Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2017/00217

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би *******д холбогдох 5299375 төгрөг гаргуулах тухай ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ХХК нь иргэн *******тай 2016 оны 01 сарын 02-ны өдөр 10.312.500 /арван сая гурван зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийн төлбөр барагдуулах хэлцлийг 2016 оны 9 сарын 25-ны өдөр төлж дуусгахаар байгуулсан. Үүнээс 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг төлж үлдэгдэл 3.812.500 /гурван сая найман зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийн төлбөр барагдуулах хэлцлийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй удаж манай байгууллагын үйл ажиллагаанд хохирол учруулж байна. Иймд хариуцагч *******гаас үлдэгдэл төлбөр 3.812.500 төгрөг, 78 хоногийн алданги 1.486.875 төгрөг, нийт 5.299.375 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэг талаас нэхэмжлэгч байгууллага ******* ******* ******* ХХК нөгөө талаас хариуцагч ******* нар ******* сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр ******* ******* *******ы ******* тоот 40м2 талбай бүхий 2 өрөө орон сууц худалдан авахаар тохиролцон 70 хувийг Голомт банкны орон сууцны зээлээр төлсөн. Урьдчилгаа төлбөр болох 15.150.000 төгрөгийг өөрсдийн нөөц боломжоор 4.837.500 төгрөгийн үнэ бүхий мал мах худалдаалж төлсөн. Үлдэгдэл төлбөр 10.312.500 төгрөгийг төлбөр барагдуулах хэлцлийг 2016 оны 01 сарын 02-ны өдөр байгуулан хэлцлийн дагуу 2016 оны 9 сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар хэлцэл хийсэн. Хэлцлийн дагуу 2016 оны 9 сард ******* ******* ******* ХХК-д 6.500.000 төгрөгийг өөрийн нэр дээр цалингийн зээл, нөхрийн нэр дээр бизнесийн зээл арилжааны банкаар дамжуулан авсан. Арилжааны банкнаас зээл хүсэхдээ урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж барагдуулах хэмжээний зээл хүссэн боловч орлогын эх үүсвэрээс шалтгаалан дээрх дүн бүхий зээл гараагүй. Үлдэгдэл төлбөрийг төлөх гэсэн чин хүсэлтэй, төлбөрийг төлж барагдуулах нөхцлийг судлан үлдэгдэл төлбөрөөс төлсөн. Гэр бүлийн орлогын байдал цалингийн тогтмол орлоготой, нөхрийн орлого тогтмол бус учир одоог хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа нь үнэн. Цалингийн орлогоос орон сууцны зээл, цалингийн зээл төлж, бизнесийн зээлээ гэр бүлийн хүн төлж бусад анхдагч хэрэгцээ хоол хүнс, орон сууц, гэрэл цахилгаан, ус дулааны төлбөрийг төлдөг. Дээрх шалтгааны улмаас нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа төлбөрийг бөөн дүнгээр нь ойрын хугацаанд төлөх боломжгүй байна. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн дүнг алдангийн хамт дараах графикийн дагуу төлж барагдуулах боломжтой байна. 2017 оны 02 сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүр 70000 /далан мянга/ төгрөгийг тогтмол хэмжээтэйгээр төлж төлбөрийг барагдуулах хүсэлтэй мөн боломжтой байна. Иймд иргэн миний орлогын эх үүсвэрийг үндэслэн дээрх боломжийн дагуу төлбөрийг барагдуулах хүсэлтэй байгааг минь харгалзаж өгнө үү. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 сарын 03-ны өдрийн тогтоолоор бүтцийн өөрчлөлттэй холбоотой эрхэлж байсан ажил, албан тушаал, цалингийн хэмжээнд өөрчлөлт орж өрхийн орлого буурсан. Үүнээс өндөр дүнгээр төлбөр барагдуулах тохиолдолд Голомт банкин дахь орон сууцны зээл, Хаан банкны бизнесийн болон цалингийн зээл төлөгдөх боломжгүйд хүрч ******* ******* ******* ХХК-ийн нэгэн адил Хаан, Голомт банкны зээлийн төлөлтийн хугацаа хэтэрч шүүхэд нэхэмжлэл гарган өгөхөд хүрч болзошгүй гэж иргэн миний бие болоод манай гэр бүлийн зүгээс санаа зовж байна. Монгол Улсын залуу гэр бүл, иргэн бидний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 5299375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 5.299.375 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаангүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн хариуцагч ын д холбогдуулан гаргасан 5299375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99740 төгрөгийн тал хувь 49870 төгрөгийг төсвийн орлого болгож, үлдэх 49870 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 49870 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ