Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00088/И |
Дугаар | 134/ШШ2024/00151 |
Огноо | 2024-06-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 134/ШШ2024/00151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, *******,*******,*******
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг,*******,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,208,962 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,297,462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч*******, түүний өмгөөлөгч*******, хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Иргэн нь 2019 оны 10 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд СӨХ-д төлбөл зохих нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,280,962 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд, хариуцагчоос нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,208,962 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,297,462 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Би 2000 онд ирээд уурхайд ажилд орсон юм. Энэ байранд ор гээд одоо байгаа байрыг өгсөн юм. Тэгээд одоо метр квадратыг нь улсын дунджаар тэдэн төгрөг гээд гэрээ хийчихсэн. Гэрээнүүдийг нь авчирч өгсөн байгаа. Тэгээд сар болгон тэрнийг нь төлнө. Уурхай зуухтай учраас халаана. Халаалтын мөнгөө уурхайд төлнө. Уурхай халуун ус өгдөг юм, халуун усны мөнгийг нь төлнө. Ийм л 3 юм би уурхайд төлдөг. Уурхай байраа хувьчлаад байсан юм. Тухайн үед би байраа авч чадаагүй байж байгаад намайг 13 саяар ав гэсэн юм. Миний хэдэн хүүхдүүд том болоод тус тусдаа гарчихсан, тэд нар маань аав одоо ч гэсэн байртай бололдоо мөнгө өгье гэхээр нь би захирал дээр орсон чинь болохгүй, зогсоочихсон уурхай байраа үнээр нь хувьчиллаа гээд ЗГ-аас Багануурын уурхай үнэгүй хувьчилсан юм байна. Шарын гол үнэгүй, Төмөр зам үнэгүй хувьчилсан. Танай Шивээгийн уурхай л байраа үнэ тогтоогоод хувьчилчихаад байна гээд жоохон тийм юм болчихлоо, та дараа л авбал аваарай гэж хэлсэн. Тэгээд би уурхайд байрны төлөөд суудаг. Суугаад эхний ээлжид би эднийд 1, 2 сар төлсөн байх. Сард 25,000 төгрөг гэдэг тэрийг нь өгсөн. Тэгсэн ер нь би ингээд уурхайд байрныхаа мөнгийг өгнө, эднийд өгнө. Тэгтэл нөгөө байраа хувьчлаад авчихсан улсууд өөрийн эзэмшилдээ байртай учраас энд тэнд мөнгө төлөхгүй шүү дээ. СӨХ-нд мөнгө өгөх нь гарцаа байхгүй. Мэдээж СӨХ гэдэг чинь хувийн орон сууцтай хэсэг бүлэг хүмүүс нийлээд СӨХ гэдэг юм байгуулаад дараа нь сонгоод татвар мөнгө олгогддог юм байх гэж би ойлгодог. Уурхайн байрыг эзмшиж байгаагийн хувьд би уурхайн эзэмшлийнхээ төлбөрийг төлчхөж байгаа юм. 2000 оноос хойш сар болгон өгч байгаа. Засвар үйлчилгээний хөлс гээд аргагүй сууж байгаагийнхээ хувьд хувьдаа авчихсан бол засвар үйлчилгээнд тэр дотор амьдарч байгаа учраас өгнө л дөө. Гэтэл Уурхай, СӨХ 2-ын хооронд гэрээ хийчихсэн. Уурхай өөрийнхөө байруудын засвар үйлчилгээ яривал уурхай өөрийнхөө хариуцсан байрандаа зохих хэмжээний тусламж өгнө гээд эдний гэрээн дээр байгаа юм. Эднийхэнд ярьж хэлсэн. Би уурхайн даргатай уулзсан, би одоо ингээд 2 газар төлөх гээд байна. Энэ ямар учиртай юм бэ, Яагаад ингэчхэв ээ, би хэрэв байраа авчихсан болтай заргалдахгүй л дээ. Эднийд ямар ч хохирол байхгүй. Би харин дундаас нь 2 газар мөнгө төлөөд хохироод явдаг. Тэгээд одоо сая гаран төгрөг болчихсон. Би өндөр настай эм тарианы мөнгө янз янзын юм авдаг, мөнгөндөө бялхсан хүн биш. Тийм учраас би төлөхгүй гээд байгаа юм. Эвлэрье гэхээр зохих хэмжээний төлбөр над дээр тусах гээд байдаг. 2008 онд би тэтгэвэрт гарсан хүн шүү дээ. Тэр үед 600,000-700,000 төгрөг авдаг байжээ. Тэгсэн нөгөө тэтгэвэр маань 200 гаран мянган төгрөгөөр тогтоогдоод, саяхан нэмэгдэж 600,000 төгрөг авахаар болж байгаа юм. Намайг өндөр настай өвгөн их өндөр тэтгэвэр авдаг байх гэж боддог байх. Тийм учраас би төлж чадахгүй. Шүүх шийдэх байх гэж бодож байна гэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Д.Гонгор гуай нэг иймэрхүү зүйл яриад байна. Ус, дулаан, квадратны хөлслөгч гээд хөлс төлдөг л юм шиг байна. Хэдэн төгрөг төлдөг нь Гонгор гуайн өөрийнх нь л асуудал шүү дээ. Ус дулаан төлөх нь бол ойлгомжтой, тэр байранд амьдарч байгаа хэн ч төлнө. Түүнээс гадна СӨХ гэдэг нь СӨХ-ны ашиглалт үйлчилгээний мөнгө, ашиглалт хамгаалалтын мөнгө гэж СӨХ-ны хурал хийгээд нийтээрээ зохицчихсон, шийдвэр нь гарчихсан. Албан ёсны СӨХ-ны үйл ажиллагаа явагдаж байгаа. СӨХ-ны тухай хуулийн 1.1-д дундын өмчлөл, эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулахад оршино гэхээр л орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа хүн болгонд энэ хууль хамаарагдана гэж ойлгох хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Нөгөө талаар уурхай СӨХ-д засварын хөлсийг төлөх гэрээтэй юм байна лээ гээд байх юм. Тэр гэрээ нь чухам ямар гэрээ байсан юм, тэр нь хэрэгт байхгүй. Өөрөө уурхайд СӨХ-ны мөнгийг төлөхгүй гэж өргөдөл гаргасныг нь уурхай шийдсэн, шийдсэн тэмдэглэлийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Ирүүлсэн тэмдэглэлийг харахад Гонгор гуайг өөрөө төлөөрэй гэж уурхайгаас хэлсэн байсан шүү. Та түүнтэй танилцсан байх гэж бодож байна. Уурхайгаас ирүүлсэн тэр хурлын тэмдэглэл байсан, тэрийг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Энэ байдлаас үзэх юм бол Гонгор гуй зайлшгүй орон сууцны ашиглалт хамгаалалт, цэвэрлэгээ, үйлчилгээ гээд тэр орон сууцад амьдарч байгаа хэн болгонд хэрэгцээтэй үйлчилгээг СӨХ гүйцэтгэж байгаа, түүнээс биш танаас илүү дутуу юм авсан, таныг тэнд амьдардаггүй байхад мөнгөө өг гэж шаардсан ч гэдэг юм уу, ийм зүйл бол байхгүй шүү. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал гээд яг энэ асуудалтай адилхан урьд нь гэдэг хүн маргаад шийдүүлж байсан юм билээ. Би өмчлөгч нь биш гэж маргасан. Давж заалдах шатны шүүх өмчлөгч мөн биш эсэхээс нь үл хамаараад төлөх нь хуульд нийцнэ гэж үзсэн байдаг юм. Тэр магадлалд тодорхой зүйлүүдийг тусгаад заачихсан. гэдэг хүн өмнө нь 2020 онд маргаад би өмчлөгч биш, би төлөх ёсгүй гээд маргаж байсан. Гэтэл тэрийг давж заалдах шатны шүүх шийдээд хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй үлдээсэн юм байна лээ шүү. Хянах хэсэг дээр ингэж тэмдэглэсэн байгаа юм. Учир нь хариуцагч орон сууцны өмчлөгч биш гэсэн нь СӨХ-нд харьяалагдах орон сууц хөлслөгч байх бөгөөд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.2-т дундын өмчлөлийн ашиглалтын талбайг хөлслөгчид адил тэгш ашиглах эрхтэй гэснээс үзэхэд орон сууц хөлслөгч нь өмчлөгчийн нэгэн адил дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний журмыг төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна гээд тусгачихсан байгаа. Энэ магадлал нь хүчин төгөлдөр болсон эсэх дээр лавлагаа аваад ирсэн. Таныг настай хүн байна нааш цаашаа явуулж чирэгдэл учруулж байхаар эвлэрч хэлэлцээд асуудлаа шийдчихвэл хэн хэндээ амар хялбар юм биш үү гэж бас таны насыг хүндлээд эвлэрэх санал оруулсан. Та хүлээж аваагүй, магадгүй таны зөв байх л даа. Мэдээж та өөрийнхөө асуудлыг өөрөө мэдэж байгаа байх. Ер нь хууль тогтоомж нь урд шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэрт ингээд дурдчихсан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримтыг яаж үнэлэх вэ, шүүхийн шийдвэрийг яаж үнэлэх талаар тодорхой зүйлүүдийг тусгаад зохицуулчихсан байдаг. 40 дүгээр зүйлийн 40.4-д нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гээд 40.4-д дурдчихсан болохоор энэ магадлал одоо хуулийн хүчин төгөлдөр болчихсон. Өмнө нь өмчлөгч биш гээд маргаж байсан хүн СӨХ-ны оршин суугч, та мөн өмчлөгч биш гэж маргаж байгаа. Энэ асуудлыг ингэж шийдээд, Дээд шүүхэд маргаагүй юм байна лээ. Тэр талаарх лавлагаа бас байгаа. Эдгээр нотлох баримтуудаар хөдөлшгүй нотлогдож байгаа шүү. 1,297,462 төгрөгийг Гонгор гуайгаас гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байгаа гэв.
4. Нэхэмжлэгчээс: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хураамжийн үлдэгдлийн товчоо, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн СӨХ байгуулах тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолууд, СӨХ-ын гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт, СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 15/22 дугаар албан бичиг, СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний хураамжийн нэхэмжлэхүүд /59 ширхэг/, СӨХ-ны дүрэм, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 216/МА2020/00020 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01054 дүгээр тогтоол, СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хүснэгт, СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/22 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03/140 дүгээр албан бичгиг, Шивээ Овоо захирлын зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийг,
5. Хариуцагчаас: Хариу тайлбар, төлбөр төлсөн баримт, 2007, 2017 оны Орон сууц хөлслөх гэрээ зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэл, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч СӨХ нь хариуцагчт холбогдуулан нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,208,962 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 1,297,462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч СӨХ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь орон сууцны өмчлөгч биш ч гэсэн СӨХ-нд харьяалагдах орон сууц хөлслөгч байх тул дундын өмчлөлийн ашиглалтын талбайг хөлслөгчид адил тэгш ашиглах эрхтэй ба орон сууц хөлслөгч нь өмчлөгчийн нэгэн адил дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй тул 1,208,962 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,297,462 төгрөгийг гаргуулна гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Манай байрны Би СӨХ-нд элсээгүй, СӨХ-ны гишүүн ч биш, төрийн өмчийн байр бөгөөд би сар бүр Шивээ Овоо ХК-д сууц ашигласны 6146 төгрөгийг төлж байгаа, нэхэмжилсэн 140 712 төгрөгийг сууц өмчлөгч биш учраас төлөх боломжгүй гэж үгүйсгэж маргасан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хураамжийн үлдэгдлийн товчоо, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн СӨХ байгуулах тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоолууд, СӨХ-ын гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт, СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 15/22 дугаар албан бичиг, СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний хураамжийн нэхэмжлэхүүд /59 ширхэг/, СӨХ-ны дүрэм, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 216/МА2020/00020 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01054 дүгээр тогтоол, СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хүснэгт, СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24/22 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03/140 дүгээр албан бичгиг, Шивээ Овоо захирлын зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл, төлбөр төлсөн баримт, 2007, 2017 оны Орон сууц хөлслөх гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах 9, 10, 12, 13, 14, 15 дугаар байрны оршин суугчдын хурлын шийдвэрээр СӨХ-г 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулжээ.
Тус холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн СӨХ-ны гүйцэтгэх захирал томилох тухай 07 дугаар тогтоолоор холбооны гүйцэтгэх захирлаар Ц.Адъяаг томилж, уг холбоог сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрчилгээ олгогдсон байна.
6. СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар хуулийн этгээдийн эрхгүй, холбоо байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
7. Талуудын маргааны зүйл нь гуай орон сууцны өмчлөгч биш ч гэсэн СӨХ-нд харьяалагдах орон сууц хөлслөгч байх бөгөөд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.2-т дундын өмчлөлийн ашиглалтын талбайг хөлслөгчид адил тэгш ашиглах эрхтэй гэснээс үзэхэд орон сууц хөлслөгч нь өмчлөгчийн нэгэн адил дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний журмыг төлөх үүрэгтэй гэж,
Энэ байр чинь хувийн байр биш, албаны байр. Би СӨХ-нд элсээгүй, СӨХ-ны гишүүн ч биш. Байр эзэмшигч засвар үйлчилгээний хөлс гэж байгаа биз дээ. Гэтэл би байр эзэмшигчдийнхээ хөлсийг сар болгон уурхайд төлдөг. Миний байр биш учраас эзэмшиж байгаагынхаа хөлсийг төлж байгаа юм. Засвар үйлчилгээ гээд байна шүү дээ. Уурхай, СӨХ 2-ын хооронд гэрээ хийчихсэн байна шүү дээ. Тэгэхлээр уурхайн байр учраас засвар үйлчилгээний мөнгийг уурхай гаргах ёстой болохоор эднийд хохирол байхгүй. Би хэрэв хувийн байртай бол уурхайд квадратын мөнгө төлөхгүй. Миний хувийн бодол бол СӨХ гэдэг хувийн байр, орон сууцаа хувьдаа авчихсан. Цаашаагаа квадратын мөнгө гэж өгөхгүй. Хувьдаа авчихсан улсуудын дэргэд би уурхайд квадрат квадратын мөнгө төлөөд дараа нь би дахиад СӨХ-нд мөнгө төлөхгүй гэж тус тус маргана.
8. Хариуцагч нь орон сууц өмчлөгч биш ч гэсэн тухайн СӨХ-д харьяалагдах орон сууц хөлслөгч байх бөгөөд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.2-д ...дундын өмчлөлийн ашиглалтын талбайг ... хөлслөгчид адил тэгш ашиглах эрхтэй гэснээс үзэхэд орон сууц хөлслөгч нь өмчлөгчийн нэгэн адил дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамжийг төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.
Тодруулбал, Шивээговь сум, 1 дүгээр баг, 9-3-48 тоот орон сууц нь тухайн СӨХ-д харьяалагдах орон сууц болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхын зэрэгцээ Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн сууц өмчлөгдийн холбооны гишүүн байхаар үүрэгжүүлсэн ба Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д ...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж заажээ.
9. Мөн 2007, 2017 оны Орон сууц хөлслөх гэрээ хэрэгт авагдсан боловч нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй учир үнэлээгүй ба Шивээ Овоо ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсэгт:ын гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгснөөс үзэхэд орон сууц хөлслөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамжийг төлөх үүрэгтэй байна.
Иймд, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.2.1-д ... холбооны дүрмийг сахин биелүүлэх , 13.2.2-д бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх , 13.2.3-т ... засвар, үйлчилгээтэй холбогдсон ... зардлыг санхүүжүүлэхэд... оролцох үүрэгтэй болохыг тус тус хуульчлан заасан байх тул хариуцагчоос нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,208,962 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ.
10. Мөн нэхэмжлэгч нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамжаас гадна нотариатын зардал 16,500 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн зүгээс гарсан энэхүү зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хохирол нэхэмжилсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
11. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,689 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,689 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1., 148 дугаар зүйлийн 148.2.3., 219 дүгээр зүйлийн 219.1., Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасныг тус тус баримтлан хариуцагчоос нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,208,962 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг нийт 1,297,462 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг, Шивээговь сумын СӨХ-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,689 төгрөгийг хариуцагч орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчоос улсын тэмдэгтийн хураамжид 35,689 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА