Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00407

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00407

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *************** оршин суух, Г.С (Р*****************),

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00243/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Г.С нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1967 онд Гомбожавын 4 дэх охин болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 10 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгссөн. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехэд 1985 оны 8 дугаар сараас 1995 оны 03 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл ажиллаж байсан.

Гэтэл одоо тэтгэвэрт гарах болсон боловч ажилд орсон, гарсан тушаал байхгүй. Тамга, тэмдэг байхгүй зэргээс болоод ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа. Би улсаас 1992 оноос 2000 онуудад ажилласан хугацаагаа нөхөн тоолуулж авсан учраас 1992 оноос 2000 онуудад ажилласан хугацаагаа давхардуулж шүүхээр тогтоолгохгүй.

Иймд миний Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Тариалан дахь цехэд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үртэс зөөгч, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Намайг С гэдэг. Хүмүүс миний нэрийг сонсголоороо буруу бичсэн байх....гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, БНМАУ Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №141 дугаар “Урамшуулал олгох тухай” тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, БНМАУ Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №33 дугаар “Шагнах тухай” тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №120 дугаар “Урамшуулал олгох тухай” тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/153 дугаартай албан бичиг, №221092 дугаартай, Г.Сд 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мод боловсруулах цехийн газраас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Б.Ү-ийн дэргэдэх Ү.Э-ийн хороо 1986-5-5 гэх бичилттэй баярын бичгийн эх хувьНам, №221092 дугаартай, Г.Сд 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мод боловсруулах цехийн газраас нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 2-9 дүгээр тал),

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.М, М.Ц нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 37-40 дүгээр тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1990-2000 оны хооронд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, (хх-ийн 25 дугаар тал),

 Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/390 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хх-ийн 26-29 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11/314 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №120 дугаар “Урамшуулал олгох тухай” тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, БНМАУ Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №77 дугаар “Чанарын урамшуулал олгох” тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, (хх-ийн 30-32 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 11/343 дугаартай албан бичиг (хх-ийн 35 дугаар тал), тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Г.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Иймд Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Тариалан дахь цехэд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үртэс зөөгч, нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж зааснаар нэхэмжлэгч Г.С өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Г.С нь Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Тариалан дахь цехэд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үртэс зөөгч, нормчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Тариалан дахь цехээс 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр (хх-ийн 36 дугаар тал)

БНМАУ Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “...2-р сарын социалист уралдаанд тэргүүн байр эзэлсэн бригад ажилчдыг хавсралт ёсоор шагнасугай., тус тушаалын хавсралтын 9 дэх жагсаалтад овог нэр гэх хэсэгт Г.С, төлөвлөгөө гэх хэсэгт 106, биелэлт гэх хэсэгт 130, балл гэх хэсэгт 90, байр гэх хэсэгт II, шагнал гэх хэсэгт 25” гэх бичилттэй 33 дугаартай “Шагнах тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 5 дугаар тал),

Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “...Чанарын алтан медальтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулахад идэвхтэй оролцсон ИТА, чанар шалгагч, мастер, ажилчдад УТК, ҮСУ-ын Хороо, Сангийн Яамны сайдын 1976 оны 94/100/167 дугаар тушаалын дагуу 1,2,3,4,5,6,7,8 дугаар хавсралтаар 1987 оны 2 дугаар улиралын урамшлын нэмэгдэл олгосугай.,тус тушаалын хавсралтын 6 дахь жагсаалтад овог нэр гэх хэсэгт Г.С, Ажилд гэх хэсэгт үрдэс зөөгч, дундаж цалин гэх хэсэгт 320, олгох шагнал гэх хэсэгт 30” гэх бичилттэй 120 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 6, 31 дүгээр тал),

БНМАУ Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...Алтан медальтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулахад идэвхтэй оролцсон ИТА, Ажилчдад УТК, ҮСУ Хороо, Сангийн Яамны сайдын 1976 оны 94/100,167 дугаар тушаалын дагуу 1,2,3,4,5 дугаар хавсралтаар 1988 оны III урамшууллын нэмэгдэл олгосугай., тус тушаалын хавсралтын 25 дахь жагсаалтад ажилчдын нэрс гэх хэсэгт С, албан тушаал гэх хэсэгт үртэс зөөгч, сарын дундаж цалин гэх хэсэгт 340, олгох хувь гэх хэсэгт 8, олгох шагнал гэх хэсэгт 20, хянасан гэх хэсэгт 20” гэх бичилттэй 77 дугаартай “Чанарын урамшуулал олгох тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 32 дугаар тал),

“...Г овогтой С та Майн 100 жил, Лениний мэндэлсний 116 жилийн ой, Аймгийн намын 21-р бага хурлыг угтаж “Өндөр бүтээл эрмүүн хөдөлмөр” сэдэвт 4-р сарын социалист уралдаанд төлөвлөгөөгөө 109% биелүүлсэнд талархаж баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав. 1986-5-5” гэх бичилттэй Баярын бичиг, (хх-ийн 9 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын “...5. Овог: Г, 6. Нэр: С... 14. Ажилладаг: Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэр, ажилд орсон он: 1985, цех тасаг бригад: мод боловсруулах цех, эрхэлдэг ажил: нормчин, оршдог сум район: Тариалан... бүртгэгчийн нэр: А.М, он сар өдөр: 1988 оны 09 сарын 19...” гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 27 дугаар тал),

Гэрч Н.М************** “...Ч.С нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын мод боловсруулах үйлдвэрт 1986 оноос тухайн үйлдвэр тарах хүртэл үртэс зөөдөг ажил хийдэг байсан. Ажилдаа идэвхтэй байсан. Тухайн үед аав, ээж, эгч , ах нартайгаа хамт амьдардаг байсан. Аав нь манай үйлдвэрт харуул, манаач хийдэг байсан. Ээж нь үйлчлэгч, эгч нь мөн үртэс зөөдөг ажил хийдэг байсан...” гэх мэдүүлэг,

гэрч М.Ц************** “...Г.С нь анх 1986 онд мод боловсруулах цехед үртэс үүрдэг ажилд орсон. Тэгээд намайг 1987 оноос 1995 он хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын мод боловсруулах цехэд сортлогч хийж байх үед Г.С нь банз ялгаж, зөөж, өрдөг ажил хийдэг байсан. 1995 онд зах зээлийн шилжилт болсон учир бидний ажиллаж байсан цех тарсан юм. Тиймээс бүгд ажилгүй болж гэр гэртээ хувиараа юм хийдэг болцгоосон...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-40 дүгээр талзэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Г.С-ын Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Тариалан дахь цехэд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үртэс зөөгч, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.С нь 1990 оны 8 сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх №1711000739 дугаартай баталгаажилтын хуудас хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 25 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г.С (Р***************)-ын Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Тариалан дахь цехэд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үртэс зөөгч, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЖАРГАЛ