Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 184

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэчимэг

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч Д.Борбаатар, Ц.Даваа, Б.Мөнхзул, Г.Батсайхан нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Даваагийн Борбаатар, Бүргэд овогт Цэндийн Даваа, Хатагин овогт Батсуурийн Мөнхзул, Тугчин овогт Гансүхийн Батсайхан нарт холбогдох 1721001200066 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1997 оны 03 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг дүүгийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Цаг-Уурын 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, Бүргэд овогт Даваагийн Борбаатар   /РД: ЖМ 97031111/

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1971 оны 12 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Цаг-Уурын 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, Бүргэд овогт Цэндийн Даваа   /РД: ЖЗ 71120416/

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1990 оны 10 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 5-7 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 8-р байрны 44 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, Хатагин овогт Батсуурийн Мөнхзул   /РД: ЖЮ 90102028/

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1995 оны 01 сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 2-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, Тугчин овогт Гансүхийн Батсайхан   /РД: ЖЯ 95010114/

Шүүгдэгч Бүргэд овогт Даваагийн Борбаатар, Бүргэд овогт Цэндийн Даваа, Хатагин овогт Батсуурийн Мөнхзул, Тугчин овогт Гансүхийн Батсайхан нар нь 2017 оны 08 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт байрлах “Вангийн Цагаан Уул” гэх газраас 41-27 ДОА улсын дугаартай аксент маркийн автомашиныг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр 25.94 кг ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүж 1297000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Даваагийн Борбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хориотой ургамал түүсэн нь миний буруу байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Цэндийн Даваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ховор ургамал түүсэндээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Учруулсан хохирлоо төлөхөд татгалзах зүйл байхгүй. Бидний унаж явсан машин хүний машин байгаа юм. Би гуйж авч явсан.Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Батсуурийн Мөнхзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид дөрөв Вангийн Цагаан уул гэх газарт очоод ургамал түүсэн. Тэнд олон хүмүүс байсан. Хориотой ургамал учир цагдаа нар шалгалт хийдэг гэдгийг нь сонсоод буцаж яваад баригдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй. Дахин ийм үйлдлэл хийхгүй гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Шүүгдэгч Гансүхийн Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ховор ургамал түүсэн гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хүмүүс түүгээд байхаар нь түүсэн юм. Хориглосон гэдгийг би мэдээгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Оюунтунгалаг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Матад суманд байгаль орчны байцаагчаар ажилладаг юм. Байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүүг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас түүж бэлтгэх зөвшөөрлийг олгодог. Тус яамнаас тусгай зөвшөөрөл авахгүйгээр дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүж бэлтгэх нь хууль бус үйлдэл юм. ... манай сумаас нэхэмжлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/

Гэрч Ш.Өлзийдүүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт байрлах Вангийн Цагаан Уул орчмоор дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүй түүж байгаа хүмүүст хяналт шалгалт хийхээр явж байхад орой 21 цагийн орчимд Вангийн цагаан уулнаас хойш Сангийн далай руу явдаг замаар урд зүгт явж байхад өөдөөс цагаан өнгийн аксент маркийн 41-27 ДОА улсын дугаартай авто машинтай хүмүүс ирэхээр нь зогсоож шалгалт хийхэд тус автомашины багажинд 3 ширхэг төмөр лоом, 2 шуудайд хийсэн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс гарч ирэхээр нь тэмдэглэл үйлдэж дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс болон  лоомыг хураан авсан. Матад суманд очоод хураан авсан дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хиллэж үзэхэд 25.94 кг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 96/

Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 22-ны өдрийн 11 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын эрхтэн болох үндэс байна. 2.Монгол Улсын Байгалийн ургамлын тухай 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын жагсаалтад орсон болно. 3.Уг ургамлын үндсийг эмийн түүхий эдийн зориулалтаар ихэвчлэн Хятад улс руу гаргаж ашигладаг. 4.БОАЖЯамны сайдын 2015 оны 7 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэрэвгэр жиргэрүү үндэс нь 5000 мянган төгрөг байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Иргэн, аж ахуй нэгж байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учруулсан хохирлыг тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т заасны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ Дэрэвгэр жиргэрүүгийн 1 кг тутам 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 25.94 кг үндэс нь 1297000х5=6485000 /зургаан сая дөрвөн зуун наян таван мянган/ төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна.” гэжээ. /хх-ийн 115-116/

-Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/

-Бүтээгдэхүүнийг хураах, устгах тухай акт / хх-ийн 14-15/

- Зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 19-21/

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-43/

-Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 38/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 46-87/

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 25/

- Цагдаагийн газарт ургамлын үндэс хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 30/

-Матад сумын Үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 33/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Даваагийн Борбаатар, Цэндийн Даваа, Батсуурийн Мөнхзул,  Гансүхийн Батсайхан нар нь 2017 оны 08 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт байрлах “Вангийн Цагаан Уул” гэх газраас 41-27 ДОА улсын дугаартай Аксент маркийн автомашиныг ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр 25.94 кг ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүж 1297000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Оюунтунгалаг, гэрч Ш.Өлзийдүүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/, зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 19-21/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-43/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 38/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 25/, цагдаагийн газарт ургамлын үндэс хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 30/, Матад сумын Үнэлгээний комиссын Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 33/  Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 22-ны өдрийн 11 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Борбаатар, Ц.Даваа, Б.Мөнхзул, Г.Батсайхан нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч Д.Борбаатар, Ц.Даваа, Б.Мөнхзул, Г.Батсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Д.Борбаатар, Ц.Даваа, Б.Мөнхзул, Г.Батсайхан нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч Б.Оюунтунгалаг, гэрч Ш.Өлзийдүүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 22-ны өдрийн 11 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Борбаатар, Ц.Даваа, Б.Мөнхзул, Г.Батсайхан нар нь зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Борбаатар, Ц.Даваа, Б.Мөнхзул, Г.Батсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

Мөрдөн байцаалтад нэг кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийн экологи, эдийн засгийн үнэлгээгээр нэг кг-ыг нь 50000 /тавин мянган/ төгрөгөөр үнэлсэн байна.

Шүүгдэгч Д.Борбаатар, Ц.Даваа, Б.Мөнхзул, Г.Батсайхан нар нь гэмт хэргийн улмаас байгаль экологид 1297000 /нэг сая хоёр зуун ерэн долоон мянга/ төгрөгийн хохирол учруулсан ба энэ учирсан шууд хохирлыг төлж барагдуулаагүй байх тул уг хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 2000000 төгрөгний үнэлгээтэй 41-27 ДОА улсын дугаартай, аксент маркийн машин нь Э.Арсланбаатарын эзэмшлийн машин мөн болох нь тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан болгож, уг тээврийн хэрэгслийн  үнэ болох 2000000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 500000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг лоомыг устгаж, анх түүж бэлтгэсэн 25,94 кг ургамлыг Цагдаагийн газарт хүлээлгэж өгөхөд хатаж, хөнгөрсөн тул  13,9 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хураан авч улсын орлого болгож, шүүгдэгч Б.Мөнхзулын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 10000000 төгрөгний үнэтэй Хэрлэн сумын 7-р баг 27-123 тоот 1 өрөө орон сууц, Ц.Даваагийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1500000 төгрөгний үнэтэй 5 ханатай эсгий гэр, Д.Борбаатарын эзэмшлийн эд хөрөнгөнөөс  40000 төгрөгний үнэтэй, Скай маркийн гар утас, Г.Батсайханы эзэмшлийн эд хөрөнгөнөөс  1200000 төгрөгний үнэтэй 4 ханатай эсгий гэр зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Борбаатарын ЖМ 97031111 регистрийн дугаартай, шүүгдэгч Ц.Даваагийн ЖЗ 71120416 регистрийн дугаартай, шүүгдэгч Б.Мөнхзулын ЖЮ 90102028 регистрийн дугаартай, шүүгдэгч Г.Батсайханы ЖЯ 95010114 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаануудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүргэд овогт Даваагийн Борбаатар, Бүргэд овогт Цэндийн Даваа, Хатагин овогт Батсуурийн Мөнхзул, Тугчин овгийн Гансүхийн Батсайхан нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үндсийг түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даваагийн Борбаатар, Цэндийн Даваа, Батсуурийн Мөнхзул, Гансүхийн Батсайхан нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,  гэмт хэргийг улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Борбаатар, Ц.Даваа, Б.Мөнхзул, Г.Батсайхан нараас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол 25,94 кг дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндсийн нөхөн төлбөрт 1297000 /нэг сая хоёр зуун ерэн долоон мянга/  төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч  тус бүрээс 324250 /гурван зуун хорин дөрвөн мянга, хоёр зуун тавин/ төгрөгийг  тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Борбаатар, Ц.Даваа, Б.Мөнхзул, Г.Батсайхан  нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Борбаатарын ЖМ 97031111 регистрийн дугаартай, шүүгдэгч Ц.Даваагийн ЖЗ 71120416 регистрийн дугаартай, шүүгдэгч Б.Мөнхзулын ЖЮ 90102028 регистрийн дугаартай, шүүгдэгч Г.Батсайханы ЖЯ 95010114 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаануудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Борбаатар, Ц.Даваа, Б.Мөнхзул, Г.Батсайхан нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 2000000 төгрөгний үнэлгээтэй 41-27 ДОА улсын дугаартай, аксент маркийн автомашиныг эзэмшигч Э.Арсланбаатарт буцаан олгож, уг машины үнэ 2000000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 500000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг лоомыг устгаж, 13.9 кг дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндсийг хурааж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхзулын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 10000000 төгрөгний үнэтэй Хэрлэн сумын 7-р баг 27-123 тоотод байрлах 1 өрөө орон сууц, Ц.Даваагийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1500000 төгрөгний үнэтэй 5 ханатай эсгий гэр, Д.Борбаатарын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 40000 төгрөгний үнэтэй, Скай маркийн гар утас, Г.Батсайханы эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1200000 төгрөгний үнэтэй 4 ханатай эсгий гэр зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ