Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 181

 

                                               

                       Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэчимэг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч Р.Бадамрагчаа нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбүд овогт Равдангийн Бадамрагчаад холбогдох 1721001410088 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 1969 оны 02 сарын 07-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс барга, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг, Билүүт хошуу гэх газар нутагладаг, улсаас Улсын сайн малчин цол тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл Иөншөөбүд овогт Равдангийн Бадамрагчаа. / РД: ЖК 69020718/

Шүүгдэгч Иөншөөбүд овогт Равдангийн Бадамрагчаа нь 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “Зүүн талын толгой” гэх газарт хохирогч Н.Нарантуяаг зодож бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Иөншөөбүд овогт Равдангийн Бадамрагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 8 сарын 24-ний өдөр хуримнаас буцаж явахдаа дүүгийнхээ эхнэр, хүүхдүүд болон аавыг гэрт нь хүргэж өгөхөөр очсон. Тэр үед бэр Нарантуяад миний ээжийг амьд байхад өөдөөс нь ус цацаж байсанд гомдоод явж байснаа ил гаргасан. Тэрнээс болж муудсан. Би тархи толгой руу нь цохиогүй, харин маажихын хувьд маажсан. Хэрэг хийсэн гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардалд нийт нэг сая төгрөг өгсөн. Одоо бид эвлэрсэн, гомдол, санал байхгүй гэсэн” гэв.             

   Хохирогч Нямцэрэнгийн Нарантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Бадамрагчаа ахыг орж ирэхэд нь цай аягалж өгөх гээд шүүгээнийхээ урд талд зогсож байхад Бадамрагчаа ах худлаа инээж байгаад миний араас хөл рүү өшиглөөд мөн аргалын авдар өшиглөсөн. ...цай уугаад хоол идэх зуураа манай зуух руу байнга шүлсээ хаяад байхаар нь манай хүү Ванданхүү та яахаараа бид нарыг элдвээр хэлээд манай гал голомт руу шүлсээ хаяад байгаа юм бэ? гэхэд чи муу гуйлгачин миний өөдөөс их олон юм хэлдэг болоо юу? гээд чамайг алнаа гэхэд манай хүү гэрээс гараад үхэртээ мордохоор явсан. Тэгэхэд араас нь Бадамрагчаа ах гараад чи миний өөдөөс их олон юм ярьдаг болжээ гээд явган хөөсөн. Тэгэхэд нь манай хүү мориндоо мордоод зугатаагаад явчихсан. Би тэгэхээр нь Бадамрагчаа ахад хандаж би хүүхдээ та нараар зодуулахгүй шүү гэж хэлэхэд чи муу гуйлгачин битгий хуц гээд машинаасаа бууж ирээд “чи муу гуйлгачин манай ээжийн өөдөөс хар ус цацсан биз дээ” гээд зангилаатай гараараа миний дагзны ар хэсэгт хэдэн удаа цохихоор нь би гэрийн хаяанд байсан угаадасны хувинг авч өөдөөс нь шидэхэд дахиж эргэж ирээд зангилаатай гараараа толгой руу цохихоор нь би уйлаад өөрт чинь би зодуулах шаардлага байхгүй шүү цагдаад хэлнэ гэхэд баруун гараараа миний зүүн нүдний орчим хумсаа шигтгэж байгаад татсан. Тэгэхэд миний нүднээс цус гарч  хувцас хунар цусанд будагдсан гэх мэдүүлэг. /хх-ийн 8-9/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 08 сарын 28-ны өдрийн 501 тоот актын дүгнэлтэд

            1. Н.Нарантуяагийн биед нүүрэнд зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр  үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 04/

Н.Нарантуяагийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт гаргасан гомдол /хх-ийн 5-6/

Эмнэлгийн тодорхойлолт / хх-ийн 21/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22/

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт / хх-ийн 36/

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Р.Бадамрагчаагийн ам бүлыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 33/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Иөншөөбүд овогт Равдангийн Бадамрагчаа нь 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг “Зүүн талын толгой” гэх газарт хохирогч Н.Нарантуяаг зодож бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 08 сарын 28-ны өдрийн 501 тоот актын дүгнэлт, эмнэлгийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Шүүгдэгч Р.Бадамрагчаа нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Бадамрагчаа нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт “өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй“ гэж заасны дагуу шүүгдэгчийн хүсэлтийг хангаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Н.Нарантуяа нь эмчилгээний төлбөрт 1000000 төгрөг авсан тул шүүгдэгч Р.Бадамрагчаад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Р.Бадамрагчааг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Бадамрагчаа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, түүний бичгийн баримтаар хураагдаж ирсэн ЖК 69020718  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч Р.Бадамрагчаа нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Шүүгдэгч Р.Бадамрагчаагийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

Шүүгдэгч Р.Бадамрагчаа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан ял хөнгөрүүлэх  нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

             Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Иөншөөбүд овогт Равдангийн Бадамрагчааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Равдангийн Бадамрагчааг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Р.Бадамрагчаагийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч Р.Бадамрагчаа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн түүний ЖК 69020718 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.Бадамрагчаад урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ