Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0030

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ц*******” ХХК, РД:*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.А*******, Б.А*******

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М******* нарын хоорондын ““Ц*******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр гаргасан газар ашиглах эрхийг сунгуулах тухай хүсэлтэд татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5776 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар ашиглах эрхийг сунгахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-4******* дугаар тушаалаар Х******* дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар нутгийн Аын аманд 2 га газрыг “Ц*******” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгосон, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 5 жилээр сунгасан.

1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5776 тоот албан бичгээр “Ц*******” ХХК-д хандан “... 10797.1 мкв талбай нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийн гадна байрлаж байгаа тул тухайн газартай холбоотой асуудлаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж гаргана уу” гэжээ.

1.3. “Ц*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан ““Ц*******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 40 тоот албан бичгээр гаргасан газар ашиглах эрхийг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа Байгаль орчин Аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, манай компанийн газар ашиглах эрхийг сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан байна.

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ““Ц*******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр гаргасан газар ашиглах эрхийг сунгуулах тухай хүсэлтэд татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5776 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар ашиглах эрхийг сунгахыг даалгах” гэж тодруулсан.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгч “Ц*******” ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газарт буюу нүхтийн зам дагуу 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээ авч, газар ашиглах гурвалсан гэрээ байгуулж, Нийслэлийн Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний Газарт БОНБЕУ болон БОНБНУ, төслөө танилцуулж Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “УБ хотыг 2020 он хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу зураг төслөө боловсруулж Архитектур төлөвлөлтийн даалгавраа авч УСУГ., УБЦТХК, МЦХХК,УБДДХК-иас техникийн нөхцөлүүдээ авч зургаа хийлгэж өөрсдийн зардлаар эрчим хүч, дулаан, цэвэр бохирын шугамаа татсан. 2018 онд төсөл хэрэгжүүлэх газар луугаа төв замаас орц гаргах хүсэлт гаргаж Нийслэлийн Захирагчийн албаны даргаас зөвшөөрөл авч зургийн дагуу орох орц гаргасан. Барилгын хөгжлийн төв, НМХГ, ОБЕГ-иар зургаа батлуулж Нийслэлийн Хот байгуулалт төлөвлөлтийн газраас барилгын ажлаа эхлэх зөвшөөрөл авч гүйцэтгэгч компаниудтай гэрээгээ байгуулж төлбөрөө шилжүүлж барилгын ажлаа эхэлсэн. 2019 оныг хүртэлх газрын төлбөрөө төлж Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын албатай газрын төлбөрөө төлж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар хариуцсан мэргэжилтэнтэй уулзахад Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний А/65 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллан хилийн цэсийг нарийвчлан тогтоосон. Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэс болон Нийслэлийн хилийн цэсийг нарийвчлан тогтоож Газрын шинэтгэлийн үндэсний хорооны хуралдаанд оруулан эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг шинэчлэн бүртгэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад Газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах албан хүсэлтээ хуулийн хугацаандаа гаргахад уг хилийн цэсийн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр гарсны дараа хүсэлтээ гарга сунгах боломжтой гэсэн. Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолд:

Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, газрын харилцаатай холбоотой уйл ажиллагаанд мөрдөж ажиллах, Тустай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах; ажлыг Засгийн газарт даалгасан байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны 1/1180-тай албан тоот Санал хүргүүлэх тухай: Барилга, хот байгуулалтын сайд Ц.Д*******д Уг хил заагийг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд, Нийслэлийн засаг дарга нарт уламжилж өгөхийг хүсье

Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолыг хэрэгжилтийг хангахаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Д******* 2023 оны 06 дугаар сарын 05-ны 1/2055 тоот албан бичигт:

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироолгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн зохион газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэж хамтран ажиллахыг хүсье гэж Нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 06 дугаар сарын 28-ны 1/1396 албан бичигт: Нийслэлийн Х******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1******* Нэгж талбарын дугаар бүхий 19985 м.кв танай газрыг тус газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Улсын Их Хурлын 1995 оны 26дугаар тогтоолоор батлагдсан Богдхан уулын дархан цаазат газар"-ын хил заагийг тодруулж Бурагласан хил заагтай давхцуулан шалгаж үзэхэд Богдхан уулын Дархан цаазат газрын хил заагт 9317.84 м.кв газар нь хамаарч байгаа тухай албан бичгээр хариу өгч холбогдох зургаар 1 тоот шонгийн Зургийг оруулсан байна.

Манай компани шинээр газар ашиглах эрх хүсээгүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар олгогдсон газраа хилийн цэсийн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар баталгаажуулахыг хүссэн болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яам сайдад өөрийн ашиглаж буй газрыг сунгах хүсэлтүүдээ удаа дараа гаргасан.

2023 оны 09 дүгээр сарын 13-ны УИХ-05/7250 тоот Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын албан тоотод: Танай компанийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоол, Барилга хот байгуулалтын сайд Ц.Д******* 2023.06.05-ны № 1/2055-тай /Холбогдох байгууллагуудад /тоот албан бичигт тодорхой дурдсан байх тул холбогдох газруудад хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ үү гэжээ. Манай компанийн хувьд Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны сайдад хандан гаргасан 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 40 тоот газар ашиглах эрхийг сунгуулахыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж егөхгүй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1- т зааснаар өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлээгүй өнөөдрийг хүрсэнтэй холбоотойгоор "Ц*******" ХХК нь өнөөдрийг хүртэл газар ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүй өдий хүрлээ. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрх сунгахыг даалгаж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Нэхэмжлэгч компани нь анх 2011 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газарт 2 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсон. Ингээд ашиглах явцдаа тухайн газраа ашиглана гээд төсөл хэрэгжүүлээд явж байсан. Үүнээс хойш мөн газар ашиглах эрхээ сунгуулаад хугацаа нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл газар ашиглах эрхээ сунгуулсан. Энэ хугацаандаа төслөө хэрэгжүүлээд 2019 он хүртэл газрын төлбөрөө төлөөд ямар нэгэн зөрчил гаргаагүй явж байсан. 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр анх “Ц*******” ХХК-иас манай газар ашиглах эрхийг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан. Яамнаас юу гэж хариу өгсөн бэ гэхээр Богдхан уулын дархан цаазат газрын хилийг тогтоох ажлын хэсэг гарчихсан, энэ хилийг тогтоох ажлын хэсгийн дүгнэлт гарах хүртэл танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна, тийм учраас хүлээж бай гэсэн агуулгатай хариу ирсэн. Үүнээс хойш ажлын хэсгийн дүгнэлт нь гараад үүн дээр үндэслээд Улсын Их Хурлын Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хилийн цэсийг нь тогтоосон. Хилийн цэсийг тогтоогоод харьяа байгууллагууддаа тухайн цэсийг мөрдөж ажилла, ингэхдээ газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдэд ямар нэг хүндрэл, саад учруулахгүйгээр гэрээ гэрчилгээг нь сунгаж ажилла гэсэн ийм даалгавар Засгийн газарт өгсөн байгаа. Үүний дагуу дахиад Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтээ 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр өгч хандсан боловч хариу өгөөгүй. Үүнээс хойш 6 дугаар сарын 30-ны өдөр, 8 дугаар сарын 3-ны өдөр тус тус хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй, газар ашиглах эрхийг маань сунгах хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байсан учраас нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Анх “Ц*******” ХХК нь 2 га газрыг өөрийн эзэмшилд ашиглах эрхтэй болж байсан. Гэтэл хилийн цэс нь батлагдахдаа тухайн газрыг ерөнхийд нь яг голоор 2 хуваасан. Үүнтэй холбогдуулан манай ашиглаж буй газрын зарим хэсэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын харьяа болоод үлдсэн хэсэг нь Нийслэлийн Засаг даргад хамаарахаар болчихсон. Энэ асуудлын аль алин дээр нь нэхэмжлэгч маргаж явсан. Нийслэлийн Засаг даргад холбогдох хэсэг дээр анх ямар нэгэн шийдвэр байгаагүй учраас тухайн газраа бодитоороо эзэмшээд явж байсан учраас газар эзэмших эрх болгож өгөөч гэдэг байдлаар хандаад Нийслэлийн Засаг даргатай захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсгээд нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргачихсан байгаа. Одоо нөгөө хэсэг нь буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох хэсэг дээр газар ашиглах эрхийг сунгаж өгөөч гэж байгаа юм. Үүнд хамаарах хэсэг нь 9317 м.кв газар бөгөөд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа болчихсон байгаа. Манай компанийн хувьд ямар нэгэн байдлаар хугацааны хувьд асуудалгүйгээр хугацаандаа багтаад хүсэлтээ гаргачихсан. Бусад байдлаар газрын хувьд дурдсан зүйл байхгүй байхад газар ашиглах эрхийг нь сунгахаас татгалзсан хариу өгөөд байгаа нь өөрөө хууль бус юм. Тийм учраас шийдвэрийг хууль бус болохыг тогтоогоод газар ашиглах эрхийг сунгахыг даалгаж өгөөч гэсэн ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “Ц*******" ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хандсан ба тус албан бичгийн хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5776 дугаар албан бичгээр хариу өгсөн байна. Тус албан бичигт ““Ц*******” ХХК-ийн ашиглаж байсан газрын 10797.1 м.кв талбай нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийн гадна байрлаж байгаа тул тухайн газартай холбоотой асуудлаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж гаргана уу” гэжээ. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгч “Ц*******” ХХК-ийн албан бичигт хариу өгсөн ба эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Ц*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч “Ц*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хандсан ба тус албан бичгийн хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 11 дүгээр сарын 02-ны өдөр албан бичгээр хариу өгсөн. Тус албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь тус албан бичгээр яг хилийн цэсийн маргаантай байна, хилийн цэсийн хувьд нэхэмжлэгч 2 га газар эзэмшдэг, тухайн 2 га газрын 10900 м.кв газар нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээ, үлдэж байгаа *******00 м.кв газар нь болохоороо Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа буюу тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа. Ийм учраас хүсэлтийг нь шийдвэрлэх боломжгүй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хүсэлтээ өгч шийдвэрлүүлсний дараагаар манайхаас шийдүүлэх боломжтой гэсэн хариуг албан бичгээр өгсөн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн тус албан бичигт “Ц*******” ХХК-ийн ашиглаж байсан газрын 107******* м.кв газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн гадна байрлаж байгаа тул газартай холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж гаргана уу гэсэн асуудлаар ерөнхийдөө гаргасан. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж дурдаж байгаа боловч яг хуулийг хүчин төгөлдөр гэж үзэх үү, үгүй юу, уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэх нь одоо тодорхойгүй байгаа учраас тус шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулаад шууд газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх, сунгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнхаа 106.3-д заасны дагуу ямар нэгэн байдлаар шүүхээс шийдвэрлэх боломжгүй. Яагаад гэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нэхэмжлэгч “Ц*******” ХХК-иас хүсэлтээ өгөөд тус хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам сунгах эсэхийг шийдвэрлэх эсэх асуудлыг шийдвэрлэх болохоос бус ямар нэгэн байдлаар шууд даалгах нэхэмжлэлийн шаардлага ингэж гаргаж байгаа нь үндэслэлгүй. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2019 он хүртэл газрын төлбөрөө бүрэн төлж байсан” гэж дурдлаа. Тэгэхээр 2020, 2021, 2022 онуудад газрын төлбөрөө төлөөгүй, мөн 2019 оноос хойш ашиглах эрхтэй газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэдэг нь өөрөө тодорхой тогтоогдохгүй байгаад байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд сунгуулах хүсэлтээ өгсөн гэдэг боловч тус хүсэлтэд хавсаргаж шаардлага хангах баримтуудыг өгөөгүй. Иймээс тус хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан тул манай байгууллагаас 11 дүгээр сарын 02-ны өдөр “шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Мөн сүүлд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд эвлэрэх эсэх асуудлаар албан бичгээр хандсаны дагуу судалсан боловч тус асуудлаар эвлэрэх боломжгүй, шууд одоо сунгахыг даалгаж өгнө үү гэсэн агуулгатай албан бичиг ирсэн учраас тус хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Ц*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан ““Ц*******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр гаргасан газар ашиглах эрхийг сунгуулах тухай хүсэлтэд татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5776 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар ашиглах эрхийг сунгахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй, хамгийн сүүлд шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-4******* дугаар тушаалаар Х******* дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар нутгийн Аын аманд 2 га газрыг “Ц*******” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгож, 2011/158 тоот гэрчилгээний хугацааг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 5 жилээр сунгасан бичилтийг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хийжээ.

3.  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 66 дугаар захирамжийн дагуу ажилласан ажлын хэсгүүдээс Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг шалгаж зурагжуулах, хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх асуудлаар Барилга хот байгуулалтын сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга нар эцэслэн тохиролцсон болохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/1396 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Ц*******” ХХК-д мэдэгджээ.

4. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглаж байсан Х******* дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар нутгийн Аын аманд 2 га газрын 9305 мкв талбай нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагтай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/2455 тоот лавлагаагаар тогтоогдов.

 

5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна”, 2 дахь хэсэгт “Тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээний дотор хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг дарга тогтооно” гэж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах ...” гэж заажээ.

7. Байгаль орчин аялал жуулчлалын яамны цахим хуудсанд нийтэлсэн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримтуудын жагсаалтаас үзвэл, газар ашиглах тухай хүсэлтэд “өргөдөл хүсэлт, гэрчилгээний хуулбар, гэрчилгээ, кадастрын зураг, төлбөрийн тооцоо нийлсэн акт, хамгаалалтын захиргааны санал, гэрээ дүгнэсэн акт, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг хавсаргахаар журамлажээ.(https://met.gov.mn/public/storage/tdatas/February2022/6N2QwsyqRkfZP8Y6N0oh.pdf)

8. Хууль тогтоомжийн зохицуулалтын дагуу газар ашиглагч нь газар ашиглалттай холбоотой тодорхой баримтуудыг бүрдүүлж өгөх, үүний дараа хариуцагчаас газар ашиглах гэрээний нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, гэрчилгээний хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай байна .

 

9. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдээс,

9.1. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар албан бичгээр гаргасан “газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах” гэсэн,

9.2. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот албан бичгээр “... хилийн цэс эцэслэн шийдвэрлэгдсний дараа сунгах боломжтой гэсэн, ...газрын төлбөрөө төлөхөөр хандахад манай компанийн газрын төлбөрийг хэрхэн тооцох нь тодорхойгүй гэсэн хариу өгсөн тул газар ашиглах эрхийг сунгаж өгнө үү” гэсэн,

9.3. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22 тоот албан бичгээр “...Иймд уг албан бичгийн дагуу нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам нт Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг орчимд шинээр газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох үйл ажиллагааг зогсоогоод байгаа эцсийн шийдвэр гарвал газар ашиглах эрхийг шийдвэрлэх боломжтиой гэсэн тул газар ашиглах эрхийг сунгаж өгнө үү” гэсэн,

9.4. 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 37 тоот албан бичгээр “... тус компанийн ашиглаж буй газрын 9317мкв газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт хамаарч байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2055 тоот албан бичигт газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүйгээр эрхийн гэрчилгээ олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж хамтран ажиллахыг хүссэн. Иймд манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж 9317мкв газар ашиглах эрхийг сунгаж өгнө үү” гэсэн,

9.5. 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 40 тоот албан бичгээр гаргасан “...хилийн цэсийн асуудал шийдвэрлэгдсэн байна, ...манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж 9317 мкв газар ашиглах эрхийг сунгаж өгнө үү” тус тус гаргасан боловч “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-т хамаарах 9317мкв талбайн ашиглах эрхийг сунгуулахтай холбоотой баримтуудыг гаргаж байгаагүй байна.

 

10. Байгаль орчин, ачлал жуулчлалын яамнаас “Ц*******” ХХК-д хүргүүлсэн,

10.1.  2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/5281 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/145 дугаартай албан бичгүүдэд “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар ажилласан ажлын хэсгээс ... шалгаж зурагжуулсан хилийн цэстэй давхцалтай, ... Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 66 дугаар захирамжаар байгуулсан ... ажлын хэсгээс дээрх хилийн цэсийн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэж дүгнэлт гаргаагүй байх тул танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...”,

10.2. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/145 тоот албан бичигт “... ажлын хэсгээс хилийн цэсийн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэж, дүгнэлт гарсны дараа танай газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой”

10.3. 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 08/1966, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08/2508 тоот албан бичигт “... хилийн зааг эцэслэн шийдвэрлэгдээгүй, иймээс хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй”,

10.4. 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08/2508 тоот албан бичигт “...ажлын хэсгээс хилийн цэсийн маргаантай асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэж, эргэлтийн цэгийг баталгаажуулах хүртэл танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй”,

10.5. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08/3637 тоот албан бичигт “... нийт 19954 мкв газрын 10797.1 мкв газар нь нийслэлийн нутагт дэвсгэрт хамаарч байна” гэсэн хариуг тус тус өгчээ.

 

11. Хилийн цэсийн маргаантай асуудал нь 2023 оны 06 дугаар сард шийдвэрлэгдсэн тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй.

12. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдэд тухай бүр хариу өгсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хилийн цэсийн маргаантай асуудал шийдвэрлэгдсэнээ хойш газар ашиглагч нь шаардлагатай баримтуудыг бүрдүүлж хугацаа сунгуулахаар хандаагүй” гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.

13.  Учир нь “Ц*******” ХХК-иас анх 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаснаас хойш газрын хэмжээ өөрчлөгдсөн байх бөгөөд тус компани нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 40 тоот албан бичгээр хүсэлт гаргахдаа газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах баримтыг бүрдүүлж өгөөгүй, харин хилийн цэсийн маргаантай асуудал шийдвэрлэгдсэнтэй холбоотой захиргааны байгууллагуудын шийдвэр болох 6 хуудас баримтыг хавсаргаж өгсөн байх тул бичиг баримтын бүрдэл хангагдаагүй гэж үзнэ.

14. Тухайлбал, нэхэмжлэгчээс 2018 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголыг, аын аманд хэрэгжих аялал жуулчлалын цогцолбор төслийн 2018-2022 оныг хүртэлх менежментийн төлөвлөгөөг тус тус батлуулсан, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилтийг дүгнүүлсэн, 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн, 2017-2019 оны газрын төлбөрт тус бүр 15,840,000 төгрөг төлсөн, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсан, 2014 онд эскиз зургийг батлуулж, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар авсан, 2019 онд ажлын зургийг батлуулсан, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан, 2012 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас, 2017 онд Ус сувгийн удирдах газраас, 2021 онд “Мэдээлэл холбооны сүлбээ” ХХК-иас, 2022 оны “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас тус тус техникийн нөхцөл авсан баримтуудыг шүүхэд ирүүлсэн, харин 9317мкв талбайтай газрыг ашиглах талаарх аливаа баримтыг ирүүлээгүй.

15. Харин Х******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 19/850 тоот албан бичигт “Танай компанийн нэр дээрх ашиглах эрх бүхий газар нь газрын мэдээллийн нэгдсэн системд гэрээний хугацаа дууссан, хүчинтэй бус төлөвтэй байх тул ногдуулалт үүсэх боломжгүй, ...үнэн зөв бүртгэгдсэнээр газрын төлбөрийн ногдуулалт хийдэг” гэсэн болон нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгагдаагүй, сунгуулахаар нэхэмжлэл гаргаж маргаж байгаа тохиолдолд төлбөр төлөөгүй байдал нь газар ашиглах хугацааг сунгахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй юм.

16. Дээрхээс үзвэл, хариуцагч нь маргаан бүхий 08/5776 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтэд хариу өгөхдөө нэхэмжлэгч хуулийн этгээдийн газрын хэмжээ хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэгдсэн боловч цаашид хэрхэх, хуулийн шаардлага хангасан шийдвэр гаргахад шаардлагатай нөхцөл байдлыг тайлбарлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “оролцогч захиргааны актаар бий болсон эрх, үүргийн талаар тайлбар хүсвэл захиргааны байгууллага, амаар эсхүл бичгээр тайлбарлах “ гэж заасан гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн хүсэлтээ шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

17. Харин нэхэмжлэгчээс “газар ашиглах эрхийн хугацаа сунгахын даалгах” шаардлага гаргаж, энэ шаардлагын үндэслэлээ “удаа дараа хүсэлт гаргасан шийдвэрлээгүй, энэ байдлаараа энэ нөхцөл байдал цаашид хичнээн үргэлжлэхийг таамаглах боломжгүй” гэж тайлбарласан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газар ашиглах эрхийн хугацаа сунгахад шаардлагатай баримтуудыг гаргаж өгөөгүй” гэж тайлбарлаж байгаа тохиолдолд шүүх хариуцагчид хуулиар олгогдсон “газар ашиглах эрхийн хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэх” эрх хэмжээнд халдаж, сунгахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

18. Иймд нэхэмжлэгчээс Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт багтаж буй газрын ашиглах эрхийг сунгуулахад шаардлагатай баримтуудыг гаргаж өгөх, хариуцагчаас хуульд заасан журмын дагуу “Ц*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхээр, энэ нь захиргааны байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5776 дугаартай албан бичгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5776 дугаартай албан бичгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/5776 тоот албан бичгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ