Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/15

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

 

 

 2019        04            10                                            2019/ДШМ/15

 

Б.Ж, Н.М нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.Сэндэнсүрэн,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолтой Б.Ж, Н.М нарт холбогдох 201622000666 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурор Н.Батмөнхийн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хар толгойт овогт Бямбасүрэнгийн Ж, 1…. оны 4 дүгээр сарын 16ы өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: РЕ.............../.

Монгол Улсын иргэн, Оросынхон овогт Наранбаатарын М, 1….. оны 7 дугаар сарын 24ий өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: РЕ................/.

Шүүгдэгч Б.Ж нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Ц.Жавзанжавын дэлгүүрт Ш.Нтай архины мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүнийг түлхэж унагаан сэтгэцийн тэнэгрэл, дагз хэсгийн цусархаг няцрал, дэмийрэл, баруун нүдний ухархайн дотор хана, этмойд хөндий рүү цөмөрсөн хуучин хугарал, хамрын хоёр хажуу хана, хуучин хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

 Шүүгдэгч Н.М нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд иргэн Б.Жгийн толгойн тус газар машины төмөр маньюлаар цохиж, тархинд зүүн талын чамархай ясны хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хар толгойт овогт Бямбасүрэнгийн Ж, Оросынхон овогт Нын М нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбасүрэнгийн Ж, Нын М нарыг тус бүр 10,000 /арван мянга/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мын цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 375 /гурван зуун далан тав/ нэгж буюу 375,000 төгрөгийг хасч, 9,625 /есөн мянга зургаан зуун хорин тав/ нэгж буюу 9,625,000 /есөн сая зургаан зуун хорин тав/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ж, Н.М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Жгээс 2,418,000 /хоёр сая дөрвөн зуун арван найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Гармаан Мөнхцэцэг /РЕ65020160/-т, шүүгдэгч Н.Маас 2,382,400 /хоёр сая гурван зуун наян хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Жд тус тус олгож, Эрүүгийн 201622000666 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Н.М нь 25 хоног цагдан хоригдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхцэцэг, хохирогч Б.Ж нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн 201622000666 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 килограмм 515 граммын жинтэй автомашины төмөр маньюл 1 ширхэг, 2 килограмм 205 граммын жинтэй автомашины төмөр маньюл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол,эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж, Н.М нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Н.Батмөнх эсэргүүцэлдээ: ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 90 дугаартай захирамж гарган анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтанд “5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Н.М нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож” гэж залруулан шүүхийн залруулсан шийдвэрийг оролцогч нарт гардуулан өгөхийг шүүгчийн туслах С.Дэмбэрэлсамбууд даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн энэ захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэсэн заалтад хамаарахгүй асуудлаар хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Ж нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах иргэн Ц.Жавзанжавын дэлгүүрт Ш.Нтай архины мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, түүнийг түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.М нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд иргэн Б.Жгийн толгойн тус газар машины төмөр маньюлаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн комиссын 14 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 397 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ж, Н.М нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, тус бүрийг 10,000 нэгжтэй тэнцэх тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт тохирсон, хэргийн зүйлчлэл зөв байна.

Харин шүүх шийтгэх тогтоолдоо торгуулийн ялыг хэдий хугацаанд төлж барагдуулах талаар тодорхой заагаагүй атлаа 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 90 дугаартай “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” шүүгчийн захирамжаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Н.М нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож” гэж залруулга хийсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэрийг залруулах үндэслэл нь “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдаа” гаргасан тохиолдолд л улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлт эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулахаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй орхигдуулсан алдаагаа нэмж залруулга хийснийг буруу гэж үзнэ.

Иймд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/04 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 90 дугаартай захирамжийг хүчингүй болгож, 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 90 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолд “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Ж, Н.М нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэсэн 4 дэх заалт нэмсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6, 7, 8, 9 дэх заалтын дугаарыг 5, 6, 7, 8, 9, 10 болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Т.ГАНБАТ

                                                                                           Н.БАЯРХҮҮ