| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00285/И |
| Дугаар | 155/ШШ2024/00481 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/00481
| 2024 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2024/00481 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********************** оршин суух, Ч.Г (**********),
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00285/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ч.Г шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ч.Г нь 1964 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг 1980 онд төгсөөд 1980 оноос 1982 онуудад Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн сангийн аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд трактор, комбайнчаар сурч төгссөн.
Ингээд 1983 онд Дорноговь аймгийн Сулин хээрийн ангид цэргийн албанд татагдаж 1986 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 11 дүгээр сараас 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тракторчнаар ажиллаж байсан. Тэгээд дараа нь нэгдэл тарснаас хойш Давшилт ХХК-д уг нь ажиллаж байсан боловч нийгмийн даатгал төлөгдөөгүй байсан. Харин дараа нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газарт 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал тракторчнаар тус тус ажиллаж байсан.
Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын архивт хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, ажилд орсон, гарсан тушаал байхгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна.
Иймд миний Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тракторчнаар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газарт 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Би хэсэг ажилгүй байсан болохоор баримт гарч ирээгүй байх. Надад бага цалин өгдөг байсан учраас нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан байх. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байгаа....гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.Гад 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан Ч.Гын 1989-1993 оны цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №07 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийн архивын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын газрын 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08/365 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Г 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 2-11, 117-141 дүгээр тал)
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Ц-ийг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 115-116 дугаар тал)
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1990-2000 оны хооронд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа (хх-ийн 21 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/388 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 22-26 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11/322 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн №06 дугаар “Цалин тогтоох тухай” захирамжийн архивын хуулбар, тус захирамжийн хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №07 дугаар “Ажилд томилох тухай” захирамжийн архивын хуулбар, Төмөрбулаг сумын Засаг даргын 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №57 дугаар “Комисс томилох тухай” захирамжийн архивын хуулбар (хх-ийн 33-36 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1/463 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд үйл ажиллагаа явуулж байсан Давшилт ХХК-ийн үүссэн болон татан буугдсан тухай архивын хуулбар (хх-ийн 41-43 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3/38 дугаар албан бичгээр ирүүлсэн Ч.Гын 1984-1988 оны цалин хөлсний лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, (хх-ийн 44-47 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11/412 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №26 дугаар “Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийг хувьчлах тухай” тогтоолын архивын хуулбар (хх-ийн 50-52 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 3/41 дугаар албан бичгээр ирүүлсэн Ч.Г-ын 1987-1994 оны цалин хөлсний лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд зэрэг нотлох баримт бүрдүүлсэн (хх-ийн 53-114 дүгээр тал),
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Ч.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын архивт хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, ажилд орсон гарсан тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тракторчнаар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газарт 1993 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Г өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Ч.Г нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тракторчнаар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газарт 1993 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 3/41 дугаар албан бичгээр ирүүлсэн Ч.Гын 1987 оны 11 сараас 1989, 1993-1994 онуудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд (хх-ийн 53-114 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 11/322 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “...Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 69 дугаар тогтоолыг үндэслэн баг, тамгын газрын ажилтнууд, төсөвт албан байгууллагуудын дарга эрхлэгч нарын сарын цалингийн хэмжээг тогтоосугай.., тус захирамжийн хавсралтын 14 дүгээрт овог нэр гэх хэсэгт Галсанжамц, албан тушаал гэх хэсэгт тракторын жолооч, сарын цалин гэх хэсэгт 3200, сүлжээний зэрэглэл гэх хэсэгт А-3-2” гэх бичилттэй 06 дугаартай “Цалин тогтоох тухай” захирамжийн хуулбар (хх-ийн 34 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “...Нэг. Аймгийн Засаг даргын 9 дүгээр захирамжийг үндэслэн Ч.Г Давшилт компаниас тракторын хамт шилжиж ирж байгаатай холбогдуулан 1993 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс Тамгын газарт жолоочоор авч ажилуулсугай...” гэх бичилттэй 07 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийн хуулбар (хх-ийн 10, 35 дугаар тал),
Төмөрбулаг сумын Засаг даргын 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “...Нэг. Засаг даргын Тамгын газрын Хө 01-43 номерийн УАЗ-31512 эвдрэл хохирлыг тогтоох комиссыг доорх бүрэлдэхүүнтэйгээр томилсугай...Ч.Г- Тамгын газрын жолооч...” гэх бичилттэй 57 дугаартай “Комисс томилох тухай” захирамжийн хуулбар (хх-ийн 36 дугаар тал),
Нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн захиргаанаас 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 327979 дугаартай олгосон “01. 1987 оны 03 сарын 20. Давшилт нэгдэлд тракторчноор томилон ажиллуулав. Нэгдлийн даргын 1987 оны 3-р сарын 30-ны өдрийн 27 тоот тушаалаар, 02. 1993 оны 01 сарын 04. Өөр ажилд шилжих болсон учир тракторын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Давшилт ХХК-ын захирлын 1993.01.07-ны өдрийн 02 тоот тушаалаар, 03. 1993 оны 01 сарын 10. Сумын Засаг даргын Тамгын газар тракторчноор авч ажиллуулав. Сумын Засаг даргын 1993.01.11-ний 07 тоот захирамжааар, 04. 1995 оны 01 сарын 01. Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг хааж 568070 тоот НД дэвтэр олгов. Төмөрбулаг сумын НД-ын байцаагч” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр (хх-ийн 117-141 дүгээр тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/388 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, Ч.Гын “Ажилладаг гэх хэсэгт Давшилт нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1986, эрхэлдэг ажил гэх хэсэгт Тракторын жолооч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1986, оршдог сум, район гэх хэсэгт Төмөрбулаг, бүртгэгчийн нэр гэх хэсэгт Гиваанжил, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.20...” гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 22-26 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд Ч.Г-ын Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тракторчнаар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газарт 1993 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.Г нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0214 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан талаарх бичилттэй Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08/365 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч Ч.Г нь 1999 оны 1-9 сар, 2000 оны 5-8 сар ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх бичилттэй №1708000164 дугаартай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 11, 21 дүгээр тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Гэрч Б.Ц-ийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай зөрсөн ба нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.Г (**********)-ын Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тракторчнаар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газарт 1993 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ