Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ДШМ/17

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

 Г. холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Энхболд,

Нарийн бичгийн дарга: Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолтой Г.Ц холбогдох 1838001050285 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Цогтбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ойл овогт Г-н Ц, ..... оны.... дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................/.

Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэн А.Амгаланбаатарын гарал үүслийн гэрчилгээгүйгээр хус мод тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд санаатайгаар хууль буруу хэрэглэж, иргэн Г.Шинэсанаад торгуулийн арга хэмжээ авч өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ойл овогт Гомбын Цыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Цыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн 1838001050285 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ц давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нь намайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Уг хураагдсан мод нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 25 мянга 116 төгрөг гэж үнэлэгдсэн. Энэ талаар болон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдаж би өөртөө болон бусдад ямар давуу байдал үүсгэснийг шалгаж тогтоогоогүй. Дээрх үйлдэлдээ ажлын хариуцлага алдсан үндэслэлээр 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Б-22 тоот тушаалаар албан тушаал бууруулах арга хэмжээ авагдсан. Нэг хэрэгт нэг л удаа хариуцлага оногдуулах ёстой атал шүүхээс надад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял халдаасанд гомдолтой байна. Мөн миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль болох 2002 оны Эрүүгийн хуулийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар буцаан хэрэглэх заалтыг хэрэглэн надад ашигтайгаар хэргийг маань хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэн А.Амгаланбаатарын гарал үүслийн гэрчилгээгүйгээр хус мод тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд санаатайгаар хууль буруу хэрэглэж, иргэн Г.Шд торгуулийн арга хэмжээ авч, давуу байдал бий болгон өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.Ц нь бусдын гарал үүслийн гэрчилгээгүйгээр хус мод тээвэрлэж явсан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1-д заасан Ойн тухай хууль зөрчиж, ойн дагалт баялаг бэлтгэсэн зөрчил үйлдсэн гэж торгуулийн арга хэмжээ авсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 Гэмт хэрэг, зөрчил нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хүлээх хариуцлагын  хувьд  өөр өөр үр дагавар үүсгэдэг. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаарддаггүй учир зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан тохиолдолд модны хэмжээ, хохирлоос  шалтгаалахгүйгээр гэмт хэрэг гэж үзнэ. 

Гэтэл шүүгдэгч нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн мэт шийтгэл оногдуулж, бусдад давуу байдал бий болгожээ. Энэ нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” шударга ёсны зарчим нь нэг гэмт хэрэгт хүлээлгэх ял шийтгэлийн тухай асуудал бөгөөд шүүгдэгчид албан тушаал бууруулах арга хэмжээ авсан нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар”  тодорхойлох тул шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэрэг гарахаас өмнө дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл /Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх/-ийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” хүнд уг зүйл, хэсэгт заасан журмыг хэрэглэхээр заажээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар огт маргахгүй байгааг ойлгоно.

Гэтэл анхан шатны шүүх  гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, зөрчил гаргасан гэж маргаж буй хүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3,  2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                       З.ХОСБАЯР

                                                                        Б.СОСОРБАРАМ