Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2023/01625

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2023/01625

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би

Нэхэмжлэгч: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11 хороолол, Денверийн гудамж, Офис констракшны байранд байрлах, Сүхбаатар дүүргийн Х х ү х-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, бэлхийн 52-р гудамж, 284а тоотод оршин суух, Д овогт Ш-н О /РД:НА54091075/-д холбогдох

Санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний үүрэгт 1,455,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Х х ү х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 12.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Ш.О-д Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын зургаадугаар хавсралт Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр-ийн 3 дугаар зүйлийн 3.3, 6.3-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 24 сарын хугацаатай санхүүгийн дэмжлэгийг 2018 оны 05 дугаар сард 10 тоот гэрээ байгуулан олгосон. Гэрээний дагуу Ш.О-той сар бүр утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн Ш.О нь 1,455,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна.

Ш.О-той байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан Маргааныг шийдвэрлэх боломжгүй үед шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүссэн тул Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буюу төрд учирсан 1,455,000 төгрөгийн хохирлыг хариуцагч Ш.О-оос гаргуулан Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банк дахь 100200637010 тоот дансанд төлүүлж өгнө үү.

Төсвийн байгууллагын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.О миний бие Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс санхүүгийн дэмжлэг авч гэрэний дагуу төлж байсан боловч биеийн байдал муудаж, хагалгаанд 2 удаа орж, сүүлийн үед гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй нь үнэн болно. Одоо 1,455,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байгаа. Өөрийн 1,455,000 эргэн төлөлтийг 10 сард бүрэн төлөхийг минь харгалзан үзнэ үү. Миний бие уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Х х ү х нь хариуцагч Ш.О-д холбогдуулан 1,455,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.О нь 1,455,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг төлбөрийг 2023 оны 10 сард бүрэн төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, Ш.О-д холбогдох 1,455,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, уг төлбөрийг 2023 оны 10 сард төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,115 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

 

ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ