Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00667

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00667

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******** оршин суух, Ч.Г (Р***********),

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай 155/2024/00586/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Л.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 3 дугаар анги төгссөн. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа хөгжлийн трестэд 1980 онд анх ажилд ороод 1982 онд цэрэгт явтлаа Төв дэлгүүрт задлагчаар ажиллаж байсан. 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад 1991 онд хүртэл нормчноор ажиллаж байсан.

Би ээж Л.Ч-аар овоглодог. н.Г нь миний төрсөн аав байсан. Би аавыгаа сайн мэддэггүй юм. Намайг аавын төрсөн дүү нь 1980 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ажилд оруулахдаа аав н.Г-аар овоглож оруулнаас болоод байгууллагаас 1982 онд олгосон хөдөлмөрийн дэвтэрт аав Г-ын Г гэж бичсэн байсан. Намайг цэрэгт явсны дараа манай ээжид миний хөдөлмөрийн дэвтрийг хүн авчирч өгсөн байсан.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт Г-ын Г гэж бичснээс шалтгаалаад ажилласан жил маань тооцогдохгүй болох гээд байсан тул шүүхэд хүсэлт гаргасан. Миний 1980 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ажилд орсон тушаалд болон 1982 онд цэрэгт яваад ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудад Ганбаатарын Ганчулуун нэрээр тушаал мөн гарсан байгаа юм. 

Иймд 1982 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестээс Г-ын Г нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь РЭ64081072 регистрийн дугаартай, Хотгойд овогт Ч.Г мөн болохыг тогтоож өгнө үү.

Би аавын талаар сайн мэддэггүй юм. Намайг 7 настай байхад аав маань нас барсан гэж ээж ярьдаг юм. Би эцэг, эхээсээ хоёулаа. Миний төрсөн дүү байсан боловч 10 гаруй жилийн өмнө нас барсан. Миний дүү бол аав Г-аар овоглодог байсан....гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд Ч-ын Г-ны өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Эрх олгосон баримт баримт бичгийн жинхэнэ эмзэгшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. 1982 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ч.Г болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүх тогтоож өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1982 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Г-ын Г-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №CVL2467010001003173 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, 1982 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Г-ын Г-нд Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 3-7 дугаар тал),

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Я.Н-гийн мэдүүлэг (хх-ийн 38-39 дүгээр тал), мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 11/528 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №46 дугаартай Ажлаас чөлөөлөх ба томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №45 дугаартай Цэрэгт явах хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 30-32 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 11/524 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №46 дугаартай Ажлаас чөлөөлөх ба томилох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, (хх-ийн 33-37 дугаар тал)

Г-ын Г-нд 1982 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №2467010001003728 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 40 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/642 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1/А/ маягтын хуулбар, №7 хаягийн хуудасны маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбар, (хх-ийн 19-23 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/805 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестээс Г-ын Г нэрээр 1982 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Р************* регистрийн дугаартай,  Ч.Гмөн болохыг тогтоолгох гэж тодруулав.

Ч.Г нь дээрх эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестээс Г-ын Г нэрээр 1982 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Р********** регистрийн дугаартай,  Ч.Г мөн болох нь 1982 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестээс Г-ын Г-нд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 5-6, 40 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 11/528 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “...Тушаах нь. 1.Ажлаас чөлөөлөгдөх хүмүүсийг 1-р хавсралтаар. Орон тоо дутуу хүмүүсийн оронд очих хүмүүсийг 2-р хавсралтаар, ногоонд ажиллах түр ажилчдыг 3-р хавсралтаар. Гуанзанд тариа тушаалтын үеэр нэмсэн орон тоог 4-р хавсралтаар тус тус томилсугай...” гэх бичилттэй №46 тоот тушаалын хавсралтын 6 дэс дугаарт “овог нэр гэх хэсэгт Г-ын Г, ямар ажилд гэх хэсэгт задлагч, томилогдсон он, сар, өдөр гэх хэсэгт 1980-09-08” гэх бичилттэй архивын хуулбар,

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “...Тушаах нь. 1.Ардын цэргийн албанд явах учир Г-ын А грушикээс, Э.Г ногооноос, Г.Г грушикээс 7-р сарын 01-нээс тус тус чөлөөлсүгэй...” гэх бичилттэй №45 тоот тушаалын архивын хуулбар, (хх-ийн 30-37 дугаар тал)

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №2467010001003728 дугаартай нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 7, 41 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/642 дугаартай албан бичгээр ирүүлсэн №7 хаягийн хуудасны маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбар, нэхэмжлэгчийн “ажилладаг гэх хэсэгт Нэгдэл дундын үйлдвэр, ажилд орсон он гэх хэсэгт 1985, эрхэлдэг ажил гэх хэсэгт Нормчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1985, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн, овог, нэр гэх хэсэгт Ч-ын Г, бүртгэгчийн он, сар, өдөр гэх хэсэгт 1988-3-21” гэх бичвэртэй ХААТР-1 /А/ маягтын хуулбар, (хх-ийн 19-23 дугаар тал)

гэрч Я.Н-гийн “...Ч.Г бид хоёр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1980-1982 он хүртэлх хугацаанд хамт ажилладаг байсан. Ч.Г нь тус трестэд бараа задалдаг ажил хийдэг, миний бие тус трестэд үйлчлэгч хийдэг байсан юм. Тэгээд Ч.Г нь 1982 онд цэргийн зарлан дуудах ирээд цэрэгт явсан. Би аав ээжийнх нь талаар бол огт мэдэхгүй, танихгүй....” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хх-ийн 38-39 дүгээр тал)

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестээс Г-ын Г нэрээр 1982 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн юуг баримтлан  бичсэн, баримтын он, сар, өдөр ба дугаар гэх хэсэгт бичигдсэн тушаалын огноо, дугаар нь Хөвсгөл аймгийн Архивын тасгаас ирүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №46 дугаартай тушаал, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №45 дугаартай тушаалуудад бичигдсэн бичилттэй тохирсон, мөн хөдөлмөрийн дэвтэрт наагдсан нэхэмжлэгчийн гэрэл зураг, тухайн байгууллагын тамгаар баталгаажсан байна.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестээс Г-ын Г нэрээр 1982 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Р************ регистрийн дугаартай,  Ч.Г мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Ч.Г (Р**************) нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд болон цахим архивын санд овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Танай 4/817 тоот албан бичигт дурдсан иргэн Ч.Г (Р**********) нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд болон цахим архивын санд овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлд бүртгэгдээгүй байна.” гэх бичилттэй 1/805 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Ч.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестээс Г.Г нэрээр 1982 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Р**************** регистрийн дугаартай, Ч.Г мөн болохыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ