Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 138/2017/00026/И |
Дугаар | 138/ШШ2017/00212 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 138/ШШ2017/00212
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******н *******гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгч Л.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978-1981 онуудад Улаанбаатар хотын Худалдааны техникумын бэлтгэл судлалын анги төгсөөд 1981 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл худалдааны байгууллагад тасралтгүй ажилласан. Одоо 55 нас хүрээд тэтгэвэрт гарах болоод бичиг баримтаа шалгуулахад хөдөлмөрийн дэвтэр нээсэн он, сар, өдрийг анх ажилд орсон тушаалын он, сар, өдөртэй зөрж байна, архиваас тушаалуудаа олж ир гэж сумын нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. Гэтэл архиваас миний анх ажилд орсон болон ажиллаж байсан газруудын зарим тушаалууд олдохгүй байна. Чойбалсан хотын Аж үйлдвэрийн барааны трестийн даргын 1981 оны 07 сарын 01-ний өдрийн 73 тоот тушаалаар 4-р дэлгүүрт худалдагчаар ажиллуулсан талаар, аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын шийдвэрээр Чойбалсан хотын Аж үйлдвэрийн барааны трестийн даргын 1982 оны 11 сарын 10-ны өдрийн 137 дугаар тушаалаар Эрээний худалдаа бэлтгэлийн ангид шилжээд Эрээний худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1982 оны 11 сарын 15-ны өдрийн 46 тоот тушаалаар түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан, 1984 оны 11 сарын 30-ны өдрийн 35 дугаар тушаалаар гэр бүлээ дагаж Дашбалбар сумын АДХГ захиргааны мэдэлд шилжээд 1984 оны 12 сарын 26-ний өдрийн 55 дугаар тушаалаар Дашбалбар сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан юм. Иймд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласныг минь хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримтыг үндэслэн тогтоолгох, мөн Дашбалбар сумын Засаг даргын 1992 оны 12 сарын 22-ны өдрийн 30 тоот захирамжаар Дашбалбар сумын Цагаан дэв ББХ компанийн захирлаар томилогдон 1992 оны 12 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллах хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.******* нь Дорнод аймгийн Чойбалсан хотын Аж үйлдвэрийн барааны трестийн 4-р дэлгүүрт 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл худалдагчаар, 1992 оны 12 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дашбалбар сумын Цагаан дэв ББХКомпаний захирлаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
Гэрч *******ийн шүүхэд өгсөн: Би Дашбалбар суманд нягтлан ажилтай байсан. Л.******* нь Дорнод аймгийн Хэрлэн суманд ажиллаж байгаад 1984 оны 11 сараас эхлээд Дашбалбар сумын Худалдаа бэлтгэлийн ангид шилжин ирсэн шиг санаж байна. Тэнд хүнтэй сууснаас болж очиж байсан. Бид хоёр Худалдаа бэлтгэлийн анги 1992 онд хоршоо болоод тарах хүртэл хамт ажилласан. Энэ хугацаанд тасралтгүй ажилласан. ******* нь барааны мэргэжилтэн хийдэг байсан. Манай худалдааны байгууллагын цалингийн бичиг баримт нь архиваас олддоггүй юм. Энэ асуудлаас болж олон хүн тэтгэвэртээ гарч чадахгүй байдалд хүрч байсан. Би тухайн үед нягтлангаар ажиллаж байсан учир *******г тасралтгүй ажиллаж байсан гэдгийг мэдэж байна. Тэр үед Нийгмийн даатгалын газар дөнгөж нээгдэж, гольдролдоо ороогүй байсан тул бичиг баримтаа явуулаагүй байсан. 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын дэвтэр шинээр гарч байсан шүү дээ гэх мэдүүлэг,
Гэрч *******ийн шүүхэд өгсөн: Би Л.*******тай 1978-1981 онуудад Худалдааны техникумд цуг суралцаж төгссөн. Төгсөөд Дорнод аймгийн Аж үйлдвэрийн барааны трестэд хамт ажиллаж эхэлсэн. Би мэргэжлийнхээ хүрээнд түүхий эдийн эрхлэгчээр, Л.******* худалдагч хийдэг байсан. Ингээд Л.******* нь Дашбалбар сумын хүнтэй суугаад тухайн суманд очиж ажилласан. Би Аж үйлдвэрийн барааны трестдээ ажиллаад үлдсэн. Бид хоёр жил гаруй хугацаанд хамт ажилласан. ******* нь Дашбалбар суманд нилээн удаан ажилласан, яг сайн мэдэхгүй байна. Сүүлд бид хоёр хэсэг холбоо тасарсан гэх мэдүүлэг,
Нэхэмжлэгч ******* овгийн *******н *******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэх, түүнд Чойбалсан хотын Аж үйлдвэрийн барааны трестээс 1982 оны 12 сарын 22-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 440415 дугаартай үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг нотариатаар баталгаажуулсан хуулбар,
Дорнод аймгийн Архивын тасгаас хуулбарлан олгосон Дорнод аймгийн Чойбалсан хотын аж үйлдвэрийн барааны трестийн даргын 1982 оны 1 сарын 15-ны өдрийн 06 дугаартай Ажилд томилох тухай, 1982 оны 11 сарын 10-ны өдрийн 137 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай, Дорнод аймгийн Эрээн хорооны худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1984 оны 11 сарын 28-ны өдрийн 37 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай, Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын 1992 оны 12 сарын 22-ны өдрийн 30 дугаартай Ажилд түр томилох тухай захирамж тушаалууд,
Дорнод аймгийн Архивын тасгийн 2017.02.02-ны өдрийн 17 тоот лавлагаанд: ...Дорнод аймгийн Аж үйлдвэрийн барааны трестийн архивын баримтаас тус трестийн даргын 1981 оны тушаалыг шүүж үзэхэд *******н *******д холбогдох баримт байхгүй байна гэсэн, мөн 2010.02.13-ны өдрийн 30 тоот лавлагаанд: ...Дорнод аймгийн Эрээн хорооны Худалдаа бэлтгэлийн ангийн архивын баримтыг шүүж үзэхэд тус ангийн 1982 оны даргын тушаал нь манай архивт шилжиж ирээгүй тул *******н *******гийн ажилд орсон тушаалын лавлагааг шүүн үзэх, лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.
Дорнод аймгийн Татварын хэлтсийн 2017.02.02-ны өдрийн 27 дугаартай албан тодорхойлолтод: Татвар төлөгчийн архив мэдээллийн сангаас шүүж үзэхэд Дашбалбар сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1992 оны 10 дугаар сарын 20-нд Цагаан дэв ББХКомпани болон улмаар шинэчлэн найруулсан компанийн тухай хуулийн дагуу 1996 онд татан буугдсан нь үнэн болохыг тодорхойлов гэжээ.
Гэрч *******ийн Чойбалсан хотын аж үйлдвэрийн барааны трестэд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд болно.
Нэхэмжлэгч Л.*******гийн Дорнод аймгийн Чойбалсан хотын Аж үйлдвэрийн барааны трест, Эрээний болон Дашбалбар сумын худалдаа бэлтгэлийн ангид тус тус ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр өөрт нь байгаа боловч ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд өөрт нь болон архивт байхгүй ч бусад тушаал архиваас олдсон, мөн Дашбалбар сумын Худалдаа бэлтгэлийн анги Цагаан дэв ББХК болж, уг компанийн захирлаар томилогдсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй хэдий ч нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан *******, ******* нар нь Л.*******тай хамт ажиллаж байсныг нотлон мэдүүлсэн болон бусад бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Л.*******гийн хүсэлтийг хүлээн авч ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн *******н *******г Дорнод аймгийн Чойбалсан хотын Аж үйлдвэрийн барааны трестийн 4-р дэлгүүрт 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэл худалдагчаар, Эрээний худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 11 сарын 15-ны өдрөөс 1984 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл түүхий эдийн эрхлэгчээр, Дашбалбар сумын Цагаан дэв ББХК-нд 1992 оны 12 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл захирлаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ