Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 186

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/03221 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 28 423 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Оюунбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Д” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийж өнгөлгөөний тоосго нийлүүлсэн. “Д” ХХК нь нэг ширхгийн 770 төгрөгөөр бодож 33 700 тоосгыг нийт 25 949 000 төгрөгөөр худалдсан, үүнээс 7 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 18 949 000 төгрөгийн өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд “Д” ХХК-аас тоосгоны үлдэгдэл төлбөр 18 949 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул үлдэгдэл төлбөрийн 50 хувь буюу 9 474 500 төгрөг, нийт 28 423 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч “Д” ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 28 423 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.067 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 300.067 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заладах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч талыг оролцуулалгүй, хэргийг танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь талуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэсэн зарчимыг зөрчсөн.

Хариуцагч компани нь хүсэлт гаргаж өгсөн байхад зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн; мөн хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн; нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгож өгнө үү. Мөн шүүгчийн нөлөөллын мэдүүлэг болон бусад баримтан дээр гарын үсэг зуруулаагүй зэрэг зөрчил гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 28 423 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч “Д” ХХК-ийн төлөөлөгчид нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гардуулсан ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тайлбараа шүүхэд ирүүлээгүй тохиолдолд шүүх хуралдааны товыг зарлаж, хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэний үндсэн дээр хэргийг мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр товлосон ба хариуцагчийн өмгөөлөгч С.Болдбаатарт шүүх хуралдааны товыг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Мөн анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч Ц.Даваасүрэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, оролцох үүргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тайлбарлан өгч, мөн өдрөө нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулжээ. Хариуцагчийн төлөөлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хүсэлтийн дагуу өмгөөлөгчөөр С.Болдбаатар өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан болоход хариуцагчийн өмгөөлөгч С.Болдбаатар хэргийн материалтай танилцаагүй, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зураагүй байхад шүүхийг буруутгах боломжгүй юм.

 

“Х” ХХК, “Д” ХХК-ууд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “Х” ХХК 33 700 ширхэг өнгөлгөөний тоосгыг “Д” ХХК-д үилжүүлэх, “Д” ХХК нь 25 949 000 төгрөгийг 2016 оны 06 сарын 20-ны өдөр гэхэд “Х” ХХК-д төлөх үүргийг тус тус хүлээсэн болохыг анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

“Д” ХХК нь гэрээний үнэд урьдчилгаа 7 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх 18 949 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн гэх баримтгүй байх тул нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгт үлдэх 18 949 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 1.3-д “гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлбөр барагдуулаагүй хоног тутамд 0.1 хувийн алданги төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож харилцааг зохицуулна” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх алдангийг гаргуулж шийдвэрлэхдээ талуудын тохиролцсоны дагуу тооцож 9 474 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах боломжтой.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасан зохицуулалт нь хохирол шаардах эрхэд хамаарах юм. Харин Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохиролцсон алдангийг шаардах эрхтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/03221 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.7” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1” гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА