Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ДШМ/19

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2019        05             09                                               2019/ДШМ/19

 

С.Д, Б.Бнарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Энхболд,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолтой С.Д, Б.Бнарт холбогдох 1838005150259 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Мөнхжаргалын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хонин онход овогт Сэржмядагийн Д, .. оны ... дугаар сарын 24ий өдөр төрсөн, …. настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: Р............./.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Билэгдэмбэрэлийн Баярсайхан, .. оны 4 дүгээр сарын ....ы өдөр төрсөн, …............настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: Р....................../.

Шүүгдэгч С.Д нь 2018 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хөвсгөл хүнс ХХК-ийн хашаан дотроос иргэн Б.Бы бетон зуурмагийн машиныг машин механизм ашиглан хулгайлж, 210,000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч Б.Бнь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн яллагдагч С.Дид холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал дээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Дид өглөгтэй байсан, зуурмагийн машин авахаасаа өмнө над руу мессеж бичиж байсныг сүүлд мэдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овогт Билэгдэмбэрэлийн Быг хохирогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Дид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар барилгын инженер мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан барилгын инженер мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолохыг мэдэгдэж, Эрүүгийн 1838005150259 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторгүй, тогоо нь цоорсон, нэг хөлгүй бетон зуурагч машиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бд буцаан олгож, Эрүүгийн 1838005150259 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д, Б.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Мөнхжаргал эсэргүүцэлдээ: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.Быг хохирогч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Дид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Дийг 2018 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Хөвсгөл хүнс” ХХК-ийн хашаан дотроос Б.Бы эзэмшлийн бетон зуурмагийн машиныг машин механизм ашиглан хууль бусаар авч 210,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримт тогтоогдож байх хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлан гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан халдлагын зүйл болох бетон зуурмагийн машин нь тухайн үед “Хөвсгөл хүнс” ХХК-ийн эзэмшилд байсан. Шүүгдэгч нь хохирогчтой хамтран ажилладаг, уг бетон зуурмагийн машиныг өмнө нь хэрэглэж байгаад тавьсан талаар хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, гэрч Ж.Зоригтсайхан, Ё.Далайжаргал нар нь шүүгдэгч С.Дийг өөрийн эзэмшлийн зүйлээ авч явсан талаар мэдүүлсэн байна.

... Мөн халдлагын зүйл болох бетон зуурмагийн машин нь моторгүй, тогоо нь цоорсон, нэг хөлгүй байсныг шүүгдэгч С.Д мотор шинээр тавьж хохирогч Б.Бд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай баримт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Үүнээс үзэхэд шүүгдэгчийн дээрх үйлдлийг нийгмийн аюулын шинж чанарын хир хэмжээгээр ялимгүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гэж дүгнэн хулгайлах гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна гэж үзэж С.Дид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Яллагдагч С.Д нь хохирогч Б.Бы бетон зуурмагийн машиныг машин механизмыг ашиглаж хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б, гэрч Ж.Зоригтсайхан, Ё.Далайжаргал, яллагдагч С.Дийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолд хулгайлах гэмт хэргийн хууль бус үйлдлийг тайлбарлахдаа: “Бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр авч байх үед дэргэд нь байгаа этгээд тухайн үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдээгүй, эсхүл гэмт этгээдтэй холбоотой /найз, танил, төрөл садан гэх мэт/ тул түүний зүгээс хориглох, эсэргүүцэх явдал гаргахгүй гэж тухайн этгээд тооцон бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэргээр зүйлчлэх”-ээр зохицуулсан байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 38 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч С.Дийг 2018 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт байрлах “Хөвсгөл хүнс” ХХК-ны хашаан дотроос иргэн Б.Бы бетон зуурмагийн машиныг машин механизм ашиглан хулгайлж 210,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, шүүгдэгч Б.Быг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн С.Дид холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал дээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Дид өглөгтэй байсан, зуурмагийн машин авахаасаа өмнө над руу мессэж бичсэн байсныг сүүлд мэдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Дийн 2018 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт байрлах “Хөвсгөл хүнс” ХХК-ийн хашаан дотроос иргэн Б.Бы бетон зуурмагийн машиныг машин механизмыг ашиглан хулгайлж 210,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг нийгмийн аюулын шинж чанарын хэр хэмжээгээр ялимгүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр авч, хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг бөгөөд гэмт этгээд тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.

С.Дийн тухайд “Хөвсгөл хүнс” ХХКомпанийн хашаанд байсан бетон зуурмагийн машиныг өмчлөгч Б.Бд мэдэгдэлгүйгээр нууцаар авсан. Уг бетон зуурмагийн машиныг хулгайлах санаа зорилгодоо хүрэхийн тулд учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэснээс үзвэл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээнээс үл шалтгаалан машин механизм ашигласан үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх хэт өрөөсгөл дүгнэлт хийж С.Дид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Д, Б.Бнарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч С.Д, Б.Бнарт урьд авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                                          З.ХОСБАЯР

                                                                                           Н.БАЯРХҮҮ