| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00294/И |
| Дугаар | 156/ШШ2024/00343 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 156/ШШ2024/00343
2024 07 17 156/ШШ2024/00343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00294/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Боржигон санж овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие 1964 онд Хэнтий аймагт төрсөн. Би 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Зооноз өвчин судлалын төвд /Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станц/ анчинаар ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа маань баталгаажаагүйн улмаас шүүхэд хандаж байгаа.
Иймд намайг 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Зооноз өвчин судлалын төвд /Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станц/ анчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад агнан бэлтгэгчээр ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 08/169 дугаартай албан бичиг /хх-ийн 5-р тал/,
2. Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцын даргын 1986 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дугаартай Тооллогын комисс томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-р тал/,
3. Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцын даргын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаартай Зарим хүмүүсийг шагнах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний хавсралт /хх-ийн 7-8-р тал/,
4. 519097 дугаартай ******* ******* нэр дээрх цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 13-р тал/,
5. Боржигон санж овогт ******* Энхбаатар /РД:*******/-ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 14-р тал/,
6. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *******ын нэр дээрх ХААТР-1(A) маягтын лавлагаа /хх-ийн 29-р тал/,
7. Гэрч Б.******* шүүхэд өгсөн ... Би Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад 1980-1990 оны 11 сарын 17-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан. Энхбаатар нь Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад 1985-1990 оныг дуустал хугацаанд анчинаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р тал/,
8. Гэрч Г.******* шүүхэд өгсөн ... Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг хүртэл хугацаанд агнан бэлтгэгчээр ажиллаж байсан. Намайг ажилд ороход Энхбаатар нь ажилд орчихсон байсан ба 1990 оныг хүртэл агнан бэлтгэгчээр ажиллаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р тал/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд ******* нь 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад агнан бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 12 сарын 25-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь 1989 оны 12 сарын 25-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд холбогдох бичгийн баримт байхгүй тул шүүхээс дээрх шаардлагыг хангах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон санж овогт ******* Энхбаатар /РД:*******/-г 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймаг дахь аймаг дундын Гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцад агнан бэлтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 12 сарын 25-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ