Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 188

 

 “ТХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03319 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ТХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Г,

Хариуцагч: Б.Ц нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 48 096 250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууц захиалгын гэрээний 4.1.11-а заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: П.Г,

хариуцагч нарын өмгөөлөгч: Б.Баясгалан, Г.Халиунаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч П.Г, Б.Ц нартай 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 48 040 970 төгрөг, хүүд 55 279 төгрөг нийт 48 096 250 төгрөг гаргуулж, сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зээлдэгч П.Гийг “ТХХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1777 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.2, 5.28.2, 5.28.10, 5.28.14, 5.28.25, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2, 7.4.13, 7.4.17, 7.4.28 дахь заалтыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан.

Орон сууцны зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.11-а хэсэгт ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх хүсэлтийг гаргасан тохиолдолд “ТХХК-аас олгосон тусгай нөхцөлт зээлийн гэрээ, орон сууцны зээлд хамруулах буюу жилийн 14.4 хувьд шилжүүлэх тухай заасан тул уг гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Дээрх гэрээг П.Г, Б.Ц нартай харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан. Зээлдэгч нарын хувьд 2019 оны 11 дүгээр сарыг хүртэл үндсэн зээл, хүүгийн төлөлтөө сар бүр төлж ирсэн.

Ажилчдын тусгай нөхцөлт орон сууцны зээлийг сайн ажилласан ажилчиддаа өгөхөөс гадна цаашид энэ байгууллагад удаан хугацаагаар ажиллах үүргийг давхар хүлээлгэж олгодог.

Гэтэл П.Г үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас гэрээний дагуу ажлаас чөлөөлөх тушаал гарсан тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.11-а хэсэг хууль зүйн үндэслэлтэй, хуульчилж өгсөн заалт буюу байгууллагад хариуцагчийг ажиллаж байгаа тохиолдолд 6 хувийн орон сууцны зээлийг хүлээн зөвшөөрнө, гэрээнд заасан заалтуудыг зөрчсөн тохиолдолд ердийн орон сууцны зээлд хамруулна гэдгийг ойлгуулж, гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 05 дугаар сараас хойш “ТХХК-д теллерийн албан тушаалаар 2018 оны 10 дугаар сар хүртэл тасралтгүй 7 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ сайн биелүүлж, банкнаас олон төрлийн шагнал, урамшуулал авсан ба тус банкнаас орон сууц хөнгөлөлттэй зээл авах эрхийг надад олгож 2016 онд “ТХХК-тай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, зээл төлөлтөө сар бүр төлж ирсэн.

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээг цуцлах талаар банкнаас мэдэгдэл ирэх үед ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах шаардлагыг хангаагүй байсан тул хариу өгч чадаагүй.

Иймд тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.11-а заалтыг үндэслэн гэнэт гэрээг цуцлах шийдвэр гаргасан нь зээлдэгч миний эрх ашгийг хохироож, 3 жилийн хугацаанд зээл төлж амьдарсан орон сууцыг буцаан авах шаардлагыг тавьж байгаа нь шударга бус тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1.11-а хэсэгт зээлдэгч өөрийн хүсэлтээр болон Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 хэсэгт заасан үндэслэлээр банктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар 225.1, 221 дугаар зүйлийн 221.3 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Г, Б.Ц нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 47 350 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ТХХК-д олгож, хариуцагчийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1.11-а заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, 88-Б дугаар байрны 88 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205062357 дугаартай, 33.34 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468 632 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 468 632 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгч “ТХХК нь “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 4.1.11-а-д заасны дагуу буюу П.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул зээлийн гэрээг цуцлахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан эсэх дээр маргадаггүй бөгөөд зээлийн гэрээний үүрэг биелэгдэж байгаа. Зээлийн харилцаанд ямар нэг үүргийн зөрчил гаргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.11-а-д заасан үндэслэлээр зээлийн гэрээ цуцлагдаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний харилцаа хоёр тусдаа байх ёстой гэж үзэж 4.1.11-а-д заасан заалт нь Иргэний хуульд заасан стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байдаг.

Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл гэж сөрөг нэхэмжлэл гарган маргасан. Гэтэл шүүгч маргааны гол агуулга буюу “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 4.1.11-а дахь заалтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн талууд гэрээг байгуулсан, зээлийн гэрээний үүрэг биелэгдэж байгаа, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан талаар талууд маргахгүй байгаа учраас хэмээн Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Мөн шүүгч хуульд тусгайлан заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам буюу анхан шатны шүүх хуралдааны дэгийг зөрчсөн. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хянан шийдвэрлэсэн даруйдаа шүүх хуралдааныг хаахгүйгээр хуралдааны дундуур хоцорч ирсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хуралдааны танхимд оруулан шууд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулаад хэргийг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч болон хариуцагч талуудыг нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой тайлбар хэлүүлэхгүй шууд шүүх хуралдааныг хаасан.

Иймд маргааны зүйлийн агуулгыг зөв тодорхойлолгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “ТХХК хариуцагч П.Г, Б.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 48 096 250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч орон сууцны зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.11-а заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ирээгүйтэй холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаах талаар хүсэлт гаргасныг шүүх хянан хэлэлцэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Уг ажиллагааны дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны танхимд орж ирсэн ба хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд орохыг зөвшөөрчээ. Энэ тохиолдолд шүүх хуралдаан даргалагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийн дагуу явуулах ёстой.

 

Гэтэл шүүх хуралдаан даргалагч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлд зааснаар шүүх бүрэлдэхүүнийг зарлах ба татгалзан гаргах эрхийг тайлбарлаагүй, мөн хуулийн 104 дүгээр зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03319 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468 632 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА