Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/01784

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Б овогт Ч.А /РД:********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хдүүрэг, ** байрлах, И овогт Б.Б /РД:********/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Х овогт О.Ч /РД:********/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б дүүрэг, ** тоотод оршин суух, Х овогт О.Ө /РД:********,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б дүүрэг, ** тоотод оршин суух, Х овогт О.Х /РД:********/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 005, 006, 007, 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.А*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*******од шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П*******, Б.Б******* нар нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн боловч танхимыг орхиж гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.А******* нь хариуцагч Б.Бд холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 005, 006, 007, 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Ч.А******* миний төрсөн ээж Ч*******гийн М******* нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр /нас барсны гэрчилгээний дугаар: 11006/ нас барсан ба түүний өмчлөлд байсан хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг өв залгамжлах хүсэлтийг хуульд заасан хугацаанд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Ө*******од гаргасан билээ. Гэтэл Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх журмыг илтэд зөрчиж хууль бусаар 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэн О.Ө, О.Ч, О.Х******* нарын хүсэлтийг бүртгэлийн 125 дугаарт гэрчлэн М*******д оногдох хэсгийг нэр бүхий хүмүүст өвлүүлж 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Мөн нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах үүргээ хэрэгжүүлээгүйгээс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийн 005, 006, 007, 008 дугаартай Хаан банк болон Голомт банкнууд дахь мөнгөн хадгаламжийн хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус дээрх нэр бүхий өвлөгч нарт олгосон. Түүний энэ үйлдэл хууль бус бөгөөд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Нотариатын үйлдэл хийх зааврын 3.9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болох нь Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нотлогдож байгаа ба нотариатч Б.Бгийн /тамганы дугаар 325/ нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэхээр шийдвэрлэсэн юм. Иймд Нийслэлийн тойргийн 325 дугаартай нотариатч Б.Бгийн хууль бус үйлдэл хийсэн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хаан банк болон Голомт банкнууд дахь мөнгөн хадгаламжийн хөрөнгийн 005, 006, 007, 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүйд тооцуулж өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Миний зүгээс өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчин олгосон талаар холбогдох байгууллагад нь гомдлоо гаргасан, гомдлыг шалгаад энэ нөхцөл байдал нь тогтоогдсон. Энэ талаар хариуцагч ч өөрөө хүлээн зөвшөөрөөд маргахгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо нотариатч нь Нотариатын тухай хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчиж, олгосон энэ нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөд байгаа гэсэн үндэслэлээр гомдлоо гаргасан. Нотариатч үүргээ гүйцэтгэхдээ хайнга, хариуцлагагүй, холбогдох баримтуудыг шалгаагүй өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноос маргаан бүхий үйл баримт бий болсон. Бид гуравдагч этгээд нарыг хууль ёсны өвлөгч биш, эсхүл өв авах ёсгүй гэж маргаагүй бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хууль зөрчсөн гэж маргаж байгаа. Тиймээс нэхэмжлэлийг хангаж өгнө үү, дараа нь өвийн талаар асуудлаа эдгээр хүмүүс шийдвэрлэх эрх нь нээлттэй байгаа болно гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ч.А*******гийн гаргасан нотариатч Б.Бгийн хийсэн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хаан болон Голомт банкууд дахь мөнгөн хадгаламжийн 005, 006, 007, 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эвлэрэх бүрэн боломжтой болно гэжээ.

 

3.Гуравдагч этгээд О.Ө, О.Ч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бидний хувьд нэхэмжлэгч Ч.А*******гийн гаргасан нэхэмжлэлийг хууль болон шударга ёсонд нийцэхгүй үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзэж байгаа. Учир нь Ч.А******* нь нэхэмжлэлдээ .....миний төрсөн ээж Ч*******гийн М******* нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан ба түүний өмчлөлд байсан хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг өв залгамжлах хүсэлтийг хуульд заасан хугацаанд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Ө*******од гаргасан билээ. Гэтэл Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б нь Ч.М*******д оногдох хэсгийг нэр бүхий хүмүүст өвлүүлж 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг гэсэн үндэслэлийг нэрлэн зааж нотариатчийг буруутгасан байна. Өнгөц харж нэхэмжлэлийн шаардлагыг бичсэн хэмжээнд дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Ч.А******* нь үнэхээр нотариатчийн хууль бус үйлдлийн улмаас өвлөх эрхээ зөрчүүлсэн нэгэн мэт ойлгогдож болох ч бодит байдалд харин ч эсрэгээрээ Ч.А******* нь өөрийн эх нэгтэй дүү нарыг хамсаатнаа болгон эцэг эх нэгтэй дүү нар болох О.Ч, О.Х******* нарыг төөрөгдүүлэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль ёсын өв залгамжлагч Ч.Өг оролцуулалгүйгээр өвлөгдөх эд хөрөнгийг арилжих гэрээг илт хууль бусаар Э ХХК-тай байгуулж буй мэт дүр эсгэсэн илтэд хууль бус гэрээ хэлцлүүдийг байгуулуулах замаар өөрөө илтэд үндэслэлгүй давуу байдлаар хөрөнгө гаргуулан авах гэрээг Э ХХК-тай урьдчилан үгсэн тохиролцож байгуулсан байдаг. Түүгээр ч зогсохгүй Ч.А******* нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өв залгамжлагч О.Чыг төөрөгдүүлэн эгч нь чиний хувьд өвлөгдөх хөрөнгүүдийг хөөцөлдөж авч өгье, чи эгчдээ итгэмжлэл хийж өгөх буюу эсхүл өвөөсөө татгалзсан хүсэлт нотариатад гарган өгчих, би өвийн асуудлыг шийдвэрлэн чамд ногдох хөрөнгийг авч өгье гэж Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Ө*******ын гэрийн гадна дагуулан аваачиж урьдчилан бэлтгэсэн баримтанд гарын үсэг зуруулснаасаа хойш О.Чыг гадуурхан орон гэрээс нь хөөж туух, өөрийн нэр дээр зарж борлуулахаар завдсаны улмаас О.Ч өөрийн нотариатад гаргасан өвөөс татгалзах тухай хүсэлтээсээ албан ёсоор татгалзсан болно. Ч.А******* нь эцэг эхийн маань өв хөрөнгөнөөс юу ч олж аваагүй, огт хоосон үлдсэн нэгэн биш атлаа хууль ёсны дагуу үйлдэл хийсэн нотариатчийг буруутган бидний авах өвийг дахин өөртөө авахыг санаархсан үйлдлийг хуулийн байгууллагыг ашиглан гүйцэлдүүлэх гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир хариуцагчийн үйлдлийг дэмжих байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт гаргаж оролцох болно гэсэн.

 

3.1.Гуравдагч этгээд О.Х******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дээрх иргэний хэрэгт иргэн миний бие хуульд заасан үндэслэл журмын дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. Гуравдагч этгээд миний хувьд нэхэмжлэгч Ч.А*******гийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардпагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гуравдагч этгээд миний хувьд ч эгч Ч.А*******гийн өөрөө санаачлан хийсэн үйлдлийн улмаас төрсөн эгч О.Ө, төрсөн ах О.Ч нарын хамтаар эцэг Д.Огийнхоо өвийг хүлээн авахтай холбоотой асуудлаар өөрсдийнхөө эрхийг зөрчүүлсэн байсан болохоор 2019 оны 10 дугаар сараас мэдэж эхэлсэн. Тодруулбал эгч нэхэмжлэгч Ч.А******* нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бидний эх Ч.М*******г эмнэлэгт хүнд өвчтэй байхад бэлэн бичиж бэлдсэн гэрээг авчирч биднээр хавдар судлалын эмнэлэгт гарын үсэг зуруулахдаа эгч О.Өг байлцуулаагүйн улмаас эцгийн өв буюу одоогийн нотариатч Б.Бд холбогдуулан гаргаж буй 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээтэй хамааралтай маргаан үүссэн учир хэдийгээр бидний хооронд үл ойлголцол байсан ч эгч дүүсийн холбоотой учир эвийн журмаар асуудлаа шийдэх гэж оролдож эхэлцгээсэн. Ямар учраас эгч Ч.А*******гийн өөрөө санаачлан хийсэн үйлдлийн улмаас бидний хооронд өвийн тухайд маргаан гарах болсон тухайд тайлбар хийхэд эгч Ч.А******* нь эцэг эхийн маань өв болох үл хөдлөх эд хөрөнгийг Э ХХК-тай арилжихаар тохиролцсон гэрээг урьдчилан бичиж бэлдэхдээ зөвхөн эгч О.Өг оролцуулаагүй бус өөрөө үл хөдлөх эд хөрөнгөтэй дагалдах хөрөнгүүдийн арилжаанд Э ХХК-ийн өгөхөөр тохирсон үл хөдлөх эд хөрөнгөтэй дагалдах үйлчилгээний зориулалттай талбайн үнэ өртөг болох 150 000 000 төгрөгийн үнэ бүхий зогсоолтой орон сууц, газрын төлбөрийн зөрүүнд тооцон өгсөн 100 000 000 төгрөг 28 000 000 төгрөгийн үнэлгээтэй Тоёота кроун маркийн автомашиныг дан ганц өөрийн эзэмшил өмчлөлд шилжүүлүүлэн авсан байсан. Энэ тухайд ах О.Ч мэдээгүй байсан болохыг би мэдээгүй, харин миний хувьд эгч гэрээний зөрүү болох 100 000 000 төгрөгийг Э ХХК-ийн зүгээс миний дансанд хийж төлөх санал хэлсэн боловч би төрийн албан хаагч учир өөрийн хувийн дансанд 100 000 000 төгрөгийн их хэмжээний мөнгө авах боломжгүй гэснийг далимдуулан Ч.А******* нь бэлэн болон бусаар өөртөө авсан болсныг мэдсэн, энэ тухайд Э ХХК нь надад санал тавьсан болохыг эгч Ч.А******* нь мэдэж байсан учраас л үл хөдлөх хөрөнгийн арилжааны тооцоонд дагалдах газар болон бусад зөрүү төлбөрийн тухайд зөвхөн О.Х******* надад хэлсэн байх. Эгч Ч.А******* нь энэ тухайд эгч О.Ө болон ах О.Ч нарын хэнд ч хэлээгүй байсныг би бүр хожим 2019 оны 10 дугаар сарын сүүлээр олж мэдсэн. Иймд эгч О.Өгийн ч мөн ах О.Чын ч, мөн миний ч эрх ашиг ноцтой хөндөгдсөн болохыг хүлээн зөвшөөрч эгч О.Өгийн хамтаар эгч Ч. А*******тай зөвшилцөх гэсээр 2021 оны намрыг хүргэсэн. Бид хамтран эгч Ч.А*******д удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлж мөн Э ХХК-д ч өөрсдийн эрх ашиг хөндөгдсөнтэй холбоотой асуудлын тухай мэдэгдлүүдийг хүргүүлэн эцэг эхийнхээ өв хөрөнгөтэй холбоотой асуудлаар үүссэн маргаантай асуудлыг эвийн журмаар шийдэхээр удаан хугацаанд хүлээцтэй хандаж байсан боловч Ч.А******* нь биднээс зугтаж түүгээр ч зогсохгүй бидний хооронд ховын үг чулуудан хооронд маань муудалцуулах арга зам хайж 2022 оны 9 дүгээр сар хүргэсэн учир бид хуулиар олгогдсон эрхийн дагуу өвийн гэрчилгээгээ авч дотоодын маргаантай асуудпынхаа зөвхөн эхний хэсгийг шийдвэрлэхийг хичээсэн. Түүнээс биш бид огт өв хүлээн авах эрхгүй этгээдүүд байж нотариатч Б.Бгээр нотариатын үйлдэл хийлгэсэн зүйлгүй болно. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл эцэг Д.Огийн маань өв нээгдэх боломжгүй байсан учир эгч О.Ө маань 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ч. А******* хууль бусаар өвийн асуудлын талаар илтэд үндэслэлгүй гэрээг бичин боловсруулсан тухайд мэдэх боломжгүй юм. Харин ах О.Чын хувьд эгч Ч.А*******гийн хуурмаг сайхан үгэнд нь хууртаж, хэрвээ эгч О.Ө эгч Ч.А*******гийн хууль бус үйлдлийг П.Ггаар дамжуулан хийсэн болохыг нь Монголын нотариатчидын танхимд удаа дараагийн лавлагаа авах, гомдол хүсэлт гаргах гэх мэт арга замаар олж мэдээгүй байсан бол ах О.Ч эгч Ч.А*******д өөрт ноогдох бүх өвийн хөрөнгөө алдах байсан байна гэж би сүүлд ойлгосон.Эгч Ч.А******* нь О.Х******* миний биеийг ч мөн адил эгч нь бүгдийг нь хөөцөлдөнө та нарт өвийг чинь зохих журмын дагуу гаргуулан авч өгнө гэх мэтээр төөрөгдүүлэн хуурч байсан гэж би одоо бүрэн ойлгож мэдлээ. Яагаад гэвэл эгч Ч.А******* нь эцэг эхийн маань хэн алиных нь өвийг хүлээн авах хүсэлтийг гаргаагүй байсан болох нь эгч О.Өгийн Монголын нотариатчдын танхимаас албан ёсоор гаргуулан авсан лавлагаа тодорхойлолтуудаас бүрэн ойлгосон байдлаар харагддаг. Иймд эгч Ч.А*******гийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд тухайн нэхэмжлэлийг гаргасанаар эгч О.Ө, ах О.Ч, мөн О.Х******* миний эрх ашиг давхар хөндөгдөх учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж миний бие үзэж байна гэсэн.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №04 дүгээр тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн нотариатад Ч.А*******гийн гаргасан хүсэлт, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, 1 дүгээр маягтын лавлагаа, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №126 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №005 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №006 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №007 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №008 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2023/05610 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2023/07104 дүгээр Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2023/09465 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, нэмэлт тайлбар, Хууль зүй дотоод хэргийн яамны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4/5233 дугаар албан бичиг, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/152 дугаар тушаал, Ш.О*******тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 3-22, 45-49, 85-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Р.Б*******од олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 35, 41-р хуудас/ гэсэн баримтуудыг,

гуравдагч этгээд О.Ө, О.Ч нарын гаргасан хариу тайлбар, Р.П*******д олгосон итгэмжлэл, О.Х*******гийн хариу тайлбар, Р.Б*******д олгосон итгэмжлэл /хэргийн 60-61, 63, 82-83, 98-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газраас Б.Бгийн хилээр гарсан, орсон талаарх лавлагаа /хэргийн 33-р хуудас/ гэсэн баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 005, 006, 007, 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг О.Ө, О.Ч, О.Х******* нарт олгохдоо баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлаагүй, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан эсэхийг тодруулаагүй хууль зөрчиж нотариатын үйлдэл хийсэн тул өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцуулахаар шаардсан.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь О.Ө, О.Ч, О.Х******* нар нь нотариатч Б.Бгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь хууль ёсны дагуу хийгдсэн, бид огт өв хүлээн авах эрхгүй этгээдүүд байж нотариач Б.Бгээр нотариатын үйлдэл хийлгэсэн зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхүй гэж тайлбарласан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын эх Б овогт Ч*******гийн М******* нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 79 настайдаа гэртээ өвчнөөр нас барсныг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсны бүртгэлийн 5406-рт бүртгэж, №11006 дугаартай нас барсны гэрчилгээ олгосон байх тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ гэж зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс өв нээгджээ.

 

5.2.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж зааснаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204 дугаартай гэрчилгээгээр Нийслэлийн С,, тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 2 өрөө орон сууц, тус байрны 1 давхрына тоот хаягт байршилтай өргөтгөлийн талбайн хамт, Хаан банк ХК-ийн 54 тоот, 500 тоот хадгаламжийн данс, 500-0 тоот хадгаламжийн данс, Голомт банк ХК-ийн 1100 тоот хадгаламжийн дансны өмчлөгчөөр Ч.М******* бүртгэгдсэн байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар, өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

6.Талууд өв нээгдсэн, хууль ёсны өвлөгчид болох талаараа маргаагүй, өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж олгосон талаар гэж маргаж байна.

 

7.Нэхэмжлэгч Ч.А*******, О.Ө, О.Ч, О.Х******* нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгчид бөгөөд адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

7.1.Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана, 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно, 531.3-т Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж заасан.

7.2.Нэхэмжлэгч Ч.А******* нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нотариатад өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн нотариатчид хүсэлт гаргах нь гэсэн баримтаар тогтоогдож байх бөгөөд гуравдагч этгээд О.Ө, О.Ч, О.Х******* нарын өв хүлээн авах хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг үндэслэн 2022 оны 2 дугаар сарын 18-нд өвлөх эрхийн №0005, 0006, 0007, 0008 дугаартай гэрчилгээ, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр №126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус олгосон болох нь хэрэгт авагдсан өвлөх эрхийн гэрчилгээнүүдээр тус тус тогтоогдож байна.

7.3.Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Б гуравдагч этгээд нарт 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 005, 006, 007, 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль ёсны өөр өвлөгч байгаа эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, өвтэй холбоотой маргаан байгаа эсэхийг тодруулаагүй, бичиг баримтын үнэн зөв эсэхийг нягтлалгүй өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

 

7.4.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8.1-т Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримтална, 8.2.11-т өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан, 8.2.13-т өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа-г тодруулна.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Өвлөгч нь Иргэний хуулийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж тус тус заажээ.

7.5.Хэрэгт авагдсан Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №04 дүгээр тогтоолд ...4.Гомдол гаргагч Ч.А******* 2020 орны 9 сарын 23-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Б.Ө*******од /Хаан банкны 5, 5000, тоот данс, Голомт банкны 1100 тоот дансан дахь мөнгөн хөрөнгүүдэд/ өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай /Нийслэлийн С, С61 байрны тоот өргөтгөлийн талбайн хамт, 43 м.кв орон сууцны 2 өрөө, мөн тус байрны 1-р давхарына тоот өргөтгөлийн талбайн хамт/ өв хүлээн авах хүсэлт гаргасан байхад нотариатч Б.Б 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бүртгэлийн дугаар 0005, 0006, 0007, 0008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг бусад өвлөгч нарт олгожээ. Дээрх 4 ширхэг гэрчилгээ, мөн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5 өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.11 өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвчлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт /өвлүүлөгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан/, 8.2.13 өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа авах зэрэг үйлдэл хийгээгүй, хянаж нягтлаагүй нь архивын баримтаар тогтоогдож байна гэжээ.

7.6.Мөн Нотаритын тухай хуулийн 43.1-т Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно, Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-т Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ гэж зааснаар өвлүүлэгч Ч.М******* нь ,22 тоотод оршин сууж байсан болох нь хэрэгт авагдсан №0000240210 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

8.Гуравдагч этгээд О.Ө, О.Ч, О.Х******* нар нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хууль зөрчөөгүй, хууль ёсны өвлөгч нарт олгосон, нэхэмжлэгч Ч.А******* нь өөрөө өвийг авах гэснээс өвийн маргаан гарсан, огт өв хүлээн авах эрхгүй этгээдүүдэд нотариатч Б.Б нь нотариатын үйлдэл хийсэн зүйл байхгүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Б нь нотариатын үйлдэл хийж, өвлөх эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд нарт олгохдоо холбогдох хууль, журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байх бөгөөд гуравдагч этгээд нарыг хууль ёсны өвлөгч болох эсэх талаар хэн аль нь маргаагүй болно.

8.1.Иймд нэхэмжлэгч Ч.А*******гийн хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэж, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 005, 006, 007, 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцохоор шийдвэрлэв.

 

9.Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П*******, Б.Б******* нар нь шүүх хуралдаанд хариуцагч нотариатч Б.Бд 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдлийг Монголын Нотариатчдын Танхимын нэгдсэн бүртгэлд зөвтгөн бүртгүүлэхийг даалгах шаардлага гаргасан бөгөөд уг өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдлийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүйд тооцуулах шаардлагатай хэргийг хэлэлцэж байгаа, мөн дээрх үйлдлийг хэрэгт авагдсан Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №04 дүгээр тогтоолоор хууль зөрчсөн гэж дүгнэсэн байхад хариуцагчид холбогдуулан зөвтгөн бүртгүүлэхийг даалгахаар шаардаад байгаа нь ойлгомжгүй гэж бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, дээрх нотариатын үйлдлийг зөвтгөн бүртгүүлэхээр Нотариатын танхимд хандах эрх нь нээлттэй болно.

 

9.1.Тус дүүргийн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2023/17845 дугаартай захирамжаар О.Ө, О.Ч нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн хувийг 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдөр О.Ө, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр О.Чт гардуулсан, гуравдагч этгээд нар нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Р.П*******т итгэмжлэл олгосон, 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2024/01387 дугаар захирамжаар О.Х*******г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэж, 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан байх бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Б.Б*******д итгэмжлэл олгожээ.

9.2.Гэтэл гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүх хуралдааныг танхимыг орхин гарсан тул шүүх хэргийн нөхцөл байдал, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

9.3.Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй гэж заасан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-д заасан төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй болно.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.А*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.А*******д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.А*******гийн хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэлийн 126 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 005, 006, 007, 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.А*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.А*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН