Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 118/ШШ2024/0004

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг

     батлах тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “Ногоон төгөл бүлгийн тарьж ургуулсан ойн төгөл бүхий эзэмшлийн 5,6 га газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ******* сумын Жинст багийн “Ногоон төгөл” бүхий газрыг Ц.*******, Т.******* нарт эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг ******* сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий иргэн Ц.*******, Т.******* нарын нэхэмжлэлтэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ногоон төгөл бүлэг нь 2011 онд байгаль орчны тухай хууль болон аймаг, сумын Засаг даргын бодлого үйл ажиллагааны хүрээнд ойн сан бүхий газар, ногоон байгууламж нэмэгдүүлэх нөхөн сэргээх, арчлан тордож ургуулах, мод тарьж ойн санг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 10 га газрыг 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын Засаг даргатай гэрээ байгуулж ******* сумын Жинст багийн нутаг Богд, Чигэстэй голын бэлчир, хуучин мод бут нь устаж үгүй болсон талбайг хариуцан ашиглаж нөхөн сэргээх, тарьж ургуулах арга хэмжээг 12 дэх жилдээ амжилттай хийж байна. Энэ хугацаанд холбогдох төрийн байгууллагуудад бүлгийн хийж гүйцэтгэсэн ажлуудыг танилцуулж өөрийн эзэмшил газраа, газрын тухай хууль тогтоомжийн хүрээнд эзэмших ашиглах эрхээ баталгаажуулах үүднээс, амаар болон бичгээр олон удаа санал тавьсан боловч шийдвэрлэж өгөөгүй юм. Гэвч 2020 оноос ******* сумын Засаг даргын тамгын газрын даамал, байгаль орчны байцаагч, Жинст багийн Засаг дарга нараас удаа дараалан дарамт шахалт үзүүлж, бидний хашаа хамгаалалтыг албадан буулгаж 5 гаран га газрыг ******* сумын иргэн Д.*******д өгч одоо амралт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа. Түүгээр барахгүй бидэнд албан мэдэгдэл өгөхгүйгээр бидний 5.6 га бүхий эзэмшиж буй газрыг дуудлага худалдаанд оруулахаар зарлагдсан байна. Бид 2011 оноос хойш чацаргана 5000 ширхэг, бургас, улиас 2000 орчим, хайлаас 14 ширхэг, үхрийн нүдний мод 10 ширхэг, улаан бургас 100 ширхэг, 2 настай улиас 10000 ширхэг, бургас 8000 ширхэг, агч мод 2000 ширхэг мод бүхий 27000 ширхэг орчим мод бүхий ой бий болсон.

Иймд Ц.*******, Т.******* нарын "Ногоон төгөл" бүлгийн тарьж ургуулсан ойн төгөл бүхий эзэмшлийн 5.6 газар эзэмших өргөдөл, хүсэлтийг болон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ******* сумын Жинст багийн "Ногоон төгөл" бүхий газрыг Ц.******* Т.******* нарт эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг ******* сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг ******* сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж шүүхэд тайлбар өгсөн байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.*******, Т.******* нарын санал нь Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн тусгаж эзэмшүүлэхээр 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан Жинст багийн иргэдийн Нийтийн Хуралд танилцуулахад нийт иргэдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн тул 2024 оны сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд давуу эрхээр эзэмшүүлэхээр тусгагдсан ба Газрын тухай хуулийн 23.2.4 дэх заалтын дагуу Засгийн газарт оруулсны дараа сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлэх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нар нь Завхан аймгийн ******* сумын Жинст багийн нутагт 2011 оноос хойш чацаргана, бургас, улиас, хайлаас, үхрийн нүдний мод, улаан бургас, агч мод бүхий 27000 ширхэг модлог ургамал тарьж, ойжуулсан гэх бөгөөд дээрх 5,6 га газрыг эзэмшихээр ******* сумын Засаг даргад хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй байгаа талаар нэхэмжлэл гаргаж, тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг сумын Засаг даргад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* сумын Засаг дарга нь “нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар нь ******* сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд давуу эрхээр тэдэнд эзэмшүүлэхээр тусгагдсан ба Газрын тухай хуулийн 23.2.4 дэх заалтын дагуу Засгийн газарт оруулсны дараа сумын Засаг даргын захирамжаар эзэмшүүлэх болно” гэж нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр ... тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно” гэж заасан байх бөгөөд хариуцагчийн тайлбараар багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зөвшөөрсөн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэсэн байх тул хуулийн дээрх шаардлага хангагдсан гэж үзэхээр байна.

Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгч нарт газрыг эзэмшүүлэх захирамж гаргахаа хүлээн зөвшөөрч байх тул Газрын тухай хуулийн  34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдохоор байна.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгч нарт газрыг эзэмшүүлэхээр хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ногоон төгөл бүлгийн тарьж ургуулсан ойн төгөл бүхий эзэмшлийн 5,6 га газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ******* сумын Жинст багийн “Ногоон төгөл” бүхий газрыг Ц.*******, Т.******* нарт эзэмшүүлсэн захирамж гаргаж өгөхийг ******* сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий иргэн Ц.*******, Т.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* сумын Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.АМАРЗАЯА