Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 180

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэчимэг

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч Н.Пүрэвдаваа нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамаахай овогт Навааны Пүрэвдаваад холбогдох 1721000790042 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1971 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 49-р байрны 49 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, Дамаахай овогт Навааны Пүрэвдаваа                                 /РД: ЖЯ 71082675/

Шүүгдэгч Дамаахай овогт Навааны Пүрэвдаваа нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 08 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” захын гаднаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 5.8 кг “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлын үндсийг худалдан авч, улмаар өөрийн эзэмшлийн “59-66 ДОА” улсын дугаартай “Хонда Капа” маркийн тээврийн хэрэгслийн 4 хаалганы хавтсанд нуун хадгалж, тээвэрлэсэн,

мөн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” хилийн боомтоор “59-66 ДОА” улсын дугаартай “Хонда Капа” маркийн тээврийн хэрэгслийн 4 хаалганы хавтсанд 5.8 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Пүрэвдаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эхнэр хүүхэдтэйгээ хамт Манжуур орохоор явахдаа хэдэн төгрөг олох санаатай “Шүр” зах дээрээс “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлын үндэс худалдаж авсан юм. Хэрлэн сум өнгөрөөд машиныхаа 4 хавтаст хувааж хийгээд хил дээр хяналтын улсын байцаагчид баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Лхагвадашийн Отгонжаргал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлах Хавиргын боомтын гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан гаалийн улсын байцаагч М.Цэрэнпил нь “59-66 ДОА” улсын дугаартай “Хонда Капа” маркийн тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийх явцдаа тээврийн хэрэгслийн 4 хаалганы хавтаснаас гялгар уутанд хэсэгчилж боосон байдалтай бохир жингээрээ 6 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг илрүүлсэн байсан...уг ургамал нь бохир жингээрээ 6 орчим кг байсан бөгөөд цэвэр жин нь 5.8 кг хуурай үндэс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Гэрч Сүхзааны Наранцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...замд явж байхад манай нөхөр үндэс авчихсан байгаа гэхээр нь би нөхрөөсөө болж байгаа юм уу гэж асуухад гайгүй байх гэж хэлсэн бөгөөд манай нөхөр тэр үндсийг 4 хаалганы хавтсанд хуваагаад хийж байсан...тэгээд тэр үндсээ хураалгасан. Манай нөхөр хэлэхдээ гаалийн байцаагч цонхоо буулга гэхээр нь үндэс авч яваа гэдгээ хэлсэн гэж байсан...би хаанаас авсан талаар асуухад зах дээр зогсож байхад 2 хүн ирээд үндэс зарна гэхээр нь авчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Гэрч Мөнхбатын Цэрэнпил мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...жолооч Н.Пүрэвдаваа гэх хүнээс хориглосон болон хязгаарласан бараа бараа байгаа юу? гэж асуухад байхгүй гэж хэлсэн, тэгэхээр нь ямар зорилгоор явж байгаа талаар асуухад би Алтан-Эмээл орохоор явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныхаа 4 цонхыг буулга гэж хэлэхэд  жолооч 4 цонхоо буулгахад цонх нь доошоо бүрэн буухгүй байсан, тэгэхээр нь би хаалганы дотор талын доод хэсэгт байх өсгөгчийг нь задлуулж харахад дотор нь гялгар ууттай зүйл харагдсан. Тэгэхээр нь энэ юу юм бэ? гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн, тэгэхээр нь гаргаад ир гээд харахад уутанд хийгээд гадуур нь гялгар наалдамхай цаасаар наасан дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс байсан. Би нөгөө хаалгануудад нь байгаа юу гэж жолоочоос асуухад байхгүй гэж хэлэхээр нь үлдсэн хаалгануудыг нь онгойлгуулахад үлдсэн хаалгануудаас мөн адил гялгар уутанд хийсэн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс гарч ирсэн. Үндэснүүдийг нь гаргаад гялгар уутнуудаас нь гаргаж хиллээд зөрчлийн байцаагч Жавхлантөгсөд шилжүүлсэн. Тухайн үед хиллэхэд 6 кг байсан бөгөөд /бохир жин нь гэх/ хогийг нь цэвэрлүүлээд хиллэхэд 5.8 кг болсон. Үндэс нь хуурай үндэс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/

Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 14-ний өдрийн 06 тоот дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын эрхтэн болох үндэс байна.

2.Монгол Улсын Байгалийн ургамлын тухай 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын жагсаалтад орсон болно.

3.Уг ургамлын үндсийг эмийн түүхий эдийн зориулалтаар ихэвчлэн Хятад улс руу гаргаж ашигладаг.

4.БОАЖЯамны сайдын 2015 оны 7 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэрэвгэр жиргэрүү үндэс нь 5000 мянган төгрөг байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Иргэн, аж ахуй нэгж байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учруулсан хохирлыг тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т заасны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ Дэрэвгэр жиргэрүүгийн 1 кг тутам 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 5.8 кг үндэс нь 290000х5=1450000/нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна.” гэжээ. /хх-ийн 43-44/

-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 10/

-Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 12/

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27-30/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Навааны Пүрэвдаваа нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 08 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүр” захын гаднаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 5.8 кг “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлын үндсийг худалдан авч, улмаар өөрийн эзэмшлийн “59-66 ДОА” улсын дугаартай “Хонда Капа” маркийн тээврийн хэрэгслийн 4 хаалганы хавтсанд нуун хадгалж, тээвэрлэсэн, мөн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” хилийн боомтоор “59-66 ДОА” улсын дугаартай “Хонда Капа” маркийн тээврийн хэрэгслийн 4 хаалганы хавтсанд 5.8 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.Отгонжаргал, гэрч С.Наранцэцэг, С.Цэрэнпил нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 10/, бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 12/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27-30/, Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бодис, бараа бүтээгдэхүүний жагсаалт /хх-ийн 56-73/, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 14-ний өдрийн 06 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Пүрэвдаваад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг худалдан авч, нуун хадгалж тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Н.Пүрэвдаваагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч Л.Отгонжаргал, гэрч С.Наранцэцэг, С.Цэрэнпил нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,  Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 14-ний өдрийн 06 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Пүрэвдаваа нь зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг худалдан авч, нуун хадгалж, тээвэрлэсэн, хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүхээс шүүгдэгч Н.Пүрэвдаваагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пүрэвдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5850000 /таван мянга найман зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.   

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.  

Шүүгдэгч Н.Пүрэвдаваа нь гэмт хэргийн улмаас байгаль экологид 1450000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан ба энэ учирсан шууд хохирлыг төлж барагдуулаагүй байх тул түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 2000000 төгрөгний үнэлгээтэй 59-66 ДОА улсын дугаартай, “Хонда Капа” маркийн машиныг хураан авч, байгаль экологид учруулсан хохирол 1450000 төгрөгийн төлбөрийг төлүүлж илүү гарсан хэсгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Мөн эд мөрийн баримтаар хураагдсан 5,5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хураан авч улсын орлого болгож, 25000000 төгрөгний үнэлгээ бүхий Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 49-р байрны 49 тоотын 16 м2 талбайтай 1 өрөө орон сууц нь Сүхзааны Наранцэцэгийн өмчлөлийн орон сууц мөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул уг орон сууцыг битүүмжилсэн 2017 оны 09 сарын 01-ний өдрийн Прокурор тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ 71082675 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбар, 481748 дугаартай жолоочийн түр үнэмлэх, № 0251004 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дамаахай овогт Навааны Пүрэвдавааг хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал тэдгээрийн үр эрхтэнийг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Навааны Пүрэвдавааг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пүрэвдаваад оногдуулсан торгуулийн ялуудыг нэмж нэгтгэн нийт 5850 /таван мянга найман зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5850000 /таван сая найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пүрэвдаваагийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пүрэвдаваагийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 2000000 төгрөгний үнэлгээтэй 59-66 ДОА улсын дугаартай, “Хонда Капа” маркийн машиныг хурааж, байгаль экологид учруулсан хохирол 1450000 төгрөгийн төлбөрийг төлүүлж илүү гарсан хэсгийг улсын орлого болгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус  дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ЖЯ 71082675 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбар, 481748 дугаартай жолоочийн түр үнэмлэх, №0251004 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эд мөрийн баримтаар хураагдсан 5,5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хурааж улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Наранцэцэгийн өмчлөлийн эд хөрөнгөнөөс 25000000 төгрөгний үнэлгээ бүхий Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 49-р байрны 49 тоотын 16 м2 талбайтай 1 өрөө байрыг битүүмжилсэн 2017 оны 09 сарын 01-ний өдрийн Прокурорын  тогтоолыг хүчингүй болгосугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгэдгч Н.Пүрэвдаваад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ