Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ДШМ/20

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 


 2019        05            09                                            2019/ДШМ/20

 

   Ц.Чт, Ц.Б, Б.Б нарт

      холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Нарийн бичгийн дарга: Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолтой Ц.Чт, Ц.Б, Б.Б нарт холбогдох 1838000280207 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Торгууд овогт Цэвэгмэдийн Чт, . оны 5 дугаар сарын 19ий өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар:.............../.

Монгол Улсын иргэн, Торгууд овогт Цэгмэдийн Б, ... оны 3 дугаар сарын 09ий өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: .............../.

Монгол Улсын иргэн, Хангай овогт Бямбын Б, .. оны 4 дүгээр сарын 26ы өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ..................../.

Шүүгдэгч Ц.Чт, Ц.Б нар нь бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр 2017 оны 10 дугаар сарын эцэс 11 дүгээр сарын эхээр Завхан аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улаан хавчуу” гэх газарт нэг тооны, мөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хадатын ар” гэх газарт нэг тооны, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хавцгайтын бугат” гэх газарт хоёр тооны ховор амьтны жагсаалтад багтсан халиун буга тус тус агнаж хууль бусаар ан агнах гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ц.Б нь гэрч Д.Чулуундорж, С.Мөнхбат нарыг гэмт хэргийн талаар зохих байгууллагад мэдээлэхгүй байлгах зорилгоор тэдний дансанд тус бүр 1,000,000 төгрөг шилжүүлж гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор шан харамж өгч гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 1838000280207 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгч худал мэдүүлэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Быг шүүгдэгч Ц.Чттой бүлэглэн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг “Хавцгайтын бугат” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр 2 тооны халиун буга агнасан гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Торгууд овогт Цэвэгмэдийн Чт, Торгууд овогт Цэгмэдийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Торгууд овогт Цэгмэдийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Хангай овогт Бямбын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэвэгмэдийн Чтыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Цэгмэдийн Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэгмэдийн Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбын Быг 3 /гурван/ сарын хугацаанд төрийн албанд ажиллах эрхийг хасч, 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Чт, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд өөрийн боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бын эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /102 сантиметрийн урттай, магазины таг хэсэг дээр кол 403, замагны урд хэсэгт Т үсэгтэй, гол төмрийн харааны хойд хэсэгт N үсгэн тэмдэгтэй, хүрэн бор хуй модыг төмрөөр бөгжилсөн/ винтов буу 1 ширхэгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ниссан террано” маркийн 54-01 УБХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хураан авч, худалдан борлуулж, хохирол төлбөрт нь тооцохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Чтын /Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний 000501010 дугаартай/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 9 дүгээр гудамжны 22 тоот байршилтай 45 м.кв хувийн сууц, /Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000395822 дугаартай/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 9 дүгээр гудамжны 22 тоот хаягт байршилтай 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хэвээр үлдээж, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Чтоос 39,600,000 /гучин есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч Ц.Бас 13,200,000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газарт 26,400,000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг, Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газарт 26,400,000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Ч.Дашрэнчингээс гөрөөсний хохирол болох 660,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Чтод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Баттулагад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тус бүр 3 /гурван/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор П.Итгэл эсэргүүцэлдээ: ... Шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Учир нь шүүгдэгч Ц.Б нь шүүгдэгч Ц.Чтой бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын эцэс 11 дүгээр сарын эхээр Завхан аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улаан хавчуу” гэх газарт нэг тооны, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хавцгайтын бугат” гэх газарт хоёр тооны бугыг бүлэглэн хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “... шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулга тусгана” гэсэн заалтыг зөрчсөн, түүнчлэн Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байхад шүүгдэгч Ц.Бын дээрх үйлдлийг үндэслэлгүйгээр гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын 13 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Чтод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Цэгмэдийн Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж” гэж заасан нь 2015 оны Эрүүгийн хуулийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалттай нийцэхгүй байна гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “тэнсэх” журам нь өмнө нь үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасан журмаас агуулгын хувьд өөрөөр хуульчлагдсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна”, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж зааснаас харагдаж байна. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” журмыг заасан ба өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулаад тэнссэн ялыг нэмэх зохицуулалт байхгүй, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” заалтыг “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн” тохиолдолд хэрэглэхээр хуульчилсан учир ял оногдуулж тэнссэн хэргийн оногдуулсан ялыг нэмж нэгтгэх байдлаар хэрэглэх боломжгүй. Учир нь Эрүүгийн хуульд заагаагүй тохиолдолд энэ заалтыг баримтлан ялыг нэмж нэгтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүдэд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд Ц.Ч, Ц.Б, Б.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Ц.Бын үйлдлийг үндэслэлгүйгээр гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж заасан байдаг. Шүүгдэгч Ц.Б, Ц.Чт нар нь тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг.

Мөн шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болох нь шүүгдэгч Ц.Чтод 2 жилийн хугацаагаар хорих ял, Ц.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулаад түүний дараа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж тэнссэн байдлаас харагдана. Энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалттай нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан тэнсэх зохицуулалт нь өмнөх хуулийн 61 дүгээр зүйлд заасан тэнсэх зохицуулалтаас өөрөөр хуульчлагдсан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 71 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Чт, Ц.Б нар нь бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр 2017 оны 10 дугаар сарын эцэс 11 дүгээр сарын эхээр Завхан аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улаан хавчуу” гэх газарт нэг тооны, мөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хадатын ар” гэх газарт нэг тооны, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хавцгайтын бугат” гэх газарт хоёр тооны ховор амьтны жагсаалтад багтсан халиун буга тус тус агнаж хууль бусаар ан агнах гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ц.Б нь гэрч Д.Чулуундорж, С.Мөнхбат нарыг гэмт хэргийн талаар зохих байгууллагад мэдээлэхгүй байлгах зорилгоор тэдний дансанд тус бүр 1,000,000 төгрөг шилжүүлж гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор шан харамж өгч гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 1838000280207 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгч худал мэдүүлэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Быг  Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг “Хавцгайтын бугат” гэх газарт 2 тооны халиун бугыг буудах гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй гэж дүгнэж, түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шинэ-Идэр сумын 1 дүгээр багийн нутаг “Хавцгайтын бугат” гэх газарт 2 тооны халиун бугыг шүүгдэгч Ц.Чт буудсан ч гэрэлтүүлэг хийх, бугын толгойг тасдаж, чив сүүлийг салгах, эврийг хөрөөдөж авах, машинд ачих, асганд хаях зэрэгт шүүгдэгч Ц.Б хамт байлцаж, үйлдлээрээ хамтран оролцсон нь гэрч Г.Бын мэдүүлэг /хх-ийн 89-92 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Шүүгдэгч Ц.Бын дээрх үйлдэл нь түүнийг гэмт хэрэг үйлдэхэд “...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж” Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болно. Иймд түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байвал “хууль ёсны зарчим”-г хангах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгтний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нийцэж байвал Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”-ыг хангасан гэж үздэг.

Дээрх нийтлэг зарчим нь Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж ял оногдуулах, ялыг тэнсэх, хойшлуулах болон бусад албадлагын арга хэмжээг сонгох хэрэглэх үед хангагдсан байх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон 4  тооны халиун буга агнасан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл /Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх/-ийг хэрэглэсэн нь дээрх нийтлэг зарчим, шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул прокурорын эсэргүүцэлд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, заалт  хэрэглээний талаар дүгнэлт хийхгүй орхилоо.

Шүүх шүүгдэгч Ц.Бын 2 тооны халиун буга агнасан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байхад прокурор “3 буга агнасан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон” гэж эсэргүүцэл бичсэн нь ойлгомжгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                             З.ХОСБАЯР

                                                                         Б.СОСОРБАРАМ