Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/01568

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 16 181/ШШ2024/01568

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Голден Будда, 2 дугаар байр, 75 тоот хаягт оршин суух Жүглэг овогт Б.С /РД:ИЭ81012474/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхаг, 15 давхарт байрлах Э М ХХК /РД:5124913/-д холбогдох,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, Ө.У

Гэрч Г.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь Э м ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даа

тгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ж овогт Б-н С нь 2019 оны 05 дугаар сарын 20-нд Хөрөнгийн удирдлагын газарт Төслийн удирдлага хариуцсан мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон.

2020 оны 12 дугаар сарын 18-нд Э м  ХХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтэст Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн албан тушаалын хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно.

Э м  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 тоот тушаал намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд тус тушаалын үндэслэх хэсэгт Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80.1.1, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Э м  ХХК-ийн дүрмийн 7.7.3, 7.7.4, 7.7.11, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7, 11.3.9, 11.4.1, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д заасныг тус тус үндэслэжээ.

Э м  ХХК нь орон тоо хасагдсан, тус ажил, албан тушаалын байр байхгүй болсон тул Б.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсүгэй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан байдаг. Э м  ХХК-ийн бүтцээс нэхэмжлэгч миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу Э м  ХХК-д уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Хөрөнгө оруулалтын хэлтэс Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн ажлын байрны чиг үүрэг нь нэршил өөрчлөгдсөн, Э м  ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах чиг үүрэгтэй төрийн өмчийн компани болно. Иймд тус компанийн үндсэн ажил, чиг үүргийн хүрээнд Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн ажлын байр нь зайлшгүй хэрэгцээ шаардлагатай, хуулиар аж ахуйн нэгж байгууллагад заавал байх шаардлага бүхий ажлын байр болно. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй болно.

Э м  ХХК-ийн зүгээс ажилтнуудын төлөөлөлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан хэлэлцээг огт хийгээгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.2 дахь хэсэгт зааснаар бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч, ажил олгогч нь бөөнөөр халах зохицуулалт бус орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан нь мөн адил хуульд нийцэхгүй болно.

Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.

Э м  ХХК-д Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн засаг захиргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй, байгуулагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй талаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/686 тоот албан тоотоор лавлагаа авсан болно. Тус албан бичгийг хавсаргав.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Б.С-ын нэхэмжлэлтэй Э м  ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т би тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Э м  ХХК нь бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөн, бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэх болсон нь дараах хууль, эрх зүйн үндэслэл болон хэрэгцээ шаардлагад тулгуурлана. Үүнд:

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 16, А/32 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс Эрдэнэс Монгол ХХК-ийн 2019 он, 2020 оны үйл ажиллагаа болон охин компаниудын өнөөгийн байдалд хийсэн дотоод аудитын хяналт шалгалтын тайланд тус компанийн орон тоог 30 хүртэл хувиар бууруулах, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хангалтгүй, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн орон тоог бууруулж, алдагдалтай ажиллаж байгаа охин компаниудыг өөрчлөн зохион байгуулах, салгах, нэгтгэх, зардлыг бууруулах зэрэг дүгнэлтүүдийг дурдаж, зөвлөмж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дотоод аудитын хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар Дотоод аудитын дүнгийн тухай тогтоолын хамтаар ирүүлсэн байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 147 дугаар "Э м  ХХК-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай, тогтоолын хавсралтаар компанийн дүрмийг шинэчлэн, компанийг нэгдлийн бодлого, зарчмаар хөгжүүлэх хууль, эрх зүйн үндэслэлийг бататгасан. Компанийн шинэчлэн баталсан дүрэмд холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан 28 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1-т ... шинэчлэн баталсан дүрэмд нийцүүлэн Э м ХХК-ин болон нэгдлийн зохион байгуулалтын бүтцийг цомхон, чадварлаг, чиг үүргийг давхардалгүй байхаар тогтоох, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашиггүй, давхардсан чиг үүрэг бүхий хараат, охин компани, төслийн нэгжийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлгүй болгох болон нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллуулахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Э м  ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Э), гүйцэтгэх захирал (О.Х) нарт; гэж даалгасан.

Дээр дурдсан ЗГХЭГ-ын Дотоод аудитын хяналт, шалгалтын тайлан, аудитын хорооны тогтоол болон 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан 28 дугаар хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, Э м  ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан Бүтэц, зохион байгуулалт болон Э м  ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 3-ны өдрийн А/61 дугаар Компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтууд тус тус баталж, мөрдүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 367 дугаар Э м  ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1-т Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Э-Т" ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Э м  ХХК-ийг тогтоосугай. гэж, 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 225 дугаар Эрдэнэс Монгол нэгдлийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1-т Үндэсний баялгийн сан бий болгох бэлтгэл хангах зорилгоор Э м  ХК-ийн охин, хараат компани болон харьяа бусад хуулийн этгээдийг нэгдлийн хэмжээнд нүүрс, эрчим хүчний болон зэс, металлын гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүлэглэж, группийн зарчмаар ажиллуулахаар тогтож, Э м , "М" төрийн өмчит үйлдвэрийн газруудыг Э м  нэгдлийн харьяанд ажиллуулсугай. гэж тус тус заасны дагуу Э м ХХК нь цаашид нэгдлийн толгой компанийн буюу баялгийн сангийн хэлбэртэй санхүүгийн менежментийн үндсэн чиг үүрэгтэй тул нэгдсэн стратеги, хөрөнгө оруулалт, судалгааны чиглэлд үйл ажиллагаа явуулах бүтэц, зохион байгуулалтад шилжилт хийж байна.

Э м  ХХК-ийн Гүйцэтгэх захирлын А/61 дугаар тушаалаар Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны орон тоо хасагдсан тул нэхэмжлэгч Б.Санжаажавт 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах 01/439 дугаартай Мэдэгдлийг гардуулсан.

Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн Б/70 тоот тушаал гарч Б.С-т 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр танилцуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хэргийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэж заасныг хэрэгжүүлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; гэх хэсгээс компанийн зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ажлын байр хасагдсан гэж ойлгох тухай улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол, зөвлөмжүүдэд тус тус заасан байдаг.

Б.С-ын нэхэмжлэлийн үндэслэл нь ...Э м ХХК-д уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Хөрөнгө оруулалтын хэлтэс Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн ажлын байрны чиг үүрэг нь нэршил өөрчлөгдсөн... гэснээс харвал нэхэмжлэгч нь өөрийн ажлын байр нь компанийн бүтцэд зайлшгүй байх шаардлагатай гэжээ. Гэвч тухайн ажлын байр, албан тушаал компанийн зохион байгуулалтын бүтцэд байх эсэх асуудлыг Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр Төлөөлөн удирдах зөвлөлийн чиглэлийн дагуу Гүйцэтгэх захирлын тодорхойлох эрх хэмжээ байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг бүхэлдээ шилжсэн зүйл байхгүй, ажлын байрны нэршлийг өөрчилсөн гэх нэхэмжлэгчийн үндэслэл нь тогтоогдохгүй болно.

Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 81.1.2 дахь хэсэгт зааснаар бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч, ажил олгогч нь бөөнөөр халах зохицуулалт бус орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан нь мөн адил хуульд нийцэхгүй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 81.1-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дараах хувь, хэмжээний ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 90 хоногийн хугацаанд цуцалсныг бөөнөөр халсанд тооцно: гэж, 81.1.2-т 51-499 ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны 10 ба түүнээс дээш хувийн; гэж заасны дагуу 81.4-т Халагдаж байгаа ажилтан тус бүрд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэнэ. Мэдэгдэл өгснөөс хойш 30-аас доошгүй хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална. гэж заасныг хэрэгжүүлсэн.

Хуулийн 81.3-т Бөөнөөр халах асуудлаар хийх хэлэлцээгээр ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах; тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх; ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах; ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах; хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. гэж заасны дагуу 2022 оны 06 сарын 29-ны өдөр хэлэлцээ хийгдсэн. Энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгч байна.

Бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх заалтын аль нэг үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлдөг тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд компанийн бүтцээс Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байр байхгүй болж ажлаас чөлөөлөх үндэслэлийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн Б/70 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил ологчийн санаачилгаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Э м  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/686 дугаар Зөвлөмж хүргүүлэх тухай албан тоот, Э м ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/449 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

4. Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 147 дугаар Эрдэнэс монгол ХХК-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоол, Э м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/49 дугаар Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, Э м-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дугаар Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоол, Э м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар Компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, Э м ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/61 дугаар Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай тушаал, Э м ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/439 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Э м ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/509 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Э м ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хамтын гэрээ, Э м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/110 дугаар тушаал, түүний хавсралтууд, Э м ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоол, түүний хавсралт, Э м ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр с,арын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл, Э м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/49 тоот тушаалаар батлагдсан Удирдлагын мэдээлэл солилцох хурлын журам, Э м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/48 тоот тушаалаар батлагдсан Баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам, Э м  ХХК-ийн Эдийн засаг, зах зээлийн судалгааны хэлтсийн Хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан мэргэжилтэн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, тус тодорхойлолтыг баталсан тушаал, Э м ХХК-ийн Эдийн засаг, зах зээлийн судалгааны хэлтсийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, тус тодорхойлолтыг баталсан тушаал, Э м ХХК-ийн Төлөвлөлт, шинжилгээний хэлтсийн Охин буюу хараат компани хариуцсан мэргэжилтэн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, тус тодорхойлолтыг баталсан тушаал, Төлөөлөн удирдах зөвлөлийн 5 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл, Э м  ХХК-иас тус компанийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хүний нөөцийн судалгааны тайлан, Э м ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/27 дугаар Сул зогсолт зарлах тухай тушаал, хавсралтын хамт, Э м ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Ажлын байрны шинжилгээ хийх ажлын хэсгийн тайлан, Э м ХХК-иас тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан жагсаалтын 41 ,42, 43, 44 дэх хэсэгт заасан албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э м ХХК-ийн бүтцээс нэхэмжлэгч миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор хасагдаагүй бөгөөд Хөрөнгө оруулалтын хэлтэс Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн ажлын байрны чиг үүрэг нь нэршил өөрчлөгдсөн. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.2 дахь хэсэгт зааснаар бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч, ажил олгогч нь бөөнөөр халах зохицуулалт бус орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан нь мөн адил хуульд нийцэхгүй. Эрдэнэс Монгол ХХК-ийн зүгээс ажилтнуудын төлөөлөлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан хэлэлцээр хийгээгүй, ажилтнуудыг бөөнөөр халсан тохиолдолд Уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрт зааснаар 45 хоногийн өмнө ажилтанд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх ёстой байсан. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Э м ХХК-ийн Гүйцэтгэх захирлын А/61 дугаар тушаалаар Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны орон тоо хасагдсан тул нэхэмжлэгч Б.С-т 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах 01/439 дугаартай Мэдэгдлийг гардуулсан.

Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн Б/70 тоот тушаал гарч Б.С-т 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр танилцуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хэргийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэж заасныг хэрэгжүүлсэн.

Иймд компанийн бүтцээс Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байр байхгүй болж ажлаас чөлөөлөх үндэслэлийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн Б/70 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил ологчийн санаачилгаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангасан гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг хэргийн оролцогчоос нотлох баримтаар гаргаж өгөөгүй боловч Б.С нь Э м ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөрөнгийн удирдлагын газарт Төслийн удирдлага хариуцсан мэргэжилтнээр, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Хөрөнгө оруулалтын хэлтэст Төслийн үр ашгийн тооцоолол хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаарх үйл баримтад талууд маргаагүй.

 

6. Э м ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсныг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар тушаалаар Компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн баталжээ. /1-р хх 47-63/

 

7. Э м ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/439 тоот албан бичгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б.С-т мэдэгдэж, Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 тоот тогтоолоор Компанийн бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдаж, Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтний орон тоог хассан үндэслэлээр Б.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгон цуцалсан байна. /1-р хх 4,67/

 

8. Ажлын байр хасагдсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд мэдэгдсэн эсэх, бөөнөөр халах асуудлаар хийх хэлэлцээрийг ажил олгогч хийсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

9. Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Төслийн үр ашгийн тооцоолол хариуцсан мэргэжилтэн ажлын байр нь Э м  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар батлагдсан Эдийн засаг зах зээлийн судалгааны хэлтсийн Хөрөнгө санхүүжилт хариуцсан мэргэжилтэн, Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар батлагдсан Төслийн судалгаа, үнэлгээний газрын Төслийн үнэлгээ, эрсдэл хариуцсан мэргэжилтэн ажил албан тушаал болж нэршил өөрчлөгдсөн буюу өөрийн хийж гүйцэтгэж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

10. Хариуцагч Э м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэсэн байх боловч ажлын байр хасагдсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

11. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн чиг үүрэг Э м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар батлагдсан Эдийн засаг, зах зээлийн судалгааны хэлтсийн Хөрөнгө санхүүжилт хариуцсан мэргэжилтэн, мөн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар батлагдсан Төслийн судалгаа, үнэлгээний газрын Төслийн үнэлгээ, эрсдэл хариуцсан мэргэжилтэн ажлын байрны үндсэн чиг үүрэгтэй адил буюу нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул ажлын байр бодитоор хасагдаагүй буюу ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж, нэршил өөрчлөгдсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд шүүх хуралдаанд тухайн ажил албан тушаал нь тодорхой хэмжээгээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэгтэй давхцаж байгаа гэж тайлбарласан.

 

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно гэж заасан. Ажлын байр хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох ба харин зохион байгуулалтын бүтцийг өөрчилж, ажил албан тушаалын нэршил өөрчлөгдсөн үйл баримтыг ажлын байр хасагдсан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

13. Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн хэрэгжүүлж байсан хөрөнгө оруулалт татах, түүнтэй холбогдох тооцоо, судалгаа хийх үндсэн чиг үүрэг Э м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эдийн засаг зах зээлийн судалгааны хэлтсийн Хөрөнгө санхүүжилт хариуцсан мэргэжилтэн, Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төслийн судалгаа, үнэлгээний газрын Төслийн үнэлгээ, эрсдэл хариуцсан мэргэжилтэн Ажлын байрны тодорхойлолтод хэвээр хадгалагдаж үлдсэн байх тул ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад нийцээгүй байна.

 

14. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.С-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

15. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн, бөөнөөр халах үед хийх хэлэлцээрийг ажилтан болон ажил олгогчийн төлөөлөгч хийсэн болох нь Э м ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/439 тоот албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

16. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг цалин бүтэн олгогдсон сүүлийн 3 сар болох 2021 оны 12 сар, 2022 оны 1, 2 дугаар сараар тооцвол нэг өдрийн цалин 63,257 төгрөг байна.

 

17. Ажлаас чөлөөлөгдсөн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний олговор 29,287,991 төгрөг /63,257₮*463 хоног=29,287,991₮/ байх боловч нэхэмжлэгч 28,724,390 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул энэхүү дүнгээр нэхэмжлэлийг ханган хариуцагчаас гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлтэй.

 

18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 301,571 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ыг Э м ХХК-ийн Төслийн судалгаа, үнэлгээний газрын Төслийн үнэлгээ, эрсдэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Э м  ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 28,724,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-т олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, дэвтэрт нь зохих бичилтийг нөхөн хийж, баталгаажуулахыг хариуцагч Э м  ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э м ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 301,571 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ