Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00086/И |
Дугаар | 134/ШШ2024/00150 |
Огноо | 2024-06-25 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 134/ШШ2024/00150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, шүүгч М.Энхмандах, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, *******,*******,*******,*******
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг,*******,*******,*******,*******
Гэм хорын хохиролд 1,211,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгч, нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. 2023 оны 9 сарын 23-нд газрын өөрийн өмч болох нэг өрөө байр буюу тоотоос маш их хэмжээний ус алдаж манай гэрт эд хөрөнгийн хохирол учруулсан учраас тодорхой хэмжээний засварын хөлсийг материалтай нь хамт нэхэмжилсэн байгаа. Үүний дагуу удаа дараалан газрын удирдлагатай орж уулзсан, танай байрнаас манайх руу ус алдчихлаа, өмнө нь байсан танай ажилчид ч гэсэн ус алдуулж байсан. Чи өөрөө ч ороод ууж, идэж байгаад цуг ус алдуулж байсан тохиолдол байсан. Тэгэхээр чи ажилтантайгаа ярилцаад хохирлыг маань барагдуулаад өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Гэвч та түр хүлээгээч, би энэ ажилтантайгаа ярилцъя гээд шалтаг тоочоод арга хэмжээ авч өгөхгүй болохоор нь би үнэлгээний байгууллагаар үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээний байгууллагаар үнэлгээ тогтоолгоод шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байна гэж хэлсэн боловч эгч ээ, та түр хүлээгээд 1 сарын хугацаа өгөөч, 1 сая гаруйхан төгрөг л юм байна шүү дээ, энэ мөнгийг дотооддоо ярилцаад шийдье гэсэн тайлбарыг өгсөн. Тэгээд би оны дараа нэг сард тэгж хэлээд 2 сар цагаан сар болчихсон юм. Ингээд 1 сарынх нь хугацаа дууссан. Тэгж явсаар байгаад би сая 3 сард уулзсан чинь бүтэхгүй юм байна, мөнгө болохгүй байна гэсэн. Тэгэхээр нь чи яагаад ингээд хугацаа аваад байсан юм бэ, би одоо шүүхэд өгөхөөс өөр аргагүй болно шүү гэсэн чинь аваагүй гээд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Энэ мэтээр ХХААГ нь өөрсдөө барагдуулъя, тэгье ингэе гээд нэлээн хугацаа авсан. Хэрвээ тэгж яриагүй бол би тухайн үед түрээслэгчийг байх үед нь нэхэмжлэл гаргах боломж байсан. Сая гаруйхан төгрөг юм чинь гэж байгууллагын удирдлага өөрөө хэлж байсан болохоор гаргаад өгчих юм болов уу гэж бодсон юм. Гэтэл гаргаж өгсөнгүй. Байгууллага нь өөрийн баланст байгаа өмч хөрөнгөө эрх мэдлийнхээ хүрээнд захиран зарцуулж, эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгөнд хяналт тавьж ашиглах, түрээслүүлэх, ашиглалтыг сайжруулах үүрэгтэй байдаг, тэр үүргээ ерөөсөө ухамсарлаагүй байна. 2022 оны Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан тогтоолоор тухайн байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл гэж байгууллагын эрх, үүргийг тухайн байгууллагын удирдлага ямар хэмжээний шаардлага тавьж ажиллах эрхийг нь заагаад өгчихсөн байдаг. Тухайн байгууллага дээр өмч хамгаалах байнгын зөвлөл маань ерөөсөө ажиллаагүй. Танай байгууллагын ажилтан бусдад гэм хор учруулсан байхад, танай байгууллагын өөрийн чинь өмч байхад ямар нэгэн байдлаар арга хэмжээ авахгүй ингээд дүлий хүн шиг байгаад байх юм. та өөрөө хүний нөөцийг нь хийж байгаа, Захиргаа, аж ахуйн дарга бол дарга нь шүү дээ, би өөр дээр чинь орж хэргийн материалд хавсаргасан албан бичгийг 11 дүгээр сарын 9-нд гаргуулж авч байсан. Танай байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл нь тэр байрны үйл ажиллагаа, бусдад учруулсан хор хохирлыг нь барагдуулсан юм уу, үгүй юм уу гэдэгт ямар нэгэн хяналт тавиагүй учраас танай байгууллага бол 100% миний хохирлыг барагдуулах ёстой. Өмнөх ус алдалтуудыг ерөөсөө дурдаагүй, гэхдээ тэр ус алдалтыг манай орцны эмэгтэй гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлж байсан. Байрны нойлын почкийг хойш нь согтуу дарж хагалаад шөнөжин задгай ус алдаж байсан. Тийм тохиолдол хүртэл гарч байсан, тухайн үед би бас уучлаад л өнгөрч байсан. Дараагийн удаа ийм юм байхгүй шүү найзууд аа, дүү нар аа гээд л өнгөрч байсан. Саяын ус алдалт бол бас яг тэр хэмжээний ус алдалт болсон, танай байгууллагын өөрийн чинь нойлын өрөө рүү орсон, Газар тариалан хариуцсан мэргэжилтний чинь өрөө рүү орсон, коридорын чинь ил тодын самбарын хажуугаар норчихсон, коридороор чинь ус нуурлачихсан байсан усыг шөнө жижүүр чинь хүртэл орж хараад бид нар хариуцахгүй гэсэн. Тухайн байгууллагын ажилтан чинь цалин авч байсан, тодорхой хэмжээнд хүнд учруулсан хохирлыг барагдуулъя гээд тухайн байгууллага арга хэмжээ зохион байгуулаад ажилласан тохиолдол та хэдэд ерөөсөө харагдахгүй байна шүү дээ. Барьцаанд нь 450,000 төгрөг авдаг гэж байгаа юм. Тухайн жилийн барьцаа 450,000 төгрөгөөр хохирлыг нь тодорхой хэмжээгээр багасгая, дараагийн удаад цалингаас чинь тэдэн хувиар нь авъя гээд дотооддоо шийдэх асуудал шүү дээ. Зүгээр л ороод гараад явдаг хүмүүс шиг л та нар харьцаж байсан. Манай гэрч түрүүнд цухас дурдаж байсныг давхар хэлэхэд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг маш их хортой нөхцөлд байлгаж байна шүү дээ. Танай байгууллага хэдийгээр нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдарч байгаа ч гэсэн ухамсартай, хариуцлагатай байх шаардлагатай байна. Удаа дараалан бензин тос үнэртүүлээд шалаар нэг нуурлуулчихсан, хэн нэг нь ороод чүдэнз зурахад гал гарах, дэлбэрэх аюул байгууллага дээр маш их нүүрлэсэн. Би нэг удаад нь Онцгой байдлын газрын орлогч дарга илэрхийлж байсан. Өвлийн хүйтэн шөнө танай жолоочийг дуудаад өөрөө унтахгүй босоод дарга руу нь яриад танай жолоочийг дуудаад гараж руу чинь асгасан бензинтэй моторыг нь гаргуулж байсан шүү дээ. Шалаар асгарсан бензин нь паркетан шалных нь доогуур орчихсон байхаар нь чи угаагаад цэвэрлэчих гэсэн чинь би чадахгүй гээд жолооч нь хэлж байгаа юм. Тэгэхээр нь би дахиад удирдлага руу нь яриад энэ бензинийг угаалгахгүй бол болохгүй, энд нялх хүүхэдтэй айл байдаг, манай дээр 6 хүүхэдтэй айл байдаг, доор бас 6 хүүхэдтэй айл байдаг. Дээшээ бензин нь ууршихаар маш их үнэртдэг. Би өөрөө харшилтай болохоор хоолой боогоод, хоолой сөөсөн. Маргааш нь даргад нь чи энэ хүмүүсийн эрүүл ахуйг бодооч гээд шаардлага тавьж байсан. Саяхан бас бензинийхээ асуудлыг үүсгээд бензин, тос үнэртүүлээд мотор оруулаад тавьж байсан. Уг нь гаражид тавья гэж тохирсон юм. Гэтэл дахин тийм үйлдэл гаргахаар нь Онцгой байдлын газар руу залгаад жижүүрт нь тэмдэглүүлж байсан юм. Орцонд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд танайх жаахан мэдрэмжтэй баймаар байна. Бусдын тав тухтай амьдрах, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг хангаж ажилламаар байна. Миний хохирлыг барагдуулаад өгөөрэй, барагдуулахгүй бол дараагийн удаад үнэлгээ тогтоолгоод, хохирлоо нэмэгдүүлэн дахин бас шүүхэд хандана гэв.
2. Хариуцагч*******, газар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Манай байгууллагын баланст бүртгэлтэй байрыг түрээсэлж байсан албан хаагч хохирлыг барагдуулах тал дээр маргаан үүсгээгүй, төлье гэсэн. Манайх танай дээрээс ус алдуулчихлаа, төлбөр төлөхдөө хувааж төлье л гэсэн асуудлыг ярьсан юм байна лээ. Нэхэмжлэгч тал болохоор тэрийг нь хүлээн зөвшөөрөөгүй, хоорондоо маргаан үүсгээд эцэст нь шүүхэд ирчихээд байна. Тухайн үед манай байгууллагын баланст байгаа байрыг түрээсэлж байгаа манай байгууллагын албан хаагч нь манайх танай дээрээс ус алдуулсан. хариуцлагаа хүлээнэ, хэдэн учруулсан хохирлоо манайх бүрэн барагдуулъя гэж удаа дараа хэлсэн юм билээ, төлбөр мөнгөө өгөхгүй гэсэн маргаан огт үүсгээгүй. Тэгэхээр одооыг хамтран хариуцагчаар оруулах хүсэлтэй л байна. Манай байгууллагын удирдлага надад хэлэхдээ түрээслэгч төлье гэсэн түр байлгаж байгаач, гэхдээ хуваагаад төлье гэсэн тэгээд түр хойшлуулсан гэдэг байдлаар ярьсан. Тэрнээс манайх яг одоо хариуцагчаар татагдаад төлөх шийдвэр гарах юм бол төсвөөс гарах боломж бага байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс: Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, бэлэн мөнгөний орлогын баримт, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, фото зураг, сиди бичлэг,*******, газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/205 дугаар албан бичгийг,
4. Хариуцагчаас: Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/25 дугаар захирамж, хариу тайлбар,*******, газрын даргын 2020 оны 02 дугаар сарын-ны өдрийн Б/03 дугаар тушаал,*******, газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар тушаал, Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ, түрээсэлсэн эд хөрөнгө хүлээлцсэн акт, түрээсийн төлбөр төлөх хуваарь,*******, газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/125 дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр:*******, газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/128 дугаар албан бичиг,*******, газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийнг Захиргаа, аж ахуйн албаны даргаар томилох тухай Б/18 дугаар тушаал,*******, газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эд хөрөнгийн тооллого зохион байгуулах тухай А/22 дугаар тушаал, газрын 2023 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллого хийсэн тухай тайлан, байгууллагын үндсэн хөрөнгийн жагсаалт зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******, газарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,211,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч******* нь шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон.
Үүнд: 2023.09.23-ны өдрийн орой 23 цагийн үед дээд айлын тоотод ороход нойлын почкины уян нь задарч ус задгай асгарч ханаа даган шууд доошоо манайх руу урсаж байсан, тоотод*******, газрын жижиүүр гэдэг хүн амьдардаг байсан, өмнө нь Алдар гээд залуу амьдарч байх хугацаанд ус алдаж байсан, яагаад*******, газраас нэхэмжилж байгаа вэ гэхээр тухайн байгууллагын өөрийнх нь өмч, хоёрдугаарт, эд нар өөрсдөө санаачилгаараа бид нар энэ сул байраа албан хаагчдаа түрээслүүлье гэж өөрөө санаачилж жилийн эхэнд хүсэлтээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар луу өгч гэрээг хийдэг, түрээсийн гэрээ хийж байгаа юм чинь эд хөрөнгийнхөө ашиглалт хамгаалалт, түрээслэгч манай өмчийг яаж хариуцаж байна вэ гэдэг талаас нь хяналт хийх ёстой, анх тэр байрыг хүлээлгэж өгөхдөө ямар байр өгсөн, энэ байрны ашиглалтыг нь сайжруулахын тулд танай байгууллага юу ч хийгээгүй байгаа, жилийн эцсийн тооллогын комисс, өмч хамгаалах байнгын зөвлөл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа, хийсэн гэрээн дээрээ өөрсдийнхөө хамааралтай хяналт тавина, хамгаалалт хийнэ, ашиглалтыг сайжруулна гэсэн заалтуудаа бүгдийг нь аваад хаячихсан, манай орон сууцанд*******, газрын өмчлөлийн орон сууцнаас ус алдсаны улмаас 1,211,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...гэрээний 4.8-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хохирлыг манай байгууллага хариуцахгүй, тухайн үед манай байгууллагын жижүүр нь18 тоотод амьдарч байсан гэж үгүйсгэж маргасан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ашид билгүүн ХХК-ийн ДХҮ-024/8871 дүгээр Үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт, гэрэл зургууд, СД-ны бичлэг, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Хариуцагч Говьсүмбэр аймгийн, газрын эзэмшлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 2-р байрны 18 тоот орон сууцны 00-ын почкины уян задарснаас 2023.09.23-ны өдөр ус алдаж, нэхэмжлэгч А.Отгонтуяагийн өмчлөлийн 13 тоот орон сууцанд гэм хорын хохирол учирчээ.
2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрийн өөрийн өмчийн өмчлөгч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, нөгөө талаас өмч эзэмшигч байгууллага*******, газар, нөгөө талаас*******, газрын харуул нарын хооронд ГС/2023/001 дүгээр Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээг байгуулжээ.
Тухайн үед хариуцагч байгууллагын эзэмшлийн тоот орон сууцыг ажилтан хөлсөлж байсан талаар нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаанд тайлбарладаг.
2024.01.24-ний өдрийн Ашид билгүүн ХХК-ийн ДХҮ-024/8871 дүгээр үнэлгээний тайланд нэхэмжлэгч*******гийн орон сууцанд 1,211,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.
Нэхэмжлэгч ус алдсан талаар эрх бүхий байгууллагад дуудлага өгөөгүй байна.
7. Талуудын маргааны зүйл нь*******, газар буруутай, өөрийн эзэмшлийн орон сууцанд хяналт тавих үүрэгтэй, өмнө бас ус алдаж байсан, гэм хорын хохирлыг Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжилж байгаа гэж, ... хохирлыг манай байгууллага хариуцахгүй, ус алдсанд гэм буруугүй, 1,211,00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш гэж маргана.
8. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1.-д Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх;, 13.2.4.-д өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх;, 13.2.5.-д гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах;, 13.2.6.-д сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх;,
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.4.-д дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх;, 148.2.7.-д энэ хуулийн 148.2.4, 148.2.5-д заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан гэм хорыг арилгах,
497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.,
510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг орон сууцны өмчлөгчөөс шаардах эрхтэй байна.
Гэвч уг орон сууц нь төрийн байгууллагын өмч болох нь Төрийн өөрийн өмчийн түрээсийн ГС/2023/001 дүгээр гэрээгээр тогтоогдохын зэрэгцээ тухайн үед орон сууц хөлслөх гэрээгээр нь эзэмшиж байсан ба гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д Энэ гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөн тал түүнээс болж нөгөө талд, бусдад учирсан бүх хохирол, алдагдлыг үл маргах журмаар төлнө гэж орон сууц эзэмшигч нь хохирлыг хариуцахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-д зааснаар хариуцагч байгууллага нь гэм хорын хохирлын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.
9. Гэм хорын хохирол учрахад бусад этгээдийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэж үзвэл шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй.
10. Иргэдийн төлөөлөгчийн Миний хувьд хариуцагч нь гэм буруугүй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжтой гэж үзэв.
11. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,614 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч*******гийн хариуцагч*******, газарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,211,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,614 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА
ШҮҮГЧИД М.ЭНХМАНДАХ
Р.БАТБАЯР