Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 189

 

Д.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/03171 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Ч,

Хариуцагч: Ш нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: С.Ч 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байрны түрээсийн төлбөр нэхэгдээд байна, туслаач гэсэн, нөхөр нь хятад хүн тул боломжтой гэж бодож Төрийн банкнаас өөрийнхөө хадгаламжийн дэвтрээ барьцаалж 6 500 000 төгрөгийг хүүгүй, 2 сарын хугацаатай зээлсэн. Бид хоорондоо бичгийн гэрээ хийгээгүй.

Нөхөр болох Шаас асуухад байрны түрээс төлөхөөр зээлж авсан мөнгөө эхнэр С.Чд өгсөн, надад хамаагүй гэж хэлдэг, С.Ч удахгүй танд өгнө гэдэг байсан.

2014 оноос хойш удаа дараа нэхэмжлээд өгөөгүй учир 2017 оны 1 сард цагдаагийн байгууллагад хандсан. Дараа нь Хан-Уул дүүргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Тэр үед төлнө гэсэн баталгаа гаргаж өгсөн. Би энэ хүмүүст итгээд Хадгаламжийн дэвтрээ барьцаалж зээл авсан болохоор өөрөө хүү төлж байсан бөгөөд х.Буяннэмэх, х.Цэрэнбат нараас мөнгө зээлж хадгаламж барьцаалсан зээлээ төлсөн.

Дараа нь хадгаламжаа хааж н.Буяннэмэх, н.Цэрэнбат нарын зээлийг төлсөн.

С.Чтай 3 удаа уулзсан ба эхний удаад мөнгө өгөөч гэж уулзсан, дараа нь н.Цэрэнбат мөнгөө нэхээд байхаар нь дагуулж очиж уулзсан, сүүлд нь хашаа байшингийн бичиг баримтыг барьцаалж 1 500 000 төгрөгийн зээл авч н.Цэрэнбатад өгөх гэж уулзсан. 2018 оны 6 сард нөхөр Штай уулзахад С.Ч танд өгнө гэж надаас мөнгө авсан, надад хамаагүй гэдэг байсан.

Өмнө нь 2013 онд хүү н.Жандав хэрэгт орсон өмгөөлөгчид мөнгө төлөх хэрэгтэй байна гэж 3 500 000 төгрөгийг зээлсэн ба уг мөнгөө 2013 оны 11 дүгээр сарын 13 нд дансаар 2 000 000 төгрөг, С.Чгийн дүү гэх н.Оюунсувдаас бэлнээр 1 500 000 төгрөгийг аваад дуусгасан.

Би 3 000 000 төгрөг аваагүй харин 900 000 төгрөг авсан. Иймд хариуцагч нараас       6 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Ч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд тайлбартаа: Би 2013 оны 3, 4 сарын үед Ч.Ааас 5 300 000 төгрөг авсан. Зээлийн хүүнд сар бүр 750 000- 790 000 төгрөгийг сар бүрийн 23-25-ны хооронд Хар хорин захын дэргэд бэлнээр өгдөг байсан. Ч.А баримт үйлдэж өгдөггүй байсан. Миний тооцоогоор 15 000 000-18 000 000 орчим төгрөг өгсөн. Би өөрийн 5019526049 тоот данснаас 2 000 000 төгрөг шилжүүлсэн.

Намайг мөнгөө дансаар битгий өгөөд бай гэж загнадаг, дандаа бэлнээр өг гэдэг байсан. Мөн чамд зээл авч өгье урьдчилгаанд 1 500 000 төгрөг өг гэхэд нь дүү н.Оюунсувдаас мөнгө зээлж, газрын бичиг баримттай хамт өгсөн. Хэсэг хугацааны дараа зээл чинь бүтэхгүй байна, 1 500 000 төгрөгийг 2 сарын хүүндээ авлаа гэсэн.

н.Оюунсувд мөнгөө нэхсэн учир түүний хамт Ч.Атай уулзахад эгчээсээ 1 500 000 төгрөг ав гэж хэлж байсан.

Би 2016 оны 8 сард Транскапитал банк бус санхүүгийн байгууллагаас 8 000 000 төгрөгийн зээл авч 3 000 000 төгрөгийг Ч.Ат өгсөн, үеэл дүүдээ 1 500 000 төгрөг өгсөн.

Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлал дээр очиж байсан. Манай нөхөр энэ зээлэнд хамааралгүй. Мөн цагдаагийн байгууллагад шалгуулж байх явцдаа дарамталж байгаад мөнгө өгнө гэсэн баталгаа бичиг бичүүлж, гарын үсэг зуруулсан. Мөн 900 000 төгрөг өгсөн, манай охины гар утсыг авсан. Ер нь 2 000 000 гаруй төгрөг өгсөн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ш /Х/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт миний үйлчлүүлэгч ямар ч хамааралгүй, Ч.А болон Ш нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй.

С.Ч мөнгө зээлж авсан тухайгаа хүлээн зөвшөөрдөг, авсан зээлийг буцаан төлж дуусгасан. Иймд Ш /Х/ зээлийг хариуцах үндэслэлгүй тул хариуцагчаас чөлөөлөх ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 283.2.д зааснаар хариуцагч С.Чгаас 5 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ат олгож, нэхэмжлэлээс 1 100 000 төгрөгийн шаардлагыг болон харицагч БНХАУ-ын иргэн Ш /Х/-г холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 950 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж хариуцагчаас 101 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн судлаагүй, хэт нэг талыг барьж буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс Ч.Аын гаргасан гомдлын дагуу шалгаж 2017 оны 1 дүгээр сарын 25-ны 465 тоот тогтоолд “2013 оны 2 дугаар сард С.Ч гэгч нь Ч.Ааас байрны түрээсийн төлбөр хэрэгтэй байна гэж хуурч мэхлэн 6 500 000 төгрөг залилсан гэх Ч.Аын гомдлыг иргэд хоорондын иргэний шинжтэй асуудал байна” гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ зээлийн хүссэн болон олгосон хугацааг Ч.А 2013 оны 2 дугаар сар гэж бичсэн нь тогтоолд тусгагджээ.

Мөн 2017 оны 1 дүгээр сард Ч.А Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт дахин гомдол гаргаж 2013 оны 2 дугаар сард Чулуунтуяад 6 500 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирч, зээлийн хүүг 2016 оны хүртэл авч байсан боловч үндсэн зээлийн хүүг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэсэн гомдол гаргаж байсан.

Үүний дараа Ч.А нь Улсын ерөнхий прокурорын газарт хандаж дахин гомдол гаргасан байдаг бөгөөд мөн гомдолдоо Чулуунтуяад 2013 оны 2 дугаар сарын үед 3,1 хувийн хүүтэй зээл авч бэлнээр өгсөнөө хэлсэн, С.Ч нь хүү хэрэгт орлоо гэж 8 хувийн хүүтэй 6 500 000 төгрөгийн зээл авсан. Бид 2 гэрээ хэлцэл хийгээгүй 2015 оны 12 дугаар сар хүртэл сар бүр 790 000 төгрөгийг өгч байсан гэсэн байдаг.

Улсын ерөнхий прокурорын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Улсын ерөнхий прокурорын газраас дээрх гомдлыг хянан шийдвэрлэх явцад иргэн С.Чгаас гаргаж өгсөн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Транскапитал ББСБ” аас 8 000 000 төгрөгийн зээл авсан зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 13-нд Хаан банкны 5100015778 дугаарын данснаас 2 000 000 төгрөгийг Ч.Аын 5019526049 тоот дансанд шилжүүлсэн гэх дансны дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 300 000 төгрөгийг Ч.Аын 5019526049 дугаартай данс руу шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг, Чулуунтуяагийн охин н.Саруулаас гарагсан тайлбар, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хадгаламжаа хаалгасан бичиг баримтуудыг үндэслэж Ч.Аын гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Дээрх баримтаас дүгнэвэл Ч.А нь 2013 онд С.Чд амаар зээлийн гэрээ байгуулж, түүндээ хүү тооцон мөнгө хүүлж байсан С.Чд 2 удаа буюу 2013 онд 3 500 000 төгрөг, 2014 онд 6 500 000 төгрөг зээлдүүлсэн гэж гүтгэж байгаа нь дээрх баримтаар нотолж байна.

Анхан шатны шүүхэд гэрч н.Оюунсувдын “эгчид нь зээл хөөцөлдүүлж байгаа хүнд өгөх 1 500 000 төгрөг хэрэгтэй байна гэхэд нь 1 500 000 төгрөг зээлдүүлж, зээл нь бүтэхгүй боллоо гэхээр нь мөнгөө буцааж авах гэхэд уг мөнгийг Ч.А гэдэг хүнд өгсөнийг мэдэж С.Чгийн хамт Ч.Атай очиж уулзахад тэр мөнгийг 2 сарын зээлийн хүүндээ суутгаж авлаа чи эгчээсээ мөнгө аваарай” гэж хэлсэнийг гэрчилсээр байтал нотлох баримтаар үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч С.Ч, Ш /Х/ нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 6 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

 

Б.Чулуунтуяа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “6 500 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Ч.Ат буцаан өгнө” гэсэн бичгийн нотлох баримтыг үйлдсэн ба уг баримтаас дүгнэвэл Ч.А, С.Ч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч уг зээлийн гэрээг 2014 онд, хариуцагч 2013 онд байгуулагдсан гэж тус тус маргасан ч С.Ч 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 6 500 000 төгрөгийг Ч.Ат өгөөгүй байсан үйл баримт нь дээрх бичгийн баримтаар нотлогдсон байна.

 

Энэ бичгийн баримтыг С.Ч үндэслэл бүхий баримтаар няцаагаагүй, өөрийн тайлбар татгалзлалаа баримтаар нотлоогүй байна.

 

Хаан банкин дахь хариуцагч С.Чгийн эзэмшлийн 5100015778 тоот данснаас 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 5019526049 тоот дансанд 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн, н.Оюунсувд нь “ 2015 онд 1 500 000 төгрөгийг надаас авч Ч.Ат өгсөн” гэсэн мэдүүлэг, мөн Ч.А нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газарт гаргаж байсан гомдолдоо “2013 оны 2 дугаар сард мөнгө зээлсэн” гэж бичсэн гэдэг нь С.Чгийн гарын үсэг бүхий  2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээлд төлөх үүрэгт хамаарахгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

Хариуцагч С.Ч зээлийн гэрээний дагуу 18-20 сая орчим төгрөг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хугацаа 3 жил ба энэ хугацааг үүрэг үүссэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш тоолвол зээлийн гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.А хариуцагч Ш /Х/ нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт шийдвэрт гомдол гаргаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/03171 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас “Иргэний хуулийн 196 дүгээр зүйлийн 196.2, 283 дугаар зүйлийн 283.2” гэснийг хасч шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                       ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                              Э.ЗОЛЗАЯА