьдчилсан мэдүүлгийг н.У******* дарга заавал явуулна гэхээр нь би Авлигатай тэмцэх газрын хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар явуулсан байсан. Тэрний дагуу 10 дугаар сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх газраас вирусийн хоёрдугаар цехийн эрхлэгчээр томилоход асуудалгүй гэсэн шийдвэр ирчихсэн байсан гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

9.5.Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-д зааснаар эрх бүхий байгууллага шаардсанаар буюу Шүүр ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх боловч уг Шүүр ажиллагааг хэрэгжүүлэхээр байгууллагад чиглэл өгөхдөө албан тушаалд хууль бусаар томилогдсон бол хэрэгжилтийг хангах талаар тодорхой заасан байхад нэхэмжлэгчийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохдоо хууль зөрчиж томилогдсон гэж эрх бүхий байгууллагын шаардсанаар буюу Шүүр ажилллагааны хүрээнд хөдөлмөрийн гэрээг цуцласан гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

10.Иймд нэхэмжлэгч Ц.Ө*******ыг Б******* ТӨХХК-ийн Үйлдвэрлэл, технологийн албаны даргын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг гаргуулахаар шийдвэрлэв.

 

11.Нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/104 дугаартай Б******* ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал М.Эын Ц.Ө*******той хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан боловч шүүхээс тушаалыг хуульд нийцээгүй гэж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан үйлдвэрлэл технологийн албаны даргын ажлын байранд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн бөгөөд цаашид уг тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

 

12.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.

12.1.Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртлэх хугацааны дундаж цалинг тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 2 462 941 төгрөг /1сар 2 058 000+2сар 2 454 823+3сар 2 876 000=7 388 823:3=2 462 941төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны буюу 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 19-ний хүртлэх 12 сар 12 хоногийн цалин нийт 30 940 692 төгрөгийг /1сар 23 хоног, 2сар 21 хоног, 3сар 20 хоног нийт 64 хоног, 7 388 823:64хоног=115 450 төгрөг, 115 450 х12хоног=1 385 400 төгрөг, 2 462 941х12сар=29 555 292 төгрөг, 29 555 292+1 385 400=30 940 692 төгрөг/ хариуцагч Б******* ТӨХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

13.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж зааснаар хариуцагч Б******* ТӨХХК-д нэхэмжлэгч Ц.Ө*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ц.Ө******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б******* ТӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 312 653 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Галзад овогт Ц*******ийн Ө*******ыг Б******* ТӨХХК-ийн Үйлдвэрлэл, технологийн албаны даргаар эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Б******* ТӨХХК-иас нэхэмжлэгч Ц.Ө*******ын ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 30 940 692 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ө*******од олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч Б******* ТӨХХК-д нэхэмжлэгч Ц.Ө*******ын ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ө******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б******* ТӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 312 653 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                                 

ДАРГАЛАГЧ Д.ХУЛАН