Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 118/ШШ2024/0005

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                            батлах тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “Ц.*******ийн эзэмшилд байсан ******* сумын Богдын гол багийн Ногоон буланд байршилтай төмс, хүнсний ногооны зориулалт бүхий 8000 м² газрын эрх шилжүүлж авах тухай өргөдөл, хүсэлтийг болон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ******* сумын Богдын гол багийн Ногоон буланд байршилтай төмс хүнсний ногооны зориулалт бүхий 8000 м² газрын эрхийг Н.*******т шилжүүлж эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг ******* сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий иргэн Н.*******ын нэхэмжлэлтэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* сумын Засаг даргад холбогдуулан газар эзэмших талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч татгалзлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.******* нь Ц.*******ийн эзэмшилд байсан төмс, хүнсний ногоо тарих зориулалт бүхий 8000 м2 газар эзэмших эрхийг шилжүүлж авахаар сумын Засаг даргад хандсан боловч шийдвэрлэж өгөхгүй байх тул өргөдөл, хүсэлтийг болон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ******* сумын Богдын гол багийн Ногоон буланд байршилтай төмс хүнсний ногооны зориулалт бүхий 8000 м² газрын эзэмших эрхийг Н.*******т шилжүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг ******* сумын Засаг даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж болохоор заасан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг түүнд буцааж олгохооргүй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.******* нь Завхан  аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “өргөдөл, хүсэлтийг болон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ******* сумын Богдын гол багийн Ногоон буланд байршилтай төмс хүнсний ногооны зориулалт бүхий 8000 м² газар эзэмших эрхийг Н.*******т шилжүүлж эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг ******* сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.АМАРЗАЯА