Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/01956

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** өөрийн байранд байрлах, В******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х  дүүрэг, ** тоотод оршин суух, Х овогт Э.А /РД:********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гадаад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээний үүргийн зөрчилд 42 166 686 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч В******* ХХК нь хариуцагч Э.А*******д холбогдуулан гадаад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээний үүргийн зөрчилд 42 166 686 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Э.А******* 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл В******* ХХК-д үйлдвэрийн мастер албан тушаалд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд үйлдвэрийн чанартай бутээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, ажилтнуудыг удирдан зохион байгуулах үүрэгтэй ажилласан. Тус компани нь Э.А*******тай 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 05/14 дугаартай гадаад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээ байгуулж, тус гэрээгээр компанийн зүгээс ажилтныг Оросын Холбооны Улсад суралцахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх, ажилтан нь сургуулиа төгссөний дараа компанидаа 10 жилийн хугацаанд тогтвортой ажиллах, компанийнхаа сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл технологийн хөгжилд хувь нэмрээ оруулах эрх, үүргийг хүлээхээр заасан. Тус гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар компанийн үзүүлж буй санхүүгийн дэмжлэг нь сургалтын төлбөр унаа тээврийн зардал байрны хөлс суралцах хугацаанд олгох цалин болон бусад нийт 28 111 124 төгрөг байх бөгөөд зардлын нарийвчилсан тооцоог гэрээний хавсралтад заасан болно. Мөн гэрээний 2.1 дэх хэсэгт тогтвортой ажиллах гэрээний хугацаа нь 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл байхаар тохиролцсон. Гэтэл Э.А******* нь тогтвортой ажиллах гэрээний хугацаа дуусаагүй байх үед буюу 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас өөрийн хүсэлтээр цуцалсан нь гэрээний 4.2.2.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг буюу өөрийн санаачилгаар ажлаас гарах хүсэлтээ гаргасан ... бол гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Иймд гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтан гэрээг цуцлах тохиолдолд энэхүү гэрээний 1.3 дахь хэсэгт заасан нийт 28 111 124 төгрөгийн хүүгийн хамт компанид буцааж төлнө. Хүүг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн төлбөрийг төлөх хүртэлх хугацаагаар сарын 2 хувь жилийн 24 хувиар тооцно гэж заасны дагуу Э.А*******гаас гэрээний нийт төлбөр 28 111 124 төгрөг, нийт төлбөрийн хүү болох 14 055 562 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна. Хүүг тооцохдоо Иргэний хуульд заасан үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар бодож гаргасан болно гэжээ. Иймд Э.А*******гаас гадаад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээний үүргийн зөрчил 28 111 124 төгрөг, нийт төлбөрийн хүү 14 055 562 төгрөг, нийт 42 116 686 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Э.А******* нь 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдөр В******* ХХК-нд ажилд орж ажилласан, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Гадаадад суралцагчтай байгуулах тогтвортой ажиллах гэрээ байгуулсан, нийт 28 111 124 төгрөгийг зардал гарна гэдгийг өөрөө тооцоогоо хийж өгсөн, түүнийг нь байгууллагаас өгсөн. Сургуульдаа яваад ирээд тогтвортой ажиллах байсан, хугацаанаас өмнө ажилтны санаачилгаар цуцлах юм бол эргүүлэн төлнө гэж гэрээндээ харилцан тохиролцсон. Мөн хүү төлнө гэж заасан байдаг. Гэтэл 2026 он болоогүй байхад 2021 онд өөрөө ажлаас гарах хүсэлтээ өгөөд ажлаас гарсан тул гэрээний дагуу нэхэмжилж байна. Байгууллагын зүгээс мэргэжил дээшлүүлээд ирсэн болохоор нь аль болох ажиллуулахаар санал, хүсэлтийг нь бүгдийг нь сонсож байсан, ямар нэгэн дарамт бол байгаагүй, хэрэв байсан бол энэ талаар хэлж мэдэгдэх байсан гэв.

 

2.Хариуцагч Э.А******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Компани нь гэрээн дээрх 3.2.6-р хэсгийг зөрчсөн буюу санаатайгаар, явуулгатайгаар намайг албан тушаалаас буулгаж нөхцөл байдлыг дордуулсан нь миний ажлаасаа гарах болсон гол шалтгаан байгаа юм. Ажил олгогч тал нь намайг ялгаварлан гадуурхсан, миний албан тушаалыг бууруулсан, сэтгэл зүйн дарамт учруулсанаас болоод би ажлаасаа гарах болсон. 2005 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Тетрапак үйлдвэрт ажилд орж байсан. Тухайн үед намайг тогтвортой бусаар үйлдвэрээс үйлдвэр дамжуулан ажиллуулдаг байсан. Ажиллаж байх хугацаанд уртасгасан ажлын цагаар ажил хийлгэж, илүү цагийн мөнгө өгдөггүй байсан. Байнгын ачаалалтай ажиллаад хөдөлмөрийн хөлсөө гүйцэд үнэлүүлж илүү цагийн мөнгө бодож олгодоггүй байсанд гомдолтой байдаг. 2010 оны 10 дугаар сараас Тетрапак үйлдвэрт ахлах технологич болон ажиллаж байгаад 2012 оны 5 дугаар сард жирэмсний амралтаа аваад явсан. 2013 оны 5 дугаар сард ажлаас дуудахаар нь буцаад ажилдаа орж байсан 2012 оны намар компанийн 15 жилийн ойн баяр болж надтай хамт ажиллаж байсан миний үеийн залуусыг компаниас 20м.кв байраар шагнасан. Тухайн үед 10 хүнийг шагнах гэж байсан бөгөөд тэр дотор нь миний нэр явж байснаа тодорхойгүй шалтгаанаар хасагдсан байсан. Асуухаар мэдэх хүн байхгүй. Би хичнээн жирэмсний амралттай байсан ч гэсэн тэр хүмүүстэй адил хийх юмаа хийсэн, болзол нөхцлийг нь хангаж л байсан бөгөөд намайг шалтгаангүйгээр ялгаварлан гадуурхсанд үргэлж гомдолтой байдаг. Намайг ажилд орсноос хойш л компани цэвэр сүүний зах зээл рүү орох гэж байгаа гээд төсөл төлөвлөгөө нь яригдаад эхэлсэн байсан. Мөн ОХУ руу нэг технологич явуулж сургана гээд яригдаж байсан. Тэгж байгаад нэг өдөр чи явах уу гээд надад санал тавьсан. Би ч гадаадад магистр хамгаална гэсэн мөрөөдөлтэй байсан болохоор мөрөөдөл минь биелэх нь гэж бодоод тэгье гээд л зөвшөөрсөн. Тэгээд би өөрөө орос хэлний сургалтанд мөнгөө төлж суралцаад, шалгалтаа өгч тэнцээд суралцах эрхтэй болж байсан. Суралцуулах гэрээ хийнэ гээд аль эрт яригдаад л байсан. Гэхдээ нөхцөл энэ тэр юу ч надтай яриагүй, сүүлдээ явах хугацаа дөхөөд л байдаг би гэрээгээ нэхээд л байсан. Бэлэн болоогүй байна гэж байгаад намайг ажлаа дараагийн хүндээ хүлээлгэж өгөөд яг явдаг өдөр буюу 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр надад гэрээ гаргаж ирсэн. Надад гэрээгээ сайн уншиж танилцах нөхцөл боломж олгоогүй бөгөөд аман гэрээн дээр надаар гарын үсэг зуруулсан. Би ийм хүнд нөхцөлтэй үхэх ч эрхгүй гэрээн дээр гарын үсэг зурна гэж тухайн үед төсөөлөөгүй бөгөөд надад гэрээг эртхэн танилцуулсан бол би цаг заваа гаргаад сайн унших, нөхөртэйгөө зөвлөлдөх, цаашлаад хуулийн мэдлэгтэй хүнээс ч зөвлөгөө авах боломж надад байсан гэж боддог. Мөн тухайн үед компаниас 2 хүнийг хятад руу суралцуулсан бөгөөд тэр 2 хүнтэй ийм хатуу гэрээ хийгээгүй. Зөвхөн надтай хэтэрхий нэг талыг барьсан, хувь хүний хуулийн мэдлэггүйг ашигласан гэрээг цаг хугацааг тулгамдуулан гаргаж ирж гарын үсэг зуруулсанд гомдолтой байна. 2016 оны 7 дугаар сард төгсөж ирээд ажилдаа орсон. Би явахдаа ахлах технологичиор ажиллаж байгаад явсан бөгөөд буцаж ирээд ахлах технологичийн мест дээрээ орсон. Тухайн үед цэвэр сүү, тарагны үйлдвэр эхлээд удаагүй ажил нь бараг зуун задгай, жаран хагархай л байсан. Намайг ирэхэд олон жилийн дадлага туршлагатай мэргэжлийн хүн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан бөгөөд тэр хүн л технологийн талыг нь хариуцаж, зааж чиглүүлж байсан юм билээ. Төд удалгүй тэр хүнийг ажлаас нь халаад миний мест дээр ажиллаж байсан хүүхнийг үйлдвэрийн даргаар тавиад намайг доор нь ахлах технологичоор тавьсан. Ажил эхлээд жигдрээгүй байсан тул тоног төхөөрөмжүүд сайн жигдрээгүй, үргэлж доголдоно, түүнээс болоод асуудал маш их гарна. Ингэж явсаар намайг 2016 оны 12 дугаар сард Ерөнхий технологич болгосон. За тэгээд надад доор маань ахлах технологич өгөхгүй ахлах технологичийн ажил дээр нэмээд ерөнхий технологичийн ажил нэхсэн. Улмаар 2017 оны 5 дугаар сард гэнэт нэг өдөр албан тушаалаас минь үндэслэлгүй буулгасан. Шалтгаан нь юу вэ гэхэд чи ажлаа мэдэхгүй байна л гэж хэлсэн. Дээрх 5 сарын хугацаанд ерөнхий захирал, хүний нөөцийн дарга гээд л тэр хуралд суудаг бүх хүнд над шиг муу хүн байхгүй болсон байсан. Буулгахдаа намайг шууд ээлжийн мастерийн албан тушаал дээр буулгаж би шөнийн ээлжинд ажиллах болж нөхцөл байдал дордсон. Гэрээн дээрх 3.2.6-р заалтаа компани зөрчсөн. Үүний улмаас би сэтгэл санааны гүн хямрал, шоконд орсон бөгөөд ердөө 2 хоногийн дараа ажлаа хийж явахдаа алдаа гаргаж 1 найрлага сүүн дээр химийн бодис оруулж 16 сая төгрөгний өрөнд орсон. Тухайн үедээ асуудлаа шийдүүлэх гэж яваад хэн ч намайг тоогоогүй, ерөнхий захирал нь ч хүлээж авч уулзаагүй. Тэр үед би жирэмсэн болсон байсан бөгөөд амралтаа автлаа асуудлаа шийдүүлж чадахгүй байсаар амралт авах хугацаа болоод явсан. Намайг эхлээд сүү, тарагны хэсгийн ээлжийн мастераар тавьсан байгаад дараа нь аарцны хэсгийн мастер руу шилжүүлсэн. Учир нь аарцны хэсэгт байсан найзаа үйлдвэрийн дарга татаж аваад намайг тийшээ цөлж байсан. Тэнд бүх зүйл нь гар ажиллагаатай хүмүүс ажиллах дургүй байдаг байсан. Тэнд очоод би харин ээлжинд биш өдрөөр ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад явсан. Гэхдээ би доороо ганцхан ажилтантай аарцны бүх ажлыг бид 2 гардан хийдэг, цэвэрлэгээ энэ тэр гээд хийхгүй ажил байгаагүй ээ. Миний цалин хангамж, сэтгэл санаа гээд бүх зүйлийг санаатайгаар дордуулсан. 2018 оны 1 дүгээр сард жирэмсний амралтаа авч яваад 2021 оны 1 дүгээр сар хүртэл би ажилдаа орж чадаагүй. Энэ хооронд намайг 2-3 удаа ажлаас дуудсан боловч би ерөөсөө орж чадахгүй байсан. 2018 оны 1 дүгээр сард хуулийн хугацаа дуусаад албан шахалтаар ажилдаа буцаж орсон. Буцаад аарцны хэсгийн мастер дээрээ л орсон. Ороод өр ширний асуудлаа шийдүүлэх гээд захирал дээр ороод учир байдлаа хэлээд 16 000 000 төгрөгөөс 8 000 000 төгрөгийг төлөх болсон. Миний зүгээс 3 талын асуудал байсан тул 1/3-ыг би төлье гэсэн саналтай орсон ч захирал 1/2ыг төл гэсэн шийдвэр гаргасан тул ажиллаж байх хугацаандаа 8 000 000 төгрөгийг сар бүрийн цалингаас хувааж төлж дуусгасан. Үнэхээр сэтгэл ханамжгүй ажиллаж байсан. Хэсгийн мастер гэдэг хүний ажил бол тэнд ажиллаж байгаа хэдэн хүний манаач хийдэг бөгөөд тэр хүмүүсийг удирдан чиглүүлж үүрэгт ажлыг нь цаг тухайд нь хийлгэх үүрэгтэй л хүн бөгөөд оффисийн өрөөнд орж ирж программ руу тайлангаа шивж оруулаад бусад үед үйлдвэр дотор л байж манаачаа хийж байдаг, асуудал гарвал цаг тухай бүрт нь шийддэг, удирдлага ажилчдыг холбодог, мэдээлэл дамжуулдаг, сар бүрийн хангамжийн материал авах, тараах гэх мэт ахуйн ажил хийдэг мест байдаг. Миний бие ерөнхий технологич байхдаа өөрийн санаачилгаар аарцны өртөг бууруулах дэвшилтэт технологи судалж, ОХУ дахь компани руу холбогдож түүхий эдийн дээж авч туршилтаа хийж амжилгүй декретээ аваад явсан бөгөөд миний дараагийн ерөнхий технологич тухайн ажлыг үргэлжлүүлэн хийгээд түүхий эдийг захиалж аваад үйлдвэрийн туршилт хийж үзээд болохгүй байна гээд орхисон байсан намайг буцаж ажилдаа ороход түүхий эдийн нөөц нь 2тн гаруй нөөцтэй нийт өртөг тооцоод үзэхээр 20 гаруй сая төгрөгийн өртөгтэй зүйлийг 3 жил хэрэглэхгүй хадгалж байсан. Тэр түүхий эдийг ашиглаж 20 гаруй сая төгрөгийн зардлыг би хэмнэсэн. 2022 оны 7, 8-р сард надад үйлдвэрлэлийн туршилт хийх нөхцөл бүрдээд 3 жил ашиглахгүй хадгалж байсан түүхий эдээр туршилтаа хийж аарцаа үйлдвэрлэснээр улмаар аарцны одоогийн өртгийг 3 дахин бууруулах ашигтай нь батлагдаж тухайн 2тн түүхий эдийг ашиглаж дуусахад 600 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллах тооцоо гарсан. Илүү ашигтай ажлыг санаачлан хийж компанид ашиг олох нөхцөл байдлыг бүрдүүлсэн бөгөөд намайг сургахад зарцуулсан үнийн дүнгээс даруй 20 дахин их үнийн дүнтэй мөнгийг олох боломжийг компанид олгосон. Гэтэл гэрээн дээр хэт нэг талыг баримталсан буюу заавал 10 жил л ажиллана. Ажиллах хугацаандаа шинэ санаа, оноо гаргаж шинэ технологи санаачлан нэвтрүүлвэл тэгнэ ингэнэ гэсэн заалт юу ч оруулаагүй. Надаас гэрээнд тусгах санаа оноо юу ч аваагүй, цаашид ажиллах хугацаан дээр ч надтай тохиролцоогүй зөвхөн компани өөрийгөө бодсон, гэрээний стандартгүй, зарчимгүй, ёс зүйгүй, хатуу гэрээ хийсэн. 10 жилийн хугацаатай хийсэн гадаадад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээ нь хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж байна. Би Хөдөлмөрийн тухай хуульд заасан 3 жилийн хугацаанд ажилласан. Би хууль зөрчөөгүй. Аарцны өртөг бууруулах нь компанийн тулгамдсан асуудал байсан бөгөөд би өөрийн ОХУ-д хамгаалсан сэдвийн дагуу шинэ технологи судалж нэвтрүүлээд компанийн асуудлыг шийдэж өгснөөр компани цаашид илүү ашигтай ажиллах, энэхүү технологи дээр тулгуурлан шинэ, шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргах боломжийг олгосон. Аарц цаашлаад компанийн ашгийн ихэнх хувийг бүрдүүлдэг, борлуулалт сайтай бусад нэр төрлийн бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болдог учраас компанийн хувьд миний санаачилсан энэ технологи бол маш чухал ажил болсон. 2022 оны зун 6 дугаар сарын 12-ны өдрөөс 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хөдөө орон нутгийн сүү боловсруулах цехэд ажилласан. Тухайн үед наадмын амралт таарсан ч малчдаас сүү авч боловсруулж байсан тул өдөр бүр амралтгүй ажиллаж байсан бөгөөд илүү цагийн мөнгө бодож олгоноо гээд л бид нарыг явуулсан ч хуулийн дагуу илүү цаг болон баярын амралтын цалинг бодож олгоогүйд гомдолтой байна. Мөн би 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд 9-р сард ажилласан 15 хоногийн аваанц цалин болон ажилласан хугацааныхаа амралтын цалинг одоо болтол авч чадаагүй байгаадаа гомдолтой байна. Иймд 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр В******* ХХК-тай байгуулсан №05/14 дугаартай гадаадад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээний 2 дугаар зүйл болон 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж гэрээ байгуулсан байх тул тус заалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт гэрээний 3.2.6-т заасан үүргээ зөрчсөн, албан тушаалаас буулгаж, ажлын нөхцлийг дордуулсан, ажлын байрны дарамт үзүүлдэг байсан нь ажлаас гарах шалтгаан болсон. Анх ажилд орсны дараа компаниудын хооронд ажиллуулдаг, байнгын ачаалалтай, илүү цагаар ажиллуулж, хөдөлмөрийн хөлсийг хугацаанд нь олгодоггүй байсан. 2012 оны намар ойн баяр болоод бүх ажилчид байраар шагнах гэж байсан боловч хариуцагчийн нэр байр авах байсан боловч хасагдсан, хэдийгээр жирэмсний амралттай байсан боловч ажлаа хийж байхад шалтгаангүйгээр ялгаварлан гадуурхсан. ОХУ-д технологич сургана гээд санал тавьсан, хариуцагч нь өөрөө зөвшөөрсөн, өөрөө орос хэлний сургалтад мөнгөө төлөөд суралцаад эрхээ авсан. Гэтэл сургуульд явах гэтэл гэрээгээ өгөөгүй байснаа гэнэт явах өдөр нь гэрээ байгуулж ирээд танилцах боломж олгоогүй, гарын үсэг зуруулсан. Ингээд хүнд нөхцөлтэй үхэх эрхгүй гэрээнд гарын үсэг зуруулсан гэдгийг мэдээгүй, гэрээтэй танилцсан бол байгуулах эсэх, явах эсэхээ шийдэх байсан. Зөвхөн хариуцагчтай ийм гэрээ хийсэнд гомдолтой, Хятад улс руу ийм гэрээ хийгээгүй, 2016 оны 7 сард ирээд ахлах технологичоор дахин ажилласан, үйл ажиллагаа нь жигдрэхгүй, мэргэжлийн бус даргатай ажиллахад хэцүү байсан, тэгээд ерөнхий технологич болгосон, ахлах технологич өгөөгүй, давхар ажил хийдэг байсан. Байгууллагаас захиргааны дарамт ирдэг байсан учраас 2022 оны 8 сард өргөдөл өгсөн, тэгээд 9.19-нд ажлаас чөлөөлөгдсөн. Хоёрдугаарт ажиллах ёстой 3 жилийн хугацаа дууссан гэж үзэж байна, Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйл дээр байгаа. Тиймээс төлөх үүрэггүй. Сургалтын төлбөрийг буцаан хэсэгчлэн төлнө гэсэн болохоос бус алдангийг бол төлөхгүй. Мөн хамгийн сүүлд батлагдсан хуулиа барина, дээрдүүлсэн бол тухайн хуулийг хэрэглэнэ гэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 05/14 тоот Гадаадад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээ, хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т.Т*******т олгосон итгэмжлэл, В******* ХХК-ийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЭШГ-22-05 тоот Нэхэмжлэх эрхийг шилжүүлэх дэд гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Э.А*******гийн өргөдлүүд, Үйлдвэрийн мастер Э.А*******гийн компанид учруулсан эд хөрөнгийн хохиролыг нөхөн төлүүлэх хуваарь, В******* ХХК-иас тодруулга /хэргийн 3-7, 27-29, 100, 106-109, 166-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, М.С*******д олгосон итгэмжлэл /хэргийн 18-24, 111-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс В******* ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 104 дүгээр Компанийн бүтэц, орон тоо батлах тухай, хавсралт, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар Албан тушаалд шилжүүлэнэ томилох тухай тушаал, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 100 дугаар Бүтэц, орон тоо, цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн батлах тухай тушал, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар Зарим компаниудыгг нэгтгэх, ажилтнуудыг өөрчлөн томилох тухай тушаал, В******* ХХК-ийн ажилтнуудын нэр, албан тушаал, цалин урамшууллын хэмжээ, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр Хүүхэд асрах чөлөө авсан ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал, Аарцны цехийн 2022 ооны 6.26-07.10-ны цагийн төлөвлөгөө, цагийн тайлан, хавсралт, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр Хүүхэд асрах чөлөө авсан ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал, Э.А*******гийн өргөдөл, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 258 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам хавсралт, 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал /хэргийн 32-95, 132-164, 172-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч В******* ХХК-ийн нэхэмжлэлээс 14 055 562 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 28 111 124 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э.А*******тай гадаадад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээ байгуулж, сургалтын төлбөр болон бусад зардлыг бүрэн төлж гадаадад суралцуулсан боловч гэрээнд заасны дагуу 10 жил тогтвортой ажиллаагүй, хугацаанаас өмнө өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тул сургалтын зардал болон бусад зардалд төлсөн 28 111 124 төгрөг, гэрээгээ биелүүлээгүй тул хүү 14 055 562 төгрөг, нийт 42 166 686 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь В ХХК-тай гэрээ байгуулж, гадаадад суралцсан, буцаж ирээд байгууллагадаа ажилласан боловч ажлын байрны дарамт шахалт, ялгаврлан гадуурхалт, байнга шилжин ажилласан нөхцөл байдлаас шалтгаалаад ажиллах боломжгүй болж ажлаас гарсан, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гадаадад суралцагчтай хийх гэрээг 3 жилийн хугацаатай байгуулахаар заасан, хуульд зааснаар 3 жилийн хугацаанд ажилласан тул гэрээний дагуу төлсөн сургалтын төлбөр болон бусад зардлыг буцаан төлөх үүрэггүй, хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Хариуцагч Э.А******* нь В ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр №05/14 тоот Гадаадад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр компанийн ажилтныг Оросын холбооны улсад суралцахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх, ажилтан нь сургуулиа төгссөний дараа компанидаа 10 жилийн хугацаанд тогтвортой ажиллах, компанийнхаа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийн хөгжилд хувь нэмрээ оруулах талаар харилцан тохиролцжээ.

4.2.Дээрх 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №05/14 тоот Гадаадад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээг нэг талаас В ХХК нөгөө талаас Э.А******* нар байгуулсан, хариуцагч нь В ХХК, В******* ХХК-нд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаараа маргаагүй бөгөөд В ХХК-ийн В******* ХХК-тай байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №ЭШГ-22-05 тоот Нэхэмжлэх эрхийг шилжүүлэх дэд гэрээний дагуу В ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь гадаадад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээ нь хууль зөрчсөн, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх талаар байна, уг гэрээг байгуулсан болон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, шаардах эрхийг шилжүүлсэн эсэх талаар маргаагүй байна.

 

6.Зохигч талуудын хооронд Гадаадад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээ байгуулагдсан, хариуцагч Э.А******* нь уг гэрээг байгуулах үед В ХХК-нд тетрапак үйдвэрийн ахлах технологичоор ажиллаж байсан талаар маргаагүй тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

6.1.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-д Ажилтан Э.А******* нь ОХУ-ын Улаан-Үүд хотын Дорнод Сибирийн технологи удирдлагын дээд сургууль /ВСГУТУ/-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуульд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр магистрантурт суралцана, 1.3-т Энэ гэрээний 1.1-д заасны дагуу компаниас үзүүлж буй санхүүгийн дэмжлэг нь сургалтын төлбөр, унаа тээврийн зардал, байрны хөлс, суралцах хугацаанд олгох цалин болон бусад зардал нийт 28 111 124 төгрөг байна, 1.4-т Ажилтны ажиллавал зохих нийт хугацаа нь сургуулиа төгссөнөөс хойш 10 жил буюу 120 сар байх ба ажилтан гэрээний хугацаанд жирэмсний амралт авсан, чөлөөтэй байсан хугацааг ажилласан хугацаанд оруулахгүй гэж заажээ.

6.2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э.А*******г талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар 10 жил тогтвортой ажиллах байсан боловч ажиллаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, 2016 онд ажилдаа буцаж орсон боловч 2022 онд өөрийн хүсэлтээр ажлаас гарч, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул сургалтын зардлыг буцаан төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.

6.3.Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д энэ тогтвортой ажиллах гэрээний хугацаа нь 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл байна, 4.2.2-д сургуулиа төгссөний дараа энэхүү гэрээний 1.1-д заасан хугацаанаас өмнө ажилтан ажлаас гарсан тохиолдолд Үүнд: 4.2.2.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 буюу өөрийн санаачилгаар ажлаас гарах хүсэлтээ гаргасан бол гэрээ цуцлахаар заасан бөгөөд 5.2-д ажилтан энэхүү гэрээний 4.2-т зааснаар гэрээг цуцлах тохиолдолд энэхүү гэрээний 1.3-д заасан нийт 28 111 124 төгрөгийг хүүгийн хамт компанид буцааж төлнө. Хүүг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн төлбөрийг төлөх хүртлэх хугацаагаар сарын 2 хувь, жилийн 24 хувиар тооцно гэжээ.

6.4.Хариуцагч нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №258 дугаар В******* ХХК-ийн захирлын тушаалаар ажилтны гаргасан хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлийг үндэслэн Э.А*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тасалбар болгон цуцласан талаар маргаагүй боловч гэрээг байгуулахдаа гэрээний нөхцөлтэй бүрэн танилцуулалгүй гарын үсэг зуруулсан, гэрээний хугацааг 10 жил буюу 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байхаар тусгасан нь тэгш бус нөхцөлтэй гэрээ бөгөөд ажлын байрны дарамт буюу байнгын шилжин ажиллах нөхцөл байдлаас шалтгаалаад өөрийн хүсэлтээр ажлаас гарсан гэж мэтгэлцсэн.

6.5.Зохигч талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр №05/14 тоот Гадаадад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээ байгуулагдсан уг гэрээнд хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээ хэрэгжиж хариуцагч нь гадаадад суралцахаар явсан, суралцах төлбөр болон бусад зардлыг нэхэмжлэгч нь төлсөн үйл баримт тогтоогдож байх тул гэрээний нөхцөлтэй бүрэн танилцаагүй гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй, хариуцагч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн болох нь хариуцагчийн хүсэлт, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №258 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

6.6.Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагчийг гэрээгээр харилцан тохиролцсон 10 жил тогтвортой ажиллах үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар сургалтын төлбөр болон бусад зардлыг буцаан шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

7.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээг цуцлахад ажил олгогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтаас болж хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, өөр өөр компанид шилжүүлэн ажиллаж албан тушаал бууруулж байсан гэх боловч хариуцагч нь ахлах технологичоор ажиллаж байсан суралцаж ирээд ахлах технологичоороо ажиллаж байсан, мөн В******* ХХК-нд үйлдвэрийн мастераар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

7.1.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 73.1-д Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно, 73.3-д Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна гэж зааснаар хариуцагч нь суралцаж ирээд байгууллагадаа 3 жилээс дээш хугацаагаар ажилласан, гэрээнд 10 жил гэж заасан нь хууль зөрчсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргасан.

7.2.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон бөгөөд талуудын хооронд Гадаадад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээг 2014 онд байгуулсан, уг гэрээг байгуулахдаа хэн аль нь хүлээн зөвшөөрч байсан байх тул уг гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, харин гэрээний 1.4-д ажилтны ажиллавал зохих нийт хугацаанд жирэмсний амралт авсан, чөлөөтэй байсан хугацааг ажилласан хугацаанд оруулахгүй гэж тооцсон нь үндэслэлгүй байна гэж үзэв.

7.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-д Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө гэж заажээ.

 

7.4.Хариуцагч Э.А******* нь суралцаж ирээд 2016 онд ажилдаа орсон, ажиллаж байгаад 2022 онд ажлаас чөлөөлөгдсөн талаар хэн аль нь маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага 28 111 124 төгрөгийг ажилласан хугацаанд нь хувь тэнцүүлэн 14 055 562 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

7.5.Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №05/14 тоот Гадаадад суралцагч ажилтантай байгуулах тогтвортой ажиллах гэрээнд хүү төлөхөөр тохирсон гэж хүүнд 14 055 562 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хүүг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн төлбөрийг төлөх хүртэл хугацаагаар сарын 2 хувь, жилийн 24 хувиар тооцно гэж тохиролцсон нь ойлгомжгүй, сургалтын гэрээний дагуу хүү шаардсан нь хуульд нийцээгүй байна гэж үзэв.

7.6.Өөрөөр хэлбэл дээрх гэрээний 6.1.1-т Энэхүү гэрээний дагуу буцаан төлөгдөх нөхцөл бүрдсэн тохиолдолд ажилтан төлбөрийг гэрээний 5.3-д заасныг зөрчиж хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги нэмж төлнө гэж заасан, мөн хүү төлөхөөр тохиролцсон нь нэхэмжлэгчийн эрх ашигт хохиролтой байна гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэж, нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар хүү 14 055 562 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8.Иймд хариуцагч Э.А*******гаас 14 055 562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 28 111 124 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч В******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368 784 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.А*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 228 228 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хариуцагч Э.А*******гаас 14 055 562 төгрөгийг гаргуулж, хариуцагч В******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 28 111 124 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч В******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368 784 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.А*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 228 228 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В*******т ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН